| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0143/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/150 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 176/2023/0143/Э
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
улсын яллагч Б.Цэрэнтогтох,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч М.Ундармаа, Э.Эрдэнэбулган,
хохирогч М.Бын өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М холбогдох эрүүгийн _________ дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Ул аймгийн Дархан суманд 1979 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ___________ улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан, бие эрүүл________________ дугаарын регистртэй, Д.М
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Баруун цуурай" гэх газарт иргэн С.Огэрийн гадна хохирогч М.Бтай "...айлд ирчхээд гэрийн эзнийг хүндэлсэнгүй..." гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой руу модоор нэг удаа цохиж эрүүл мэндэд нь "зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, уг цөмөрсөн хугарлаас доош суурь ясны их далавч сфинойд синус руу болон ар хэсгээр хөхлөг сэртэн чихний суваг дайрсан нийлмэл хугарал, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарлаас дээш зүүн зулай суман заадас, баруун зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хацрын нум зөрөөгүй хугарал, тархины хатуу хальсан дээрх /эпидурал/ цус хуралт, тархины эдийн няцрал, тархи доргилт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.М:
...Болчимгүй үйлдэл гаргаснаасаа болж ийм хэрэг хийсэн. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул ахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Үйл баримт:
Эрүүгийн _________ дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Мын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Баруун цуурай" гэх газарт иргэн С.Огэрийн гадна хохирогч М.Бтай "...айлд ирчхээд гэрийн эзнийг хүндэлсэнгүй..." гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой руу модоор нэг удаа цохиж эрүүл мэндэд нь "зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, уг цөмөрсөн хугарлаас доош суурь ясны их далавч сфинойд синус руу болон ар хэсгээр хөхлөг сэртэн чихний суваг дайрсан нийлмэл хугарал, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарлаас дээш зүүн зулай суман заадас, баруун зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хацрын нум зөрөөгүй хугарал, тархины хатуу хальсан дээрх /эпидурал/ цус хуралт, тархины эдийн няцрал, тархи доргилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь доорхи
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай ... М.Бын биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, уг цөмөрсөн хугарлаас доош суурь ясны их далавч сфинойд синус руу болон ар хэсгээр хөхлөг сэртэн чихний суваг яарсан нийлмэл хугарал, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарлаас дээш зүүн зулай суман заадас, баруун зулай руу үргэлжилсэн шугаман хугарал зүүн хацрын нум зөрөөгүй хугарал, тархины хальсан дээрх /эпидурал/ цус хуралт, тархины эдийн няцрал, тархи доргилт тогтоогдлоо. М.Бын биед тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн толгойн компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. М.Бын биед учирсан зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, уг цөмөрсөн хугарлаас доош суурь ясны их далавч сфинойд синис руу болон ар хэсгээр хөхлөг сэртэн чихний суваг дайрсан нийлмэл хугарал, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарлаас дээш зүүн зулай суман заадас, баруун зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, тархиа хатуу хальсан дээрх /эпидурал/ цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. М.Бын биед учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
хохирогч М.Бын ...Миний хувьд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн сургалтын менежер ажилтай бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим байсан байх ажлынхаа хүмүүсийн хамтаар салхинд гарах зорилгоор Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг Хилийн цэргийн ангийн мал байдаг айлд очихоор хоёр машинтай эхний машинд Сонинбаяр, Мөнхбаяр, Очирпүрэв нар нэг ахлагчийн хамтаар түрүүлээд явсан бөгөөд би араас нь Банзрагч, Банзрагчийн найз Баасандорж нарын хамтаар тусдаа машинтай араас нь гарсан эхний машинтай нөхөд үүд түрүүлээд Цонжин болдог дээр бид нарыг хүлээж байсан тэгээд цааш хамт хөдлөөд Эрдэнэ сумын Баян даваан дээр бид нар нэг шил архи хувааж уугаад цааш малчных руу явах замд таарсан овоон дээр зогсож дахин нэг шил архи хувааж ууцгаасан тэгээд цааш яваад нэрийг нь мэдэхгүй газар очиж тухайн малчныд 17 цагийн орчим очсон очиход тухайн айлын хонь нь хотлоод байж байсан юмаа. Тэгээд гэрт нь ороход тухайн айлын хүмүүс цай ч байхгүй айл байхаар нь тоглоод би цай ч байхгүй ямар арчаагүй айл вэ гээд хэлсэн чинь Мөнхбаяр өөдөөс айлд ирчхээд доромжиллоо гээд бид хоёр маргалдаж байгаад гэрээс нь гараад бид хоёр хоорондоо барилцаж аваад ноцолдож байгаад би дээр нь гараад суусан тэгээд цохих гэснээ болиод чамайг цохивол үхэх байх гээд больсон тэгээд намайг Очирпүрэв больцгоо гээд цааш явж байтал араас Мөнхбаяр модоор миний толгой руу цохисон тэгээд л би ухаангүй болсон дараа нь хүмүүсийн ярьснаар бол шууд өвдгөөрөө доош унаад ухаангүй болсон гэж байсан... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
гэрч С.О...Би одоо яг хугацааг нь санахгүй байна. Баасандорж, Батбаяр, Оюунбат нарын хамтаар салхинд гарах зорилгоор Улаанбаатар хотоос Батбаярын машинтай өдөр тийш ээ хөдөлсөн. Замдаа Цонжин болдгийн тэнд хамт явах Сонинбаяр Очирпүрэв би бас 2 хүний хамтаар явж байсан уулзаад хамт цааш хөдлөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт айлд очсон. Бид нар замдаа нэг бүтэн, тал шил архи уусан байсан. Тухайн айлд очоод гэрийн баруун талд хоймор хэсэгт гэрийн эзний хамт Мөнхбаяр суугаад доод талд нь Сонинбаяр суугаад доод талд нь би суусан. Зүүн талд хоймор хэсэгт Батбаяр суугаад байж байсан тэгтэл Батбаяр Мөнхбаяр нар гэрт маргалдаад гараад явсан. Гэрийн эзэгтэй цай чанаж байхад тас гээд дугараад нэгнийгээ цохичихсон гэж бодсон. Тэгтэл Очирпүрэв гаднаас Мөнхбаяр Батбаяр даргыг модоор цохиод унагачихлаа гээд ороод ирсэн. Тэгээд гараад иртэл гэрийн зүүн талд Батбаяр сөхрөөд суучихсан байж байсан. тэгээд Батбаяр даргыг машинд нь суулгаад Баасандоржоор хот руу явуулсан. Зодоо цохионы талаар харсан зүйл бол байхгүй... /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
гэрч С.О...Би хугацааг нь санахгүй байна. Улаанбаатар хотоос Батбаяр, Банзрагч танихгүй нэг хүний хамтаар салхинд гарах зорилгоор Төв аймгийн Эрдэнэ сум руу явсан. Замдаа Цончин болдог тэнд хамт явах Сонинбаяр, Очирпүрэв, Мөнхбаяр нартай уулзаад цааш очих газар руугаа явсан. Замдаа нэг шил архи уусан. Тухайн айлд очоод би нөгөө танихгүй залуу сонсогч нарын хамтаар машины ард мах янзлаад зогсож байсан гэр рүү Батбаяр Мөнхбаяр Сонинбаяр Очирпүрэв Банзрагч нар орсон. Тэгээд байж байтал Батбаяр Мөнхбаяр хоёр гэрээс гараад ирчихсэн маргалдаад Мөнхбаярын дээр Батбаяр гарчихсан гараа далайчихсан чамайг цохивол үхнэ биз дээ гээд байж байсныг Очирпүрэв очоод салгаад Батбаярыг аваад холдуулаад явсан. Энэ хооронд Мөнхбаяр босож ирээд араас нь хэрэлдэж байгаад машины хажууд байсан нэг метр гаруй бөөрөнхий шургааг аваад Батбаярын өөдөөс нь хартал модоороо толгой тус газар нь цохисон. Тэгээд л Батбаяр газарт ухаан алдаад унасан. Банзрагч Очирпүрэв бид гурав ухаан оруулаад машинд нь оруулж суулгаад би гэр рүү орж цай уучхаад эргээд шууд хот руу би машиныг бариад гэмтэл рүү авч ирсэн... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
гэрч С.Оийн ...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зуслан дээрээ байж байхад хэдэн багштай салхинд гарах уу гээд хаашаа явахаа шийдээд Мөнхбаяр руу утсаар яриад явах газар асуусан чинь Төв аймгийн Эрдэнэ сум явахаар болоод Цонжин дээр бүгд уулзаад цааш хөдөө явсан. Замдаа Баян даваа дээр нэг шил архи уугаад цаашлаад Эрдэнэбат ахынд ойролцоогоор 17 цагийн орчимд очсон. Тэндээ очоод мах янзлуулаад би гэрт ороод Эрдэнэбат ахтай юм яриад сууж байхад Батбаяр гаднаас ороод ирсэн. Орж ирээд тухайн айлын хүмүүсийг хурандаа хүн орж ирж байхад цай ч үгүй царай ч үгүй ийм л байна даа гэх зэргээр яриад байсан. Тэр үед Мөнхбаяр замд цай чанаж өгөх гээд тогоо шанагаа болж байна гэсэн чинь Батбаяр Мөнхбаяраа чи ямар том пизда вэ гараад ир гэж хэлээд энэ хоёр хамт гарсан. Би зодолдоно гэж бодолгүй сууж байсан чинь Баасандорж орж ирээд ахаа нөгөө хоёр зодолдоод уналаа гэхээр нь би гараад очсон чинь Батбаяр Мөнхбаярыг доороо хийчихсэн дээр нь гараад суучихсан цохиж байхаар нь араас нь татаж аваад та чинь ямар сонин юм бэ нэг бол айлд орж ирчхээд хүн хараагаал нэг бол хүн зодоод хэзээ ингэж согтчихдог юм гээд татаад босгоод ирсэн тэгтэл дахиад ингээд шаавал үхлээ энэ пизда гэж байсан. Тэгтэл Мөнхбаяр нэг мод бариад цохиод авсан байгаа. Үүнээс хойш зодоон цохион болоогүй... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч С.О...Би яг өдрийг нь санахгүй байна. 2022 оны 10 дугаар сарын сүүлээр байсан юм шиг санагдаж байна. Манайд Мөнхбаяр хүмүүс аваад очиж болох уу гэж асуухад нь зөвшөөрсөн юм. Тэгээд орой 17 цагийн үед хоёр машинтай миний танихаас Мөнхбаяр байсан бусад 6 хүнийг танихгүй хүмүүс байсан. Тэгээд ирэхдээ Мөнхбаяр болон Батбаяр гэх хүмүүс илүү согтуу бусад хүмүүс нь халанцуу машин барьж ирсэн. Манайд орж ирэхээр нь цай чанаж өгөөд идээ өгөөд байж байсан чинь Батбаяр гэх хүн цагдаагийн хурандаа та нар хүндэлсэнгүй гэх зэргээр үг хаяад байсан. Тэгсэн чинь Мөнхбаяр айлд ирчхээд манай ах эгч хоёрыг хүндэлсэнгүй гээд хоорондоо маргалдсан. Тэгээд Батбаяр гэх хүн босож ирээд айлд маргаад яахав гараад ир гэсэн тэгээд Мөнхбаяр дагаад гарсан. Гэрт би эхнэр Лхагва бид хоёр болон Сонинбаяр, нэрийг нь Банзрагч гэх хүн найз дөрвүүлээ үлдээд юм яриад сууж байхад эхнэр хоол хийж байтал пүд гээд юм дугарах шиг болсон. Тэгтэл Очирпүрэв орж ирээд багшаа аваачээ нөгөөх чинь үхчихлээ гэхээр нь сандраад гараад очтол Батбаяр дөрвөн хөлөлчихсөн байсан тэгээд очоод биеийг нь хартал зүгээр байх шиг байсан. Тэгээд бид нар явцгаа зодуулж цохиулсан юм бол эмнэлэгт үзүүл гэж хэлсэн чинь жолоочийнхоо хамтаар яваад өгсөн... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
сэжигтэн Д.Мын ...Уг асуудал болохоос өмнө 2 хоногийн өмнө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай найз Очирпүрэв над руу утсаар яриад малчных руу чинь явах хэрэгтэй байна хээр гарч ан амьтан харах уу гэхээр нь зөвшөөрсөн юмаа. Тэгээд 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай гэрт Очирпүрэв ирээд намайг гэрээс аваад Хууль сахиулахын их сургууль дээр очоод тэндээс Сонинбаяр гээд хүний машинд бид хоёр суугаад машинд нь мөн хоёр сонсогч явж байсан бөгөөд нийт 5-уулаа Прадо маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос 10 цаг өнгөрч байхад хөдлөөд замдаа Сонинбаяр бид хоёр нэг шил архи Ууж явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сум орохоор явж байгаад Налайх өнгөрөөд Цонжингийн тэнд зогсож байхад араас Батбаяр Банзаа Бааска гэх хүмүүсийн хамтаар ирсэн юмаа. Тэгээд Тэндээ цуглаад цааш хөдлөөд Эрдэнэ сумын Баян даваан дээр гарч ирээд бид нар хоорондоо танилцаад нэг шил архи уусан юмаа. Тэндээсээ цааш хөдлөөд Төв аймгийн Эрдэнэ сумаас хойш гараад Шавартын даваан дээр гарч бид нар зогсоод дахин нэг шил архи уугаад цааш хөдлөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх миний хуучин ажиллаж байсан Хилийн цэргийн 0253 дугаар ангийн малчинд очсон юмаа. Тэгээд бид нар гэрт нь ороод хоол цай болоод бид нарт нэг халуун сав цай хийгээд дуусаад дахин цай тавихаар бэлдэж байсан чинь Батбаяр цай ч үгүй царай ч үгүй, сонин айл байна би хурандаа хүн байна намайг хүндэлсэнгүй гээд малчин луу дайраад байсан тэгтэл малчин манайд олон хүмүүс ирдэг ийм хүн үзээгүй гэсэн чинь би явлаа гээд гараад яасан хэсэг байж байгаад Батбаяр дахин гаднаас орж ирээд айлын хүнтэй хэрүүл хийгээд байсан тэгээд би малчдаа өмөөрөөд чи одоо айлд ирчхээд хэрүүл хийгээд байж том цай тавиад цай нь болох хооронд гэсэн чинь надтай хэрүүл хийгээд байхаар нь хоёулаа айлд хэрүүл хийгээд яах вэ гарч учраа олно гэсэн чинь надтай хамт айлаас гарсан гэгээд би гараад ирсэн чинь Батбаяр намайг миний зүүн шанаа тус газар нь баруун гараараа нэг удаа цохиод авсан тэгээд би чи яахаараа хүн цохидог юм гээд тулаад ирсэн чинь намайг миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод хавсарч газар унагаад нүүр, цээж хэсэг рүү нилээд хэдэн удаа яг тоог нь сайн санахгүй байна гараараа цохиод байсан мөн хөлөөрөө миний цээж руу өшиглөсөн. Тэр үед Батбаяртай хамт байсан Бааска гэх хүн нь дотор ороод Очирпүрэв нөгөө хоёр чинь зодолдоод байна гэж хэлээд Очирпүрэвийг дагуулан гарч ирээд бид хоёрыг салгасан тэгээд би босож ирээд байж байсан чинь над руу Батбаяр дахиад дайрахаар нь хажууд нэг мод харагдахаар нь тэр модоор цохичихсон юмаа тэгээд толгой руу нь цохиж таарсан байсан. Тэгээд л Батбаяр унаад өгсөн гэрт байсан хүмүүс гарч ирээд Батбаярыг босгоод байж байсан чинь Батбаяр юм ярихгүй байсан тэгээд л эмнэлэг рүү Бааска аваар явсан байгаа... /хх-ийн 36-38 дугаар хуудас/,
яллагдагч Д.Мын ...Би уншиж танилцсан. Ойлгож байна. Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгч байсан уг асуудал дээр нэмж ярих зүйл байхгүй. Би уг мэдүүлэгт үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Эхлээд гарахад намайг гараараа зүүн шанаа тус газар баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд би чи яахаараа хүн цохиж байгаа юм бэ гэсэн чинь дахин шанаа тус газар гараараа цохиод хөлөөрөө хавсарч унагаад дээр гарч сууж байгаад гараараа толгой хэсэг рүү цохиод гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн байгаа. Тэгж байхад Очирпүрэв салгасан. Миний баруун гар талд мод байсан. Гэрээс 2-3 метр газарт л байсан. Эхлээд Батбаяр түрүүлж гарсан... /хх-ийн 49-50 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51, 63-69 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзжээ.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Цэрэнтогтох:
...Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 –р багийн нутаг дэвсгэрт хохирогч Батбаярын толгой руу модоор нэг удаа зохиж хүнд гэмт хэрэг санаатай үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд шүүгдэгч хохирогчид 35.000.000 төгрөг өгсөн тиймээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч А.Ганбат:
...Шүүгдэгч болон хохирогчийн хувьд хоёулаа цэргийн хүмүүс зодолдож маргалдах явдал байдаг. Миний үйлчлүүлэг нэгэнт хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй гэсэн тул адил байр суурьтай байна. Олон жил өмгөөлөгч хийсэн хүний хувьд энэ хэрэгт Мөнхбаярын хувьд Батбаяр дээр нь гараад цохисон зэрэг янз бүрийн нөхцөл байдлын улмаас цочрон давчидсан зүйл харагддаг... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ундармаа:
...Д.Мын хувьд цэргийн албан хаагч хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан тухайн хэрэг гарах үед салхинд гарах нэрийдлээр хил хамгаалах газрын малчныд очсон байдаг. Мөнхбаяр найз нөхдөө агаарт гаргая, шинэ шөл уулгая гэсэн сэтгэлээр явсан тэд нар замдаа архи ууж малчныд 17 цагийн үед очсон. Хохирогч Батбаяр тухайн айлд очоод би хурандаа цолтой хүн та нар намайг хүндэлсэнгүй, энэ айл чинь цай ч үгүй царай үгүй байна гэж хэлсэн нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Биеэ зүй бусаар авч явсан. Мөнхбаяр айлд хүмүүс авч очоод доромжлуулаад байх нь таагүй сэтгэгдэл үлдээсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү... гэсэн дүгнэлийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган:
...Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэсэн зүйл ангитай санал нийлэхгүй байна. Хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна гэдэг гэм буруутай санал нийлэхгүй байна гэсэн үг биш. Хэрэгт авагдсан баримтаар гэрч Очирхуягийн мэдүүлгээр хохирогч Батбаяр нь Мөнхбаярын дээр гарсан зохиж байсан талаар тодорхой мэдүүлдэг түүнээс өмнө ч гэсэн айлын хүмүүсийг цай ч үгүй царай ч үгүй гэж доромжилсон байдаг. Мөнхбаярын энэ хэргийг үйлдэхдээ санаа сэтгэл сэтгэл хүчтэй цочрон давчидсан баримт байдаг. Хохирогч Мөнхбаярын эсрэг үйлдэл хийснээс гадна ойр тойрны хүмүүсийг доромжилсон байдаг. Тиймээс зүйлчлэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл биш 11.2 дугаар зүйлээр зүйлчилж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.М:
...Гэмшиж байна. Тухайн үед стресстэй байсан. Хохирогчтой ярьж уучлалт гуйж хохирол барагдуулсан байгаа... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Шүүгдэгч Д.Мын үйлдэлд Төв аймгийн Прокуорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Учир нь:
Улсын яллагчийн тайлбараас довтолгоо дууссан гэх асуудал хэлдэг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр заасан “Аргагүй хамгаалалт”-аар яригдах асуудал. Эрүүгийн хуулинд гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэх ойлголтын талаар хууль тогтоогч хуульчлаагүй байх бөгөөд хуулинд байхгүй гэм буруугийн хэлбэрийн талаар тайлбарлаж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэх дүгнэлт гаргаж буйг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Өөрөөр хэлвэл санаатай гэмт хэргийн гол шинж нь өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлаж хүсч үйлдсэн байхаас гадна, хохирол, хор уршигт “зориуд” хүргэсэн байх учиртай.
Шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баруун цуурай” гэх газарт байх иргэн С.Огэрт болон гэрийн гадна хохирогч М.Б нь шүүгдэгч Д.Мыг ойр дотно харилцаатай хүмүүсийнх дэргэд нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, зодсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас түүний сэтгэл санаан гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан,
мөн хавтаст хэрэгт гэрч С.Оийн ...М.Б Д.Мөнхбарыг чи ямар том пизда вэ гараад ир гэж хэлээд хамт гарсан. М.Б Д.Мыг доороо хийчихсэн дээр нь гараад суучихсан цохиж байхаар нь би араас нь татаж авсан... гэж мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/ тогтоогдож байх бөгөөд энэхүү хүнд гэмтэл, хохирол хор уршгийг “зориуд” учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Дашрамд дурдахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.
Түүнээс гадна гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус доромжлох, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр төр, алдар хүндийг нь гутаах зэрэг үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болно.
Гэхдээ энэ үйл баримтаа үзэхэд хохирогчийн хууль бус доромжлох, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр төр, алдар хүндийг нь гутаах зэрэг үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байна.
Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Д.Мыг “өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөн хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мын үйлдэлд хохирогч М.Быг хор уршигт “зориуд” хүргэсэн гэх санаатай гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Бын биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, уг цөмөрсөн хугарлаас доош суурь ясны их далавч сфинойд синус руу болон ар хэсгээр хөхлөг сэртэн чихний суваг яарсан нийлмэл хугарал, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарлаас дээш зүүн зулай суман заадас, баруун зулай руу үргэлжилсэн шугаман хугарал зүүн хацрын нум зөрөөгүй хугарал, тархины хальсан дээрх /эпидурал/ цус хуралт, тархины эдийн няцрал, тархи доргилт бүхий хүнд хохирол учирсан байна.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд нийт 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг сайн дураараа хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч М.Бын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хохирол төлбөрийг төлсөн, нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн хүсэлт,
мөн хавтаст хэргийн 70-76 дугаар хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын шинээр гаргаж өгсөн 1 ширхэг мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Мыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Цэрэнтогтох:
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч А.Ганбат:
...Хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ундармаа:
..Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн нэхэмжилсэн дүнгээр хохирол нөхөн төлсөн. Мөн энэ хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, гэм буруугаа ухамсарлаж цаашид ийм хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөнхбаяр бол Монгол улсын зэвсэгт хүчинд насаараа ажиллаж, гавьяаны амралтаа авсан хийсэн бүтээсэн зүйлтэй, гавъяа шагналтай, цолтой, Монгол улсын төлөө залуу насаа зориулсан хүн байгаа энэ байдлыг харгалзан үзэж торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү... гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган:
...Д.Мын тухайд өмнө нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Энэ хэрэг хохирогчийн зүй бус үйлдлээс болсон хохирол бүрэн төлсөн хохирогч гомдол саналгүй гэсэн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.М:
...Хорих ял биш торгуулийн ял оногдуулж өгнө үү.... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүгдэгч Д.Мт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
шүүгдэгч Д.Мт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг
мөн тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн _________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 36.1.,
36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Мыг шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн _________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрт 35.000.000 төгрөг төлсөнг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН