Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 123/2015/0023/з |
Дугаар | 221/МА2016/0377 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2016/0377
2016 оны 6 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2016/0377 | Улаанбаатар хот |
“********************* Зэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Золзаяа, Ц.Батболд, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болдбаатар, Д.Батболд, Ж.Наранбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “********************* Зэт” ХХК-ийн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “********************* Зэт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус компани нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 145 тоот захирамжаар 446 га газрыг үр тарианы зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэйгээр кадастрын зураглал үйлдүүлж, мэдээллийн санд суулгуулж баталгаажуулж авсан. Бид уг газар дээрээ жил бүр төмс хүнсний ногоо, үр тариа тариалж ирсэн. Гэтэл Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” 17/178 тоот захирамж гарсан болохыг мэдсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж, бидэнд албан ёсоор мэдэгдээгүй...
2012 онд эзэмшлийн талбайн баруун хойд өнцгийн догол хэсэг буюу 1 га орчим талбайд төмс тарьж, кадастрын зураг дээрх 3, 4, 5, 6 гэж тэмдэглэсэн талбайд ойролцоогоор 1000 орчим метр урт, өргөөшөө 100 метр орчим нийт 100 га талбайд уринш хийсэн. Уринш хийсэн 100 га газарт тариалалт хийлгээгүйгээс болж их хэмжээний хохирол амсаад байна. Уг захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн үр тарианы зориулалтаар эзэмшсэн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх шалтгаанаар 446 га газрыг хурааж, 0206552 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон байсан. Бид 2011, 2012 онд уг газар дээрээ хавар нь төмс тариалж, намар 100 орчим тонн төмс хураан авч байсан. Биднийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 заалтуудыг огт зөрчөөгүй байхад нотлох баримтгүйгээр албан тушаалаа ашиглан хууль бус шийдвэр гаргасан. ...Иймд Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны 17/178 тоот захирамжийг хүчингүй болгож, 2010 оны 04 дүгээр сарын 27-ны145 тоот захирамжийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...“********************* Зэт” ХХК-д сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 145 дугаар захирамжаар Өгөөмөр 2 дугаар багийн Хар толгойн урд талын 112/945 га талбайн 446 га газрын үр тарианы зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь Газрын тухай хууль-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаар тогтоогдсон тул Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/178 тоот захирамжаар газар эзэмших шийдвэрийг хүчингүй болгосон. Газрыг эгүүлэн татах тухай 2013 оны 05 дугаар сард “********************* Зэт” ХХК-ийн удирдлагад мэдэгдэж байсан болно гэжээ.
Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болдбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “********************* Зэт” ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Тухайн 100 га газар дээр хагалсан гэх зүйл огт байхгүй. Миний хувьд Жаргалант сумын Засаг дарга Ганболдын гаргасан захирамжийн дагуу 20 га газар эзэмшиж авсан. Тухайн газартаа тариа, төмс хүнсний ногоо тарьдаг. Бид нарыг газраа авахаас өмнө тус газар нь атаршсан, сумын малчдын хадлангийн талбай бүхий газар байсан. Тиймээс газраа огт ашиглаагүй гэж бодож байна. Иймд сумын Засаг даргын захирамжийг дэмжиж байна гэжээ.
Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: “********************* Зэт” ХХК-ийн эзэмшиж байсан Хар толгой гэдэг газарт нутгийн иргэдийн хадлан хийдэг газар юм. Тухайн газрыг сумын иргэдэд хувааж эзэмшүүлсэн. МТЗ-80 трактораар 100 га газар хагална гэж байхгүй. Тус трактор нь өдөржингөө хагалж, хагалж 3 га газар хагалдаг. Миний хувьд 1960-аад оноос газар тариалантай холбогдож яваа хүний хувьд МТЗ-80 трактораар 100 га газрыг сарын дотор хагална гэж байхгүй. 9 сард уринш хийсэн гэж байна. 9 дүгээр сард трактораар газар хагалах боломжгүй. Тухайн газар атаршсан газар байсан. Тус газрыг сумын иргэдэд хувааж өгөх гэж 3 өдөр болж байсан. Тухайн үед ганц ч хүн ирж манай газар гэж хэлж байгаагүй. Газарт уринш хийсэн зүйл байхгүй. Засаг даргын гаргасан захирамжийг дэмжиж байна гэжээ.
Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 05 дугаар сарын 5-6-ны хооронд сумын иргэд газрыг нэр дээрээ шилжүүлэн авсан. Тухайн үед тус газарт нь оготно үүрлэсэн байсан. 20 га газар авсан, газрынхаа 10 га талбайд уринш хийсэн. 10 га талбайд төмс хүнсний ногоо тарьсан. Тус компанийн зүгээс уринш хийсэн зүйл огт байхгүй. Оюутан авчирч ажиллуулсан гэж байна, хаана ажиллуулсан эсэх нь тодорхой биш байна. Миний хувьд Жаргалант суманд насаараа ажиллаж амьдарч байгаа. Тухайн газраа авахдаа 3 өдөр болж байж авсан. Тус газар их хэмжээний чулуутай байсан ба 7 хоног чулууг нь түүсэн. Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа тул тус хүмүүсийн өмнөөс газраа өгөхийг хүсэхгүй байна. Засаг даргын гаргасан захирамжийг дэмжиж байна гэжээ.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Бусад гуравдагч этгээд нартай санал нэг байна. Миний хувьд тус газраас 10 га газар авсан. Одоо газар дээрээ төмс хүнсний ногоо тарьж байгаа. Тус газар атаршсан хатуу газар байсан. Жаргалант сумынхаа иргэдийг газартай болгосон Засаг даргынхаа захирамжийг дэмжиж байна гэжээ.
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “********************* Зэт” ХХК-ийн “Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17/178 дугаар захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 145 дугаар захирамжийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “********************* Зэт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа давж заалдах гомдолдоо: ...1. Гэрч Б.Дашдаваа, Г.Оюутан нар нь тус компанитай хөлсөөр ажиллах гэрээг 2011 онд байгуулж, компанийн 2 тракторыг эзэмшиж байсан, тус гэрээний үндсэн дээр 2012 онд 100 га талбайд уринш хийсэн тухай гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хэрвээ гэрчүүд худал мэдүүлэг өгсөн бол арга хэмжээ авагдах ёстой. Бид хөлсөөр ажиллуулсны мөнгөө буцаан нэхэмжлэх болоод байна. 2. 446 га талбайн хойд захад байршилтай догол хэсгийн 1 га талбайд 2012 онд төмс тариалсан тухай шүүхээс үзлэг хийж тогтоосон боловч 446 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн байх тул Хүнс хөдөө аж ахуйн газрын 2016 оны 09 тоот албан бичгийн 2012, 2013 онд 10 га талбайд төмс тариулж, 245 тн ургац хураан авсан тухай нотлох баримтыг үнэлээгүйд гомдол гаргаж байна.
3. 2012, 2013 онд намрын ургац хураалтад оюутан хөлсөөр ажиллуулж байсан тухай нотлох баримтуудыг авч байсан тухай мэдээ, ургац хураалт, уринш боловсруулалтын тайланг өгсөн үнэлэхгүй, маргаан бүхий 446 га талбайд хамааралгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь, оюутан хөлсөлж ажиллуулсан нь тогтоогдсон. Бид олон оюутныг зугаацуулж, амраах гэж хөлс мөнгө төлж аваачаагүй нь ойлгомжтой. 4. 2010-2013 онуудад төмс хураан мэдээ баримтыг үнэлэлгүй, зөвхөн “...2010 онд 300 га газарт уринш хийхээр төлөвлөж байжээ” гэж шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь 2011, 2012, 2013 онуудад хийсэн ажлуудыг үгүйсгэж, үнэлэлт дүгнэлт өгөхгүй байгаа нь илт харагдаж байна.
5. Газар эзэмшигч нь эзэмшиж байгаа газартаа хэзээ, хаана нь ямар тариалалт хийхээ өөрөө шийдвэрлэж, ямар хэлбэрээр ашиглаж, ашиг орлогоо өөрөө сонгодог. Гэтэл үр тарианы зориулалтын газарт төмс хүнсний ногоо тарьсан нь буруу гэж шүүх дүгнэсэнд гайхаж байна. Тариа ургадаггүй газарт тариа тарьсангүй гэж нэхэмжлэгчийг буруутгасанд гомдолтой байна. Маргаан үүсгээд байгаа уг газарт төмс хүнсний ногоо сайн ургадаг тул бид тэр чиглэлээр ашиглаж эхлээд байсан. 6. Засаг дарга иргэдэд газрыг эзэмшүүлэхдээ үр тариа тарихаар өгөөгүй, төмс хүнсний ногоо тарихаар газрыг олгосон байгаа нь биднийг төмс хүнсний ногоо тарьж болохгүй, ургадаггүй тариагаа тарьж алдагдалд ор гэсэнтэй адил дүгнэлт гаргасан шүүгчийн дүгнэлтэд гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “********************* Зэт” ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 144 дүгээр захирамжаар тус сумын 2 дугаар баг, Хар толгойн баруун талд 127 га газрыг, мөн өдрийн 145 дугаар захирамжаар Хар толгойн урд талд 446 га газрыг тус тус үр тарианы зориулалтаар, мөн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 159 дүгээр захирамжаар тус сумын Шинэ усны хөл нэртэй газарт 20 газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж байсан байна.
Хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/178 дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн 446 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “********************* Зэт” ХХК нь маргаан бүхий 446 га газрын 100 га газарт 2012 онд уринш хийхээр төлөвлөж байсан болохоос 2010-2013 онд уринш боловсруулаагүй, 2011, 2013 онд үр тариа, төмс хүнсний ногооны тариалалт хийгээгүй, уринш хийсэн тухай мэдээг сумын газар тариалангийн мэргэжилтэнд өгч байгаагүй зэрэг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
Иймээс нэхэмжлэгч “********************* Зэт” ХХК-ийг 2004 оны Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “тариалангийн газраа бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй, өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”, 17.2.4-д “тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаарх мэдээг сум дүүргийн Засаг даргад жил бүр гаргаж өгөх”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх” үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа “шүүхээс 446 га талбайн хойд захад байршилтай догол хэсгийн 1 га талбайд 2012 онд төмс тариалсан тухай үзлэг хийж тогтоосон боловч ...нотлох баримтыг үнэлээгүй, 2012 онд 100 га талбайд уринш хийсэн тухай гэрчийн мэдүүлэг болон 2012, 2013 онд намрын ургац хураалтад оюутан хөлсөөр ажиллуулж байсан, нотлох баримтыг үнэлээгүй, маргаан бүхий талбайд хамааралгүй гэж дүгнэсэн, 2010-2013 онд төмс хураан авч байсан тухай мэдээ, ургац хураалт, уринш боловсруулалтын тайланг өгсөн мэдээ баримтыг үнэлээгүйд гомдолтой байна” гэж давж заалдах гомдолдоо дурджээ.
Анхан шатны шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газрын уринш хийсэн талбайн захын цэгүүдийг заах боломжгүй, кадастрын зураглал дээр 3,4,5,6 гэж тэмдэглэсэн ойролцоогоор 1000 орчим метр, өргөөшөө 100 метр орчим талбайд 2012 онд уринш хийсэн гэж тайлбарлажээ. Гэвч Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Алимантуяагийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр “...иргэд 2014-2015 онуудад эзэмшлийн талбайдаа уринш боловсруулалт, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан учраас нэхэмжлэгчийн зааж өгсөн 446 га талбайн хойд хэсэгт буюу 100 га талбайд 2012 онд уринш боловсруулсан, 1 га талбайд төмс, манжин зэргийг тариалсан гэх ул мөрийг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн, нэхэмжлэгч нь тухайн газраа зориулалтын дагуу эзэмшиж байгаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ”, ХААИС-ийн Агробиологийн сургуулийн оюутнуудын 2013 оны 09 дүгээр сарын 18-09.30-ны хоорондох цагийн бүртгэл, тус сургуулийн мөнгө хүлээн авсан баримт, бэлэн мөнгөний зарлагын падаан, нэхэмжлэгч компаниас тус сургуульд хандсан 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2013-08 дугаар “Намрын ажилд оюутан авч ажиллуулах тухай” албан бичиг зэргээс үзэхэд дээрх гэрээ нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/178 дугаар захирамж гарснаас хойш хийгдсэн байх ба энэ нь маргаан бүхий захиргааны актад хамааралгүйгээс гадна маргаж буй газарт 2012 онд тухайн оюутнуудыг ажиллуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэдийгээр Г.Оюутан, Б.Дашдаваа нар нь “тус компанитай 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, тухайн компанийн эзэмшлийн трактораар 2012 оны хавар 100 га газрыг хагалахаас өмнө талбайн догол хэсгийг хагалж байсан” гэж мэдүүлэг гаргасан байх боловч хавтаст хэрэгт Б.Дашдаваа нь “Бүлээн даваа” ХХК-тай трактор түрээслүүлэх гэрээ /нэмэлт гэрээ/ хийсэн баримт авагджээ. Иймээс шүүх дээрх гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгч “********************* Зэт” ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 145 дугаар захирамжаар Хар толгойн урд талд үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн 446 га газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан болох нь дээрх байдлуудаар тогтоогдохгүй байна.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “********************* Зэт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “********************* Зэт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР