Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 28

 

С.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01339/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Алтан хүнс групп” ХХК-д холбогдох

          “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ринзаан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ц-гоос:

Би 2017 оны 08 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтан хүнс групп” ХХК-ний салбар “Комфорт” зочид буудлын үйлчилгээний менежерээр ажилд орж ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж байсан.

Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна. Би өөрийн хариуцсан ажлаа сайн хийдэг гэж боддог. Би 2009 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг зочид буудал, зоогийн газрын менежментээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Анх надтай ярилцахдаа менежерүүд 1.000.000 төгрөгийн цалинтай гэж тохирсон. Гэтэл 2 сарын турш цалингаа 800.000 төгрөгөөр тооцож өгсөн. Яагаад ингэж байгаа талаар асуухад удахгүй 1.500.000 болж байгаа гэхээр нь үргэлжлүүлж ажилласан. Иймд 2017 оны 10 дугаар сарын 17-ны

өдрийн Б/3/249 тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ринзаанаас:

С.Ц- нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зочид буудлын үйлчилгээний менежерийн албан тушаалд томилогдож хурлын зөвлөлийн гишүүн болсон. Нэхэмжлэгч С.Ц- нь компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны стандарт тодорхойлолтод заагдсан ажил үүргээ удаа дараа, олон удаагийн үйлдлээр бүрэн хангалттай биелүүлж чадахгүй байгааг захирлын шуурхай зөвлөгөөнөөс удаа дараа анхааруулж, аргачилсан зөвлөмж өгч ажилласан боловч ажлаа сайжруулахгүй, удирдуулж байгаа ажилтан ажилчдадаа ажлын шаардлага тавьж арга хэмжээ авхуулахгүй дутагдалтай эвлэрч байсан нь тогтоогдсон ба өөрөө энэхүү байдлыг ойлгож байсан гэж үзэж байна. С.Ц- нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж 750.000 төгрөгөөр цалинг тохиролцсон болно. Цалин 4.500.000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр:

             Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ц-гийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх KPI гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, дотоод хяналтын албаны өдөр тутмын мэдээний хуудас зэргээр зэрэглэлийн шалгалтын бэлтгэл хангах ажлыг хангалтгүй хийж гүйцэтгэж байсан нь тогтоогдсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр С.Ц-г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Ц- хариуцагч “Алтан хүнс групп” ХХК-д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага гаргажээ.

Хариуцагч компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны стандарт тодорхойлолтод заагдсан ажил үүргээ удаа дараа, олон удаагийн үйлдлээр бүрэн хангалттай биелүүлж чадаагүй, цалин 4.500.000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр С.Ц-г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм.

Нэхэмжлэгч С.Ц- нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан талаар талууд маргаагүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

“Алтан хүнс групп” ХХК-ний дэд захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/3/194 дугаар тушаалаар ...Соёл-Эрдэнэ овогтой Ц-г 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үйлчилгээний менежерээр туршилтын 1 сарын хугацаанд томилон ажиллуулж, тус байгууллагын дэд захирлын 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/3/232 дугаар тушаалаар ...С.Ц-г зочид буудлын менежерээр 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулжээ.

“Алтан хүнс групп” ХХК нь ажилтан С.Ц-той хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд уг гэрээгээр С.Ц-г үйлчилгээний менежерийн ажил албан тушаалд, сарын 750.000 төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллуулахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байна.

“Алтан хүнс групп”  ХХК-ийн дэд захирлын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тухай Б/3/249 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үйлчилгээний менежер С.Ц-г 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Ц-д энэ талаар бичгээр мэдэгдээгүй нь дээрх хуулийн заалтыг ажил олгогч буюу хариуцагч тал зөрчсөн болно.

Хэрэгт авагдсан KPI гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, дотоод хяналтын албаны өдөр тутмын мэдээний хуудас нь нэхэмжлэгч С.Ц-гийн ажлыг үнэлсэн эсэх нь тодорхой биш. /хэргийн 27-60 дугаар хуудас/

Мөн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны стандарт тодорхойлолт, ажилтан ажилдаа тэнцэх эсэхийг тогтоодог эрх бүхий байгууллагын журам зэрэг баримт хэрэгт авагдаагүй хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлиЙн 38.1-д заасан үүргийнхээ дагуу шүүхэд нотлоогүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч С.Ц-гийн давж заалдсан гомдлыг хүлээн авч түүнийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн /хэргийн 5 дахь тал/ бичилтийг үндэслэн ажилгүй байсан 97 хоногийн цалин, түүнтэй тэнцэх олговор /1 сарын дундаж цалин 591.827 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 26.901 төгрөг/ 2.609.419 төгрөгийг  хариуцагч “Алтан хүнс групп” ХХК-аас гаргуулж түүнд олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгахаар шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгч С.Ц-д буцаан олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ц-г “Алтан хүнс групп” ХХК-ний салбар “Комфорт” зочид буудлын үйлчилгээний менежерийн ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан 97 хоногийн цалин, түүнтэй тэнцэх олговор 2.609.419 төгрөгийг  хариуцагч “Алтан хүнс групп” ХХК-аас гаргуулж С.Ц-д олгож, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч “Алтан хүнс групп” ХХК-д даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.Ц-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                           ШҮҮГЧИД                                                   С.ЭНХЖАРГАЛ                                     

                                                                                                               С.ОЮУНЦЭЦЭГ