Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0285

 

 

 

Б.Э нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч С.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1049 дүгээр шийдвэр,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Э, Г.Т, Л.Г, М.У, Ү.Бэ, Т.М, С.Э, Ж.С, Э.И

Хариуцагч: ХБХСГ

Гуравдагч этгээд: “ХСТ” НҮТББ

 

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, нэхэмжлэгч Г.Т, М.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, М.Э /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2022/0689/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1049 дүгээр шийдвэрээр:

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.5, 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.4, 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.3.2, 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 35.1.6, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.2.2, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э нарын 9 иргэний нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж “ХСТ” НҮТББ-д Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ***/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас “ХСТ” НҮТББ-д олгосон 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2019/05-***, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/02*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/2023/*** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг, гуравдагч этгээд “ХСТ” НҮТББ-ын бие даасан нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн 10/*** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгч Б.Э шүүхийн шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэл 3 шаардлагатай бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн "Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04*** архитектур төлөвлөлтийн даалгаврыг эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох", "ХСТ НҮТББ-д олгосон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ2023/*** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах" тухай 2 ба 3 дугаар шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан, шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гэж үзэж байна.

Хариуцагч байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тухайн хэргийн анхны маргаан бүхий акт болох 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ***/2022 дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г хүчингүй болгож, гуравдагч этгээдэд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ2023/*** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ шинээр олгосон тул нэхэмжлэгч нар 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн.

Гуравдагч этгээдэд шинээр олгосон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ2023/*** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04*** архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдээгүй буюу барилгын хүчин чадал, хийц бүтээцийг өөрчилж хийгдсэн зураг төслөөр барилга барих зөвшөөрөл олгосон хууль бус захиргааны акт гэж үзэж дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

Тодруулбал:

2.1.1. "Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04*** архитектур төлөвлөлтийн даалгаврыг эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох" шаардлагын хувьд:

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас гуравдагч этгээдэд 2020 оны 02 дугаар сарын төлөвлөлтийн даалгавар /маргаан бүхий акт/ олгож, энэ архитектур төлөвлөлтийн 10-ны өдөр ГБМЗХ2020/04*** дугаартай архитектур даалгаврыг үндэслэн “ДЭТ” ХХК-ийн хийсэн барилгын эх зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталсан, улмаар ажлын зураг төсөлд Барилгын хөгжлийн төв 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ***/2021 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан.

Архитектур төлөвлөлтийн даалгавар нь 1/ газар олголтын захирамжийн дугаар, олгогдсон газрын байршил, хэмжээ, 2/ барилга байгууламжийн нэр, зориулалт, хүчин чадал, 3/ барилгажих талбай /барилгын бүрхэцийн харьцаагаар/, 4/ барилгын төрөл, давхрын тоо, 5/ дагаж мөрдөх ерөнхий төлөвлөгөө, 6/ эдэлбэр газрын талбай, түүнчлэн талбайн ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавигдах шаардлага, ерөнхий төлөвлөгөөний бүсчлэл, архитектур төлөвлөлтийн шаардлага, инженерийн шугам сүлжээнд тавигдах шаардлага зэрэг зураг төсөл боловсруулахад тавигдах хуульд заасан нөхцөл, шаардлага, норм, нормативыг нарийн тусгаж зөвхөн тодорхой хүчин чадал, хийц, давхрын тоо бүхий тодорхой нэг барилга байгууламж барих зураг төсөл боловсруулахыг зөвшөөрсөн баримт бичиг байна.

Дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар, түүнд үндэслэн хийгдсэн “ДЭТ” ХХК-ийн зураг төслөөр ХСТ НҮТББ-ын барих барилга нь А, Б хоёр блоктой. А блок барилга 3 давхар, Б блок нь 18м*15м суурийн хэмжээтэй 9 давхар, дээшээ суурийн хэмжээнээс илүү гарсан консолгүй байхаар заасны дагуу “ДЭТ” ХХК зураг төсөл хийсэн.

“ДЭТ” ХХК-ийн хийсэн эскиз зургийг УБ хотын ерөнхий архитектор баталж, ажлын зурагт магадлал хийгдэж, дүгнэлт гарснаар зургийн даалгавар буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04*** дугаартай А блок барилга 3 давхар, Б блок барилга суурийн хэмжээгээр 9 давхар дуустал баригдах шаардлага бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар биелэгдэж эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон.

Үүнээс хойш гуравдагч этгээд нь зураг төслийн “Ит” ХХК-иар архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын эскиз зурагт 2 удаа өөрчлөлт хийлгэж, эхний удаа 2022 онд А блок барилгыг зургийн даалгаварт зааснаар 3 давхар биш, харин давхар нэмж 4 давхар болгон өөрчлүүлж хариуцагч түүнийг нь баталсан, ажлын зураг хийгдээгүй, магадлал хийгдээгүй эскиз зургаар хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ***/2022 дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ" гуравдагч этгээдэд олгосон /энэ акттай холбоотой хэрэг шүүхэд хянагдаж байх явцад хожим хүчингүй болгосон/.

Үүний дараа зураг төсөлд 2 дахь удаа өөрчлөлт оруулж А блок барилга 4 давхар хэвээр, нэмж Б блокийн 9 давхар барилгыг 3 дугаар давхраас дээш зүүн талын хана нь нэхэмжлэгч нарын орон сууцны ***дугаар байр луу 1.5 м-ээр сунгаж ойртуулан консолтой байхаар төлөвлөж, 2020 оны архитектур төлөвлөлтийн даалгаварт зөвшөөрсөн өмнөх зураг төслөөс барилгын талбай, эзлэхүүний хэмжээ, хүчин чадлыг хэтрүүлж эскиз зураг боловсруулан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчаар батлуулсан.

Хариуцагч энэ үйлдлээ "2020 оны архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр хэвээр бөгөөд хэн ч маргаагүй тул" гэж тайлбарлаж байгаа нь хууль бус. Учир нь А даалгавар бол захиргааны хэм хэмжээний акт биш, олон тохиолдолд хэрэглэгдэхгүй, нэг удаагийн тохиолдлыг зохицуулсан захиргааны акт байна.

Өөрөөр хэлбэл, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь 2020 оны архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдэж батлагдан магадлал хийгдсэн “ДЭТ” ХХК-ийн зураг төслийг үндэслэн 06 дугаар сарын 16-ны өдөр олгогдсоны дараа 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барилгын хүчин чадал, барилга хоорондын зай хэмжээний хувьд шал өөр болгож өөрчилсөн “Ит” ХХК-ийн хийсэн барилгын эскиз зургийг шинэчилж өөрчлөхдөө архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр баталсан байдаг.

Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна: 12.1.1.эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх" мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна" гэж заасан, мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5/14 дүгээр тогтоолоор баталсан журмын 8.1.5-д "архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын эх загвар зураг боловсруулах, батлагдсан эх загвар зураггүйгээр ажлын зураг төсөл боловсруулах"-ыг хориглоно" гэж тус тус заасан.

Хариуцагч байгууллага 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2020 оны архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу “ДЭТ” ХХК-ийн боловсруулж батлагдсан эскиз зургийг хүчингүй болгосон, харин барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан зураг төсөл боловсруулах архитектур төлөвлөлтийн даалгавар гараагүй, “Ит” ХХК-ийн хийсэн барилгын эскиз зургийг архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр баталсан нь хууль болон журам зөрчсөн үйлдэл болно.

Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй хийгдсэн барилгын зураг төслөөр гуравдагч этгээдийн барьж буй барилгын Б блок барилга нэхэмжлэгч нарын орон сууцын барилгаас сууриараа 6.19 м боловч 3 дугаар давхраас дээш 1.5 метр консолтой барьж буй барилгын хана ***дугаар байранд тэр хэмжээгээр ойртож, барилга хоорондын гал тусгаарлах аюулгүйн хэмжээ стандартад заасан 6 м-т хүрэхгүй, энэ зай 4.74 м-4.81 м болж нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "...а/ нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн өөр төрлөөр эрхээ хангуулах боломжгүй болсон гэж тайлбарлаагүй, б/эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох онцгой ашиг сонирхол байгааг тодорхойлоогүй" гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайлбал:

а/ маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар нь өөрөө хууль бус буюу илт хууль бусад тооцох захиргааны акт биш, тухайн үед гуравдагч этгээдэд 2 блок барилгын газрын байрлал, барилгын хэмжээ, архитектур төлөвлөлтийн болон инженерийн шийдлийн норм, стандартыг тодорхойлж зураг төсөл боловсруулах даалгавар өгч, зөвшөөрсөн баримт бичиг байх тул түүнийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, эсвэл илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох үндэслэлгүй буюу нэхэмжлэлийн өөр төрлөөр эрхээ хангуулах боломжгүй болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

б/ Хариуцагч энэ архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн ДЭТ ХХК-ийн зураг төслийг баталж, барилгын ажлын зөвшөөрөл олгосон атлаа дараа нь энэ даалгаварт заагаагүй, даалгаагүй хэмжээ, хийц, хүчин чадалтай барилга барих зөвшөөрөл олгохдоо мөн л энэ даалгаврыг үндэслэл болгож, дахин дахин өөрчилсөн, архитектур төлөвлөлтийн даалгаварт заасантай нийцэхгүй барилгын зураг төслийг баталсан, ингэж баталсан зураг төслөөр барьж буй Б блок барилгын хананд 1.5 м консол гаргаж нэхэмжлэгч нарын оршин суудаг орон сууцанд галын норм дүрэмд заасан хэмжээг зөрчиж хэт ойртуулсан тул эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох онцгой ашиг сонирхол байгаа болохыг нэхэмжлэл гаргаснаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байнга тайлбарлаж ирсэн.

Гэвч шүүх шийдвэртээ консол ханатай зураг төслийн талаар, консолын талаар болон консолоос хэмжсэн барилга хоорондын зай хэмжээний талаар, консол хана баригдсан нь галын аюулгүйн норм дүрэмд нийцэж байгааг тогтоолгохоор нэхэмжлэгч нараас удаа дараа гаргасан хүсэлтийн талаар нэг ч дурьдаагүй, нэхэмжлэгч нар энэ талаар нэг ч маргаагүй мэтээр үүнтэй холбоотой хэрэгт байгаа нотлох баримтуудыг дүгнээгүй шийдвэр гаргасан тул 2020 оны архитектур төлөвлөлтийн даалгавар эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрх актыг зүйн үйлчлэлгүй болохыг тогтоосноор Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах явцад бусад барилгатай харьцах барилгын зай хэмжээний норм стандарт, техникийн болон галын аюулгүй байдлыг хангуулж зураг төслийг өөрчлүүлэхийг шаардах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ холбогдох байгууллагаар хамгаалуулах нөхцөл бүрдэнэ.

Иймд Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04*** архитектур төлөвлөлтийн даалгавар нь гуравдагч этгээдийн барьж буй барилгын зураг төсөл болон тухайн барилгын хувьд эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох шаардлагыг хангаж өгнө үү.

2.1.2. "ХСТ НҮТББ-д олгосон 2023 оны 06 дугаар сарын 12- ны өдрийн БАЗГ2023/*** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах" шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нар энэ шаардлагын үндэслэлээ баригдаж буй Б блок барилгыг ***дугаар байрнаас барилга хоорондын зай хэмжээний норм ба дүрмийг хангуулаагүй төлөвлөж, барилга хоорондын гал тусгаарлах аюулгүйн зай хэмжээг зөрчсөн барилга барьж байгаа нь тэдний аюулгүй орчинд амьдрах эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, захиргааны эрх бүхий байгууллага "барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ" гэсэн үүргээ биелүүлээгүй гэж маргасан. Тухайлбал:

Маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ2023/*** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан “Ит” ХХК-ийн хийсэн А блок 4 давхар, Б блок 3 давхраас дээш 1.5 м өргөн консолтойгоор барилга хоорондын зай хэмжээг ***дугаар байранд 4.7 м ойртуулж баригдахаар төлөвлөсөн зураг төсөлд олгогдсон гэрчилгээ юм.

Б блок барилга, ***дугаар байрны барилга хоорондын зай сууриараа 6.19 м байгаа боловч Б блок барилгын консол барьсан 3-р давхраас дээш 9 дүгээр давхар, техникийн давхрыг дуустал ***дугаар байрнаас 4.7 м-4.8 м байхаар төлөвлөж, энэ зураг төслийн дагуу 9 дүгээр давхар хүртэл барилгын каркас баригдсан бөгөөд энэ нь галын аюулгүй байдлын норм, стандартад нийцэхгүй байгаа тул энэ хэмжээг тогтоолгохоор Онцгой байдлын газраас 2 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

Шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэд 2 барилгын хоорондын зайг сууриас хэмжиж "...загвар зургаар Б блок барилгаас ***дугаар байр хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээ хангагдаж байна" гэж дүгнэсэн.

Энэ дүгнэлтийг Б блок барилгын консолтой хананаас хэмжээгүй "дутуу хийсэн" үндэслэлээр нэмэлт шинжилгээ хийлгэхээр 2024 оны 07 дугаар сарын 29- ний өдөр *** дугаартай шүүгчийн захирамж гарсан.

Онцгой байдлын ерөнхий газраас 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *... барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүрэм, норм зөрчсөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргахад тусгай зөвшөөрөл бүхий геодези зураг зүйн мэргэжлийн байгууллагаар барилга хоорондын зайг хэмжүүлэх шаардлагатай байгаа тул шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг ажлын 10 хоногоор сунгаж өгнө үү" гэсэн хүсэлтийг ирүүлж хугацаа сунгуулсан ч геодезийн мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэсэн тухай баримт ирүүлээгүйн дээр өмнөх дүгнэлтээр "барилга хоорондын гал тусгаарлах зай хэмжээ хангагдаж байна" гэж дүгнэсэн шинжээч 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр "барилгууд параллель түвшинд огтлолцохгүй байх тул хэмжилт хийх үндэслэлгүй" гэсэн дүгнэлт ирүүлсэн.

Галын аюулгүйн зай хэмжээтэй холбоотой зөрүүтэй 2 дүгнэлтийг нэг мөр болгох үүднээс нэхэмжлэгчээс өөр өөр мэргэжлийн /галын ба геодезийн/ шинжээчийн багаар консолдож барьсан хананаас ***дугаар байр хүртэл зай хэмжээг тогтоолгох, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаж мэтгэлцэх боломжтой гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Б блок барилга батлагдсан 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургийн хэмжээнд сууриараа баригдсан, ...барилга хоорондын зай хэмжээ галын норм ба дүрмийн шаардлагыг хангаж байгааг тогтоосон" гэсэн дүгнэлт нь зураг төслөөр барилгуудын суурийн хоорондох зайг хэмжсэн, харин ***дугаар байр ба Б блок барилгын 1.5 м консолдож барьсан хана энэ байрны баруун хананаас ямар зайд баригдсан, тэр зай нь галын норм ба дүрмийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хэн ч тогтоогоогүй шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлж гаргасан дүгнэлт байна.

Анхан шатны шүүх “Ит” ХХК-ийн хийсэн зураг төслөөр барилга барихад шаардагдах "Техникийн нөхцөлүүд гарсан" гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн үндэслэлгүй дүгнэлт байна.

Гуравдагч этгээд Ит ХХК-ийн хийсэн А блок 4 давхар, Б блок 3 давхраас дээш 1.5 м өргөн консолтой баригдахаар төлөвлөсөн зураг төслөөр байшин барихдаа техникийн нөхцөлийг сунгуулахаар инженерийн шугам сүлжээний байгууллагуудад хүсэлт гаргахдаа бүх хүсэлтэд ДЭТ ХХК-ийн хийсэн барилгын загвар зургийг хавсарган хүргүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, 2020 оноос хойш хугацаа нь дуусч 2022 онд сунгуулж гаргуулсан цахилгааны, холбооны, дулааны зэрэг бүх техникийн нөхцөлүүд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчингүй болсон ДЭТ ХХК-ийн хийсэн бага хүчин чадалтай буюу А блок барилга 3 давхар, Б блок барилга суурийн хэмжээгээр дээш консолгүй баригдахаар төлөвлөгдсөн барилга дээр олгогдсон байдаг. Харин Ус сувгийн Удирдах газраас барилгын зураг төсөлд өөрчлөлт орсноор барилгын хүчин чадал нэмэгдсэн байх тул өмнө 2020 онд олгогдсон техникийн нөхцөлийг сунгах боломжгүй талаар гуравдагч этгээдэд татгалзсан хариу ирүүлсэн, техникийн нөхцөл олгогдоогүй.

Иймд анхан шатны шүүхийн "... барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоход бүрдүүлэх Барилгын тухай хуулийн холбогдох баримт бичгийн бүрдлүүд хангуулсан, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзах хуульд заасан үндэслэл үүсээгүй" гэсэн дүгнэлт үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн дүгнэлт болно.

2.1.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг огт үнэлж, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан. Тодруулбал:

Нэхэмжлэгч нар 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж ХСТ НҮТББ-д олгосон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ2023/*** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Ийм шаардлага гаргаснаас хойш анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл 1 жил гаруйн хугацаанд энэ шаардлагын үндэслэл нь гуравдагч этгээд шинэ зураг төслийн дагуу Б блок барилгын зүүн талын ***дугаар байр луу харсан хананд 3 дугаар давхраас эхлэн 1.5 м хэмжээтэй консол барьснаас барилга хоорондын галын аюулгүй байдлын зай хэмжээний норм стандарт зөрчигдөж, нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж маргасан.

Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт болон тодорхойлох хэсгийн нэхэмжлэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг тодорхойлохдоо ч Б блок барилгын хананд 1.5 м консол байхаар зураг төсөл хийгдсэн талаар, ийм хэмжээтэй консол баригдсан байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар талууд нэг ч удаа маргаагүй мэт энэ талаар огт дурьдаагүй, барилгын консолын талаар нэг ч дүгнэлт хийгээгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт барилга хоорондын зай хэмжээ гэж дурьдагдаж буй хэмжээсүүд бүгд газар дээр, эсвэл зураг төслөөр 2 барилгын сууриас суурь хүртэл авсан, тогтоосон хэмжээнүүд байгаа.

Шүүхээс анхны нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг үүсгэсний дараа 2022 оны 10 дугаар сард газрын үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан.

2023 оны 09 дүгээр сарын 08-нд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсний дараа талууд Б блок барилгын консол болон түүнээс ***дугаар байр хүртэлх зай хэмжээ, галын аюулгүй байдлын норм дүрмийн талаар маргаж, зөвхөн энэ хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулах, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх зэрэг хүсэлтүүдийг нэхэмжлэгч талаас удаа дараа гаргасан, шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр консолтой хананаас ***дугаар байр хүртэлх зай хэмжээг тогтоож, дүгнэлт гаргаж ирүүлээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин газрын үзлэг хийж хариуцагч байгууллагын хэргийн оролцогч биш мэргэжилтнээр ханын консолоос ***дугаар байрны зүүн хана хүртэл хэмжүүлж 4.74-4.81 м байгааг тогтоосон, энэ үзлэгийн тэмдэглэл мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа энэ нотлох баримтыг мөн үнэлж, дүгнэлт гаргаагүй, харин маргаанд хамаарч буй 2 барилгын суурь хоорондын зай хэмжээ нь галын аюулгүй байдлын нормын хангаж байна гэсэн шинжээчийн дутуу, үндэслэл муутай, хоорондоо зөрүүтэй дүгнэлтийг шийдвэр гаргах үндэслэл болгосон.

2.1.4. Нэхэмжлэлийн “ХСТ” НҮТББ-д олгосон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ2023/*** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах" шаардлагын үндэслэлд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгосон нь хууль бус бөгөөд түүнийг хүчингүй болгох үндэслэл болох талаар тайлбар гаргасан. Анхан шатны шүүх энэ үндэслэлийг судалж, дүгнэлт өгөөгүй.

Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 7.2 дахь хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно" гэж заасан.

Энэ зөвшөөрөл 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгогдох үед Б блок 9 давхар барилгын каркас “Ит” ХХК-ийн хийсэн зураг төслийн дагуу 3 дугаар давхраас дээш суурийн талбайгаас илүү гаргаж консолтойгоор баригдсан байсан нь 2022 оны 10 дугаар сард хийсэн газрын үзлэгээр тогтоогдсон байдаг.

Маргаанд холбогдох барилга барихтай холбоотой бусад зөвшөөрөл, баримт бичгүүдийг ч нөхөн олгосон, тухайлбал 1/ гуравдагч этгээдэд сургалт судалгааны төвийн зориулалтаар эзэмшүүлсэн газарт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны барилга барих зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, эскиз зургийг баталж өгсөн, гэтэл үүнээс 2 жилийн дараа Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/748 дугаар захирамжаар газар эзэмших зориулалтыг "худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц" болгон өөрчилсөн. 2/ газар дээр “Ит” ХХК-ийн хийсэн зураг төслөөр буюу Б блок барилга ***дугаар байр талд 1.5 м консолтойгоор барилгын карказ бүрэн боссон, А блок барилга 4 давхраар баригдсаны дараа 2023 оны оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ2023/*** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгосон гэх мэт нотлох баримтуудыг анхан шатны шүүх “...барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоход бүрдүүлэх Барилгын тухай хуулийн холбогдох баримт бичгийн бүрдлүүд хангуулсан, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзах хуульд заасан үндэслэл үүсээгүй" гэсэн дүгнэлт үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн дүгнэлт болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т зааснаар Нийслэл дэх анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 127/ШШ2024/1049 дугаартай шийдвэрийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.”

 

2.2. Гуравдагч этгээд “ХСТ” ТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“Б.Э нарын нэхэмжлэлтэй, ХБХСГт холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд "ХСТ" НҮТББ-ийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1049 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг буюу “ХСТ” НҮТББ-д Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ***/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоосон", шинжээчийн зардал шийдвэрлэсэн хэсгүүдийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2.2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1.1-д "... Гэтэл маргаан бүхий ***/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон атал үндэслэл болгосон "Ит" ХХК-ийн боловсруулсан загвар зураг нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсоноос хойно батлагдсан, түүнд хийгдсэн бы***/2023 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн, өөрөөр хэлбэл "батлагдаагүй, магадлалын дүгнэлт хийгдээгүй зураг төсөл"-д барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ..." гэж дурдсан үндэслэлгүй бөгөөд манай байгууллага нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргахдаа "ДЭТ" ХХК-ийн боловсруулж, 2020 оны 05 дугаар сарын 05- ны өдөр батлагдсан загвар зураг болон "Ит" ХХК-ийн боловсруулж батлуулсан ажлын зураг, уг зураг төсөлд Барилгын хөгжлийн төвөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн ***/2021 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт зэрэг баримтуудыг хавсарган өгсөний дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь Барилгын тухай хуулийг зөрчөөгүй байхад шүүхээс "батлагдаагүй, магадлалын дүгнэлт хийгдээгүй зураг төсөл"-д барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь "ДЭТ" ХХК-ийн боловсруулсан эскиз зургаар А блок барилгаа хуучин барилгын сууриар 3 давхар барихаар төлөвлөж батлуулсан байсан боловч нэхэмжлэгч нарын хүсэлт шаардлагаар барилга хоорондын зайг 3 метрээр нэмж холдуулан, давхрын тоог 4 болгон өөрчилсөн өөрчлөлтийн зургыг "Ит" ХХК боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний батлуулсан билээ. Өөрөөр хэлбэл "Ит" ХХК-ийн боловсруулсан эскиз зураг нь шинээр хийгдсэн зураг биш өмнөх зурганд өөрчлөлт оруулсан зураг байхад шүүхээс шинээр эскиз зураг боловсруулж батлуулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 6 дугаар сард манай байгууллага барилгын зураг төсөл зохиогч компаниа сольж "Ит" ХХк-тай гэрээ хийж барилгын ажлын зургийг зуруулж, уг компани зохиогчийн хяналт хэрэгжүүлэхээр болсон байсан учир 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд "Ит" ХХК-ийн нэр бичигдсэн болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Барилгын тухай хуулийн дагуу олгосон болох нь тогтоогдож байна.

2.2.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Маргаан бүхий ***/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгогдох үед эрх бүхий этгээдээс батлагдсан байсан "ДЭТ" ХХК-ийн боловсруулсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан загвар зургаар А блок барилга ***дугаар байр хооронд 8.8м- 9м зайтай төлөвлөсөн нь Орон сууцны барилгын зураг гадна Төлөвлөлт /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18, Хавсралт 4-ийн 2.5, 12 дугаар хүснэгтэд 15 м байхаар заасныг хангуулаагүй буюу зөрчиж төлөвлөгдсөн нь хорш зэргэлдээ барилгын оршин суугчид, өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. Маргаан бүхий ***/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний үндэслэл болсон "Ит" ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан загвар зургаар А блок барилга "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18-д заасныг ***дугаар байрнаас хангуулаагүй буюу зөрчиж төлөвлөгдсөн нь хорш зэргэлдээ барилгын оршин суугчид, өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. ***дугаар байр "А" блок барилгын хоорондох зай бодит хэмжилтээр 13.6 м /гадна засал хийгдээгүй үндсэн хийцээ/ байгаа нь Орон сууцны барилгын зураг гадна Төлөвлөлт /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18. Хавсралт 4-ийн 2.5, 12 дугаар хүснэгтэд 15 м байхаар заасныг мөн хангуулаагүй буюу зөрчиж баригдсан нь хөрш зэргэлдээ барилгын оршин суугчид, өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ" гэж дурдсан боловч ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, энэ нь ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон талаар огт дүгнээгүй нь үндэслэлгүй юм.

Манай барихаар төлөвлөсөн А блок барилгын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол огт зөрчигдөөгүй бөгөөд шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын нарны ээвэрлэлт, барилга хоорондын зай, галын аюулгүй байдал, орц, гарц, барилгын ашиглалт, чанарт нөлөөлөөгүй болохыг тогтоосон. Гагцхүү А блок барилга, ***дугаар байр хоёрын хооронд 13.6 метр байгаа нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/-ийн барилгын норм ба дүрмийн 4.18, Зөвлөмжийн 4 дүгээр хавсралтын 2.5, Зөвлөмжийн 12 дугаар хүснэгтэд заасан 15 метр байх шаардлагыг хангуулаагүй талаар дурдсан байдаг.

Энэ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд дээрх дурдсан Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31- 01-10/-ийн барилгын норм ба дүрмийн "4 дүгээр хавсралт", "12 дугаар хүснэгт"-үүд нь заавал мөрдөх норм, дүрэм биш "Зөвлөмжийн" норм, дүрэм бөгөөд шүүхээс заавал мөрдөх дүрэм мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн уг дүрмийн Зөвлөмжийн 4 дүгээр хавсралтын 1.1-д "Шинээр барих, сэргээн шинэчлэх, өргөтгөх, орон сууцны барилга хоорондын болон орон сууцны барилга, олон нийтийн барилга хоорондын, орон сууцны барилга авто машины гарааж, ил зогсоол хоорондын ойролцоо зай хэмжээг зөвлөмжийн энэхүү дүрмээр тогтооно", 2.5-д "Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг зөвлөмжийн 12 дугаар хүснэгтэд Үзүүлэв", "12 дугаар хүснэгтийн 1 дэх мөрөнд Барилгын тууш /урт/ талуудын хооронд 2-4 давхар барилгад 15 метр" гэж тус тус заасан нь "Зөвлөмжийн" шинжтэй "ойролцоо зай хэмжээ" болох нь илэрхий бөгөөд энэ тохиолдолд заавал мөрдөх шинжийг агуулахгүй байгаа шүүх анхаарч үзээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх норм ба дүрмийн зохицуулалт "заавал мөрдөх" ба "зөвлөмжийн"гэсэн ялгаатай байдлаар батлагдсан байгаагаас ч энэхүү үндэслэл тодорхой харагдаж байгаа болно. Энэ талаар шүүгч үндэслэх хэсэгтээ зөвлөмжийн заалт байсанг дурдсан боловч дүгнэхдээ хуулийг буруу хэрэглэж заавал мөрдөх заалттай адилтган дүгнэсэн байна.

Манайх анх хуучин барилгын сууриар 3 давхар оффисын зориулалттай барилга шинээр барихаар "ДЭТ" ХХК-иар эскиз зураг зуруулж, батлуулан магадлал хийлгэж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан байсан боловч нэхэмжлэгч нарын шаардлагын дагуу барилга хоорондын зайг /БНбД 31-01-10/-ийн зөвлөмжийн 12 дугаар хүснэгтээр тогтоосон ойролцоо зай хэмжээгээр 13.6 метр байхаар төлөвлөж, эскиз зургандаа өөрчлөлт оруулсан билээ. Манай 2 удаагийн эскиз зургаар төлөвлөсөн барилгууд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдөх боломжгүй байхад шүүхээс энэ талаар үндэслэлтэй дүгнээгүйд гомдолтой байна.

2.2.3.Шүүгчийн үндэслэл хэсгийн 4.1.5 хэсэгт "..14.1.4 "зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх" шаардлагыг зөрчжээ" гэж дурьдсан үндэслэлгүй бөгөөд Барилгын тухай хуулийн 4.1.3 дугаар заалтын хүрээнд барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл нь барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, ус, дулаан, цахилгаан, харилцаа холбоо зэрэг тэдгээрийн ашиглалттай холбоотой ойлголт ба ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан болох нь нотлох баримтаар хавтаст хэрэгт тогтоогдоогүй бөгөөд манай ХСТ НҮТББ-ын барилга баригдсанаар зэргэлдээ орших ***дугаар байрны ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулаагүй байхад дээрх шаардлагыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагчаас 2022 манайд олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2023 онд хүчингүй болгосон нь зөвхөн А, Б блок барилгуудыг салгаж зөвшөөрөл олгосон хэрэг болохоос А блок барилгад олгосон зөвшөөрлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл биш юм.

Хавтас хэргийн материалд авагдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын ДАУТОГ Г.Б-ийн гарын үсэгтэй 2024.02.14-ний өдрийн 01-10/357 тоот Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа ***/2022 БАЗГ-г хүчингүй болгохдоо хууль бус гэж үзээгүй гагцхүү гуравдагч этгээдийн хүсэлтээр хүчингүй болгож маргаангүй байсан 9 давхар барилгад шинээр БАЗГ 2023/*** олгосон талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл нэг барилгад 2 зөвшөөрөл олгогдох боломжгүй тул өмнөх зөвшөөрлийг хүчингүй болгож шинээр маргаагүй байсан Б блок барилгад БАЗГ 2023/***-г гуравдагч этгээдийн хүсэлтээр олгосон юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлийн 24.3 дах хэсэгт "хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ." гэж заасан дагуу шийдвэрлэсэн нь ЗХШХШТХ-ийн 67-р зүйлд заасан үр дагавар үүсэхгүй" гэж албан бичгээр тайлбар хүргүүлсэн бол шүүгч Захиргааны ерөнхий хуулийн "48 дугаар зүйл. Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох", "48.2.2 бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;" заалт ашиглан дүгнэсэн Захиргааны байгууллагын ирүүлсэн хавтаст хэрэг №3-ын 242 дугаар хуудаст байгаа албан бичгээр ирүүлсэн тайлбарыг нотлох баримтын хүрээнд үнэлээгүйгээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Энэ талаарх тайлбараа хариуцагчийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01-10/357 дугаар албан бичгээр шүүхэд хүргүүлсэн нь үндэслэлтэй юм.

2.2.4. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээчийн зардал 7,440,000 төгрөгийг Гуравдагч этгээд ХСТ НҮТББ-д хариуцуулсан үндэслэлгүй юм.

Дээрх 2 удаагийн шинжээчийг нэхэмжлэгч нарын хүсэлтээр тэдний нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой томилсон бөгөөд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагатай холбоотой шинжээч томилоогүй байхад шинжээчийн зардлыг гуравдагч этгээдээр төлүүлсэн үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан хэрнээ шинжээчийн зардлыг урьдчилан төлөхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаа дараа удаашруулж байсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад туслах үүднээс гуравдагч этгээдийн зүгээс шинжээчийн зардлыг урьдчилан төлсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т "Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ" гэж заасны дагуу гуравдагч этгээдээс урьдчилан төлсөн шинжээчийн зардал 7,440,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж гуравдагч этгээдэд олгох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1049 дүгээр шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдээс урьдчилан төлсөн шинжээчийн зардал 7,440,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж гуравдагч этгээдэд олгосон өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад тус шийдвэр нь дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Б.Э нарын 11 иргэнээс гаргасан “ХСТ” НҮТББ-д Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ***/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

1.1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчаас маргаан бүхий ***/2022 барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг[1] гуравдагч этгээдээс гаргасан "ДЭТ" ХХК-ийн боловсруулж, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан загвар зураг болон "Ит" ХХК-ийн боловсруулж батлуулсан ажлын зураг, уг зураг төсөлд Барилгын хөгжлийн төвөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн ***/2021 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт[2], “ХСТ” НҮТББ нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-16/01 дугаар албан бичгээр[3] Хот байгуулалт, хөгжлийн газарт барилга барих зөвшөөрөл хүссэн өргөдөл зэрэг баримтуудыг үндэслэн олгосон гэдэг нь тогтоогдож байна.

1.2.Энэхүү маргаан бүхий ***/2022 барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хариуцагч захиргааны байгууллагаас “нэхэмжлэгч нараас ирүүлсэн гомдлын дагуу барилга хоорондын зайг нэмэгдүүлэхээр барилгын зурагтаа гуравдагч этгээдээс 3 метрээр хассан өөрчлөлт оруулсан байдал, шинжээчийн барилга хоорондын зайны хэмжилт” зэргийг үндэслэн хүчингүй болгосон байна.

1.3.Тодруулбал, хариуцагчаас Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна:”, 14.1.2.-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх.” гэж заасны дагуу  барилгын норм дүрэмд заасан барилгын хоорондын зай хэмжээнд тавигдах шаардлага болон нэхэмжлэгч нарын амьдарч буй барилгын ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх хууль ёсны ашиг сонирхолд  нийцээгүй гэж үзэн өмнө гаргасан хуульд нийцээгүй шийдвэрээ буюу маргаан бүхий ***/2022 барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж үзэхээр байна.

1.4.Иймээс маргаан бүхий ***/2022 барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

 

2.Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2019/05-***, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/02*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

2.1.Нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ “батлагдсан барилгын зураг төсөл, түүнд олгогдсон барилгын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосноор тухайн архитектур төлөвлөлтийн даалгавруудын эрх зүйн үйлчлэл дуусгавар болно” гэж маргасан гэдэг нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тогтоогдож байна. 

2.2.Анхан шатын шүүхээс “архитектур төлөвлөлтийн даалгавраар тогтоосон төлөвлөлтийг хууль бус гэж маргаагүй, эрх зүйн үр дагавар нь дуусгавар болсон гэж үзэж буй бол шаардлагаа шүүхээс гарах шийдвэр, нэхэмжлэлийн өөр төрлөөр тодорхойлох байсан, гэхдээ ийнхүү тодорхойлоогүй.”, “архитектур төлөвлөлтийн даалгавар нь эдэлбэр газар, түүн дээрх барилгажих талбайн хувь, эдэлбэр газрын аль хэсэгт барилгажих талбайг төлөвлөснийг харуулдаг, барилгын зориулалт, хүчин чадал, ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтийн шаардлага, инженерийн шугам хангамж зэрэг шаардлагуудыг тогтоодог баримт бичиг бөгөөд түүнд заасан зориулалт, хүчин чадлын хүрээнд барилгын загвар зургийг боловсруулдаг, энэ шаардлагыг хангаагүй зургийг батлахгүй үр дагавар агуулах тул нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн тодорхой үр дагавартай захиргааны акт гэж үзэхээр байна.” гэж тус тус дүгнэн архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.3.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүрээ хязгаарт нийцсэн тул нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

3.“ХСТ” ТББ-д олгосон 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БАЗГ2023/*** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

3.1.Энэ шаардлагын хувьд нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ “...уг 2023 оны БАЗГ2023/*** дугаартай барилгын ажлын зөвшөөрөл нь өмнө олгогдсон байсан гэрчилгээтэй холбоогүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шинээр олгогдсон нөхөж олгосон гэрчилгээ байх тул хариуцагчийн үйлдэл хууль бус, хүчингүй болгох үндэслэлтэй” гэж маргажээ.

3.2.Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 28.2.1-т “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;”, 28.2.2-т “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт”, 37 дугаар зүйл 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 37.1.1-д “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх;”, 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх” гэж тус тус заасан.  

3.3.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл эрх бүхий байгууллагаас батлагдсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, тэдгээрт үндэслэн боловсруулсан зураг төсөл, магадлалын дүгнэлт зэрэг баримтуудад үндэслэн барилгын зөвшөөрлийн гэрчилгээг олгохоор зохицуулжээ.

3.4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас “ХСТ” ТББ-ын сургалт судалгааны төвийн барилгад олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон ГБМЗХ2020/04*** дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”[4], 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хотын ерөнхий архитектор баталсан “Ит” ХХК-ийн боловсруулсан загвар зураг[5], өөрчлөгдсөн зураг төсөлд хийгдсэн Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ***/2023 дугаар магадлалын дүгнэлт[6], “УЦТС” ТӨХК-иас 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *** дугаартай Техникийн нөхцөл[7],  Ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар “Техникийн нөхцөл”[8], “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаартай “Техникийн нөхцөл”[9], “Мэдээлэл  холбооны сүлжээ” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ТН-В****/2022 дугаар “Техникийн нөхцөл”[10] зэрэг баримтуудад үндэслэн маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон болох нь тогтоогдож байна.

3.5.Иймд хуульд заасан холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн гаргасан гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.6.Нэхэмжлэгч нарын “гуравдагч этгээдийн Б блок барилга нь 75-р байртай барилга хоорондын зай хэмжээний норм дүрмийг хангахгүй байна” гэх нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд, гуравдагч этгээдийн Б блок барилга нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбд31-01-10/-ийн тууш болон хөндлөн байршилд хамаарахгүй, мөн уг барилга нь “Ит” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлуулсан зургаар болон байршил дээрх хэмжилтээр “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” /БНбд 30-01-04/-ийн гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээг хангасан буюу гал тэсвэршилтийн 2-р зэргийг хангасан болох нь Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтүүд[11], Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт[12] зэргээр тогтоогдож байна.

3.7.Мөн “Ит” ХХК-ийн боловсруулсан 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр батлагдсан загвар зургаар А болон Б блок барилгын зай хэмжээ нь зэргэлдээх нэхэмжлэгч нарын орон сууцны хувьд “Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж” /БНбд 23-04-07/-ийн орон сууцны нарын ээвэрлэлтийн норм дүрмийг зөрчөөгүй гэдэг нь Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр[13] тогтоогдож байна.

3.8.Дээр дурдсан үндэслэлүүдээр, маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрөл болон “Ит” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн загвар зургийн дагуу баригдаж буй гуравдагч этгээдийн барилга нь нэхэмжлэгч нарын маргаж буй нарны ээвэрлэлтийн болон барилга хоорондын зай хэмжээний норм, дүрмийг зөрчөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

3.9.Иймд анхан шатны шүүхээс “...эзэмшил газарт, өгөгдсөн төлөвлөлтийн даалгавар, батлагдсан загвар зураг, олгогдсон техникийн нөхцөлүүд, тэдгээрт үндэслэн боловсруулагдсан зураг төсөл, түүнд хийгдсэн магадлалын дүгнэлт зэрэг барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийг үндэслэсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй байна,  нэхэмжлэгч нарын оршин суух орон сууцны хувьд барилга хоорондын зай хэмжээ, нарны ээвэрлэлтийн норм дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4.Гуравдагч этгээд “ХСТ” ТББ-ын “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн 10/*** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд

4.1 Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол”, 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно.” гэжээ.

4.2.Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.” 96.2-т “Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.” гэж тус тус заасан.

4.3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нар нь Нийслэлийн ХБХСГт холбогдуулан ““ХСТ” ТББ-д олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ***/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БАЗГ/2023/*** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний улмаас нэхэмжлэгч нарын өөрийн орон сууцыг ая тухтай хэвийн ашиглах, орон сууц руу орох орц, гарц хязгаарлагдсантай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэх үндэслэлээр шүүхэд маргаж байна.

4.4.Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн хариуцагчийн шийдвэрийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй байх тул үүнтэй холбоотой гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

5.Шинжээчийн зардлыг хуваарилахтай холбоотой гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын тухайд:

5.1.Анхан шатны шүүхээс “гуравдагч этгээдийн барилга нэхэмжлэгч нарын өмчлөлийн, оршин сууж буй барилгын хоорондын зай хэмжээтэй холбоотой барилгын норм, дүрэм хангуулан төлөвлөгдөж баригдсан эсэхийг, нарны ээвэрлэлтийн норм дүрмийг хангуулсан эсэхийг тогтоолгох зорилготой шинжээчийн дүгнэлтүүд гаргуулсан, нөгөөтээгүүр энэ хэрэгт хамтатган нэгтгэж шийдвэрлэсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэсэн дүгнэлт өгч шинжээчийн зардлыг гуравдагч этгээдэд хариуцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж заасантай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс өөрчлөх үндэслэлгүй байна.

5.2.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан 47 дугаар зүйлийн 47.3-д “... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн бол шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчлөн шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг өөрчлөөгүй, харин хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн зардлын хуваарилалттай холбоотой гаргасан шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээдийн зардлын хуваарилалтын талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. 

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1049 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас болон гуравдагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

                                 ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

 

       ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 92 дахь тал, 2-р хавтас 87-111 дэх тал

[2] Хэргийн 3-р хавтас 18-20 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 46 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 51-52 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 87-111 дэх тал

[6] Хэргийн 3-р хавтас 21-23 дэх тал

[7] Хэргийн 3-р хавтас 245 дахь тал

[8] Хэргийн 4-р хавтас 11-12 дахь тал

[9] Хэргийн 4-р хавтас 42-46 дахь тал

[10] Хэргийн 4-р хавтас 48-49 дэх тал

[11] Хэргийн 5-р хавтас 24, 68-69 дэх тал

[12] Хэргийн 3-р хавтас 129-136 дахь тал

[13] Хэргийн 2-р хавтас 183-192 дахь тал