Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 105

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

            Хохирогч: Х.Цэдэндамба,

            Хохирогчийн өмгөөлөгч: А.Адъяасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Балдансанжаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоролжав овгийн Бямбын Балдансанжаад холбогдох эрүүгийн 201615000283 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дугаар баг, “Цавын ихэр” гэх газар оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн Төгрөг сум, 1 дүгээр баг, 6-08 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2016 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 1 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1 жил 01 хоногийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хоролжав овгийн Бямбын Балдансанжаа. /РД:ЙВ86092710/

Шүүгдэгч Б.Балдансанжаа нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг “Ягаан толгой” 2-1-16 тоотод иргэн Х.Цэдэндамбатай эхнэр О.Төмөрчулууныг хахууль өгч сургуульд орсон гэж хэллээ, танихгүй хүмүүсээр зодуулах гэлээ гэж маргалдаж зодож биед нь зүүн 2 хавирганы хугарал, цээжний цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун тохойн зулгарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Б.Балдансанжаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Х.Цэдэндамбатай архи уусан. Тэгсэн Х.Цэдэндамба гуайн эхнэр манай эхнэрийг хахууль өгч сургуульд ажилд орсон гээд байсан. Түүнээс болж Х.Цэдэндамбатай маргалдсан гэв.

Хохирогч Х.Цэдэндамба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр өглөө ажилдаа явчихаад ундандаа явж байгаад Б.Балдансанжаатай таарсан. Б.Балдансанжаа намайг архи уух уу гэхээр нь би үгүй гэсэн. Тэгээд орой хоол хийчихээд нэг ямааны арьс аваад явж байсан чинь Б.Балдансанжаа таарсан. Тэгээд Б.Балдансанжаа наадахыг чинь нэмэрлээд нэг архи авъя гэсэн. Тэгэхээр нь үгүй би тамхи авах гэж байна гэсэн. Тэгээд намайг суучих гээд хамт дэлгүүр ороод ямааны арьс өгсөн. Би тамхи авсан. Дэлгүүрт ороод Б.Балдансанжаа нэг шил архи хүнээр авахуулаад намайг суулгаад замдаа би сургуулиа цоожлоод тэгээд нэг архи аваад манайд орж ирээд архиа уусан. Тухайн үед Мазар явсан гэж яриад байсан. Манай эхнэр энэ хоёр сургууль ажилд орсон талаар яриагүй. Тэгээд гадаа гараад явах гэж байсан чинь хоёр залуу машины бензин дууссан гээд хүрээд ирсэн. Би Б.Балдансанжааг бензин ойртуулаад өгчихгүй юу гэсэн чинь чадахгүй гэсэн. Тэгсэн тэр хоёр залуу ч явсан. Би Б.Балдансанжааг явахыг нь хараад зогсож байсан чинь Х.Цэдэндамба ах суучих гэсэн. Яах гэж байгаа юм бол гэсэн чинь шууд гэртээ очоод орж бай гэсэн. Гэрт нь ороод байж байсан чинь араас орж ирээд намайг заамдаад авсан. Тэгсэн эхнэр, хүүхдүүд нь салгаад би гэр рүүгээ гараад гүйсэн. Гэртээ ирээд хэвтэх гэж л байсан чинь гадаа хашааны хаалга нүдсэн. Тэгсэн Б.Балдансанжаа хутга барьсан ороод ирсэн. Би сандал дээр сууж байсан чинь миний өмнө хутгаа хоёр гартаа ээлжилж бариад босоод ирэхээр нь түлхээд унагасан. Хутгыг нь булааж аваад эхнэр татаж босгосон. Тэгсэн Одноо алчихаад ир гэсэн гээд байсан. Тэгэхээр юу гэнээ Одноо чамайг явуулсан юм уу гэсэн. Тэгсэн намайг сандалаар цохиод гараад явсан. Би араас  нь гарсан чинь намайг газар унагаад хэд өшиглөөд тэгээд явсан. Би Оргодолоо гээд эхнэрээ дуудсан чинь эхнэр хажуу хашаанаас гарч ирсэн. Чи чинь хайччихваа гэсэн чинь хүн дуудах гээд гэсэн. Тийм л зүйл болсон гэв.

Хохирогч Х.Цэдэндамбын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би сургуульд жижүүрээр гарч байсан. Балдансанжаа бид хоёр Балдансанжаагийнд 1 шил архи, манайд 1 шил архи уусан. Балдансанжаа бид хоёр 23 цаг өнгөрч байхад сүүлийн архиа ууж дуусаад би Балдансанжааг гэрийнхээ үүдэнд гаргаж өгч байхад манай хашааны үүдэнд хоёр залуу ирээд Балдансанжаад хандаж машины бензин дуусчихлаа колонкоос бензин авах гэсийн хүргээд өгөөч гэхээр нь Балдансанжаа чадахгүй гэж хэлсэн. Тэр хоёр залуу над дээр ирээд намайг колонк хүргээд өгөөч гэхээр нь би унаагүй гэхэд тэр хоёр залуу яваад өгсөн. Балдансанжаа намайг гэртээ дагуулж очоод гэртээ ороод хамт байснаа намайг 2 залуугаар зодуулах гэлээ гээд намайг заамдаж барьж авахаар нь эхнэр Төмөрөө нь бид хоёрыг салгасан. Би гэртээ очоод эхнэр Оргодолд Балдансанжаагийн талаар хэлчихээд хашааны хаалгаа цоожилчихоод гэртээ унтах гэж байтал Балдансанжаа хашааны цоожтой хаалгыг онгойлгож орж ирэхээр нь гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэрлээ асаагаад байж байтал Балдансанжаа гартаа том хутга нуучихсан алнаа гээд орж ирээд орны өмнө сөхрөөд суучихсан. Балдансанжаа хутгаа баруун зүүн гартаа ээлжилж барьж байгаад зүүн гартаа бариад босоод ирэхээр нь би Балдансанжааг баруун мөр рүү нь түлхэхэд зүүн гартаа барьсан хутгаа доороо хийгээд унахаар нь би Балдансанжаагийн баруун гарыж өчиж байгаад эхнэр Оргодолоор Балдансанжаагийн хутгыг авахуулсан. Манай эхнэр Балдансанжаагийн барьж байсан хутгыг нэг газар нуух гээд явсан хойгуур Балдансанжаа миний хоолойг баруун гараараа заамдаад орон дээр дээш харуулаад боож байхад нь манай эхнэр Оргодол Балдансанжаагийн араас нь татаад салгасан. Балдансанжаа Одноо алчихаад ир гэсэн гээд бахираад байсан. Балдансанжаа манай гэрт байхдаа сандал авч шидээд миний толгой руу шидчихээд гарахдаа гадаа хутга дахиад байгаа гээд гарахаар нь би араас нь гартал Балдансанжаа хашаан дотор намайг барьж аваад 3 удаа татаж байгаад газар унагаагаад зүүн хавирга руу баруун талны дээд тал, зүүн хөхний дээд талд хөлөөрөө өшиглөөд гүйгээд явсан. Би газар хэвтээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

Гэрч С.Оргодолын мөрдөн байцаалтанд өгсөн:   “... Б.Балдансанжаа, манай нөхөр Х.Цэдэндамба хоёр манайд 1 шил архи хувааж уучихаад 23 цаг өнгөрч байхад гарсан. Гарч явснаас хойш 30 орчим минутын дараа манай нөхөр гаднаас гүйж орж ирээд Балдансанжаа намайг гэртээ заамдаж аваад зодох гэхээр нь эхнэр Төмрөө бид хоёрыг салгахаар нь би гэртээ гүйгээд ирлээ гэж хэлсэн. Манай нөхрийг ирснээс хойш 10 минутын дараа Балдансанжаа цоожтой байсан хашааны хаалгыг онгойлгоод орж ирэхээр нь гэрлээ асаагаад гэрийнхээ хаалганы түгжээг онгойлгосон чинь Балдансанжаа ардаа шар иштэй хутга барьчихсан алнаа гээд бахираад ороод ирсэн Балдансанжаа нөхөр бид хоёр сууж байсан орны урд ирээд өвдөглөж суугаад баруун зүүн гартаа хутгаа сольж бариад зүүн гартаа хутгаа бариад босоод ирэхээр нь Балдансанжаагийн баруун мөр лүү нь гараараа түлхээд баруун гарыг нь ард нь өчөөд дарчихсан чинь Балдансанжаа хутгаа хаяхаар нь би хутгыг нь аваад гал тогооны өрөөнийхөө тогооны шүүгээн доогуур хийгээд буцаад том өрөөндөө ортол манай нөхрийг Балдансанжаа баруун гараараа хоолойг нь боочихсон байхаар нь Балдансанжааг араас нь татаад болиулсан. Тэгэхээр нь би Балдансанжааг хүн аллаа шүү дээ гэж хэлтэл Балдансанжаа нь “Одноо алчихаад ир гээд явуулсан гэснээ, би өчиг сайтай, би танилтай хүн, аймагт машинтайгаа явахад намайг хэн ч зогсоодоггүй юм” гээд орилж байснаа ажиад надад хутга байгаа гээд манай гэрийн үүдэнд байсан сандлаар манай нөхрийн толгой руу цохиход манай нөхөр газар уначхаад босч ирээд Балдансанжаагийн араас гүйгээд гарахад Балдансанжаа манай хашаан дотор зогсож байсан. Балдансанжаа өмсөж явсан цамцаа тайлаад манай Цэдэндамбааг дугтраад унагаасан. Балдансанжаа манай нөхрийг газар унгаад өшиглөөд байхаар нь баруун талынхаа айлд ороод хүн дуудах гэсэн чинь эзгүй байхаар нь буцаад айлаас гараад иртэл Балдансанжаа машинаа унаад яваад өгсөн. Тэгтэл манай нөхөр миний зүүн хавирга гэмтчихлээ гээд байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. 2015 оны 09 дүгээрсарын 01-ний өдөр манай охин Лхамсүрэн, Балдансанжаагийн эхнэр Төмөрөө нар Төгрөг сумын ЕБС-д ажил орохоор шалгалт өгсөн. Балдансанжаагийн эхнэр Төмөрөө түрүүлж, хоёрт Лрхамсүрэн орсон. Төмөрөө багш эрхийн үнэмлэхгүй, манай охин Лхамсүрэн багшлах эрхийн үнэмлэхтэй. Төгрөг сумын сургуулийн захирал Балдансанжаагийн эхнэрийг ажилд авсан. Лхамсүрэн ажилгүй үлдсэн. Энэ асуудлаас болж аймгийн Засаг дарга Тогтохсүрэнд өргөдөл гаргаж байсан. Энэ асуудлааж болж Балдансанжаа манайханд юм санасан байх. Өөр маргаан байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,

            Гэрч О.Төмөрцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Балдансанжаа нь манай төрсөн эгч Төмөрчулуунтай 2007 онд гэр бүл болсон. Миний хүргэн байгаа юм. Балдансанжаа нь эхээс гурвуул, айлын дунд хүүхэд. Дээрээ нэг эгч, доороо нэг охин дүүтэй. Манай эгчтэй гэр бүл болоод дундаасаа 5, 10 настай 2 хүүхэдтэй. Б.Балдансанжаа нь төлөв даруу, томоотой, хүний үг даах чадвартай хүн гэж боддог. Архи хааяа л уудаг, тамхи татдаггүй хүн. Төгрөг сумын төвд 5 ханатай гэртэй, 79-10 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн “Ниссан санни” маркийн машинтай. Мал байхгүй. Өөр эд хөрөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/,

            Гэрч О.Бум-Аюушийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Балдансанжаа нь манай ээжийн дүүгийн хүүхэдтэй суусан. Манай хүргэн байгаа юм. Балдансанжаа нь эхээс 3-уулаа, айлын дунд хүүхэд. Дээрээ нэг эгч, доороо нэг охин дүүтэй. Эхнэртэйгээ 2007 онд гэр бүл болсон. Багадаа манайхтай айл саахалт өссөн юм. Б.Балдансанжаа нь төлөв даруу, томоотой, хүний үг даах чадвартай хүн гэж боддог. Архи хааяа л уудаг, тамхи татдаггүй хүн. Төгрөг сумын төвд 5 ханатай гэртэй, 79-10 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн “Ниссан санни” маркийн машинтай. Малгүй хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

Гэрч Н.Эрдэнэдалайн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тухайн үед О.Цэрэнчимэдтэй хамт явж байгаад Цэдэндамбаа ахын хашааны урдуур өнгөрч явсан юм. Бид хоёрыг очиход Цэдэндамбаа, Оргодол, Балдансанжаа нар хашааныхаа гадаа зогсож байсан. Хэрэлдэж маргасан юм ажиглагдаагүй. Бид хоёр колонк орж бензин авах гээд явган алхаад булан тойроод гараад ирсэн чинь тэр гурав хашааныхаа үүдэнд зогсож байхаар нь колонк хүргүүлэх санаатай очсон юм. Очоод мотоциклийн бензин дуусаад колонк орох гэж явна дөхүүлээд өгөөч гэсэн чинь Цэдэндамбаа ах Балдансанжааг яваад өг гээд тэгснээ нэг болохоор яваад өгье нэг болохоор явахгүй ч юм яриад хашаа түшиж морь хараад байхаар нь согтуу юм яршиг гээд юу ч хэлэлгүй бид 2 колонк руу алхсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/,

Гэрч Ц.Долгордуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш Цэдэндамбаа орж ирээд ямааны арьс өгч мөнгийг нь авсан. Тухайн үед манай дэлгүүр ямааны арьс 1000 төгрөгөөр худалдаж авч байсан. Архи аваагүй. Харин Балдансанжаа “нутгийн буян” нэртэй архи нэгийг авсан. Тэр хоёр хамт явсныг мэдэхгүй байна. Ар араасаа цувралдаад орж ирсэн. Дахиж манай дэлгүүрт орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,

Гэрч Б.Мөнхчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би сумын төвд явж байтал Балдансанжаа ах, Цэдэндамбаа гэх хүн хоёртой таараад дэлгүүр хүргээд өг гэхээр нь хамт явсан. Дэлгүүрийн гадаа очоод тэр хоёр хамт орсон. Би дэлгүүрийн гадаа машин дотроо сууж байсан. Удалгүй хоёулаа нэг шил архи авчихсан гарч ирж суугаад хөдлөөд Балдансанжаа ахын гэрт очиж уусан. Ууж дуусчихаад Цэдэндамбаа гэх хүн сургууль дээр жижүүртэй байгаа очиж цоожлоно. Балдансанжаа хүргээд өг гээд хамт гарсан. Тухайн үед бүрэнхий болж байсан. Яваад хоёр цаг орчим болсны дараа хоёулаа эргээд ороод ирсэн. Ирээд Балдансанжаа ах бөөн уур орж ирээд юу яриад байгаан бэ гээд Цэдэндамбаа ахыг түлхэж унагаагаад цохих гэхээр нь би салгаад татчихсан. Тэгсэн чинь Төмөрчулуун эгч босгоод яв та гээд гаргасан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Сүүлд Цэдэндамбааг явсны дараа Төмөрчулуун эгч рүү чи сургуульд шалгалт өгч толгойгоороо тэнцэж орсон юм байгаа биздээ нэг бол мөнгө өгөөд хахуульдаад орчихсон юм уу тэр Цэдэндамбаа, эхнэртэйгээ надаас эхнэр чинь мөнгө өгч хахуульдаж орсон уу гэж шалж хоргоогоод явуулахгүй, банди дуудчихаад зодуулах гээд байна гэж хэлчихээд гарч яваад машинаа асаагаад хөдлөөд явсан. Удалгүй гэртээ эргэж ирээд амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

Гэрч О.Төмөрчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхрийн дүү болох Мөнхчулуун хөдөөнөөс яриад манай хүүхэд өвдөөд гүйлгээд байна. Түргэн дуудаад өгөөч гэхээр нь манай нөхөр эмч аваад дүүгийнх рүүгээ явсан. Удалгүй манай нөхөр дүү Мөнхчулууныг хүүхэдтэй нь аваад гэрт ирсэн. Гарч эмийн сан орж эм авна гээд Мөнхчулуунтай хамт гарсан. Нэг их удалгүй сургуульд жижүүр хийдэг Цэдэндамбааг дагуулаад хамт ороод ирсэн гэрт орж ирээд манай нөхөр Балдансанжаа “нутгын буян” нэртэй архи бариад ороод ирсэн тухайн өдөр Цэдэндамбаа жижүүрт гарч байгаа гэж ярьж байсан. Авч ирсэн архиа хувааж уучихаад Цэдэндамбаа жижүүрт гарч байгаа сургууль цоожлоно гэж манай нөхрийг хүргээд өг гээд хамт гарсан юм. Нилээн удсаны дараа гадаа машинтайгаа ирээд Цэдэндамбаа түрүүлж орж ирээд араас нь манай Балдансанжаа орилоод орж ирээд наадах чинь гэртээ хүн биш юм байна. Чамайг мөнгөөр орсон гэж байна чи толгойгоороо орсон юм байгаа биздээ. Чамайг мөнгө өгч орсон гэж байна гээд надруу хашгичаад намайг хоёр залуугаар зодуулах гэнэ лээ гээд ууртай нь аргагүй орж ирээд Цэдэндамбаа ахыг барьж авахаар нь яг цохисон үгүйг анзаараагүй салгасан. Тэгсэн Цэдэндамбаа ах хөргөгч рүү сандалтайгаа наалдаад уначихаар нь татаж босгоод гаргаад явуулчихсан юм. Тэгээд явсных нь дараа манай нөхөр чи хэдэн төгрөг өгч орсон юм гээд тэгэхээр нь юу яриад байгаа юм гэсэн чинь Цэдэндамбаа эхнэртэйгээ чамайг мөнгөөр орсон гэдгийг хэлүүлэх гээд шалж хоргоогоод байна гэсэн. Тэгээд гадаа гараад машинаа асаагаад хөдлөөд явсан. Удалгүй Балдансанжаа гэрийн гадаа ширүүн зогсоод араас нь хоёр мотоцикльтой хүн гэрийн хойно зогсчихсон манай хүн нөгөө хоёр хүнийг наашаа хүрээд ир гээд орилоод байхаар нь би хөөгөөд явуулчихсан. Гэрт орсоны дараа намайг араас дагаад байна гэж хэлсэн. Тэгээд унт гэсэн чинь унтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Халтархүүгийн 2016 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн 293 тоот: "...Х.Цэдэндамбын биед зүүн 2 ш хавирганы хугарал, цээжний цус хуралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, баруун тохойны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 50 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 293 тоот дүгнэлтийн нэмэлт: "...Хэргийн цаг хугацаанд үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавтаст хэрэг №201615000283 дээрх шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 293 тоот дүгнэлттэй санал нийлж байгаа тул үндэслэлтэй гэж үзэж байна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 54 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-15/,

Шүүгдэгч Б.Балдансанжаагийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87, хүү Б.Тогтохбаярын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 88/, гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-ийн 89/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Балдансанжаа нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг “Ягаан толгой” 2-1-16 тоотод иргэн Х.Цэдэндамбыг хувийн таарамжгүй харьцааны улмаас  зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Х.Цэдэндамбын “…гадаа гараад явах гэж байсан чинь хоёр залуу машины бензин дууссан гээд хүрээд ирсэн. Би Б.Балдансанжааг бензин ойртуулаад өгчихгүй юу гэсэн чинь чадахгүй гэсэн. Тэгсэн тэр хоёр залуу ч явсан. Би Б.Балдансанжааг явахыг нь хараад зогсож байсан чинь Х.Цэдэндамба ах суучих гэсэн. Яах гэж байгаа юм бол гэсэн чинь шууд гэртээ очоод орж бай гэсэн. Гэрт нь ороод байж байсан чинь араас орж ирээд намайг заамдаад авсан. Тэгсэн эхнэр, хүүхдүүд нь салгаад би гэр рүүгээ гараад гүйсэн. Гэртээ ирээд хэвтэх гэж л байсан чинь гадаа хашааны хаалга нүдсэн. Тэгсэн Б.Балдансанжаа хутга барьсан ороод ирсэн. Би сандал дээр сууж байсан чинь миний өмнө хутгаа хоёр гартаа ээлжилж бариад босоод ирэхээр нь түлхээд унагасан. Хутгыг нь булааж аваад эхнэр татаж босгосон. Тэгсэн Одноо алчихаад ир гэсэн гээд байсан. Тэгэхээр юу гэнээ Одноо чамайг явуулсан юм уу гэсэн. Тэгсэн намайг сандалаар цохиод гараад явсан. Би араас  нь гарсан чинь намайг газар унагаад хэд өшиглөөд тэгээд явсан”,  хохирогч Х.Цэдэндамбын мөрдөн байцаалтанд өгсөн “…Балдансанжаа намайг гэртээ дагуулж очоод гэртээ ороод хамт байснаа намайг 2 залуугаар зодуулах гэлээ гээд намайг заамдаж барьж авахаар нь эхнэр Төмөрөө нь бид хоёрыг салгасан. Би гэртээ очоод эхнэр Оргодолд Балдансанжаагийн талаар хэлчихээд хашааны хаалгаа цоожилчихоод гэртээ унтах гэж байтал Балдансанжаа хашааны цоожтой хаалгыг онгойлгож орж ирэхээр нь гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэрлээ асаагаад байж байтал Балдансанжаа гартаа том хутга нуучихсан алнаа гээд орж ирээд орны өмнө сөхрөөд суучихсан. Балдансанжаа хутгаа баруун зүүн гартаа ээлжилж барьж байгаад зүүн гартаа бариад босоод ирэхээр нь би Балдансанжааг баруун мөр рүү нь түлхэхэд зүүн гартаа барьсан хутгаа доороо хийгээд унахаар нь би Балдансанжаагийн баруун гарыж өчиж байгаад эхнэр Оргодолоор Балдансанжаагийн хутгыг авахуулсан. Манай эхнэр Балдансанжаагийн барьж байсан хутгыг нэг газар нуух гээд явсан хойгуур Балдансанжаа миний хоолойг баруун гараараа заамдаад орон дээр дээш харуулаад боож байхад нь манай эхнэр Оргодол Балдансанжаагийн араас нь татаад салгасан. Балдансанжаа Одноо алчихаад ир гэсэн гээд бахираад байсан. Балдансанжаа манай гэрт байхдаа сандал авч шидээд миний толгой руу шидчихээд гарахдаа гадаа хутга дахиад байгаа гээд гарахаар нь би араас нь гартал Балдансанжаа хашаан дотор намайг барьж аваад 3 удаа татаж байгаад газар унагаагаад зүүн хавирга руу баруун талны дээд тал, зүүн хөхний дээд талд хөлөөрөө өшиглөөд гүйгээд явсан. Би газар хэвтээд үлдсэн”, гэрч С.Оргодлын “…манай нөхөр гаднаас гүйж орж ирээд Балдансанжаа намайг гэртээ заамдаж аваад зодох гэхээр нь эхнэр Төмрөө бид хоёрыг салгахаар нь би гэртээ гүйгээд ирлээ гэж хэлсэн. Манай нөхрийг ирснээс хойш 10 минутын дараа Балдансанжаа цоожтой байсан хашааны хаалгыг онгойлгоод орж ирэхээр нь гэрлээ асаагаад гэрийнхээ хаалганы түгжээг онгойлгосон чинь Балдансанжаа ардаа шар иштэй хутга барьчихсан алнаа гээд бахираад ороод ирсэн Балдансанжаа нөхөр бид хоёр сууж байсан орны урд ирээд өвдөглөж суугаад баруун зүүн гартаа хутгаа сольж бариад зүүн гартаа хутгаа бариад босоод ирэхээр нь Балдансанжаагийн баруун мөр лүү нь гараараа түлхээд баруун гарыг нь ард нь өчөөд дарчихсан чинь Балдансанжаа хутгаа хаяхаар нь би хутгыг нь аваад гал тогооны өрөөнийхөө тогооны шүүгээн доогуур хийгээд буцаад том өрөөндөө ортол манай нөхрийг Балдансанжаа баруун гараараа хоолойг нь боочихсон байхаар нь Балдансанжааг араас нь татаад болиулсан. …Балдансанжаагийн араас гүйгээд гарахад Балдансанжаа манай хашаан дотор зогсож байсан. Балдансанжаа өмсөж явсан цамцаа тайлаад манай Цэдэндамбааг дугтраад унагаасан. Балдансанжаа манай нөхрийг газар унагаад өшиглөөд байхаар нь баруун талынхаа айлд ороод хүн дуудах гэсэн чинь эзгүй байхаар нь буцаад айлаас гараад иртэл Балдансанжаа машинаа унаад яваад өгсөн. Тэгтэл манай нөхөр миний зүүн хавирга гэмтчихлээ гээд байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. 2015 оны 09 дүгээрсарын 01-ний өдөр манай охин Лхамсүрэн, Балдансанжаагийн эхнэр Төмөрөө нар Төгрөг сумын ЕБС-д ажил орохоор шалгалт өгсөн. Балдансанжаагийн эхнэр Төмөрөө түрүүлж, хоёрт Лхамсүрэн орсон. Төмөрөө багш эрхийн үнэмлэхгүй, манай охин Лхамсүрэн багшлах эрхийн үнэмлэхтэй. Төгрөг сумын сургуулийн захирал Балдансанжаагийн эхнэрийг ажилд авсан. Лхамсүрэн ажилгүй үлдсэн. Энэ асуудлаас болж Балдансанжаа манайханд юм санасан байх.”, гэрч Б.Мөнхчулууны “…Яваад хоёр цаг орчим болсны дараа хоёулаа эргээд ороод ирсэн. Ирээд Балдансанжаа ах бөөн уур орж ирээд юу яриад байгаан бэ гээд Цэдэндамбаа ахыг түлхэж унагаагаад цохих гэхээр нь би салгаад татчихсан. Тэгсэн чинь Төмөрчулуун эгч босгоод яв та гээд гаргасан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна.  Цэдэндамбааг явсны дараа Төмөрчулуун эгч рүү чи сургуульд шалгалт өгч толгойгоороо тэнцэж орсон юм байгаа биздээ нэг бол мөнгө өгөөд хахуульдаад орчихсон юм уу тэр Цэдэндамбаа, эхнэртэйгээ надаас эхнэр чинь мөнгө өгч хахуульдаж орсон уу гэж шалж хоргоогоод явуулахгүй, банди дуудчихаад зодуулах гээд байна гэж хэлчихээд гарч яваад машинаа асаагаад хөдлөөд явсан.”, гэрч О.Төмөрчулууны “…манай нөхөр Балдансанжаа “нутгын буян” нэртэй архи бариад ороод ирсэн, тухайн өдөр Цэдэндамбаа жижүүрт гарч байгаа гэж ярьж байсан. Авч ирсэн архиа хувааж уучихаад Цэдэндамбаа жижүүрт гарч байгаа сургууль цоожлоно гэж манай нөхрийг хүргээд өг гээд хамт гарсан юм. Нилээн удсаны дараа гадаа машинтайгаа ирээд Цэдэндамбаа түрүүлж орж ирээд араас нь манай Балдансанжаа орилоод орж ирээд наадах чинь гэртээ хүн биш юм байна. Чамайг мөнгөөр орсон гэж байна чи толгойгоороо орсон юм байгаа биздээ. Чамайг мөнгө өгч орсон гэж байна гээд над руу хашгичаад намайг хоёр залуугаар зодуулах гэнэ лээ гээд ууртай нь аргагүй орж ирээд Цэдэндамбаа ахыг барьж авахаар нь яг цохисон үгүйг анзаараагүй салгасан. Тэгсэн Цэдэндамбаа ах хөргөгч рүү сандалтайгаа наалдаад уначихаар нь татаж босгоод гаргаад явуулчихсан юм. Тэгээд явсных нь дараа манай нөхөр чи хэдэн төгрөг өгч орсон юм гээд тэгэхээр нь юу яриад байгаа юм гэсэн чинь Цэдэндамбаа эхнэртэйгээ чамайг мөнгөөр орсон гэдгийг хэлүүлэх гээд шалж хоргоогоод байна гэсэн” мэдүүлгүүд,  хохирогч Х.Цэдэндамбын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Халтархүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 293 тоот шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 293 тоот дүгнэлтийн нэмэлт шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авсан  тэмдэглэл, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Хохирогчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт  “хэргийн зүйлчлэл буруу, шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэж тайлбарлаж байгаа боловч  шүүгдэгч Б.Балдансанжаа нь хохирогч Х.Цэдэндамбыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

            Шүүгдэгч Б.Балдансанжаад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Балдансанжаа нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.Балдансанжаа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1500000 төгрөгийг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Х.Цэдэндамбын зүүн хавирганы рентген зураг, амбулаторийн карт зэргийг хохирогчид буцаан олгож, шар өнгийн бариултай, бариулын урт 8 см, ишнээс хутганы үзүүр хүртэл 17,17 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хоролжав овгийн Бямбын Балдансанжааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Б.Балдансанжаад 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Б.Балдансанжаа нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцон солих болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч Б.Балдансанжаа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1500000 төгрөгийг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Х.Цэдэндамбын зүүн хавирганы рентген зураг, амбулаторийн карт зэргийг хохирогчид буцаан олгож, шар өнгийн бариултай, бариулын урт 8 см, ишнээс хутганы үзүүр хүртэл 17,17 см урттай хутгагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Балдансанжаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ