Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 107

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Яллагдагч: Г.Тогтуунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Далай гүн овогт Гарам-Очирын Тогтуунбаярт холбогдох 201615000329 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 41 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 6-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Далай гүн овогт Гарам-Очирын Тогтуунбаяр /РД: ЙЮ75063036/

Шүүгдэгч Г.Тогтуунбаяр нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 6-07 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.Даваажавтай маргалдаж, улмаар төмрөөр цохиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Г.Тогтуунбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой найзтайгаа архи уучихаад гэртээ ирээд машинаа аваад гарах гэтэл эхнэр машинтай гарч болохгүй гээд намайг гаргахгүй байсан. Тэгээд машинаа гаргах гээд граж руу ороход эхнэр араас гарч ирсэн. Би эхнэрийгээ төмрөөр цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч О.Даваажав хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 6-07 тоотод манай нөхөр гадаа машинтай ирээд нэлээн удаж байгаад орж ирсэн. Гэрт орж ирээд гутлаа тайлаад гал тогоонд сууж байснаа гарлаа гээд буцаад гараад явахаар нь би араас нь гартал граж онгойлгоод машинтай гарах гэхээр нь миний хань гарч болохгүй гэхэд гарна гээд дайраад хэрүүл хийхээр нь би ч бас аашлаад нэлээн үг хэлсэн. Гэтэл хажуудаа байсан төмрийг авахаар нь цохьчих болов уу гээд тухайн үедээ хойшоо ухарсан. Тэгтэл гэнэт төмрөөрөө өөдөөс ёворчихсон. Тэгээд би хацраа дараад байж байтал гараад явчихсан. Тэгээд төд удалгүй ханиа яасан гээд буцаад хүрээд ирсэн. Тэгээд бид 2 хамт эмнэлэг яваад үзүүлсэн. Эмч нар үзээд хэвт гээд гэмтэлд хэвтсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 15-16 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… О.Даваажавын биед баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зүсэгдсэн шарх, баруун хацрын зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №11/71 дугаартай үнэлгээ, шүүгдэгч Г.Тогтуунбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Даваажаваас шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1, 9-13, 27-30, 37-38, 40 хуудас/

Шүүгдэгч Г.Тогтуунбаярын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41-42 хуудас/

Шүүгдэгч Г.Тогтуунбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Тогтуунбаяр нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 6-07 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.Даваажавтай маргалдаж, улмаар төмрөөр цохиж хохирогч О.Даваажавын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүгдэгч Г.Тогтуунбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Даваажавын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 6-07 тоотод манай нөхөр граж онгойлгоод машинтай гарах гэхээр нь миний хань гарч болохгүй гэхэд хажуудаа байсан төмрийг аваад өөдөөс ёворчихсон гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлт, хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №11/71 дугаартай үнэлгээ, шүүгдэгч Г.Тогтуунбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Даваажаваас шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Г.Тогтуунбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Тогтуунбаяр нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Хохирогч О.Даваажавын шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Г.Тогтуунбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Г.Тогтуунбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Тогтуунбаяр нь согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “…Согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн 1 метр 30 см урттай, 4.5 см өргөнтэй төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шүүгдэгч Г.Тогтуунбаярын эзэмшлийн 70.000 төгрөгийн үнэ бүхий Samsung брэндийн Samsung Galaxy-2 маркийн хар өнгийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  

Шүүгдэгч Г.Тогтуунбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Далай гүн овогт Гарам-Очирын Тогтуунбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Далай гүн овогт Гарам-Очирын Тогтуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 3.Шүүгдэгч Г.Тогтуунбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдсугай.   

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн 1 метр 30 см урттай, 4.5 см өргөнтэй төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Г.Тогтуунбаярын эзэмшлийн 70.000 төгрөгийн үнэ бүхий Samsung брэндийн Samsung Galaxy-2 маркийн хар өнгийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Тогтуунбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОТГОНЖАРГАЛ