Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/077

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: *******,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг баруун бүс-2 худалдааны төвийн 2 давхрын 41, 42 дугаар лангуу буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр руу нэвтэрч 5 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******т 3.470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Баруун бүс худалдааны төвийн хамгаалалтын албанаас утсаар яриад “лангуу руу чинь хүн орсон байна, ирээд шалгаадах” гэсэн. Тэгээд би ажил дээрээ ирэхэд манай лангуу цоожтой байсан. Би онгойлж ороод лангуун дотор байсан утаснуудаа эхнэрийн хамт шалгатал 5 ширхэг утас байхгүй байсан. Манай лангуунаас  Iphone 11 маркийн 128GB багтаамжтай гар утас 1 ширхэг, Iphone 7 plus маркийн гар 12GB багтаамжтай гар утас 3 ширхэг, Самсунг А750 маркийн 64GB багтаамжтай гар утас 1 ширхэг нийтдээ 5 ширхэг гар утас алдагдсан. Би Баруун бүс худалдааны төвийн хамгаалалтын албаны хүнтэй хяналтын камерын бичлэг шүүхэд тухайн хүн 2022 оны 10 дугаар сарын 10-ны орой Баруун бүс худалдааны төв хаасан байхад 20 цагийн үед нэг эрэгтэй хүн Баруун бүс 2 худалдааны төвийн 2 дугаар давхраар нэлээд явж байгаад гарахынхаа өмнө манай лангуу руу доор нь сандал тавьж байгаад давж ороод манай утаснуудыг аваад эргээд гарч ирээд тус төвийн аваарын хаалганы хажуугийн 20 дугаар лангууны арын цонхоор гараад явж байгаа дүрс бичлэг байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө би 09 цагийн үед ажил дээрээ ирээд хяналтын камерын өрөөндөө урд өдрүүдийн бичлэгийн шүүж үзтэл 2022 оны 10 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед Баруун бүс-2 худалдааны төвийн арын цонхоор хүн гарч байгаа бичлэг байсан. Тэгээд би гайхаад бичлэгийг эхнээс нь шүүж үзтэл Баруун бүс-2 худалдааны төвийн баруун талын шатаар нэг хүн гарч ирээд утаснуудын лангуунуудын гол болон коридороор тэнээд яваад байсан. Хэсэг явж байснаа 1 дүгээр давхраас цэнхэр өнгийн хуванцар сандал барьж гарч ирээд хойд талын аваарын хаалганы хажуугийн цонх руу гарч онгойлгоод буцаж бууж ирээд барьж явсан сандалтайгаа 41, 42 дугаар лангуу руу очин сандлаа тавьж дээр нь гарж гишгэн давж ороод 3 минут орчим болоод эргэж гараад өмнөх онгойсон цонхоороо гараад явж байгаа хяналтын камерын бичлэг байсан. Эрэгтэй хүн байсан. Биеийн хувьд туранхайвтар. Лангууны голоор явж байхдаа гадуур өмссөн цамцаа тайлаад бэлхүүсээрээ бүсэлсэн байсан. Фудболктой явж байхад манай аваарын хаалганы мэдрэгчтэй гэрэл ассан. Тухайн хүний баруун гарын шуу хэсэгт том хэмжээний шивээс гэмээр зүйл байсан. Би орж ирсэн цагаас эхлэн Цагдаагийн болон хамгаалалтын ажилтны хамт хяналтын камерын бичлэгийг сайн шүүсэн өөр лангуу руу орж байгаа дүрс байхгүй байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. Баруун талын шатаар өгсөж гарч ирж байгаа бичлэг байсан. Яг хаагуур орж ирсэн нь тодорхойгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... ******* нь манай дэлгүүрт 250.000 төгрөгийн өртэй байсан. 2022 оны 10 дугаар сарын 12-ны үед ******* манай дэлгүүрт ирээд 2 ширхэг гар утас надад өгөөд “өрөндөө наад 2 утсаа ав” гэж хэлээд үлдээгээд явсан. Нэг нь Iphone байсан, нөгөө нь ямар маркийн утас байсныг мэдээгүй. Тухайн 2 утсыг би 2022 оны 10 дугаар сарын 26-ны үед зарсан. Одоо байхгүй. 2 утсыг 300.000 төгрөгт зарсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-47/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115/, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22/,

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 23-26/,

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 67 тоот шинжээчийн ...Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдээс 2, 3, 17, 22, 23, 24, 27, 28, 30, 34 дугаар гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдсэн 2022-038 БНХ 17 дугаартай мөр нь Папилон санд МN003810003822 дугаараар бүртгэгдсэн *******гийн баруун гарын долоовор хурууны дардастай,  “2022-038-БНХ 24” дугаартай мөр нь Папилон санд MN003810003822 дугаараар бүртгэгдсэн *******ын *******гийн зүүн гарын алганы дардастай,  “2022-038-БНХ 27” дугаартай мөр нь Папилон санд MN003810003822 дугаараар бүртгэгдсэн *******ын *******гийн зүүн гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Мөн “2022-038-БНХ 22” дугаартай гарын мөр нь хэргийн хохирогч Гансүх овогтой Мөнхбаярын баруун гарын чигчий хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ байна. Жич: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс болон шинжээчийн дүгнэлт түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүдийг бүрэн хүлээлгэн өгөв... дүгнэлт /хх-ийн 67-75/,

“Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 308 тоот эд зүйл үнэлсэн ...нийт 3.470.000 төгрөг болохыг тодорхойлов... шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 78, 83-85, 118-144, 152-157/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг баруун бүс-2 худалдааны төвийн 2 давхрын 41, 42 дугаар лангуу буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр руу нэвтэрч 5 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******т 3.470.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шүүгдэгч *******н мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22/, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 23-26/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 67 тоот шинжээчийн дүгнэлт, “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 308 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр руу нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* нь алдагдсан Iphone 11 маркийн гар утсыг буцаан авсан, мөн шүүгдэгч нь 1,070,000 төгрөгийг нөхөн төлж хохирогч нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч *******н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлж ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг диск хураагдсан болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр руу нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******н 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 26 /хорин зургаа/ хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

7. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

          

   ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ГЭРЭЛМАА