Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/064

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ,

Улсын яллагч Б.Байгаль,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 04- ний шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн *******ын зүүн суганд хутгаар хутгалсны улмаас биед зүүн суганы шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 04- ний шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн *******ын зүүн суганд хутгаар хутгалсны улмаас биед зүүн суганы шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь...

Хохирогч *******ын ...Би 2023 оны 02 дугаар сарын 04-ний шөнө Бөмбөгөр сумын төвд найзындаа очоод байж байтал гаднаас орж ирсэн тэгээд би гараад гэртээ харих гээд хашааны гадаа гартал араас дуудаад манай малчин ирчхээд надаас архи нэхээд байна надад байгаа нь 5000 төгрөг байна. Та энэ мөнгөөр нэг шил архи авчраад өгөөч гэхээр нь би 5000 төгрөг авч дэлгүүр ороод нэг шил 0,5 граммтай “Ерөөл” нэртэй архи аваад гэрт нь орсон чинь нэг хүн сууж байсан. Би тэр хүнтэй нь танилцаад бид 3 нөгөө архиа хувааж уугаад байж байтал тэр ******* гэдэг хүн дүү ийг янз бүрээр хэлж доромжлоод байхаар нь би чи тэр эмэгтэй хүнийг яагаад янхан банзлаар нь дуудаад байгаа юм гэж хэлэхэд чам шиг пиздаад ямар хамаатай юм гэсэн. Бид хоёр хоорондоо маргалдаж тэгээд би уур хүрээд ******* гэх хүнийг хоёр удаа алгадчихаад хэвтээд өгсөн. Тэгээд намайг ална шүү зайл гээд байхаар нь босоод ирсэн чинь миний зүүн талын суганы ар хэсэгт хутгалчихаар нь би чи яаж байгаа юм бэ намайг хутгалчихлаа гэсэн чинь зүрхэнд чинь дахиад дүрнэ шүү гээд босоод ирэхлээр нь би гарч зугтаагаад Нямсүрэнгийнд ирж би хүнд хутгалуулчихлаа гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Тухайн үед тэр айлд бид гурваас өөр хүн байгаагүй. Би тухайн үед авч орсон нэг шил архинаас хэд татсан байсан. Намайг тэр айлд ороход ******* гэх хүн нэлээн согтуу сууж байсан. Би тэр айлын эхнэр ийг ******* гэх хүн элдэв нэгээр хэлээд байхаар нь өмөөрч хэдэн үг хэлсэн тэрнээс болж бид хоёр хоорондоо маргалдсаны улмаас ******* миний зүүн суганы ар тал руу хутгалсан. Миний зүүн талын суганы нуруу хэсэгт нэлээн өвдөж байна. Өөр ямар нэгэн зовуурь гайгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Иргэний нэхэмжлэгч *******ын ...гийн нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 91,000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан 91,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.../хх-ийн 69-70/,

Гэрч *******ийн ... Би 2023 оны 02 дугаар сарын 03-ны орой гэртээ байж байхад манай ах ******* Баянхонгор аймгаас Бөмбөгөөр сумын төвд манайд ирсэн тэгээд ах бид хоёр хоол хийх гээд байж байтал ******* ах надаас архи нэхээд байхаар нь хажуу айлдаа орсон чинь халамцуу сууж байхаар нь 5000 төгрөг өгөөд манай ах манай малыг харах гээд ирсэн надаас архи нэхээд байна чи нэг шил архи аваад ирээч гээд архинд явуулсан. Тэгээд удалгүй нэг шил “Хараа” нэртэй архи авч ирсэн тэр архийг нь бид гурав хувааж уучхаад би унтаад нэг сэрсэн чинь ******* ах түрүүний орж ирсэн хүнтэй би маргалдаад нөгөө хүн чинь гараад явчихлаа гээд сууж байсан. Манай гэрт 21-22 цагийн орчимд орж ирсэн орж ирэхдээ архи уучихсан байсан. Манайхаас хэдэн цагийн үед гарсныг мэдээгүй. Манай гэрт намайг унтахаас өмнө тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн зүйл болоогүй би унтаад сэрэхэд ******* ах нөгөө хүнтэй чинь маргалдаад ах нь хутгалчихлаа гэж хэлсэн. Надад ******* ах ярихдаа ын зүүн суга орчимд нь манай бор иштэй хутгаар хутгалсан гэж ярьсан. Тухайн үед манай гэрт бид гурваас өөр хүн байгаагүй. Би ******* ахыг *******тай юунаас болж хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Гэрч ийн ... Би 2023 оны 02 дугаар сарын 04-ний шөнө гэртээ унтаж байгаад нэг сэрсэн чинь хүн ороод ирсэн байхаар нь хартал манай аавын найз орж ирээд цамцаа тайлахаар нь яасан бэ гэсэн чинь ах нь хүнд хутгалуулчихлаа гэсэн тэгсэн аав, ээж хоёр шархан дээр нь бинт тавиад боосон би цагдаагийн байгууллагад мэдэгдэж сумын эрүүл мэндийн байгууллагын эмч нар ирээд ахыг аваад явсан. Би хойно айлд байж байгаад Галуут сумын нэг хүнтэй хэрүүл маргаан хийсэн тэгсэн намайг хутгалчихлаа гэж ярьж байсан. Тухайн үед ах архи согтууруулах ундаа уучихсан харагдсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Шүүгдэгч *******ийн... Би 2023 оны 02 дугаар сарын 03-ны орой Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд дүү ийнд ирж нэлээн байж байгаад дүүгийнхээ хамт бид хоёр хоол хийх гээд байж байгаад манай дүү гарч яваад удалгүй орж ирсэн. гэртээ олж ирээд удаагүй байж байхад гаднаас гэх хүн нэг 0,5 граммтай Хараа нэртэй архи барьчихсан орж ирээд би тэр ын авч ирсэн архийг нь хувааж уучхаад сууж байтал унтах гэхээр нь би одоо харьж унт гэсэн чинь миний толгой руу 2-3 удаа гараараа цохиж авсан. Би гэнэт уур хүрээд хоолны мах хөшиглөж байсан хутгаагаараа тэр хүний зүүн суганы ар хэсэг рүү нэг удаа хутгалсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Каделын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 76 тоот шинжээчийн ... *******ын биед зүүн суганы шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай болно. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 56, 58-62/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч ******* нь хавтаст хэргийн 29 дүгээр талд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг авагдсан, иргэний нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн 91.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж баримтыг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 300 / гурван зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 300 / гурван зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 300 / гурван зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т оногдуулсан 300 /гурван зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан STAINLESS STEEL JAPAN гэсэн бичигтэй 22.5 см урттай хүрэн иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА