Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 123/ШШ2021/0036

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би иргэн Г.С- оос Төв аймгийн Ж сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Ж сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаартай захирамж илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С, хариуцагч Төв аймгийн Ж сумын Засаг дарга Н.Э нараас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ж сумын Засаг дарга Н.Э, нэхэмжлэгч Г.С нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг үндэслэн болгон дараах нөхцөлөөр хэлэлцэн тохирч байгуулав.

1.Маргааны агуулга: Ж сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/167 дугаар захирамжаар тус сумын иргэн Г.Ст 100 га газрыг эзэмшүүлсэн. Сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаар захирамжаар тус сумын иргэн Г.Сийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Уг шийдвэрийг Г.С үл зөвшөөрөн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2. Талуудын байр суурь: Сумын Засаг дарга Н.Э нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт заасны дагуу тус сумын иргэн Г.Сийн газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгосон 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаар захирамжаа цуцалж, 100 га газрыг Г.Сийн эзэмшилд хэвээр үлдээх байр суурьтай байна. Иргэн Г.С нь Засаг дарга Н.Э-ын гаргасан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаар захирамжаа цуцлах шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дараах зүйлийг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1. Төв аймгийн Ж сумын Засаг дарга Э.Э нь иргэн Г.Сийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаар захирамжаа хүчингүй болгох,

2. Иргэн Г.С нь Төв аймаг дахь Захиргааны хэрэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах,

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно  гэж тус тус заасан байна.

Иргэн Г.Сын нэхэмжлэлтэй Төв аймгийн Ж сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар Ж сумын Засаг дарга Э.Э нь иргэн Г.Сийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаар захирамжаа хүчингүй болгох, нэхэмжлэгч Г.С нь Төв аймаг дахь Захиргааны хэрэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах-аар харилцан тохирч, Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хариуцагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласныг талууд зөвшөөрч үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.С, хариуцагч Ж сумын Засаг дарга Н.Э нарын Ж сумын Засаг дарга Э.Э нь иргэн Г.Сийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаар захирамжаа хүчингүй болгох, нэхэмжлэгч Г.С нь Төв аймаг дахь Захиргааны хэрэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай эвлэрлийг баталж, Г.Сийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Жаргалан сумын Засаг даргад холбогдох Ж сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН