Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/294

 

   

 

 

 

 

 

   2023         04          13                                     2023/ШЦТ/294

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Э-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 08-ны өдөр *** аймгийн ** суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт ****** дүүргийн 1 дүгээр хороо, **** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Х овогт Э-н Х /регистрийн дугаар *****/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүдэгч Э.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын урд хохирогч Д.Н-н эзэмшлийн ***-**  улсын дугаартай “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийн хойд салхины шил, спойлер, спойлерийн гэрэл зэргийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 730.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын урд хохирогч Д.Н-н эзэмшлийн ***-**  улсын дугаартай “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийн хойд салхины шил, спойлер, спойлерийн гэрэл зэргийг хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Э.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних 30 гаруй насны ахтай маргалдаж улмаар уг үл таних ахын хар өнгийн “Приус-41” маркийн  автомашины арын салхины шилийг уурандаа газраас чулуу авч шидээд хагалсан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би “Таван шар”-ын автобусны буудлаас хороолол явах 3 хүнийг 25 дугаар эмийн сан орох 1 хүн аваад хөдөлсөн. Тэгээд хорооллын эцсээс нэг хүн буулгаад дараа нь нөгөө 2 хүнээ та хоёр 25 уруудаад буучих гэж хэлсэн чинь тухайн 2 хүн буюу нэг үл таних залуу найз охинтойгоо явж байснаа намайг элдвээр хараагаад машинаас буугаад машины копуд дээр цохиод миний талын хаалганы цонхоор намайг заамдсан чинь ард сууж байсан үл таних ах тухайн залуугаас намайг салгасан. Тухайн үед миний куртка урагдсан байхаар нь би цагдаад өгнө гэж хэлээд машин руу суулгах гэсэн чинь тухайн үл таних залуу дийлдэхгүй байсан. Тэгэхээр нь би орхиод явах гэсэн чинь тухайн үл таних хүн араас чулуу шидэхэд миний “Приус-41” машины хойд цонх болон арын далбаан дээр байдаг гэрлийг хагалсан. Тэгээд цонх хагалчихаар нь би найз охиных нь араас очоод бариад авсан чинь тухайн залуу агсраад байхаар нь би найз охиныг нь тавьсан. Гэтэл найз охин нь зугтаад явсан. Харин найз залуу нь  гүйгээд алга болсон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дахь тал/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ: “...салхины

шил 450.000 төгрөг, спойлерийн гэрэл 30.000 төгрөг, спойлер 250.000 төгрөг, эд анги солих 60.000 төгрөг, нийт 790.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 25-26 дахь тал/,

 

Шүүгдэгч Э.Х-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дэх тал/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Э.Х-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Х нь хохирогч П.Н-д нийт 790.000 /долоон зуун ерэн мянган/ төгрөг төлж барагдуулсан, мөн хохирогч П.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ “...Э.Х нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй...” гэх хүсэлт хавтаст хэргийн 54 дэх талд авагдсан байх тул шүүгдэгч Э.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/  хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Э-н Х-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар Э.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ