Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0299

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

            Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

            Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

            Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

            Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваасүрэн

            Хэргийн оролцогчид:

            Нэхэмжлэгч: “Б” ХХК

            Хариуцагч: Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл

            Гуравдагч этгээд: “Г ХХК

           Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан “Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”

            Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0004 дугаар шийдвэр,

            Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, В.У, М.Б нар /цахим/, хариуцагч Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга А.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

Хэргийн индекс: 109/2024/0036/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаар шийдвэрээр:

            Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.1.4, 12.1.7, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 8.1 дүгээр зүйлийн 14.26, 14.27, 14.28 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-иас Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            2.Гомдлын агуулга:

2.1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 109/ШШ2025/0004 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

            2.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1.11-д “... нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд ... Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь нийт гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна гэтэл 2 хүн хурал хийсэн нь хууль бус, “Г” ХХК-ийг Д.П гэх хүний эзэмшилд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шилжсэн, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.П гэх захирлын нэрээр албан бичиг үйлдэж тусгай зөвшөөрөл хүссэн албан бичгээ явуулсан нь компанийг төлөөлөх эрхгүй байсан, ...” гэх тайлбарууд нь захиргааны актыг хүчингүй болгуулах агуулгад хамаарах үндэслэл байх тул шүүх дүгнэлт өгөхгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Хариуцагч Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн 14.26, 14.27, 14.28, Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1 дэх хэсэгт тус тус зааснаар зөвшөөрөл хүсэгчид өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээтэй хэдий ч иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй байхад зөвшөөрөл олгох, түүнчлэн зөвшөөрөл хүсэгчээс өөр этгээдэд тусгай зөвшөөрөл олгох эрхийг хуулиар олгоогүй, энэ талаар хуулиар зохицуулаагүй.

2.3.Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг гаргахдаа “Г” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд тухайн компанид дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг олгосон талаар тухайн тогтоолд дурдсан.

            Гэтэл бодит байдал Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд “Г” ХХК-иас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй, харин Д.П гэх хүн өргөдөл гаргасан байхад зохицуулах зөвлөл нь Д.Пийн хүсэлтийг үндэслэн “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолд заасан захиргааны актын илт хууль бус болох шинжийг агуулж байна.

         2.4.Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь нийт гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Гурван гишүүний нэг нь орон тооны байна”, 11.3-т Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь энэ хуулийн 9.1.6, 9.1.7, 9.1.8, 9.1.9, 9.1.10 -д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна: 11.3.1-д “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох” ...” гэж тус тус заасан.

         Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар зохицуулсан байхад “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай 15 тоот тогтоолыг гаргахдаа 2 гишүүнтэй хуралдаж шийдвэр гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй “ гэх үндэслэлд хамаарч байна.

            Мөн түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын зүгээс Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд удаа дараалан хандаж, тусгай зөвшөөрөл хүссэн байдаг. Гэтэл 2023 оны 03 сард хандахад нь хүсэлтийг нь хүлээж аваагүйгээ, нэмэлт баримт бүрдүүлэх талаар зөвлөж явуулсны дараа “Г” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Д.Пийн хүсэлтээр “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байдаг. 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар “Г” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч нь Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга А.Аийн эхнэрийн төрсөн ах Гд давуу байдал бий болгож, түүний компанид тусгай зөвшөөрөл олгосон гэдэг.

2.5.“Б” ХХК-иас олон төрлийн материал бүрдүүлэхийг шаардаж, хүсэлтийг нь хүлээж авахгүй байсан атлаа, “Г” ХХК-иас хуульд заасан бүрдүүлэх ёстой материалуудыг бүрдүүлэхийг шаардаагүй, харин ч дутуу материалыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгосны дараа материалыг нөхөн бүрдүүлж авсан байна. Энэ бүх байдлаас дүгнэхэд “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэл бий болоогүй бүрдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамаарахаар байна.

            Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.26, 14.27, 14.28-д зааснаар тусгай зөвшөөрөл олгох эрх нь Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд олгогдсон хэдий ч Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь хурлаар тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл хууль бус бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж 15 дугаартай тогтоол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т хамаарч байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг аймаг, нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 3 гишүүнд олгогдсон болохоос 2 гишүүнд эл чиг үүрэг олгогдоогүй байна.

Анхан шатны шүүх зөвхөн нэг талаас нь харж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга А.Ат холбогдуулан “Г” ХХК-д давуу байдал бий болгож, тусгай зөвшөөрөл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гэж үзэж нэхэмжлэгч талаар АГТ-т мэдээлэл гаргаж шалгуулж байгаа асуудлыг огт анхаараагүйд гомдолтой байгаа болно. Энэ талаар шүүх хурал дээр нэмэлт тайлбар гаргана.

          Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч В.У, М.Б, Ц.Б нарыг оролцуулах хүсэлтэй байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:

          1.Нэхэмжлэгч “Б” ХХК-аас гуравдагч этгээд “Г” ХХК-д дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг олгосон маргаан бүхий “Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргажээ.

            2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт ...тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно, зөвшөөрөл хүсэгчид өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээтэй хэдий ч иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй байхад зөвшөөрөл олгох, түүнчлэн зөвшөөрөл хүсэгчээс өөр этгээдэд тусгай зөвшөөрөл олгох эрхийг хуулиар олгоогүй, энэ талаар хуулиар зохицуулаагүй.” гэж маргажээ.

            3.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлийн тухайд:

3.1.”Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй байхад зөвшөөрөл олгосон” гэх гомдлын тухайд:

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Г ХХК-иас “дулааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” хүссэн хүсэлтийг[1] хариуцагч Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн байх бөгөөд уг хүсэлтэд тус компанийн захирал Д.П гарын үсэг зуржээ. Мөн гуравдагч этгээд компаниас тусгай зөвшөөрөл авах хүсэлттэйгээ хамт хариуцагчид хүргүүлсэн “Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс[2] үзэхэд тус компанийг төлөөлөх бүрэн эрхтэй гүйцэтгэх захирал нь Д.П гэдэг нь тогтоогдов.

            Иймээс нэхэмжлэгчийн “бодит байдалд “Г” ХХК-иас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй, харин Д.П гэх хүн өргөдөл гаргасан байхад зохицуулах зөвлөл нь Д.Пийн хүсэлтийг үндэслэн “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь ... захиргааны актын илт хууль бус болох шинжийг агуулж байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            3.2.”Хуульд зааснаар тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр зохицуулсан байхад гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон маргаан бүхий 15 дугаар тогтоолыг гаргахдаа 2 гишүүнтэй хуралдаж шийдвэр гаргасан” гэх гомдлын тухайд:

            Хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол[3] зэрэг баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон цаг хугацаанд Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь хоёр гишүүнтэй ажиллаж байсан, нэг гишүүн нь томилогдоогүй байсан гэдэг нь тогтоогдож байна.

            Хуульд заасны дагуу тухайн үед томилогдсон хоёр гишүүн хуралдаж гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрлийг олгосон хариуцагчийн үйлдлийг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь нийт гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Гурван гишүүний нэг нь орон тооны байна.” гэж хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж, “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            3.3.”Нэхэмжлэгчээс олон төрлийн материал бүрдүүлэхийг шаардаж, хүсэлтийг нь хүлээж авахгүй атлаа, гуравдагч этгээдэд хуульд заасан бүрдүүлэх ёстой материалуудыг бүрдүүлэхийг шаардаагүй, дутуу материалыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгосны дараа материалыг нөхөн бүрдүүлж авсан” гэх гомдлын тухайд:

Хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий 15 дугаар тогтоолыг гаргахдаа гуравдагч этгээд буюу “Г ХХК-иас ирүүлсэн хүсэлт түүнд хавсарган ирүүлсэн баримтуудыг[4] үндэслэн зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн болох нь Архангай аймгийн Исумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/198 дугаар албан бичиг[5], “Г ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 29 дүгээр албан бичиг[6], Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл[7] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймээс хариуцагчийг Эрчим хүчний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар өөрт олгогдсон “дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох”  бүрэн эрхийг хэтрүүлсэн, маргаан бүхий захиргааны актыг батлан гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4.Нэхэмжлэгч “Б” ХХК-аас гаргасан маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчөөгүй байна.

5.Тодруулбал, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу илт хууль бусад тооцуулах үндэслэл нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, захиргааны актыг эрх зүйн үндэслэлгүйгээр гаргасан, тухайн захиргааны байгууллагын эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан, хуулийн тодорхой заалт баримтлаагүй зэрэг алдааг хамааруулан ойлгох тул маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг илт хууль бус бөгөөд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж үндэслэл тогтоогдохгүй байна.

6.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

                                  ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

       ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

    

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 187 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас  189 дэх тал

[3] Хэргийн 2-р хавтас 50, 58, 85-86 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 187-250 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 46 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 47 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 5-7 дахь тал