Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

     Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Пид холбогдох 2316000640045 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймаг ... тоотод оршин суух хаягтай, үсчин мэргэжилтэй, “...” шатахуун түгээх газарт түгээгч ажилтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Ж  овогт Б.П.

         Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Пийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Найрамдлын хороо “Номгон” нэртэй дэлгүүрийн хажуу талын зам дээр  2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03  дугаар сарын 09-нд шилжих шөнө Б.Этай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа хоёр удаа цохих, нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх, толгойд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 02 цагийн үед тус аймгийн Есөнбулаг сум Найрамдлын хороо “Номгон” нэртэй дэлгүүрийн хажуу талын зам дээр шүүгдэгч Б.П нь Б.Лгийн хамт мотоциклтой явж байхад  Б.Э нь өөрийн найз Мг ирж байна хэмээн андуурч пизда минь гэж дуудахад шүүгдэгч Б.П нь буцаж очин  Б.Эын толгойн тус газар гараараа хоёр удаа цохиж, яасан их занадаг пизда вэ гээд нүүр хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна. 

       Дээрх үйл баримтын улмаас Б.Эын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр зүүн хөмсгөнд шарх, толгойд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байх тул энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

           1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.П гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Б.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 300.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум МСҮТ-ийн ард талд Номгон дэлгүүрийн ард найзындаа хонох гээд алхаад явж байхад манай найз М Номгон дэлгүүрийн ард хүлээж байгаарай гээд би Номгон дэлгүүрийн ард хүлээж байхад мотоциклтой 2 залуу явж байхаар нь манай найз М ирж байгаа юм байна гэж бодоод “М пизда минь гэж дуудсан. Тэгсэн чинь мотоциклтой 2 залуу өнгөрөөд 100 метр явж байгаад зогсоод мотоциклоос буугаад миний урдаас ирсэн. М биш танихгүй 2 залуу байхаар нь уучлаарай ахын дүү хүн андуурсан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн надад хүн андуурахад пизда минь гэж дууддаг юм уу гэж хэлээд намайг шууд 2 талаас зодоод эхэлсэн. Тэгээд би зугтаасан чинь миний араас хөөгөөд би утсаа тэр газар унагасан байсан. Тэгэхээр нь утсаа авъя үнэтэй утас шүү гэж хэлээд нэг залуу нь намайг хөтөлж авч яваад утсаа очиж авсан. Нэг залуу нь уучлаарай гээд хажууд суугаад нөгөө залууд мотоциклын тэнд байгаа пивыг аваад ир гэсэн. Нөгөө залуу нь пиво авч ирээд урд тавингуутаа шууд миний нүүрэн хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Миний зүүн талын хөмсөг язраад маш их цус гараад нөгөө залуу нь намайг өшиглөсөн залуугаа боль гээд тэгээд би босож яваад найзыгаа дуудъя гээд утсаа бариад 103 дуудаад, ард нь 102 дуудаад эргээд хартал хоёулаа цагдаа дуудчихлаа гээд зугтсан байсан... Би зодоон болсон өдрийн орой аймгийн нэгдсэн эмнэлэг дээр цагдаагийн машинтай очиж зүүн талын хөмсгөнд 8 оёдол тавиулсан. Маргаашаас нь эхлээд 4 өдөр эмнэлэг дээр очиж боолт хийлгэсэн. Тэгээд сум дээр ирж 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Эрүүл мэндийн төвд өдрийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэсэн тухай болон эмийн сангаас авсан эм тарианы баримтууд байгаа. Би эмчилгээний зардал болон гоо сайхны хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, 61-62/,

 

          Гэрч Б.Лгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Номгон дэлгүүрийн баруун талын засмалаар хойш чиглээд явж байтал зам дагуу явж байсан залуу бид хоёрыг зогс гөлөгнүүд минь гээд орилсон. Тэгсэн чинь манай дүү зогсоод яагаад араас орилоод байгаа юм бэ? гээд хэлсэн чинь ална шүү 2 пизда минь гээд манай дүү бариад авсан. Тэр залуу манай дүү 2 хоорондоо хоёр, хоёр удаа нэг нэгнийгээ цохиод авахаар нь би салгасан. Тэгээд би тэр залуу чи одоо яв гэсэн чинь би сая зам дээр утсаа унагаачихлаа гэхээр нь би утсыг нь авч өгсөн. Би тухайн залуутай замын хажуу талын брожур дээр суугаад уучлаарай хөгшөөн гэж хэлсэн чинь та хоёрыг маргааш мотоциклоор чинь олоод ална гээд байсан. Тэгж хэлсэн чинь манай дүү Б.П яасан их занадаг пизда вэ гээд нүүр хэсэгт нь өшиглөчихсөн. Тэгээд нөгөө залуу утсаа аваад хүмүүс дуудаад байхаар нь бид 2 мотоциклдоо суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

 

          Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаартай “...1. Б.Эын биед зүүн хөмсгөнд шарх, толгойд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Уг гэмт хэргийн улмаас Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Б.Э нь баримтаар 450,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ. Шүүгдэгч Б.П нь хохирогчид Б.Эт 300,000 төгрөгийг төлсөн байх тул түүнээс үлдэгдэл 150,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

           Шүүхээс шүүгдэгч Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.П нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 300,000 төгрөгийн хохирол төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Пийн шүүх хуралдаанд гаргасан санал, прокурорын 600,000 төгрөгөөр торгуулах дүгнэлт зэргийг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид 300,000 төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Ж овгийн Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

   2. Шүүгдэгч Б.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

   4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Пид мэдэгдсүгэй.

   5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Паас 150,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эт олгосугай.

   7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид 300,000 төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА