Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/062

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: *******,

Улсын яллагч Н.Энхтөр,

Шүүгдэгч О.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт иргэн *******ийн биеийн зүүн гар талын булчин хэсэг рүү хутга шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт иргэн *******ийн биеийн зүүн гар талын булчин хэсэг рүү хутга шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч *******ийн …Би 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гадуур явж байгаад гэртээ орж ирсэн би эхнэрийг утсаа өгч бай дэлгүүрт мөнгө шилжүүлээд тамхи авъя гэхэд чадахгүй гээд урдаас загнахаар нь наад утсыг чинь дэвсээд хаячихна шүү гэж хэлээд эргээд хартал над руу хутга шидээд миний зүүн талын булчин хэсэг рүү шидсэн хутга нь онож цус гараад тогтохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Би тэр үед архи уугаагүй урд шөнө жаахан архи уусан байсан. Би эхнэр *******г цохиж зодсон зүйл байхгүй харин миний булчин руу хутга шидээд хутгалчихаар нь уур хүрээд хэрүүл хийгээд байж байхад гаднаас эгч орж ирсэн тэгсэн манай эхнэр хогийн шүүрээр цохиод байсан, эгч бид хоёрыг боль гэчхээд гараад явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч *******ын ...Би 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хамар хашааныхаа айл болох ийнд айл хэсэх гээд орсон тэгсэн эхнэр *******тай хэрүүл маргаан хийгээд байсан. Би тэр хоёрыг яах гээд хэрүүл хийгээд байгаа юм, хажуу айлын чинь хүмүүс муу хэлнэ боль гэж хэлчхээд гараад гэртээ орж ирсэн удалгүй араас орж ирээд манай эхнэр хутга шидээд намайг ингэчихлээ гээд зүүн талынхаа булчин харуултал булчингаас цус гарч байсан. Би нойлын цаас авч өгөөд цус гарч байсан газраа дараад цамцаа өмсөөд гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Шүүгдэгч О.*******гийн ...Би 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрт байж байсан чинь манай нөхөр ******* гаднаас архи уучихсан орж ирээд миний гар утсанд сим хийгээд мөнгө авах гээд байхаар нь би утсаа өгөөгүй тэгсэн миний утсыг зуухны ард газар унагаагаад дэвсэх гэхээр нь би уур хүрээд эргүүл дээрээс хутга аваад руу шидэж, миний шидсэн хутга ийн зүүн талын булчин руу зоогдсон. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 72 тоот шинжээчийн ... *******ийн биед зүүн бугалгын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/, шүүгдэгч О.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 57-58, 60-72/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч О.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч ******* нь хавтаст хэргийн 25-26 дугаар талуудад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч О.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан fen feng гэсэн бичигтэй 22 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгав.

Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.*******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан fen feng гэсэн бичигтэй 22 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА