Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0302

 

 

 

М.Т нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Т

Нэхэмжлэгч: М.М

Нэхэмжлэгч: М.Шо

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/8*** тоот албан бичгээр анхан шатны бүртгэлд дүгнэлт хийхээс татгалзаж, шийдвэрлэхгүй орхигдуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн бүртгэлд хувьцаа эзэмшигч өөрчлөх асуудлаар Д-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн анхан шатны бичиг баримт бүрэн байсан эсэх, “Х” ХХК-ийн үндсэн хөрөнгө болох Ү-***19 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн анхан шатны бүртгэлд иж бүрэн хяналт шалгалт хийж дүгнэлт гаргахыг даалгуулах”  шаардлага гаргасан.

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар шийдвэр,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Л.С

Хэргийн индекс: 128/2024/0931/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийн 18.7.1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14 дэх заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.1 дэх заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтуудыг баримтлан М.Т, М.М, М.Шо нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эоос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/8*** тоот албан бичгээр анхан шатны бүртгэлд дүгнэлт хийхээс татгалзаж, шийдвэрлэхгүй орхигдуулсан үндэслэлийг хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн бүртгэлд хувьцаа эзэмшигч өөрчлөх асуудлаар Д-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн анхан шатны бичиг баримт байсан эсэх талаар хяналт шалгалт хийж дүгнэлт гаргахыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, үлдэх шаардлага болох “Х” ХХК-ийн үндсэн хөрөнгө болох Ү-***19 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн анхан шатны бүртгэлд иж бүрэн хяналт шалгалт хийж дүгнэлт гаргахыг даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “...Нэхэмжлэгч М.Шо. М.Т, М. М нарын төрсөн эцэг 3.М болон төрсөн эх Ц.Н нар "“Х”" ХХК-ийг үүсгэн байгуулж, Аы үйлдвэр гэх үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар авч, мөн Д сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, улсын бүртгэлийн Ү-***19 дугаартай, 2331 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан авсан юм. 3. М нь 2005 онд өвчний улмаас нас барсан. Энэ нөхцөл байдлыг ашиглан 3.Мын төрсөн дүү М.М, түүний нөхөр Г.М нар дээрх хөрөнгүүдийг хууль бусаар олж авсан байдаг.

2.2.Нэхэмжлэгч нар шүүхэд хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор хандаж, Д-Уул аймгийн СДШ-ийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дүгээр шүүхийн шийдвэрийн дагуу "“Х”" ХХК-ийн өмчлөгчөөр 3.Мыг тогтоож, Г.Мын хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, М.Шо. М.Т. М.М нарыг хууль ёсны талийгаач 3.Мын өвлөгчөөр тогтоосон.

2.3.Гэтэл Г.М дээрх хөрөнгийн бүртгэл зөв хийгдсэн талаар маргаан үүсгэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн **5 дугаар тогтоолоор Г.Мыг маргаан бүхий хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоосон байдаг. Түүний дараа Г.М дээрх хөрөнгийг олж авсан “Х” ХХК-ийн 1998 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаал хуурамч байсан нь шинжээчдийн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн **9 дугаар дүгнэлт. Монгол Улсын Дээд Шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8** дугаартай тогтоолоор тус хуурамч баримт бичиг бүрдүүлэн дээрх хөрөнгүүдийг олж авсан тогтоогдож, хөрөнгө захиран зарцуулах эрхтэй гэх тушаалыг хүчингүй болгосон.

2.4.Тодруулбал Г.Мын өмч гэж шилжилт хөдөлгөөн хийсэн бүртгэл нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШТ2016/00015 дугаартай тогтоолоор Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн **5 дугаар тогтоолоор Y-***19, ***03 дугаар гэрчилгээтэй Г.Мын нэр дээр бүртгэлтэй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад хууль бус бүртгэлийн улмаас үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

2.5.Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан “Х” ХХК болон Д сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***19 дугаартай, 2331 м2 талбай бүхий Соёлын төвийн үл хөдлөх хөрөнгийн анхан шатны бүртгэлд дэлгэрэнгүй хяналт шалгалт хийлгүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хандсан юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/8*** тоот хариу албан бичгээр хяналт шалгалт хийгээгүй, асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхгүйд холбогдуулж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан болно.

2.6.Өнөөдрийн байдлаар Х.У бүртгэлтэй байгаа асуудалтай нэхэмжлэгчид маргаагүй бөгөөд маргаан бүхий хөрөнгийн анхны өмчлөгч 3. Мын хууль ёсны өвлөгчид Г.М, 3.М нарыг дээрх маргаан бүхий хөрөнгийг хууль бусаар олж авч, шилжүүлсэн бүртгэл нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагатай гэж үзэж хяналт шалгалт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

2.7.Тухайн эд хөрөнгийн эрхийн тухайд Д-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2008 3/***, 3/***, 3/***, Д-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 4/225/40***, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р хэлтсийн 27Ж1-***, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/220/***/, 4-1782***, 04/228/***, Д-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газрын 3/*** тоот албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна" гэжээ. Тус хязгаарлалт хоригууд нь нэхэмжлэгч М.Шо, М.Т, М.М нарт тавигдсан хориг биш бөгөөд ямар учраас шүүхийн үндэслэх нь хэсэгт дүгнэсэн нь тодорхойгүй гэж үзэж байна. Хоригтой байхад хяналт шалгалт хийж, бүртгэлийн үйл баримтын талаар дүгнэлт гаргаж болохгүй гэсэн ямар хуулийн зохицуулалт байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх асуудлыг хариуцагчаас буруу тайлбарласан гэж үзэж байна.

2.8.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Д-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хуурамч баримт бичгийг үндэслэн хийгдсэн эсэх талаар нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх тайлбар гаргасан" гэжээ. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Д-Уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн №114/ШЗ2024/0175 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШТ2025/0015 дугаар "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай" тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, захиргааны хэрэг үүсгэх шатандаа үргэлжилж байна.

2.9.Энэ нөхцөлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх, 6.6-д "Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно", 6.2-д "Иргэний хуулийн 183-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно", 6.3-д "Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна", 6.4-д "Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно" гэж зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Х.Уийн зөвшөөрөл байхгүй, эрх бүхий байгууллагаас хоригтой, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад дүгнэлт гаргах боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй." гэжээ.

2.10. Бүртгэлд өөрчлөлт оруулах бус тухайн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагаанд иж бүрэн хяналт шалгалт хийж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргаж, хариу албан бичгээр тодорхой хяналт шалгалт хийгээгүй хариу өгсөн учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус асуудлыг хариуцагчаас буруу тайлбарлаж, шүүхийн шийдвэрээр буруу дүгнэлт хийгдсэн гэж үзэж байна. Хариуцагчаас шүүх хуралдаанд хоригтой байхад хяналт шалгалт хийж болохгүй, энэ нь улсын бүртгэлийн байгууллагын дүрэм, журмаар зохицуулагддаг гэсэн боловч ямар дүрэм, журам байгаагаа тайлбарлаж, нотолж чадаагүй байхад үндэслэлгүй байна. Шүүхэд хэрэг шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад дүгнэлт гаргаж болохгүй гэсэн нь маш ойлгомжгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэхэмжлэгч нараас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд харин шүүхэд тус хүсэлтийн хариуг өгснөөс хойш нэхэмжлэл гарган шүүхийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

2.11.  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглоно", 20.1-д "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно", 20.1.10-т "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх", 20.1.14-т "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх" гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хяналт шалгалт хийж дүгнэлт гаргахыг хориглох нөхцөл үүссэн байхад шүүхээс хуульд заасан хориглолтыг зөрчиж дүгнэлт гаргахыг эрх бүхий байгууллагад даалгах үндэслэлгүй." гэжээ.

2.12.Тухайн маргаанд тус үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй бөгөөд хяналт шалгалт хийж болохгүй гэсэн үндэслэсэн хуулийн зүйл, заалт тайлбар байхгүй байна. Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд хяналт шалгалт хийхийг хориглох нөхцөл үүссэн бол хяналт шалгалт хийж болохгүй гэсэн ямар ч заалт байхгүй байна.

2.13.Харин нэхэмжлэгч нар, түүний төлөөлөгчөөс хуульд заасан хориг цуцлагдсаны дараа уг хүсэлтийг дахин гаргах эрхтэй нээлттэй болохыг дурдах нь зүйтэй" гэжээ.

2.14.Дахин дурдахад нэхэмжлэгч нарт хориг тогтоосон биш бөгөөд хоригтой бол хяналт шалгалт хийж болохгүй гэсэн үндэслэлийг хуульд заагаагүй гэж үзэж байна.

2.15.Улсын бүртгэлийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т "Хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" гэж заасны дагуу түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрх нь улсын байцаагчид байна.

2.16.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д "Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно" гэж заасан.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №128/ШШ2025/0043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/8*** тоот албан бичгээр анхан шатны бүртгэлд дүгнэлт хийхээс татгалзаж, шийдвэрлэхгүй орхигдуулсан үндэслэлийг хууль бус байсан болохыг тогтоож, ““Х”” ХХК болон Д сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай улсын эрхийн бүртгэлийн Ү-***19 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн анхан шатны бүртгэлийн үйл ажиллагаанд иж бүрэн хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

 3.1. “...”Х” ХХК-ийн 191100**** дугаартай хувийн хэрэгт Д Уул аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 391 дүгээр шийдвэрээр хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулж М.М, М.Шо, М.Т нарыг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг хүссэн хүсэлт ирүүлсэн боловч энэ хугацаанд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-д зааснаар хууль ёсны өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.4-т заасан нотлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар хуульчилсан байдаг.

3.2. Гэтэл 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл "“Х”" ХХК-ийн өв залгамжлалтай холбоотой маргаан гараагүй "“Х”" ХХК-ийн хууль ёсны өв залгамжлагчаар Д Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 291А шийдвэрээр Ц.Н, Д.Д, М.М, М.Шо, М.Т нарыг тогтоосон бөгөөд уг шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байхад нэхэмжлэгч нар нь Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4-т заасныг биелүүлээгүй үйлдлээ шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тухайн компанийн анхны нотлох баримт байсан эсэх талаар хяналт шалгалт хийж дүгнэлт гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байхад энэ талаар хяналт шалгалт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д " шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна". гэж заасантай нийцэхгүй байна.

3.3. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, 18.7.2 дахь хэсэгт “өөрийн хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил, өгсөн албан шаардлага, гаргасан танилцуулга, дүгнэлт, торгох шийтгэлийн үндэслэл, үнэн зөвийг бүрэн хариуцах" гэж зааснаар хяналт шалгалт хийсэн асуудалд шүүхээс хяналт шалгалт хийлгэхээр даалгасан нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "... “Х” ХХК-ийн бүртгэлд хувьцаа эзэмшигч өөрчлөх асуудлаар Д-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн анхан шатны бичиг баримт байсан эсэх талаар хяналт шалгалт хийж дүгнэлт гаргахыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж" шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.“Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийн улсын бүртгэлд хяналт шалгалт хийлгүүлэхтэй холбоотой” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 1.1.Нэхэмжлэгч М.Т, М.М, М.Шо нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/8*** тоот албан бичгээр анхан шатны бүртгэлд дүгнэлт хийхээс татгалзаж, шийдвэрлэхгүй орхигдуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн бүртгэлд хувьцаа эзэмшигч өөрчлөх асуудлаар Д-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн анхан шатны бичиг баримт бүрэн байсан эсэх, “Х” ХХК-ийн үндсэн хөрөнгө болох Ү-***19 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн анхан шатны бүртгэлд иж бүрэн хяналт шалгалт хийж дүгнэлт гаргахыг даалгуулах”-аар маргажээ.

1.2.Нэхэмжлэлийн үндэслэлээ “...З.М, Ц.Н нарын “Х” ХХК болон компанийн үл хөдлөх хөрөнгийг З.Мын төрсөн дүү М.М болон түүний нөхөр Г.М нар хууль бусаар олж авсан байсан. ... Г.Мыг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах эрхийг олгосон тухай тушаалыг улсын бүртгэлд бүртгэсэн үндэслэл болох “Х” ХХК-ийн 1998 оны 2/5 тоот тушаал хуурамч байсан нь шинжээчдийн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны **9 тоот дүгнэлт, бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 8** дугаартай тогтоолоор тус хуурамч тушаалыг хүчингүй болгосон...,

... 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Х” ХХК-ийн дүрмийг шинэчлэн 1 гишүүнтэй байхаар үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн боловч Д-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс М.Шоыг гүйцэтгэх захирлаар бүртгэж, хувьцаа эзэмшигчээс З.Мг шалтгаангүй хасаагүй байна.

Өөрөөр хэлбэл, “Х” ХХК-ийн хамгийн сүүлд бүртгэгдсэн хувийн хэргийн дүрмээр М.Шоыг үүсгэн байгуулагч 1 гишүүнтэй байхаар бүртгэсэн атлаа М.Шоыг үүсгэн байгуулагчийн мэдээллийн сангийн бүртгэлд бичээгүй. Мөн Ү-***19 дугаартай бүртгэлийн хувийн хэргийг үзэхэд “СТЦ” барилгыг З.Мд 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэлийг хийхдээ бүртгэж өгөхийг хүссэн талаар албан хүсэлт аваагүй бүртгэл хийсэн...” гэж тайлбарласан.

1.3.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Х” ХХК-ийн анхан шатны бүртгэлийг хийлгэхдээ гаргаж өгсөн анхан шатны баримт материал бүрэн байсан эсэх, компанийн хөрөнгө хасагдах асуудлаар гаргаж өгсөн баримт материал нь 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу бүрэн байсан эсэхэд хариулт өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна.

1.4.Уг хүсэлтэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны “Хариу өгөх тухай” 6/8*** дугаар албан бичгээр “Өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлийн Ү-***19 дугаартай бүртгэлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, мөн зүйлийн 20.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно" гэх гэсэн байх тул таны хүсэлтэд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэх агуулга бүхий хариуг хүргүүлжээ.

1.5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, М.Шоыг 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бөгөөд уг улсын бүртгэл хүчин төгөлдөр байна. 

1.6.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "хуулийн этгээдийн улсын бүртгэл" гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгохоор”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.”, 18.7-д “Улсын байцаагч нь ... улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:”,18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах” гэж,

1.7.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно” гээд 15.1.1-д “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага” гэж тус тус заасан.

1.8.Маргааны тохиолдолд, нэхэмжлэгч М.Шо нь гүйцэтгэх удирдлагын хувьд өөрийн компанийн улсын бүртгэлтэй холбоотой анхан шатны дэлгэрэнгүй бүртгэлд улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдэл, зөрчилтэй баримт бичиг байгаа эсэхийг шалгуулахаар хяналт шалгалт хийлгэх хүсэлт гаргах эрхтэй, хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, улсын бүртгэлд хяналт шалгалт, хийх дүгнэлт гаргах үүргээ хэрэгжүүлэхээс татгалзахдаа “албан бичгүүдээр хариу өгсөн” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

1.9.Учир нь хариуцагчийн албан бичгүүд нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.7.1-д заасан маргаан бүхий улсын бүртгэлийн үйл ажиллагаанд улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн, зөрчилтэй баримт бичиг байгаа эсэхтэй холбоотой хянан шалгалт гэж үзэхээргүй байна.

1.10.Иймээс нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.   

2.“Х” ХХК-ийн үндсэн хөрөнгө болох Ү-***19 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн анхан шатны бүртгэлд иж бүрэн хяналт шалгалт хийж дүгнэлт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Д-Уул аймгийн Д сумын нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн барилгыг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Х.Уийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, түүнийг үндэслэн олгосон 000690*** дугаар бүхий гэрчилгээ хүчин төгөлдөр байх бөгөөд Д-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2008 оны 3/***, 3/***, 3/***, Д-Уул аймгийн Засаг даргын дэргэхэд Цагдаагийн газрын 4/225/40***, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р хэлтсийн 27Ж1-***, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/220/***/, 4-178/18927, 4-1782***, 04/228/***, Д-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газрын 3/*** тоот албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ[1].

2.2.Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Д-Уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн №114/ШЗ2024/0175 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШТ2025/0015 дугаар "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай" тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, захиргааны хэрэг үүсгэх шатандаа үргэлжилж байна” гэжээ.

2.3.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:”,  20.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж зохицуулсан.

2.4.Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, 18.7.2-т тус тус зааснаас үзэхэд улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах бүрэн эрхтэй бөгөөд уг хяналт шалгалтын үйл ажиллагааны эрх зүйн үр дагаврын улмаас улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх боломжтой гэж үзэхээр байна.  

2.5.Маргааны тохиолдлын хувьд, нэхэмжлэгч нарын хяналт шалгалт хийлгүүлэхээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотойгоор улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн улсын бүртгэлийн байгууллага, хууль хяналтын байгууллагын шийдвэр гарсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байх тул улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх эрх зүйн үр дагавар бүхий хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг шүүхээс буруутгах, мөн ийм хяналт шалгалт явуулахыг хариуцагчид шүүхээс даалгах нь дээр дурдсан хуулийн заалтуудад нийцэхгүй юм.

2.6.Иймээс нэхэмжлэгч талаас гаргасан “тухайн маргаанд тус үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй бөгөөд хяналт шалгалт хийж болохгүй гэсэн үндэслэсэн хуулийн зүйл, заалт тайлбар байхгүй байна. Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд хяналт шалгалт хийхийг хориглох нөхцөл үүссэн бол хяналт шалгалт хийж болохгүй гэсэн ямар ч заалт байхгүй байна. Нэхэмжлэгч нарт хориг тогтоосон биш бөгөөд хоригтой бол хяналт шалгалт хийж болохгүй гэсэн үндэслэлийг хуульд заагаагүй гэж үзэж байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдлийн хувьд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

 

   ШҮҮГЧ                                                              Д.ОЮУМАА

 

   ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 35