Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/267

 

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210020320304 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***д төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Мэдээлэл зүйн багш, эдийн засагч мэргэжилтэй, “***” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл-6, эх, эхнэр, гурван хүүхдийн хамт, *** тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21/09 дугаар тогтоолоор  ялын хугацаа дуусгавар болсон, *** (РД:***).

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

            Яллагдагч *** нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Монгол Улсын Боловсролын Их сургуульд оруулж өгнө гэж ***ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ханбогд хотхоны 409 дүгээр байрны 2-74 тоотод байхад нь 2 удаагийн гүйлгээгээр хамтран амьдрагч ***ын эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данс руу 2,500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн 2210020320304 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

   1. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “*** гэх хүн сургуульд оруулж өгнө гэж хэлээд 2,500,000 төгрөг авч залилсан” гэсэн утгатай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***аас гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 6-8 дахь тал),

 

   2. Хохирогч ***ын Хаан банкны 5156094790 тоот депозит дансны 2022 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

   3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын эхээр байх, нөхөр *** Монгол Улсын Боловсролын Их сургуульд 1 жил сураад хөгжмийн багш болох боломжтой юм байна, *** гэх найз хэллээ, би 1,000,000 төгрөгийг *** данс руу шилжүүлчихлээ гэж хэлсэн. Би болдог бол сураад гэрчилгээ авчихмаар байна гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр *** гэх хүнтэй 99337121 гэсэн дугаараар холбогдож ярихад 2022 оны 06 дугаар сард сургалт нь эхэлнэ, одоо 1,500,000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би *** гэх хүний *** тоот дансанд гэртээ байхдаа интернэт банк ашиглан 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн өдрөөс хойш ***аас сургалт яг хэдийд эхлэх вэ, юу болж байгаа вэ гэж асуухад болно, бүтнэ, түр хүлээж бай гэж ярьж байснаа сүүлд сургалт бүтэхээргүй болсон, 1 жил сураад төгссөн гэсэн диплом гаргаад өгье гэж хэлэхээр нь тийм юм байхгүй, хуурамч дипломоор яах юм бэ, ажилд хаана ч авахгүй шүү дээ. Би хөгжмийн багш мэргэжлээр ямар ч мэдлэг байхгүй, мөнгөө авъя гэж хэлэхэд мөнгийг чинь өгнө гэж хэлчхээд өгөхгүй өдийг хүрсэн. Одоо утас нь холбогдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Нөхөр надад хэлэхдээ уулзаж байхдаа 1,000,000 төгрөг шилжүүлчихсэн гэж хэлсэн. Шилжүүлсэн 2,500,000 төгрөгөө буцаагаад авчихвал гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

   4. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: Би өмнө нь таньдаг дүү ***т эхнэрээ хөгжмийн багшаар сургачих хэрэгтэй байна гэж ярьж байсан. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *** уулзъя гэж хэлэхээр нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх Капитал центрийн 14 дүгээр давхарт хоол идэнгээ уулзсан. *** та дээр утсаар ярихдаа эхнэрээ хөгжмийн багш мэргэжил эзэмшүүлэх талаар ярьж байсан бил үү гэж асуухаар нь тийм гэж хэлсэн чинь Монгол Улсын Боловсролын сургуульд таньдаг хүн байгаа, 1 жил сургалтад суугаад төгсчихнө. Би эгчийгээ энэ сургалтад суулгаад төгсгөж байсан. Ямар ч асуудал байхгүй гэж хэлэхээр нь болдог бол эхнэрийгээ сургалтад суулгаад мэргэжил эзэмшүүлчихмээр байна гэж хэлээд төлбөр нь хэд юм гэж асуухад 2,500,000 төгрөг, одоо 1,000,000 төгрөгийг шилжүүлчих дараа нь 1,500,000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн. Би 1,000,000 төгрөгийг тэр сургуулийн данс руу шилжүүлчихмээр байна гэж хэлэхэд миний данс руу шилжүүлчих, би цааш нь шилжүүлье гэж хэлсэн. Би интернэт банк ашиглан ***ын *** гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Болсон үйл явдлын талаар эхнэр ***д хэлсэн. Эхнэр *** 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ***тай утсаар яриад 1,500,000 төгрөгийг гэртээ байхдаа шилжүүлсэн байсан. ***аас сургалт нь хэзээ эхлэх вэ, юу болж байгаа вэ гэж асуухад болно, бүтнэ гэж хэлж ярьсаар байгаад сүүлд утас нь холбогдохоо байсан. *** манай нутгийн дүү байгаа юм. 2014 оноос таньж мэддэг болсон. 2022 оны 05 дугаар сарын 20-ны үед уулзахад танай эхнэрийн сургууль бүтэхээр болсон түр хүлээчих гэж хэлсэн. Тэрнээс хойш утсаа авахгүй, сүүлд утас нь холбогдох боломжгүй болсон. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

5. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: Би ямар нэг мэдүүлэг өгөхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

6. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: Би танил ***тай утсаар холбогдох үед эхнэр ***д дуу хөгжмийн диплом гаргуулж авмаар байна гэж хэлэхэд нь хүнээс асууж өгье гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ***ын утас руу залгаад дуу хөгжмийн багшийн диплом гаргахад 2,500,000 төгрөг шаардлагатай гэж хэлэхэд диплом ийм хямдхан юм уу гэж хэлээд диплом худалдан авахаар болсон. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ маш их байсан тул дуу хөгжмийн диплом гаргаж өгнө гэж худлаа хэлсний дагуу 1,000,000 төгрөг, хэсэг хугацааны дараа дахин 1,500,000 төгрөг өгснийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан. Гэтэл *** нь дипломоо нэхээд байсан тул би диплом гаргаж өгч чадахгүй болсон. Диплом гаргаж өгдөг хүн байхгүй болсон тул авсан мөнгөө буцааж өгнө гэж хэлээд өнгөрсөн. Тухайн үед хөдөө хийх ажил гарсан тул ямар нэгэн эргэлзээгүй хөдөө ажиллаж ***аас авсан 2,500,000 төгрөгийг буцааж өгөх зорилгоор удаан хугацаагаар ажил хийж байгаад ирсэн. Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны *** тоот дансаар 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг тус тус авсан. Нийт 2,500,000 төгрөгийг ***тай утсаар ярьж байгаад авсан. Би урьд нь нэг ч удаа дипломыг хэн нэгнээр гаргуулж бусдад өгч байгаагүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулах болно.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 26-33 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/ (хавтаст хэргийн 40 дэх тал), Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 04/4994 тоот “*** нь 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн биелүүлж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21/09 дугаар тогтоолоор дуусгавар болсон” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 67 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч *** нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс хохирогч ***д 2,500,000 төгрөгийг гаргуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм бурууд маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч *** нь Монгол Улсын Боловсролын Их Сургуульд оруулж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ***ын нөхөр ***аас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Капитал центрийн 14 дүгээр давхарт 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг,

- мөн хохирогч ***аас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хотхоны 409 дүгээр байрны 2-74 тоотод байхдаа 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 1,500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг хамтран амьдрагч ***ын эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч залилсан үйл баримт нь: 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***аас гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 6-8 дахь тал),

- Хохирогч ***ын Хаан банкны 5156094790 тоот депозит дансны 2022 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан үйлдлийг тус гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлжээ.

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь Монгол Улсын Боловсролын Их сургуульд оруулж өгнө” гэж хохирогч ***ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Боловсролын тухай хуулиар суралцагч элсүүлэх талаар Их сургуульд олгогдсон эрхийг өөрт байгаа мэтээр бусдад ойлгуулж 2,500,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч, улмаар өөрийн хувийн хэрэгцээнд захиран зарцуулах бодит боломж бүрдэж гэмт хэрэг төгссөн байна.

Хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх ба хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч *** нь залилан авсан 2,500,000 төгрөгийг буцааж өгөхгүй, хувийн хэрэгцээндээ зарцуулах субьектив санаа зорилготой, амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахай сэдэлтээр хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан идэвхтэй үйлдлээр залилах гэмт хэргийг үйлджээ.

Нөгөө талаас хохирогчийн хууль, эрх зүйн мэдлэггүй байдал шүүгдэгчид тавьсан хууль бус шаардлага нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөлийг бүрдүүлж улмаар өөрөө гэмт хэргийн хохирогч болсон байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг гэсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ..........чанарын эд хөрөнгө өгөх зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***д 2,500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *** нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирогчид олгох үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба  тус дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж,  шүүхээс оногдуулсан ялыг эдэлж 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21/09 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор биелүүлж дуусгавар болсон нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 04/4994 тоот албан бичгээр тогтоогдсон тул нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэх ялгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***ыг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй, өөртөө дүгнэлт хийгээгүй буюу урьд залилах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засарч хүмүүжээгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд учирсан хохирол, хор уршгийг арилгах нөхцөл боломжийг олгох үүднээс хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм бурууд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.

Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан, гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүгдэгч *** нь хохирогч ***д учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй урьд залилах гэмт хэрэгт шийтгүүлсэн, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байгаа зэрэгт дүгнэлт хийхгүйгээр улсын яллагч 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байгаа нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэн хүлээн аваагүй болохыг дурдав.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***аас 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх  ялыг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН