Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
Хэргийн индекс | 137/2016/0129/Э |
Дугаар | 86 |
Огноо | 2018-02-28 |
Зүйл хэсэг | 175.3., |
Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 86
Г.Да-, М.Жа-, Л.От-, С.А- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 794 дүгээр магадлалтай 201501000114 дугаар эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэнгийн гаргасан гомдол болон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэнгийн эсэргүүцэл зэргийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн техникийн механикч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Л.От-,
2. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй С.А- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан “Онц их хэмжээтэйгээр эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэмт хэрэгт,
3. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Г.Да- нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан “Онц их хэмжээтэйгээр эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг гардан гүйцэтгэх” гэмт хэрэгт,
4. Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн техникийн механикч мэргэжилтэй, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 1721 дүгээр зүйлийн 2-т зааснаар 48.653.333 төгрөг хурааж 3 жил хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 48.653.333 төгрөг хурааж, 3 жил хорих ял дээр 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 4 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан М.Жа- нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан “Онц их хэмжээтэйгээр эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг зохион байгуулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.Жа-, Г.Да-, Л.От-, С.А- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүгдэгч М.Жа-, Г.Да-, Л.От-, С.А- нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар бүлэглэн нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Да- 228 хоног, М.Жа- 216 хоног, Л.От- 242 хоног, С.А- 227 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Монголбанкинд шилжүүлсэн 7.330.60 грамм алтыг Монголбанкинд хэвээр үлдээж, Монголбанкнаас 7.330.60 грамм алтны үнэ 455.528.593.38 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Мө-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэйг сануулж, С.А-, Г.Да-, М.Жа-, Л.От- нарын урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр зорчих эрхийг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Монголбанкинд хадгалуулсан 7.324.90 грамм цэвэршүүлсэн алтыг Монголбанкинд хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монголбанкнаас 7.324.90 грамм цэвэршүүлсэн алтны үнэ 455.528.593.38 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.Мө-д олгосугай.” гэж өөрчилж, 7 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Жа-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа, Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Ч.Мө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэн гаргасан прокурорын эсэргүүцэлдээ: “...1. Шүүгдэгч Л.От- нь М.Жа-ы өгч явуулсан алтыг 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 0400 цагийн орчим Замын-Үүд суманд авчирч С.А-ийн гэрт очиж дамжуулан өгснийг мөн өдрийн 0900 цагийн орчим Г.Да- очиж аван Замын-Үүд боомтын шалган нэвтрүүлэх цогцолбороор улсын хилээр нэвтрүүлсэн байдаг. Түүний араас мөн өдрийн 1000-1100 цагийн орчим С.А-ийг Л.От-ын хамт өөрийн 0073 ДГА улсын дугаартай “Ланд-80” маркийн автомашинаар Замын-Үүдийн авто замын боомтоор улсын хилээр нэвтрэх үед нь Гааль, Тагнуулын байгууллагын ажилтнууд саатуулан шалгасан, улмаар С.А-ээс алт хаана байгааг асуухад Л.От-ын өгсөн алтыг Г.Да- гэдэг залууд өгсөн. Одоо хил гарчихсан намайг очихыг хүлээж байгаа талаар хэлсэн. Улмаар Тагнуулын байгууллагын ажилтны шаардлагаар С.А- Г.Да- руу утсаар ярьж алтыг буцаан авчруулсан. Шүүгдэгч Г.Да-ын хувьд араас нь очиж алтыг авах байсан Л.От-, С.А- нар хил гарч чадалгүй саатуулагдсаны улмаас уг алтыг цааш нь худалдан борлуулж ашиг олох боломжгүй болсон, алт улсын хилээр хууль бусаар нэвтрэн гарснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэн зэрэг нөхцөл байдлыг Давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр Тагнуулын ажилтны шаардлагаар С.А- нь Г.Да- руу утсаар ярьж дуудсанаар алтыг биет байдлаар улсын хилээр буцаан оруулж ирснийг гэмт хэргийн онцлог байдал гэж харгалзан үзэж, хураан авсан алтан гулдмайг улсын төсөвт шилжүүлэхээр заасныг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ.
2. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.Жа-, Г.Да-, Л.От-, С.А- нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа эд мөрийн баримтаар хураагдсан 7.330.60 грамм алтыг Монголбанкинд үлдээж, Монголбанкнаас сорьц тогтоолгон цэвэршүүлсэн алтны үнэ 455.528.593.38 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим болох “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн холбогдох заалт шаардлагад нийцэхгүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
3. Хэргийг анх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаахдаа иргэний нэхэмжлэгч тогтоох ажиллагааг хийж ирүүлэх шаардлагатай гэсний дагуу мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор Ч.Мө-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч М.Жа- болон Ч.Мө- нар хоорондоо харилцан тохиролцож амаар хэлцэл байгуулан М.Жа-ы хүсэлтээр Ч.Мө- нь өөрт байсан болон бусдаас зээлсэн мөнгөндөө алт худалдан авч М.Жа-д өгсөн болох нь тогтоогдсон. М.Жа- нь бусадтай бүлэглэн уг алтыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Ч.Мө- хамааралгүй болох нь тогтоогдсон бөгөөд Ч.Мө- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг алтны хууль ёсны эзэмшигч нь биш тул анхан шатны шүүхээс түүнийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг сануулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Давж заалдах шатны шүүхээс Ч.Мө-ыг гэмт үйлдлийн улмаас эд хөрөнгөөр хохирсон нь тогтоогдсон гэж дүгнэн, Монголбанкнаас 7.324.90 грамм цэвэршүүлсэн алтны үнэ 455.528.593.38 төгрөгийг гаргуулан Ч.Мө-д олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүхийн шийдвэрт “...М.Жа- ченж Ч.Мө-аас алтыг юаниар солилцохоор тохирч зээлээр худалдан авсан учир Ч.Мө-ын хөрөнгө болох алтыг улсын төсөвт шилжүүлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн байх бөгөөд энэ алт хэний эзэмшил, өмчлөлийнх вэ гэдгийг тогтоогоогүй, шүүгдэгч нарын мэдүүлгээр алтыг худалдаж аваад, амаар их хэмжээний мөнгө зээлдүүлсэн учир энэхүү алтны эзэмшигч нь Ч.Мө- байна гэсэн нь үндэслэлгүй юм. Санхүү эдийн засгийн яамны сайдын 2002 оны 04 дүгээр сарын 30-ны 117 дугаар тушаалд алт олборлодог байгууллага, иргэд, аж ахуйн нэгжид экспортлох боломж олгосон ба экспортлоход нь Монгол Улсын сорьцын хяналтын газраар сорьц тогтоолгож дараа нь Татварын ерөнхий газарт нөөц ашигласны төлбөр хийгдсэн нөхцөлд гаалийн бүрдүүлэлт хийж хилээр гаргаж болно хэмээн заасан байдаг. Гэтэл тус 7.330.60 грамм алт нь зөвшөөрөлгүй, Улсын сорьцын хяналтын газраар сорьц тогтоолгоогүй, Татварын Ерөнхий газарт нөөц ашигласны төлбөр төлөөгүй, хууль ёсны дагуу үнэт металлыг улсын хилээр гаргах гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байхад төрийн өмч болох алтыг Ч.Мө-д шилжүүлсэн нь буруу байна. Эдгээр шаардлагыг хангаагүй этгээдийг эзэмшигч гэж тогтоосон нь буруу бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч байх атал хууль ёсны дагуу эзэмшээгүй эзэмшигчийн өмч учир буцаан олгох ёстой гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...тухайн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шилжүүлсэн, хадгалсан, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд шүүхийн шийдвэрээр эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө” гэжээ. Худалдан борлуулсан гэж Монголбанкинд тухайн ханшаар худалдах гэж буйг, эзэмшигчид үнийг төлнө гэж үнэт металлаар нь бус үнээр нь улс буюу эзэмшигчид нь төлнө гэсэн үг байтал алтыг Монголбанкинд үлдээж, Монголбанкнаас алтны үнэ болох мөнгийг Ч.Мө-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн дагуу Ч.Мө-, М.Жа- нар нь зээлийн гэрээ байгуулсан гэдэг. Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр тухайн эд зүйл шууд зээлдэгчийн өмч байдаг. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн дагуу өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрх байдаг бөгөөд энэ талаар маргаан гарвал иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна. Иймд магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Ч.Мө-ын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ хэлсэн саналдаа “Монголбанк Ч.Мө-ыг алт олборлогч буюу экспортлогч гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд буюу шүүгдэгч нарын өөрсдийн эд хөрөнгө дээр албадан хураах арга хэмжээг авах ёстой байсан. Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан эдлүүлж болохгүй гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх Ч.Мө-ыг иргэний нэхэмжлэгч гэж үзээгүй. Гэмт хэрэг үйлдээгүй этгээдийн алтыг улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байсан учир давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу Ч.Мө-ын өөрийн мөнгөөр худалдан авч, өмчлөлдөө шилжүүлсэн алтыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь шүүгдэгч Г.Да-, М.Жа-, Л.От- нарт хүлээлгэж буй Эрүүгийн хариуцлага болж чадахгүй. Шийтгэх тогтоол нь иргэний нэхэмжлэгч Ч.Мө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа юм шиг харагдаж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг зохицуулсан бөгөөд тус зүйл нь бүхэлдээ хохирогчийн хохирлыг барагдуулахад чиглэсэн. Монголбанк нь хохирогч буюу иргэний нэхэмжлэгч биш. Тус гэмт хэргийн улмаас Ч.Мө- хохирч үлдэж буй учир түүний алтыг буцаан олгох нь үндэслэлтэй. Прокурорын зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэж буй үндэслэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эд мөрийн баримтыг эзэмшигчид буцаан олгох боломжгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр адил төрлийн, чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө гэж заасан бөгөөд нэгэнт цэвэршүүлээд, сорьцтой болгон шинж байдлыг нь өөрчилсөн алтыг буцаан олгох боломжгүй учир алтны үнийг тухайн үеийн ханшаар гаргуулан авахаар заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэн Ч.Мө- нь алтны тухайн үеийн ханш болох 455.028.000 төгрөгийг буцаан авахаар болсон ч хохирол нь бүрэн барагдахгүй. Монголбанкны гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Ч.Мө-ын хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа хэлсэн саналдаа “Зөвшөөрөлгүй буюу Улсын сорьцын хяналтын газраар сорьц тогтоолгоогүй, Татварын Ерөнхий газарт нөөц ашигласны төлбөр төлөөгүй, улсын хилээр гаргах гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байхад төрийн өмчийн алтыг иргэн Ч.Мө-д шилжүүлсэн нь буруу гэсэн гомдлыг Монголбанкнаас гаргажээ. Тус байдлыг хангасан бол иргэний өмч, хангаагүй бол төрийн өмч гэж хэлээд байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх алтыг Монголбанкинд үлдээсэн ба Монголбанкаас алтны үнийг иргэн Ч.Мө-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн буруу шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь үндэслэлтэй. Иргэний нэхэмжлэгчээр иргэн Ч.Мө-ыг тогтоосон нь зүйтэй бөгөөд давж заалдах шатны шүүх алтны үнийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Тус хэргийн тухайд иргэн Ч.Мө-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй байна. Учир нь М.Жа-, Ч.Мө- нарын хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдаж, М.Жа-ы хүсэлтээр Ч.Мө- алт худалдан авсан байдаг. Улсын хилээр хууль бусаар алт нэвтрүүлсэн гэмт хэрэгтэй хамааралгүй байх тул иргэн Ч.Мө-ыг иргэний нэхэмжлэгч биш гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдсан алтны үнэ болох 455.528.000 төгрөгийг Монголбанкнаас гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.Мө-д олгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний нэхэмжлэгч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэнгийн гаргасан гомдол болон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэнгийн эсэргүүцэл зэргийг үндэслэн М.Жа-, Г.Да-, Л.От-, С.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор дамжин, улсын хилээр 455.528.593.38 төгрөгийн үнэ бүхий 7.330.60 грамм алтыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн, энэхүү гэмт хэргийг М.Жа- зохион байгуулж, Л.От-, С.А- нар хамжигчаар, Г.Да- гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд эрх зүйн байдлыг дээшлүүлж буй Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчимд тулгуурлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, улмаар тухайн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Түүнчлэн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 7.330.60 грамм алтыг эд мөрийн баримт гэж дүгнэн, уг алтыг Монголбанкинд хадгалуулсан байгааг хэвээр үлдээж, алтны үнэ болох 455.528.593.38 төгрөгийг Монголбанкнаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс зэргийг эд мөрийн баримтад тооцохоор хуульчилсан болно.
Гэмт хэргийн эд мөрийн баримтад хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, тэдгээрийн гэм бурууг нотлох, эсхүл үгүйсгэхэд ач холбогдол бүхий эд зүйлс хамаарах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссаны эцэст зохих эзэмшигч, байгууллагад шүүхийн шийдвэрээр шилжих учиртай билээ. Харин эд мөрийн баримт нь тухайн гэмт хэргийг тодорхойлох үндсэн шинжид хамаарч байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тул хураан авч, улсын орлого болгох нь зүйтэй.
Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлох эд мөрийн баримтын талаарх Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарын гаалийн шалгалтад мэдүүлэлгүйгээр, нууцаар улсын хил нэвтрүүлсэн алтны үнийг гаргуулж уг гэмт хэрэгт хамааралгүй иргэн Ч.Мө-д олгуулахаар шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй болжээ.
Иймд Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулсан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 794 дүгээр магадлалын 1 дэх заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монголбанкнаас 7.324.90 грамм цэвэршүүлсэн алтны үнэ 455.528.593.38 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.Мө-д олгосугай” гэж өөрчилсөн хэсэг болон шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН