Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 116/ШШ2022/0006

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

              Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 4-15 тоотод оршин суух, Г.О-гийн нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан

          Нэхэмжлэлийн шаардлага: “Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хуралд даалгаж, Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021.12.07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021.12.25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, түүний өмгөөлөгч В.Д, хариуцагч Ш.Б, гуравдагч этгээд С.Б, гэрч Г.О, Б.Э, нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Г.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 11 дүгээр багаас сонгогдсон багийн Засаг даргаар ажилладаг. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан болсон. Хуралд хуульд заасан өрхийн төлөөлөл хүрэлцэн ирж, ирцийн хувьд бүрдсэн байдалтайгаар үргэлжилж явагдсан. Ингээд хурлын тэргүүлэгчид болон Хурлын даргыг сонгосны дараа Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцсэн. Засаг даргад Г.О миний бие болон С.Б  нар нэр дэвшсэнээс Г.О миний бие 79 санал, нэр дэвшсэн С.Б  нь 68 санал авсан байдаг. Дээрхи 2 хүнд санал өгч буй иргэдийн тоог гаргахдаа иргэдийг шууд илээр 2 хуваан, илээр тоолж саналыг баталгаажуулсан. Энэ санал хураалтанд 147 иргэн оролцсон бөгөөд, түдгэлзсэн буюу санал өгөөгүй иргэн байгаагүй. Иймд санал хураалтанд нийт 147 иргэн оролцсон, түүнчлэн хуралд 147 иргэн ирсэн гэдэг нь үүгээр батлагдаж байгаа юм. Мөн түүнчлэн багийн Засаг даргад нэр дэвшигч нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх” гэсэн шаардлагын дагуу нэр дэвших үедээ дээрхи баримтуудыг бүрдүүлсэн байх шаардлага тавигддаг ч нэр дэвшигч С.Б  нь тухайн баримтуудыг бүрдүүлж өгөөгүй байсан.

          Хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар Г.О намайг Засаг даргад нэр дэвшүүлсэн тул зохих журмын дагуу дээд шатны Засаг даргад санал болгох үүрэг иргэдийн Нийтийн Хуралд байсан боловч дээрхи үүргээ биелүүлэлгүй, намайг 50 хувьдаа хүрээгүй тул дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрхи дахин санал хураалт явуулахаар гаргасан тогтоол, Хэрлэн сумын Засаг даргад хаягласан мэдэгдэлтэй 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр танилцаж олж мэдсэн. Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тухайн багийн Засаг даргаар ажиллаж байна. Тухайн үед 2982 хүн амтай байсан. Энэ 3 жилийн хугацаанд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх тал дээр анхаарч ажилласан. Энэ хугацаанд хэд хэдэн арга хэмжээнд оролцож тэргүүн байрыг эзэлж ирсэн.

           Нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн шалгаж байх хугацаанд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад дурдсан 11 дүгээр багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн “Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах тухай” 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр багийн ИНХ-ын хуралдааныг зохион байгуулж, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаан товлосон тогтоолыг хууль бус гэж үзэж маргаантай байхад, түүнчлэн багийн иргэдийн оролцох боломжийг хангалгүй, цөөн тооны иргэдийг хамруулах байдлаар багийн ИНХ-ын хуралдааныг зохион байгуулсан нь хууль бус бөгөөд багийн Засаг даргаар ажиллаж байгаа Г.О миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хуралд даалгаж, Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт нэхэмжлэлийн 3 үндсэн шаардлага гаргасан. Энэ шаардлага тодорхой байгаа гэж үзэж байна. Ерөнхийдөө 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн. Гэвч сүүлд №01 тоот тогтоол гаргаж дахин хуралдаан товлосон байсан. Бид хууль зүйн үндэслэлийн дагуу сүүлд болсон хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож өгөх шаардлагыг гаргасан. Тооллогын комиссын тогтоол гарч нийт 147 иргэн санал хураалтад оролцсон болох нь тодорхой байна. Энэ иргэдийн тоо нь хуралдаанд оролцсон иргэдийн тоо юм. Үүнээс 50-иас дээш хувийн санал авсан тул Засаг даргаар сонгох ёстой гэж үзэж байна. Хариуцагч тал 12 иргэн санал өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч баталж, нотолсон зүйл байхгүй гэж хэлэхийг хүсч байна. Гэрч нарын хувьд Ш.Б гийн хэлсэн даалгаврын дагуу санал өгөөгүй иргэн гэж бүртгэсэн гэдгийг хэлдэг. Засаг даргад санал хураах үед зааланд байсан бүх иргэд оролцсон гэдгийг гэрч нар тодорхой хэлдэг. Түдгэлзсэн гэдэг нь санал өгөхөөс татгалзсан эс үйлдэхүй байдаг. Гэтэл санал өгөөгүй үлдсэн иргэн байгаагүй. Багийн иргэдийн Нийтийн Хурал, хуралдаанд иргэд төлөөллөөр дамжин оролцох биш шууд өөрсдөө оролцох боломжтой ганц хуралдаан юм. Уг хуралдаанд тухайн багийн сонгуулийн насны бүх иргэн оролцох боломжтой байхаар заасан. 30 өрх, айл тутмаас 1 иргэн төлөөлж оролцох боломжтой талаар заадаг. 147 иргэн оролцож байгаа нь хангалттай бүрэн ирцтэй байгааг илэрхийлж байна. Хуралдаанд оролцсон нийт иргэнээс 50-иас дээш хувийн саналыг авсан иргэнийг Засаг даргаар томилж болох зохицуулалттай. Нийт санал өгсөн иргэдээс хувийг тоолох ёстой. Хуралдааны үед орхиж гарч явсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Тиймээс зөвхөн санал өгсөн иргэдийг тоолох ёстой. Тэрнээс биш 159 гэдэг тоог баримтлах ёсгүй. Нотлогдсон зүйл ч алга. Нэг бүрчлэн тоолсон зүйл харагдахгүй байна. Хэм хэмжээний бүтцийн хувьд 23.10 дугаар зүйлд заасан зүйл заалтаас эхэлж баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын талаар зааж өгсөн байгаа. Хурлын төлөөлөгч гэдэг нь тодорхой иргэдийг төлөөлсөн этгээд учраас заавал хурлын Хуралдаанд оролцох үүрэгтэй байдаг. Хуралдааныг орхиж гарсан тохиолдолд эсрэг санал өгсөнд тооцох боломжтой болдог. Баг хорооны иргэдийн хувьд хуралдаанд оролцох үүрэгтэй этгээд биш. Зөвхөн оролцох эрхтэй байгаа. Тиймээс Г.О г Засаг даргаар томилуулахыг иргэдийн Нийтийн Хуралд санал болгохыг даалгах нь зүйтэй. Нэгэнт хууль ёсны Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан байхад дараагийн хурал зохиож байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс хүчингүй болгох боломжтой. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааныг багийн ажлын алба зохион байгуулаагүй гэдгээ хэлсэн. Ш.Б гийн хувьд 3000 гаруй иргэнтэй багийн иргэдийн мэдэгдлийг зөвхөн 500 гаруй хүнтэй фэйсбүүк хэрэглэгчдийн дундах группт зар тавьж мэдэгдэх боломжгүй юм. Урьд нь эгнээ бүрээр явж иргэдэд мэдэгдэж байсан талаар танилцуулдаг. Маш бага хүнд хурлын тов хүрсэн нь хуралдаанд оролцсон иргэдийн тооноос харагдаж байгаа. Хүний мэдэх эрхэд ноцтой халдаж байна. Мөн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тэргүүлэгчдийн хуралдаанд хэдэн тэргүүлэгч оролцсон болох, ирц хүрсэн эсэх нь ч тодорхой бус байна. Г.О очсон боловч өөрийнх нь талаар асуудлыг хэлэлцэнэ гэж хэлж хуралдаанд оролцуулаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.  

               Хариуцагч Ш.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар 3 асуудал хэлэлцсэн. Нийт 147 иргэн хуралдаанд оролцсон байгаа. Хурал 11 цагт эхэлж 3 цаг 30 минутад дууссан. Нийт 4 цаг 30 минут үргэлжилсэн. Тооллогын комиссын гишүүд тоог тоолж 159 иргэн байгааг баталгаажуулж зарласан. Аливаа хуралд санал өгөөгүй иргэн, эсвэл санал өгөөгүй хурлын танхимаас гарсан байх боломжтой байдаг. Нийт 12 иргэн санал өгөөгүй түдгэлзсэн тоонд орсон. 50 хувиас дээш гарсан эсэхийг би яг тухайн үед мэдээгүй. Хуралдаан их бужигнасан байдалтай байсан. Би өөрөөс шаардагдах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Г.О даргын хувьд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн гэж худал хэлж байна. Аль аль нэр дэвшигч нь 50 хувьд хүрээгүй тул дахин санал хураалт явуулах хүсэлтэй байгаагаа дээд шатны Засаг даргад хүргүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэдийн Нийтийн Хуралдааны тэргүүлэгчдийн хурлыг томилох асуудал хэлэлцсэн. Г.О хуралдаанд хамт оролцсон. Хуралдааныг дуусгалгүй гарч явсан байна. Гэхдээ энэ үед тухайн хэлэлцэж буй асуудлыг талаар мэдсэн. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болсон хуралдааны үед ямар нэг маргаан гараагүй. Хуулийн дагуу болж өнгөрсөн. Хэн ч ирж нэр дэвших боломжтой байсан. Нийт 61 иргэн оролцож дууссан. Энэ хуралдааныг хойшлуулах, цуцлах боломжгүй байсан. Ер нь бол Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын процессоос эхлүүлээд маргаан үүссэн. Хуралдааны зохион байгуулалт маш муу болсон. Хариуцлагагүй үйлдэл гаргаснаас болж өнөөдрийн маргаан үүсээд байгаа юм. “Шинж хөгжил” цогцолбор сургуулийн бага сургуулийн зааланд хуралдаан болсон. Анхнаасаа дэгтэй явуулах бүрэн боломжтой байсан. Г.О дарга ажлаа сайн хийж чадахгүй болох нь харагдаж байна. Иргэдийн тоо саналыг маш сайн тоолох ёстой. Энэ талаар хуульд тодорхой заасан байгаа. Г.О гийн хувьд тооллогын комиссын шийдвэр дээр маргаад байгаа юм уу? Хурлын даргыг сонгох болохоор 159 иргэн санал өгдөг, Засаг даргыг сонгох болохоор 147 иргэн болчихдог юм уу? Бид өөрсдөө тооллогын комиссыг бүрдүүлж санал гаргасан. Энэ хүмүүсийг шийдвэрийг дагаж мөрдөх үүрэг хүлээж байна. Анх саналын тоо 159 байсан байна гэдэг нь тодорхой байна шүү дээ. Хуралдаан эхэлсэн бол ирц бүртгэж байгаа. Бид яг цагтаа хаалгыг хааж байгаа чинь үүнтэй холбоотой. Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол дээр тухайн үед яг анзаарч хараагүй юм. Дараа нь сумын Засаг даргад уламжлах албан бичгийг төлөвлөж байх үедээ олж мэдсэн. Тэр даруй өөрийн алдаагаа залруулахаар тэргүүлэгчдийн хуралдааныг зарласан. Уг Тэргүүлэгчдийн хуралдаанд нийт 5 гишүүнээс 4 гишүүн оролцож олонхийн саналаар хурлыг хуралдуулахаар шийдвэрлэсэн. Би уг нь өөрийнх нь асуудлыг хэлэлцэж байгаа тул та өөрөө оролцох нь зохимжгүй байна. Тиймээс та хуралдаанд үг хэлэхгүйгээр оролцож болно гэж хэлсэн. Ингээд олонхийн саналаар дахин хуралдаан зарлахаар болсон. Ингээд 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд Г.О дарга хүчилж оролцохгүй байх гэж бодоод би өөрөө хуралдааныг зохион байгуулсан. Хуулийн шаардлага хангасан буюу нийт 61 иргэн оролцсон. Шинэ жилийн баяр тохиох гэж байсан ч иргэд хангалттай оролцсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

               Гуравдагч этгээд С.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон хуралдаанд оролцсон. Ингэхдээ багийн Засаг даргад нэр дэвшсэн. Би 68 хүний санал авсан. Г.О дарга 79 хүний санал авсан. Ингээд аль аль нь олонхи болж чадаагүй гэж дүгнэсэн. Ингээд дараа нь хурал дахин товлогдож байгаа талаар сонссон. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр товлогдсон хуралд оролцсон. Яагаад дахин хурал товлогдсон талаар тайлбарлаж хэлсэн. Хуралдаан дэгийн дагуу, хуулийн дагуу болж өнгөрсөн. Хурлын зарыг би фэйсбүүк группээс харсан. Би Г.О даргын тавьсан зарыг ч мөн тухайн групп дээрх постоос хардаг. Ганц группээс хамаарч нийт иргэдийг хамааруулж болохгүй гэж бодож байна Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

            Гэрч Г.О  шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Та 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаанд тооллогын комиссын 7 гишүүн эгнээ нэг бүрийг хуваарилан авч тооллого хийсэн. Би хоёр эгнээг хариуцаж авсан. Миний хариуцсан эгнээнд 30 гаруй иргэн байсан. Хуралд 159 иргэн оролцсон. Хаалга цоожтой байсан тул хүн нэмэгдэж орж ирээгүй байх гэж бодож байна. Гэхдээ хуралдаан удаан үргэлжилсэн тул гарсан байх магадлалтай. Хурлын зарыг Фэйсбүүк дээрээс олж мэдсэн. Нийт иргэдийг хоёр хувааж зогсоосон. Үүнээс нийт хуралдаанд оролцсон хүмүүсийн /12 иргэн түдгэлзсэн/ тоог тоотой хувилж бодож гаргасан гэв.

            Гэрч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Иргэдийн дундаас 7 хүн тооллогын комисст сонгогдсон. Энэ дундаас намайг тооллогын комиссын даргаар томилсон. Бид эгнээ бүрээр нь хувааж авсан. Анх хэдэн хүн байгааг мэдэхгүй байсан. Яг 159 иргэн байгаа эсэхийг мэдээгүй. Тоологч нарынхаа дүнг нь нэгтгэж бодоход 159 иргэн гэдэг тоо гарч ирсэн. Тоолоход их хүндрэлтэй байсан. Зарим иргэн боссон, суусан, ард нь давхардаж зогссон байсан.  Багийн Засаг даргын санал хураалтын дүнг тоолоход зөрүү гараад байсан. Зарим хүн санал өгөхдөө давхардуулан өгч, иргэд тоологчоо солих саналыг гаргаж байсан. Ер нь яг энэ хэлбэрээр тоолох нь үр дүнтэй биш юм байна гэж дүгнэсэн. Ингээд нийт сонгогчдын ихэнхи нь илээр санал хураах саналыг гаргасан. Нийт иргэдийг хоёр хувааж тоог гаргасан. Нэр дэвшигчид санал өгөх иргэд нэг талд зогссон. Түдгэлзсэн, санал өгөөгүй хүн байгаагүй. Би яг үнэндээ сайн ойлгоогүй. Хуралдаан даргалагч 12 иргэн түдгэлзсэн гэж бичих саналыг өгсөн. Хурлын заалнаас хүмүүс гарч орсон зүйл ажиглагдаагүй гэв.

 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

               Нэхэмжлэгч нь  Г.О нь тус шүүхэд “намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хуралд даалгаж, Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021.12.07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021.12.25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ[1].

             Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит сонгууль 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн бага сургуулийн урлаг зааланд зохион байгуулагджээ.

                 Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг нь 2020 оны жилийн эцсийн байдлаар 900 өрхийн 3169 хүн ам тоологдсон бөгөөд энэхүү сонгуульд 147 хүн оролцсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хариуцагч  Ш.Б  нь тухайн хуралд нийт 159 хүн оролцсон, 12 иргэн тухайн хурлыг орхин гарсан гэж тайлбарлаж байгаа боловч санал өгөөгүй 12 иргэн хурлыг орхин гарсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон тухайн хурлын тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

              1.“Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хуралд даалгах нэхэмжлэлийн тухайдДорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргад Г.О , С.Б  нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд санал хураалт илээр явагдахад Г.О 78 хүний санал буюу 49.05 хувийн, С.Б  69 хүний санал буюу 43.39 хувийн саналыг тус тус авсан нь Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоол[2], хурлын тэмдэглэл[3] бусад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэх заалтыг үндэслэн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас хуралдааныхаа дэгийг[4] тогтоож дэгийн 12.4-д “Багийн Засаг даргыг сонгохдоо хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-с дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар” шийдвэрлэсэн атлаа уг дэгийг зөрчиж олонхийн санал аваагүй нэр дэвшигчийг томилуулахаар санал болгосон нь үндэслэлгүй байна.    Өөрөөр хэлбэл 2 нэр дэвшигч хоёулаа олонхийн санал аваагүй байхад олонхийн санал авсан гэх нэр дэвшигч Г.О г багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 5 дугаартай тогтоолыг[5] гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-тБаг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

              Иймд Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

           2. Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021.12.07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021.12.25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн тухайдДорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор[6] Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлыг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт “Шинэ хөгжил” бага сургуулийн урлаг зааланд хуралдуулахаар шийдвэрлэсэн байна. Тус хурлаар Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргыг сонгох хуралд нийт 61 хүн оролцож, С.Б  нэр дэвшиж 61 хүний санал буюу 100 хувийн санал авсан нь Хэрлэн сумын 11 дүгээр багийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ...багийн иргэдийн нийтийн Хурлын тооллогын комиссын 2 дугаар тогтоол[7], хурлын тэмдэглэл[8] зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна.

           Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах тухай” 1 дүгээр тогтоолыг гаргахдаа тус хуралд нийт хэдэн тэргүүлэгч оролцсон нь тодорхойгүй, хурлын тэмдэглэл байхгүй, тус багийн иргэдэд хурлын зарыг хэрхэн хүргэсэн нь тодорхойгүй, зарыг тус багийн иргэдийн facebook  хаягаар хүргэсэн гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

               Өөрөөр хэлбэл тухайн хурлын зарыг нийтэд хүрэх байдлаар телевиз болон өрх тус бүрт хүрэх байдлаар зохион байгуулах ёстой.

               Нэхэмжлэгч Г.О нь тус шүүхэд Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хуралд даалгаж, Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021.12.07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэрэг үүсгэж, мөн өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ш.Б д гардуулж, эрх, үүргийг тайлбарлан өгсөн байтал 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулсан нь буруу байна.

              Өөрөөр хэлбэл маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад дахин хуралдуулсан нь хууль бус байна. 

              Мөн  өмнөх хурлын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр болох “Багийн Засаг даргыг сонгох санал тоолсон дүнгийн тухай” 04 дүгээр тогтоол[9], “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 5 дугаар тогтоол[10] зэргийг хүчингүй болгоогүй байж тус багийн иргэдийн Нийтийн хурлыг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин хуралдуулсан нь үндэслэлгүй юм.

             Иймд Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021.12.07-ны өдрийн 01 дүгээр тогтоол, мөн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021.12.25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 25 дугаар зүйлийн 25.1, 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-гийн, “Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн хуралд даалгаж, Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021.12.07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021.12.25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, “Г.О намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар Хэрлэн сумын Засаг даргад санал болгохыг Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэлийн зарим шаардлага болох Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021.12.07-ны өдрийн 01 дүгээр тогтоол болон Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021.12.25-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О д олгосугай.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  5  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-2, 52-р хуудас

[2] Хавтаст хэргийн 79-р хуудас

[3] Хавтаст хэргийн 85-90-р хуудас

[4] Хавтаст хэргийн 75-76-р хуудас

[5] Хавтаст хэргийн 80-р хуудас

[6] Хавтаст хэргийн 54-р хуудас

[7] Хавтаст хэргийн 60-р хуудас

[8] Хавтаст хэргийн 61-63-р хуудас

[9] Хавтаст хэргийн 84-р хуудас

[10] Хавтаст хэргийн 80-р хуудас