Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1190

 

Н.Д-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

хохирогч М.Алтанцэцэгийн өмгөөлөгч Б.Мандухай,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Н.Д-ы өмгөөлөгч Г.Нацагдорж, хохирогч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Д-д холбогдох эрүүгийн 1911006690604 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Н.Д-, 1980 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Н.Д- нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, “Цоглог” караокед түрээслэгч М.Алтанцэцэгтэй “паар хөлдөөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний шал угааж байсан хувинтай усыг өшиглөж, тооны машин, гар утас, нүдний шилээр толгой руу нь цохих, шалны модоор хөл рүү нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “гарын эрхий хуруу, зүүн сарвууны ар гадаргуун зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Д-ы өмгөөлөгч Г.Нацагдорж гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Гэрчүүдийн мэдүүлгийг эш үндэс болгож байх боловч эдгээр нь нэгдмэл байр суурьтай буюу ашиг сонирхол нэгтэй тул тухайн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн хэмээн дүгнэх боломжгүй. Учир нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 20 минутад цагдаагийн хэлтсээс М.Алтанцэцэг гарсан талаар маргахгүй байгаа ч Шүүх эмнэлэгт 17 цаг 20 минутаас үзүүлж эхэлсэн нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байдлыг бий болгож байна. Түүнчлэн тэрээр мөн өдрийн 18 цаг 30 минутад маргаж байсан караокед очсон нь цаг хугацааны хувьд боломжгүй байдлыг бий болгож байна.

2. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хэд хэдэн гэмтэл тогтоогдсон гэх боловч аль нь хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоолгох шаардлагатай байсан. Учир нь М.Алтанцэцэг “гаргахгүй гэж ноцолдох явцад үүссэн” гэсэн мэдүүлгээс үзэхэд гарт учирсан гэмтлийг Н.Д- учруулаагүй байна. Иймд шийтгэлийг хүчингүй болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч М.Алтанцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...би 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр заал угаагаад байж байхад Д- гаднаас орж ирээд “паар хөлдөөсөн” гэж уурлаад, надаар нэг ч үг хэлүүлэхгүй харааж доромжилсон. Тэгэхээр нь уур хүрээд хоёулаа хамт үхэж болно гэж хэлсэн. Тэгтэл шалны модны хавтгай талаар нь миний бөөр, гуя хэсгээр цохиж, шал угааж байсан хувинтай усыг өшиглөж нүд рүү цацсан. Үүнээс болж 8 хоног эмнэлэгт хэвтэж нүдэндээ эмчилгээ хийлгэсэн. Одоо нүдний нулимс асгарч, хараа муудах болсон. Иймд бүрэлдэхүүнтэй шинжээч дахин томилуулах шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч М.Алтанцэцэгийн өмгөөлөгч Б.Мандухай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч М.Алтанцэцэг нь нүүр лүүгээ билезнатай ус цацуулсны улмаас нэг нүд нь юм харах боломжгүй болоод байгаа тухай хэлдэг. Тиймээс дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлтэй байгаа. Хохирогчид эмчилгээ хийлгэсэн зардлаа иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэдгийг хэлсэн. Гэтэл Д- намайг ажлаас халсан тул эмнэлэгт үзүүлэх төлбөрийн мөнгөгүй болсон гэдэг. Түүнчлэн хохирогч 4 хүүхдийн хамт хүнд нөхцөл байдалтай байгаа. ...” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан. Мөн хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй болсон. Гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд ямар нэгэн зөрүү байхгүй. Хохирогч мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нүдэнд учирсан гэмтлийнхээ талаар хэлээгүй. Шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийн шинж байдлыг бүрэн тогтоосон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Н.Д- нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цоглог” караокед түрээслэгч М.Алтанцэцэгтэй “Паар хөлдөөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний шал угааж байсан хувинтай усыг өшиглөж, тооны машин, гар утас, нүдний шилээр толгой руу нь цохих, шалны модоор хөл рүү нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “гарын эрхий хуруу, зүүн сарвууны ар гадаргуун зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч М.Алтанцэцэг нь “...12 цагийн үед цэвэрлэгээ хийгээд байж байхад түрээслүүлэгч Н.Д- орж ирээд “Паар хөлдөөлөө” гэж уурлаад янз бүрээр хэлж доромжилж байгаад шал угааж байсан хувинтай усыг өшиглөөд над руу цацахаар нь би “Яаж байгаа юм бэ” гээд цааш түлхтэл “Хохь чинь” гээд над руу тооны машин шидсэн. Тэгээд шалны мод барьж аваад энд тэндгүй цохиж зодоод гадагшаа гарах гэхээр нь би “Гарахгүй, цагдаа дуудна” гэхэд барьж байсан гар утас, нүдний шилээрээ толгой руу хэд хэдэн удаа цохисон. Гаранд учирсан гэмтлийг бол би гаргахгүй гээд хаалганы бариулаас барьчихсан байхад маажигдсан байх...” /хх-ийн 14, 23-24/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, Н.Д-тай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Б.Батбаатарын “...13 цаг 30 минутын үед түрээслүүлэгч Н.Д- миний утас руу “Эхнэртэй чинь хэрэлдээд байна, та хурдан хүрээд ир” гэж ярьсан. Намайг очиход Н.Д- гараад явчихсан байсан. Эхнэртэйгээ уулзахад өмссөн хувцас нь норчихсон, нэлээд айж сандарсан, дух орчим нь хавдсан, баруун, зүүн гарын сарвуу шалбарсан байсан. Би гайхаад эхнэрээсээ асуухад “Н.Д- түрээслүүлэгч паар хөлдөөлөө гэж буруутгаад, шал угаасан усыг над руу цацсан, шалны модоор зодсон, гар утсаараа толгой руу цохисон, хэд хэдэн удаа алгадсан” гэж хэлж байсан...” /хх-ийн 17/,

- гэрч Б.Жаргалсайханы “...19 цаг 30 минутын үед аавтай утсаар ярихад “Бид хэд ээжийг нь шүүх эмнэлэгт үзүүлээд буцаж байна, чи ойрхон байвал хамт явах уу” гэхээр нь цуг явцгаасан. Ээж уйлсан, үс гэзэг нь арзайсан, духан дээрээ бондойж хавдсан, хоёр гарын арьс нь хууларсан, цус шүүрсэн, нэлээд айж цочирдож сандарсан байдалтай байсан...” /хх-ийн 18/,

- гэрч Г.Лхагвын “...М.Алтанцэцэг “Энэ эмэгтэй намайг зодчихлоо” гээд духны орчим нь хавдчихсан, хувцас нь норчихсон зогсож байсан бөгөөд нөгөө эмэгтэй нь шалны мод барьчихсан, хэрэлдсэн байдалтай зогсож байхаар нь би “Та нар болиочээ, хэрүүл амтай газар би ажил хийхгүй” гэж хэлчихээд гараад явчихсан. Намайг харахад М.Алтанцэцэгийн хувцас нь норчихсон, дух нь овойгоод хавдчихсан байсан...” /хх-ийн 28/ гэсэн мэдүүлгүүд,

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2513 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/ зэргээр давхар нотлогджээ.

Харин энэхүү үйл баримтаас өмнө болон дараа нь М.Алтанцэцэг бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Хохирогч М.Алтанцэцэгийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2513 дугаартай дүгнэлтийг түүний биеийн хэсэг газарт хийсэн үзлэгийн үр дүн, компьютер, томографийн шинжилгээ зэрэгт үндэслэн гаргасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогч нараас уг дүгнэлттэй холбогдуулан тодорхой санал, хүсэлт гаргаагүй байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Н.Энхцолмонд хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй, хохирогч М.Алтанцэцэгийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Н.Д-ы гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Иймээс гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Н.Д-ы өмгөөлөгч Г.Нацагдорж болон хохирогч М.Алтанцэцэг нарын давж заалдсан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Хохирогч М.Алтанцэцэг нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул шүүх цаашид гарах эмчилгээний зардал, гэм хор учруулсаны төлбөр зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Д-ы өмгөөлөгч Г.Нацагдорж, хохирогч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх Н.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр буюу 21 хоногийн дараа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан, уг шийдвэртээ холбогдох хэргийн зүйлчлэлийг тусгаагүйн гадна, шүүх хуралдааныг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлосон атлаа энэ цаг хугацаанд бус 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад хийсэн, тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагчийн гарыг үсэг зурагдаагүй, шүүхийн тамга дарагдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”-нд баримтлах журам, мөн 34 дүгээр бүлэгт заасан “Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл” болон 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулах хуулийн шаардлагад тус тус нийцээгүй болохыг буруутган, цаашид ийм хайнга хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Д-ы өмгөөлөгч Г.Нацагдорж, хохирогч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                               ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН