Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1189

 

Ц.А-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбаатар,

хохирогч Г.Хишигт, түүний өмгөөлөгч Х.Шинэцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 806 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор П.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Г.Хишигтийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.А-д холбогдох эрүүгийн 1809037760413 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Дорж овгийн Ц.А-, 1964 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Ховд аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  

            Ц.А- нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын 53 тоотод оршин суух иргэн Г.Хишигтийн эзэмшлийн хашаанд гаражийн өрлөг хийж 2 автомашины гараж барихаар тохиролцож буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ажлын урьдчилгаа хөлс 840.000 төгрөг авсан боловч өөрийн танил Д.Пүрэвдоржид 200.000 төгрөг өгч өмнө нь суурь ухсан, апалка зангидсан байсан сууринд арматур төмөр зангидуулж, анкар суурилуулан хэмжээ тавьж шавар зуурч суурь цутгаснаас өөр ажил хийлгүй хуурч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, уг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.А-д урьд авсан хувийн батА- гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэргийн улмаас Ц.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Ц.А- нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Г.Хишигтийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.А-д урьд авсан хувийн батА- гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Хишигт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.А- урьд нь миний шавь байсан бөгөөд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “2 автомашины гараж барьж өгнө” хэмээн намайг хуурч 840.000 төгрөг аваад, энэ үйлдлээ халхавчлах зорилгоор Д.Пүрэвдоржид 200.000 төгрөг өгч хагас өдөр ажиллуулаад дахиж огт ажил хийгээгүй. Мөнгийг маань ч өгөлгүй, утсаа сА-д сураггүй болсон. Тэрээр намайг хөгшин настай болохоор зориудаар хуурч мэхлэх санаа агуулж байсан. Энэ бүх хугацаанд хохирлыг маань барагдуулаагүй. Гэтэл шүүх түүнийг үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн цагаатгаж, гэмт этгээдэд ял завших боломж олгосонд гомдолтой байна. Ц.А- нь ажил хийлгүй, мөнгө аваад зугтаасан шалтгаанаа “хөдөө сураггүй алга болсон дүүгээ хайхаар явсан” гэж тайлбарладаг боловч энэ үнэн эсэх нь тогтоогдоогүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд согтуурсан байдалтайгаар оролцож, шүүхийг үл хүндэтгэсэн, хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Шүүх хуралдааны дараа намайг “аятайхан байгаарай чавганц минь” гэж сүрдүүлсэн. Шүүх хуралдаан даргалагч намайг гүйцэд яриулаагүй, ихэнхдээ шүүгдэгчийг яриулсаар байгаад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Эрдэнэбаатар тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тодорхой цаг хугацаанд шавь нь байсан учраас багшдаа туслах гэж 2 автомашины гараж барьж өгөхөөр харилцан тохиролцсон нь үнэн боловч хөдөө мал малладаг дүү маань сураггүй алга болсон учраас гэр бүлийн нөхцөл байдал хүнд болж, түүнийг эрж хайхаар хөдөө явсан. Утас холбогдохгүй байсан нь үнэн. Надад залилах гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй...” гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй байхад зөвхөн түүнийг цагаатгах нотолгоо болгон шийдвэрлэсэн нь буруу байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Үүнээс гадна шүүгдэгч Ц.А-, хохирогч Г.Хишигт нар урьд нь багш шавийн харилцаатай байсан. Шүүгдэгч нь барилгын инженер мэргэжилтэй, өмнө нь барилгын ажил надаар хийлгээрэй гэж хэлж байсны үндсэн дээр хохирогч итгэж нийт 2.500.000 төгрөгөөр гараж бариулах санал тавьсан. Гэтэл шүүгдэгч Ц.А- нь анхнаасаа тухайн ажлыг өөрөө хийж гүйцэтгэх зорилгогүй байсан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд өөрийн танил гэх Д.Пүрэвдорж болон хохирогчийн хүүхдүүдээр бэлэн ухаж бэлдсэн байсан суурин дээр нь арматур төмөр зангидуулж, шавар зуурч цутгуулах байдлаар хохирогчид итгэл төрүүлж 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажлын хөлс болох урьдчилгаа 800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Мөн шүүгдэгч Ц.А- нь хохирогч Г.Хишигтээс авсан нийт 840.000 төгрөгөөс 600.000 төгрөгийг гэрч Д.Пүрэвдоржид өгсөн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн боловч гэрч Д.Пүрэвдорж, түүний эх Д.Дайриймаагийн мэдүүлгээр 800.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг л өгсөн болох нь тогтоогдсон. Гэрч Д.Пүрэвдорж 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үргэлжлүүлэн ажлаа хийж гүйцэтгэхээр явж байх үед нь шүүгдэгч Ц.А- зА-д “Очоод хэрэггүй” гэж болиулсан зэрэг нь анхнаасаа дээрх ажлыг хийж гүйцэтгэх зорилгогүй, ажлыг зогсоосон шууд субъектив санаа зорилгыг харуулж байна. Шүүгдэгч Ц.А- нь хохирогч Г.Хишигтийн захиалсан 2 автомашины гаражийн зураг төсөл, барилгын материал, тоо ширхэг, орц найрлагын талаар гараар судА-, тэмдэглэл гаргаж байсан гэх боловч түүнийгээ гаргаж өгөөгүйн гадна, шүүхийн хэлэлцүүлэгт “Надад тийм юм хийж байх зав байхгүй, гаргаж өгөх шаардлага ч байхгүй” гэж мэдүүлснээс үзэхэд бусдыг хуурч, итгэл эвдэн залилсан болох нь нотлогдож байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв. 

Хохирогч Г.Хишигтийн өмгөөлөгч Х.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийн дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-г хохирогч Г.Хишигтийг хуурч мэхлэх залилах санаа зорилгогүй байсан, мөн Ц.А- нь хэлцэл байгуулсан боловч гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзсэн. Гэтэл тухайн асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Зөвхөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.А- нь хохирогч Г.Хишигттэй багш шавийн харилцаатай байсан. Энэ харилцаагаа ашиглаж түүнийг залилсан. Түүнчлэн шүүгдэгчийн хувьд худал хэлж оргон зайлсан үйлдэл байдаг. Үүнийг гэрч Д.Пүрэвдорж болон хохирогч нар мэдүүлдэг. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Ц.А-г 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын 53 тоотод оршин суух иргэн Г.Хишигтийн эзэмшлийн хашаанд гаражийн өрлөг хийж 2 автомашины гараж барихаар тохиролцож буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ажлын урьдчилгаа хөлс 840.000 төгрөг авсан боловч өөрийн танил Д.Пүрэвдоржид 200.000 төгрөг өгч өмнө нь суурь ухсан, апалка зангидсан байсан сууринд арматур төмөр зангидуулж, анкар суурилуулан хэмжээ тавьж шавар зуурч суурь цутгаснаас өөр ажил хийлгүй хуурч, залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Ц.А- нь хохирогч Г.Хишигтийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар түүний мөнгөн хөрөнгийг шууд өөрийн мэдэлд авах, уг гаражийн ажлыг хийхгүй байхаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглахыг урьдаас төлөвлөн үүсгэж, итгэл үнэмшлийн үндсэн дээр бий болсон өөрийн үүргийг үл биелүүлэх шууд буюу шууд бус субъектив санаа зорилго байсан нь тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, Г.Хишигт, Ц.А- нар урьд нь багш, шавийн харилцаатай байсан гэх бөгөөд Г.Хишигт өөрийн эзэмшлийн хашаандаа 2 автомашины гараж бариулах ажлын саналыг Ц.А-д тавьсны дагуу талууд нөхцөлөө харилцан тохиролцож аман хэлцэл хийжээ.

Харин Ц.А- тухайн ажлыг хамтран хийхээр өөрийн танил Д.Пүрэвдоржтой тохиролцсон гэх бөгөөд Д.Пүрэвдорж нь Г.Хишигтийн хүүхдүүдээр туслуулан 2018 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд өмнө нь ухаж бэлдсэн байсан барилгын сууринд цутгалт хийсэн. Улмаар Г.Хишигт нь тохиролцсон ёсоор ажлын хөлсний урьдчилгаа болгож 840.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ц.А-д өгсөн байх боловч энэ өдрөөс хойш Ц.А-, Д.Пүрэвдорж нар цааш ажлаа үргэлжлүүлэн хийгээгүй үйл баримт байна.

Дээрх шалтгааныг гэрч Д.Пүрэвдоржоос “...Нэгдэх өдөр би Санзайн автобусанд суугаад явж байтал А- ах “Өнөөдөр очоод яахав дээ” гээд утас нь тасарсан. Би туслах хүн бүтээгүй юм байна гэж бодоод гэр лүүгээ явсан. Тэр өдрөөс хойш А- ах утас нь холбогдохгүй алга болсон ба би Хишигт гэх хүний гэрт очоогүй...” /хх-ийн 39-40, 118/ гэж тайлбарладаг бол Ц.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны явцад өөр өөрөөр тайлбарлаж, тогтворгүй мэдүүлдэг.

Тухайлбал, гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн үед миний зээ дүү нас бараад би Чойрт сар гаран болсон. Тэгээд хотод ирээд байж байтал Хишигт багш над руу яриад Пүрэвдорж алга болоод ирэхгүй байна гэсэн. Тухайн үед би Пүрэвдорж рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Дараа нь би Төв аймагт ажлаар явж байхдаа Пүрэвдоржтой тааралдахад “Би удахгүй ажлыг нь дуусгана” гэж хэлж байсан. Хишигт гэдэг хүний ааш зангаас болж Пүрэвдорж ажлаа орхисон байж магадгүй...” /хх-ийн 34/ гэж,

            - яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...надад хөдөө ажил гараад явсан. Би өөрийнхөө хувьд 840.000 төгрөгийн ажил хийсэн гэж бодож байна. Би Пүрэвдоржид найдсан юм. Намайг хөдөө 1 сар гаран яваад ирсэн чинь Пүрэвдорж ажлаа хаясан байсан...” /хх-ийн 56/ гэж,

            - шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн ажлыг хийхэд би өөрийн толгойгоороо хариуцаж, удирдан зохион байгуулж, заавар өгч байсан. Хөдөө мал малладаг дүү маань сураггүй алга болсон учраас гэр бүлийн нөхцөл байдал хүнд болж түүнийг эрж хайхаар хөдөө яваад утас холбогдохгүй байсан нь үнэн. Надад залилах гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Хишигтийн өгсөн мөнгийг буцааж төлнө...” /хх-ийн 115/ гэж тус тус мэдүүлжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүйн гадна, Ц.А-гаас шууд хамаарахгүй нөхцөл байдлын улмаас тохирсон ажлаа хийж чадаагүй тохиолдлын шинжтэй эрсдэл, түүнтэй дүйцэх хэмжээний үйл явдал үүссэн эсэхэд бодитой дүгнэлт өгөлгүйгээр хохирогчид учруулсан хохирлыг иргэний эрх зүйн шинжтэй маргаан хэмээн дүгнэхдээ баримталсан шалгуур шинж нь хэргийн бодит байдалд тулгуурлаагүй, зөрүүтэй байна.

Тухайлбал, иргэний эрх зүйн харилцаа болох аливаа гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлж, шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санааны үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Ц.А- нь хохирогчийн эд хөрөнгийг авахдаа гэрээ байгуулахаас санаатайгаар зайлсхийн хүлээсэн үүргийн дагуу ажлаа бүрэн хийж дуусгалгүйгээр орхиж, өдийг хүртэл мөнгөө буцааж өгөөгүй байна.

 Иймээс Ц.А-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч нарыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ талаар прокурор П.Эрдэнэбаатарын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Г.Хишигтийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч, цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, Ц.А-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 806 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.А-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Ц.А-д урьд авсан хувийн батА- гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                                   ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                                   ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН