Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 123/ШШ2021/0034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И.Н,

Хариуцагч: Төв аймгийн А сумын Газрын даамалд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн А сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот захирамжаар эзэмшүүлсэн 4,3 га газрыг мэдээллийн санд оруулахгүй байгаа Төв аймгийн А сумын Газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мэдээллийн санд бүртгэхийг газрын даамалд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Н, хариуцагч Төв аймгийн А сумын Газрын даамал Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэн И.Ноос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оноос А сумын Бөхөг Бор толгойд 30 га газар эзэмшдэг байсан. 2008 онд уг газарт нэгэн газрыг давхардуулснаас 30 газраас 4.3 га газар үлдсэн юм. Шүүхээс томилогдсон Төв аймгийн газрын харилцаа, хот, байгуулалтын газрын шинжээчээр хэмжилт хийлгэж кадастрын зургийг сумын Газрын даамалд өгч, 2010 оны 01 сарын 19-ний өдрийн Төв аймгийн Засаг даргын 05 тоот захирамжаар 4.3 га газрыг эзэмших болсон. Тухайн үед газрын мэдээллийн сан гэж байгаагүй. 2018 оны 6 сард 4,3 га газартаа дахин кадастрын зураг хийлгэж, газрын мэдээллийн санд оруулах хүсэлт тавьж кадастрын зургийг Газрын даамалд өгсөн. Мэдээллийн сан гэж байгуулагдсаныг би мэдээгүй, надад газрын даамал мэдэгдээгүй. Гэтэл тухайн үед ч тэр одоо ч тэр 4.3 га газрыг мэдээллийн санд оруулаагүй байна. Кадастрын зураглал ба Газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-т Газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулна гэжээ. Энэ тухай гомдлыг Газрын даамлын дээд шатных нь дарга нар болох сумын Засаг даргад 2021 оны 06 дугаар сарын 17-нд, Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад 2021 оны 08 дугаар сарын 10-нд тус тус баталгаат шуудангаар илгээсэн. Одоо болтол хэн нь ч хариу өгөөгүй байна. 2014-2019 онуудад газрын төлбөр төлсөн санхүүгийн баримтуудыг хавсаргалаа. 2019 он хүртэл газар эзэмшигч нар өөрсдөө банкинд газрын төлбөрөө тушааж болдог байсан юм. 2020 оноос газрын мэдээллийн сан жигдэрснээс хойш Татварын хэлтсээс тусгай нэхэмжлэл ирж төлбөрөө төлдөг болсон байна. Мэдээллийн санд бүртгээгүйн улмаас 2020 онд төлбөр төлж чадаагүй. 2021 онд дуусахад 2 сар үлдлээ. Хэрэв 2 жил дараалан газрын төлбөр төлөөгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгодог хуультай. Иймд хохирол надад учирч болзошгүй болоод байна. Иймд Төв аймгийн А сумын Бөхөгийн Бор толгой гэдэг газар байршилтай миний эзэмшлийн 4,3 га газрыг Газрын мэдээллийн санд оруулахыг үүрэг болгож өгнө үү. Миний кадастрын зураг буруу хийгдсэн тул одоо хашаа татсан хэмжээгээр газрын кадастрын мэдээллийн санд оруулж өгнө үү. Одоогийн хэмжээ 4.3 га газраас бага байгаа бөгөөд энэ хэмжээгээр мэдээллийн санд оруулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Төв аймгийн А сумын Ч.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газраас Төв аймгийн нутаг дэвсгэрт шинээр байгуулагдах "Богдхан төмөр зам"-ын зурвас газар, Алтанбулаг, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрт шинэ дагуул хотуудыг хөгжүүлэх зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор 19390,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-д заасны дагуу "Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар"-ын зориулалтаар газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах ажил 2021 оны 03 дугаар сараас эхэлсэн.

"Богдхан төмөр зам"-ын зурвас газар, шинэ дагуул хотуудыг хөгжүүлэх зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн Асумын Аргал 2-р багийн нутаг дэвсгэрээс 3954.8 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн. Улсын тусгай хэрэгцээнд авах газрын байршилд газар өмчилж буй 1872 иргэн, газар эзэмшиж буй 140 иргэн, хуулийн этгээдийн газар тухайн нөлөөлөлд өртсөн.

Иргэн И овогтой Н-д сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 05 тоот захирамжаар эзэмшүүлсэн төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалангийн зориулалттай 4.3 га газар нь тухайн нөлөөлөлд хамаарсан.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/519 дугаар албан бичгийн дагуу Засгийн газрын тогтоол шийдвэр гартал тухайн газар болон тэр орчимд нь газар олголт хийхгүй, эрх зүйн харилцаа үүсгэхгүй, нэр шилжүүлэх болон талбайн хэмжээ өөрчлөх, хугацаа сунгахгүй байхыг мэдэгдэж "Газрын кадастрын мэдээллийн сан"-д өөрчлөлт оруулах эрхийг түр хугацаанд хаасан.

Иргэн И.Н нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/1103 тоот захирамжаар шугам, сүлжээний зориулалтаар эзэмшүүлсэн, 0.82 га газрыг мэдээллийн санд бүртгүүлж, улсын комисст хүлээлгэн өгөх шаардлагатай байна хэмээж СD нь дээр зургаа хуулж авчирсан. Тухайн үед "Богдхан төмөр зам"-ын зурвас газар, шинэ дагуул хотуудыг хөгжүүлэх зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авах судалгааны ажил 2021 оны 03 дугаар сараас эхэлсэн, таны эзэмшиж буй газар нь тухайн нөлөөлөлд өртөж байгаа учраас "Газрын кадастрын мэдээллийн сан"-д өөрчлөлт оруулах эрхийг түр хугацаанд хаасан, тиймээс одоогоор мэдээллийн санд бүртгэх боломжгүй байна, харин шугам сүлжээний газар нь бусдын эзэмшлийн нэгж талбартай давхцаж буй талаар дүгнэлт гаргаж өгье гээд дүгнэлт гаргаж өгсөн. Тэр үед иргэнд өөрийн эзэмшиж буй 4.3 га газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй талаар мэдэгдсэн. Та энэ асуудал шийдэгдтэл хүлээх шаардлагатай гэдгийг мэдэгдсэн.

Барилга, хот байгуулалтын сайдын Монгол улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгавар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Төв аймгийн Засаг дарга, мөн ГХБХБГазраас ирүүлж буй чиглэлийн дагуу улсын тусгай хэрэгцээнд авах нутаг дэвсгэрт газар өмчилж.эзэмшиж буй иргэн хуулийн этгээдийн судалгааг нарийвчлан гаргаж, үе шаттай ажлуудыг зохион байгуулсан.

Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газрыг нөхөн олговортойгоор солих, эргүүлэн авах болон Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу 26,27 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ГХБХБГазарт зохион байгуулсан тухайн иргэн сонсох ажиллагаанд оролцож мэдээлэл бүрэн сонссон боловч санал өгөхөөс татгалзсан.

Иргэн И.Н нь тухайн газарт ямар үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа болон яагаад мэдээллийн санд бүртгэх боломжгүй байгаа талаар биечлэн ирж уулзаж бүрэн мэдээлэл авсан байсан. Миний бие Чинбаатар овогтой Мнь 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс Төв аймгийн Асумын Газрын даамлаар томилогдсон. Ажил хүлээн аваад удаагүй байх явцад газрыг улсын тусгай хэрэгцээнд авах судалгааны ажил 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлж, дээд шатны байгууллагаас газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрхийг хаасан үед тухайн иргэн 2021 оны 06 дугаар сард ирсэн учраас мэдээллийн санд эзэмшиж буй газрыг бүртгэх боломжгүйг иргэнд сайтар тайлбарлаж өгсөн болно.

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаар тогтоолоор "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Монгол улсын Засгийн газраас тогтоол гарсан. Холбогдох албан бичгүүд болон Засгийн газрын тогтоолыг хавсарган хүргүүлж байнаИргэн И.Н нь 2005 онд хоршооны газар эзэмшиж байгаад хоршоо нь татан буугдахад уг газрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн. Тэгээд 2010 онд 30 га газар нь Уул уурхайн ашиглалт явуулдаг газартай давхцаж 25.7 га газрыг уг компанид шилжүүлж 4.3 га газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд үлдээсэн. Шугам сүлжээний газрын захирамж, шийдвэр 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гарч байсан. Сумын Засаг даргын захирамж дээр иргэний хүлээх үүрэг, албан тушаалтны хариуцах ажлыг тухайн иргэний шийдвэр дээр нэртэй нь тусгадаг. Нэхэмжлэгч мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтээ 2018 оны 06 дугаар сард өгсөн гэж урьдчилсан хэлэлцүүлэг дээр хэлж байсан. Би бичиг хэргийн бүртгэлийн дэвтэр дээрээс шүүж үзэхэд бүртгэгдсэн, хаасан гэх тэмдэглэл олдоогүй. Нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдээллийн санд бүртгүүлэхээр шугам сүлжээний зурагтайгаа ирж байсан. Тухайн газрын улсын тусгай хэрэгцээнд авах ажил 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн байсан. Тухайн үед тайлан судалгаа нэгтгэж гаргах чиглэлийн бичиг Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулал, геодез зураг зүйн газар, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудаас ирсэн байсан. Тайлан судалгааг гаргахын тулд мэдээллийн сангаа хааж байж судалгаагаа нэгтгэх шаардлагатай болсон. Иймд мэдээллийн санг хааж тухайн үедээ газрын эрх шилжүүлэх үед шинээр нэгж талбар нэмэхгүй гэх чиглэлтэй бичиг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Нэхэмжлэгчийг 6 сард ирэхэд зохион байгуулагдаж байгаа ажлын талаар танилцуулж, хүлээх шаардлагатай талаар хариуцагчид хэлсэн. Газрын төлбөрийг өмнө нь төрийн сангийн дансанд тушаадаг байсан бол 2019 оноос тухайн иргэний эзэмшиж, ашиглаж байгаа газрыг мэдээллийн санд оруулж нэхэмжлэлийн дугаараар газрын төлбөр төлдөг болсон байгаа гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч шүүхэд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн И.Н Төв аймгийн А сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот захирамжаар эзэмшүүлсэн 4,3 га газрыг мэдээллийн санд оруулахгүй байгаа Төв аймгийн Асумын Газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мэдээллийн санд бүртгэхийг газрын даамалд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Төв аймгийн Асумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 69 дугаар захирамжаар 30 га газрыг жимс жимсгэнийн мод тариалах, хүнсний ногоо, малын тэжээл тариалах зориулалтаар И.Нид эзэмшүүлж, 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0052488 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.[1]

2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч И.Н нь эзэмшлийн 30 га газраасаа 25.7 га газрыг Г ХХК-д шилжүүлж, 4.3 га газрыг өөрийн эзэмшилд үлдэхээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ.[2]

Төв аймгийн А сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар захирамжаар иргэн И.Нийн 30 га газраас 25.7 га газрыг жимс, жимсгэнийн зориулалтаар Г ХХК-д зориулалтын дагуу шилжүүлсэн байна.[3]

Нэхэмжлэгч И.Н үлдэх 4.3 га газрыг өөрийн эзэмшилд үлдээх хүсэлт гаргасны дагуу[4] газрын даамлаас 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 0271927 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.[5]

Мөн нэхэмжлэгч нь газрын төлбөрийг 2014-2019 он[6] хүртэл жил бүр төлж ирсэн байна.

Нэхэмжлэгч И.Н нь өөрийн эзэмшлийн 4.3 га газрыг газрын кадастрын мэдээллийн системд бүртгэлгүй болохыг мэдэж 2021 оны 6 сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 4.3 га газрыг газрын мэдээллийн санд бүртгэж өгөхийг хүсэж Төв аймгийн Асумын Засаг дарга, газрын даамалд хүсэлт гаргажээ.[7]

Дээрх маргаан бүхий газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь газрын даамал Ч.Мөнхгэрэлийн мэдээллийн санд бүртгэлгүй иргэдийн судалгаа болон хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагчаас Төв аймгийн А сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 3954,8 га газрыг Богдхан төмөр зам-ын зурвас газраар тогтоож улсын тусгай хэрэгцээнд авсан. Улсын тусгай хэрэгцээний газартай нэхэмжлэгчийн эзэмшлийн 4.3 га газар давхцалтай. Мөн газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн газрыг бүртгэх эрхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хаасан гэсэн тайлбарыг ирүүлжээ.[8]

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн, А сумын нутагт дэвсгэрийн 19390.4 га газрыг үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцол, талбайн хэмжээг баталжээ.[9]

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 19 дүгээр тэмдэглэл[10], Монгол Улсын Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1152 дугаар албан бичиг, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1238 дугаар албан бичгүүдээр ..сумын Засаг даргын шийдвэрээр иргэн аж ахуй нэгж, байгууллагад газар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулахгүй, газрын эрх шилжүүлэхгүй, зориулалтыг өөрчлөхгүй байх.. чиглэлийг Төв аймгийн Засаг дарга, Асумын Засаг дарга нарт хүргүүлсэн байна.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/519 дугаар албан бичгээр Засгийн газрын тогтоол шийдвэр гартал тухайн газар болон тэр орчимд нь шинээр олголт хийхгүй, эрх зүйн харилцаа үүсгэхгүй, нэр шилжүүлэх болон талбайн хэмжээ өөрчлөх, хугацаа сунгахгүй байхыг Төв аймгийн Асумын Засаг даргад мэдэгджээ.[11]

Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07/809 дугаар албан бичгээр Газрын кадастрын мэдээллийн системд-д улсын тусгай хэрэгцээнд авсан дээрх газарт өөрчлөлт оруулах эрхийг хаасан болно гэх тайлбар болон нэхэмжлэгч И.Нийн эзэмшлийн 4.3 га газар нь улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэх зураглалын хамт ирүүлсэн байна.[12]

Нэхэмжлэгч И.Н нь 2005 оноос хойш тухайн газартаа үйл ажиллагаа явуулж ирсэн болох нь хэрэгт авагдсан баримт хэргийн оролцогч нарын тайлбар зэргээр[13] тогтоогдож байна.

Засгийн газар болон захиргааны байгууллагын шийдвэрүүдээс үзвэл Асуманд байрлах улсын тусгай хэрэгцээний газарт шинээр газар олгох, эрх шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх, хугацаа сунгахгүй байхыг үүрэг болгосон байна. Харин нэгэнт Асумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх нь үүсч эзэмшиж байгаа иргэн хуулийн этгээдийн кадастрын зургийг газрын кадастрын мэдээллийн системд оруулахгүй байх талаар тусгагдаагүй байна.

Газрын кадастрын мэдээллийн системд мэдээлэл оруулах эрхийг дээрх шалтгаанаар дээд шатны байгууллагаас хаасан болох нь тогтоогдож байх боловч иргэний хууль ёсны газар эзэмших эрхийг уг шалтгаанаар хязгаарлаж болохгүй юм.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ10.2.2 дахь заалтад газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах гэж заасны дагуу сумын газрын даамал нь газрын кадастрын мэдээллийн санг хөтөлж нэхэмжлэгчийн газрыг газрын кадастрын мэдээллийн санд оруулах үүрэг хүлээжээ.

Иймд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна23.4.3 дахь заалтад эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэж зааснаар Төв аймгийн Асумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот захирамжаар иргэн И.Нид эзэмшүүлсэн 4,3 га газрыг мэдээллийн санд оруулахгүй байгаа Төв аймгийн Асумын Газрын даамлын татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, мэдээллийн санд бүртгэхийг газрын даамалд даалгаж шүүх шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчээс ирүүлсэн газрын байршлын кадастрын зурагт газрын хэмжээг 34340 квадрат метр буюу 3.4 га газрын хэмжээгээр зураглал хийгдсэн, И.Н одоо хашаалсан байгаа газрын хэмжээгээр мэдээллийн санд оруулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар иргэн И.Нийн эзэмшлийн газрыг хашаа татсан хэмжээгээр мэдээллийн санд оруулахыг Асумын Газрын даамалд даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.3 дэх заалт, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.110.2.2 дахь заалтад заасныг баримтлан Төв аймгийн А сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот захирамжаар эзэмшүүлсэн 4,3 га газрыг мэдээллийн санд оруулахгүй байгаа Төв аймгийн А сумын Газрын даамлын татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, мэдээллийн санд бүртгэхийг газрын даамалд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар иргэн И.Н-ийн хашаалсан газрын хэмжээгээр мэдээллийн санд оруулахыг А- сумын Газрын даамалд үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн А-сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Нид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ