Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/249

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч З.А нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чин толгой овогт Зоригоогийн Ад холбогдох эрүүгийн 2311 00000 0299 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Чин толгой овогт Зоригоогийн А /рд: ./,

Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нислэгийн удирдагч мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт нислэгийн удирдагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Мон хаусын” 33-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.А нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Мон хаусын 33-4 тоотод хардалтын улмаас хамтран амьдрагч Б.Номин-Эрдэнийг цохиж эрүүл эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд няцарсан шарх, дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, нуруу, баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 168 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч З.А нь “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч З.А нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Мон хаусын 33-4 тоотод хардалтын улмаас хамтран амьдрагч Б.Номин-Эрдэнийг цохиж эрүүл эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд няцарсан шарх, дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, нуруу, баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/, 

Хохирогч Б.Номин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Зоригоогийн А гэх хүнтэй анх 2005 онд танилцаад 2006 оноос хойш хамтран амьдарч байгаа ба дундаасаа 2 хүүхэдтэй. Харин 2022 оны 09 дүгээр сард би өөрийн “инстаграмдаа” зураг хийсэн байсан чинь нэг залуу чи ямар хөөрхөн юм гэх утгатай чат бичсэнийг манай нөхөр хараад намайг хардаад байсан юм. Тэгээд 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр ажил дээр ирээд утсаа шалгуул гэхээр нь би үзүүлээгүй юм. Түүнээс хойш ер нь бид хоёр нэг их харьцахгүй юм дугарахгүй яваад байсан. Гэтэл 2023 оны 1 дүгээр сарын 24-ний орой ...би Чингүүн, Тэнүүн хоёр хүүгийн хамт унтаж байтал шөнө 03 цагийн үед манай нөхөр А ажлын газрын хүн болох Ж.Билэгтийн хамт бага зэрэг уусан ирсэн. Тэгээд намайг унтаж байхад босоод ир гээд татаад дагуулж ариун цэврийн өрөө ороод хаалгыг нь цоожлоод “Билэгт сая хэлж байна, хэнтэй явалдсаныг чинь мэдлээ, чи Батжаргалтай явалддаг юм байна, одоо хоёуланг чинь ална” гэж хэлээд намайг цохиж эхэлсэн ба би арай гэж ариун цэврийн өрөөний хаалгыг онгойлгоод манай ээж гэрт байсан учраас ээж гэж орилсон ба манай ээж болон 2 хүүхэд маань сэрээд салгах гэж оролдоод дийлэхгүй байсан. Тэгж байтал хажуу айлын хүн үүдний жижүүрийн хамт орж ирж салгаад цагдаа дуудсан...” гэх /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1857 дугаартай дүгнэлтэд:

Б.Номин-Эрдэнийн биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, нуруу, баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.

Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэх /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Шүүгдэгч  З.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажлын газрын хүмүүстэйгээ гарч бага зэрэг ууж байгаад шөнө 2 цагийн үед би ажлын газрын Билэгтийн хамт гэртээ ирээд унтах гээд хэвтэж байгаад гэнэт эхнэр бид хоёрын маргаантай асуудал бодогдоод миний уур хүүрээд бага зэрэг уусан байсан учраас эхнэрийгээ унтаж байхад нь сэрээгээд ариун цэврийн өрөө дагуулж ороод 2 удаа гараараа нүүр лүү нь алгадаад толгой руу нь нэг удаа гараараа цохисон чинь эхнэр орилоод гараад явахаар нь үснээс нь татаад орон дээр дараад 2-3 удаа нүүр лүү нь алгадсан мөн хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд хадам ээж болон Билэгт нар салгаад удахгүй хажуу айлын залуу цагдаа дагуулаад ороод ирсэн...” гэх /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,

Шүүгдэгч З.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч З.Анх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.Ад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.Номин-Эрдэнэ, шүүгдэгч З.Аэс нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чин толгой овогт Зоригоогийн Анх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               П.АРИУНБОЛД