Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/502

 

 

 

 

 

 

 2023           04          07                                           2023/ЦТ/502

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Хохирогч М.Сүхжаргал, М.Мөнхжаргал,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0475/, Н.Санчиндорж /ҮД:0580/, Т.Сарантуяа /ҮД:0091/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох 1806 09201 1563  дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Ууган сүмбэр” ХХК-ийн захирал ажилтай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 6 дугаар гудамжны 186 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Гын Б /РД: /.

Хэргийн товч агуулга:

Г.Б нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авах үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй 2 өрөө орон сууцыг хохирогч М.Мөнхжаргалд худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.Сүхжаргалд 2 өрөө орон сууцыг худалдсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.Сүхжаргалын өмчлөлийн Рэнж ровер маркийн автомашины үнийн дүнгийн зөрүү 23,800,000 төгрөг, түүний эзэмшлийн 9,500,000 төгрөгт тооцсон Тоёота Приус маркийн автомашин болон хохирогч М.Мөнхжаргалын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсэн 15.800.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилан бусдад нийт 51,305,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б өгсөн мэдүүлэгтээ: “Ер нь бол надад хуурсан залилсан үйлдэл байхгүй. Надад тийм шаардлага ч байхгүй. Би үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг компанийн захирал хүн. 92,650,000 төгрөгийн материал болон ажил гүйцэтгэх төлбөрөө дуусгасан байгаа.  Би энэ хүмүүст худалдахаар анх тохиролцсон. Би өөрөө бартераар төлбөрөө төлөөд дуусгасан учир энэ хүмүүсээс залилж авах шаардлага байхгүй. Тухайн үед би өөрийн гэсэн машинтай байсан. Энэ хүмүүсээс машиныг нь залилж авах онцын шаардлага байхгүй. Яллах дүгнэлттэй холбоотойгоор би саналаа хэлмээр байна. Улсын яллагч маань яллах дүгнэлтэд тусгагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 08-09, 19 дүгээр хуудсанд хохирогч нарын анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол дээр яримаар байна. Хохирогч Мөнхжаргал болон Сүхжаргал нартай анхнаасаа ямар нэгэн наймааны тохиролцоо байгаагүй. Би ерөөсөө энэ бүх хугацаанд Сүхжаргал гэдэг хүнтэй  уулзсан ч гэж 2 удаа л харсан. Харин Мөнхжаргалтай хамгийн анх уулзаж надтай наймаа тохиролцсон байгаа. Тэгсэн чинь яллах дүгнэлтэд Сүхжаргалтай анх уулзаж наймаа хийсэн мэтээр бичсэн байна. Мөнхжаргалтай анх уулзаж байхад Сүхжаргал Монголд байхгүй гэж надад хэлсэн. Анх Мөнхжаргалтай уулзахад яллах дүгнэлтэд тусгагдсан Ренж Ровер гэдэг машиныг надад үзүүлсэн. Тэгээд бид хоёр тохиролцож, наймааны шийдэлд хүрсний дараа 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрт байрлах нотариатад нэг өрөө байрны гэрээ хийхээс өмнө Ренж Ровер машиныг би эзэмшсэн байсан. Энэ талаар хохирогч нарын гомдол болон мэдүүлгүүд нь удаа дараа зөрүүтэй байсан. Өөрөөр хэлбэл мэдүүлэг болгон дээр нь зөрүү гардаг. Энэ мэдүүлгүүдийг шинжилж үзэхэд харахад ойлгомжтой болно. Жишээ нь Ренж Ровер машиныг Мөнхжаргал өмнөх Сүхжаргалтай хийгдсэн наймаа дууссан учраас дараа нь өгсөн мэтээр гомдол болон мэдүүлэгтээ хэлсэн байсан. Хамгийн анх би Мөнхжаргалтай Ренж Ровер машины үнийн дүнг тохиролцож, Оршил констракшнаас 92,650,000 төгрөгөөр авсан байраа өгөөд бартерт нь Мөнхжаргалын 31 м2 байрыг аваад, улмаар би илүү авлагатай үлдсэн байдаг. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын сүүлээр Мөнхжаргалтай уулзсан гэж санаж байна. Бид хоёр тохиролцоогоо хийгээд нотариатын гэрээ хийхээс 7 хоногийн өмнө Ренж Ровер машиныг би захиран зарцуулах эрхгүйгээр өөртөө авсан. Учир нь бид хоёр хоорондоо тохиролцоо хийсэн учраас тэр машиныг авсан. Энэ машины асуудал дээр хоёр дахь байр гээд нэг хийсвэр юм гаргаж ирээд байна. Өөрөөр хэлбэл хоёр дахь байрны тооцоонд энэ машиныг өгсөн гээд яриад байдаг. Тэгэхээр 2 дахь байрны тооцоог надад өгөхдөө 2017 онд байгуулсан гар бичмэл гэрээгээр дээр тохиролцоод өгсөн мэтээр мэдүүлж, гомдоллодог. 2016 оны 04 дүгээр сард тохиролцоод надаас надаас авсан Оршил Констракшны 2 өрөө байрыг үзэж хараад 2016 оны 07 дугаар сард байрандаа ороод 2016 оны 11 сард тус байрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь худалдах, худалдан авах гэрээний дагуу ямар нэгэн төлбөр, тооцооны үлдэгдэлгүй гээд хохирогч нарын нэр дээр гарсан байдаг. Тэгэхэд би 2016 оны 04 дүгээр сар буюу 1 жил 3 сарын өмнө хийсэн наймааныхаа худалдах, худалдан авах гэрээг яагаад 2017 оны 11 дүгээр сард хийх юм. Үүнийг улсын яллагч маань сайн шинжилж үзээгүй юм болов уу гэж гайхаж байна. Мөн яллах дүгнэлт дээр хохирогч нарын гомдол, мэдүүлгүүд дандаа зөрүүтэй, худал байдаг. Жишээ нь: Баянбүрдийн уулзвар дээр хоёр өрөө байр үзүүлсэн. Гэхдээ 16,950,000 төгрөг бэлнээр өгсөн гэж Сүхжаргал гаргасан гомдолдоо тусгасан байдаг. 16,950,000 төгрөгийн эх сурвалж нь хаанаас гарсан юм бэ гээд асуухад тухайн үед би архины бизнес эрхэлдэг байсан тул 60,000,000 төгрөг эргэлддэг байсан. Тийм учраас надад бэлэн мөнгө байсан тул энэ мөнгөнөөсөө өгсөн юм гэж мэдүүлсэн байдаг. Бас нэг мэдүүлэг дээрээ дүүгээ байртай болгохын тулд өөрийнхөө байрыг барьцаанд тавиад 16,950,000 төгрөгийг өгсөн гээд Мөнхжаргал, Сүхжаргалын хувьд мэдүүлгүүд нь байнга зөрдөг. Энэ асуудлыг бас шинжлэн судалж үзээгүй юм болов уу гэж бодож байна. 77-99 гээд Ренж Ровер машиныг надад өгнө гэж хэлж, анх надад Мөнхжаргал итгүүлэхдээ манай ах гадаад байгаа ахын нэр дээр байгаа учраас ахыг гадаадаас ирэхээр би чамд гэрээ контрактаар ороод шилжүүлж өгье гэсэн. Тэгээд надад машинаа 48,000,000 төгрөгөөр өгч тооцоод явуулсан. Тэгээд би 92,650,000 төгрөгийн байрыг өөрийн нэр дээрээс Мөнхжаргал, Сүхжаргалын ээж буюу Санжмаагийн нэр дээр шилжүүлэх гээд Оршил констракшн руу орон сууц захиалгын гэрээг Санжмаагийн нэр дээр шилжүүлж өгнө үү гээд албан тоот хүргүүлсэн. Улмаар энэ улсууд маань 2018 оны 07 дугаар сард байрандаа орсон байдаг. Өөрөөр хэлбэл 04 дүгээр сард энэ наймаа хийгдээд хоёр сарын дараа энэ байрандаа нүүж орсон. Мэдүүлэг дээр бас суурь тавигдаж байсан байр гэж мэдүүлдэг, мөн 11а байрны 63 тоот 2 өрөө байрыг үзээд гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл мэдүүлэг өгөх болгондоо яриа нь зөрдөг. Би одоо ингээд бодоод байхад энэ хүмүүс намайг анхнаас ашиглах сэдэлтэй байсан юм болов уу гэж сэжиглэж байгаа. Энэ нь юугаар илэрч байна вэ гэхлээр надаас 96,650,000 төгрөгийн Оршил констракшны байрыг би ямар нэгэн татгалзах зүйлгүйгээр өөрийн эзэмшлээс хохирогч нарын талд шилжүүлж өгсөн байдаг. Ийм болохоор намайг ашиглах сонирхол  байсан юм болов уу гэж би боддог. Уг сонирхол юу вэ гэхлээр надаас байр авах санал ирж л байсан. Анхны байран дээр гэхэд би Ренж Ровер машиныг авах сонирхолгүй байсан. Тухайн үед Мөнхжаргал ярихдаа ээж өндөр настай, биеийнх нь эрүүл мэнд нь муу байгаа болохоор нэг өрөө байранд байхад хүндрэлтэй байгаа тул тусдаа өрөөтэй байранд орох сонирхолтой байна гэдэг. Би тухайн үед Ренж Ровер машиныг авахгүй, өөрсдийн чинь тавьсан зар болохоор нэг өрөө байраа өгөөд зөрүүд нь 2 өрөө байр болгоё гэсэн байсан. Тэгээд би Ренж Ровер машиныг авахгүй гэхэд өндөр настай ээжийнхээ талаар хэлж надад итгүүлээд надад тухайн машиныг анх өгсөн байдаг. Ренж Ровер  гэх машин нь ямар нэг байр болон ирээдүйд авах байрны тооцоонд орохгүй гэдгийг энэ хэргийн гол ойлгох ёстой зүйл нь юм. Тэгээд ч би энэ Ренж Ровер машиныг одоог хүртэл ашиглаж чадаагүй байгаа. Энэ хугацаанд өөрийн компанийн хувьцаа эзэмшигч Буяннэмэхэд өгч унуулж байсан. Тээврийн Цагдаагийн албаны ажилтан, цагдаагийн албан хаагч бичиг баримт шалгах гээд зогсооход машины бичиг баримт нь Сүхжаргалын нэр дээр байсан. Улмаар цагдаагийн албан хаагч Сүхжаргал руу гар утсаар холбогдоход “наад машиныг чинь 2 жилийн өмнө хулгайд алдсан” гэж хэлээд  журмын хашаанд хийлгэсэн байдаг. Хамгийн гол нь Сүхжаргал, Мөнхжаргал нартай тус тусад нь наймаа тохиролцоо хийсэн юм мэтээр энэ хэргийг бүхэлд нь авч зээд байгаа. Энэ бол тэр чигтээ буруу юм. Би Сүхжаргал гэдэг хүнтэй “сайн байна уу та” гээд хоёр удаа л харилцаж байсан. Түүнээс биш би  Сүхжаргалтай наймаа тохирох зэргээр ямар нэгэн харилцаа үүсгэж байгаагүй. Өмнө нь 32 м2 орон сууцыг Одончимэгийн нэр дээр, өөрийн хамтран эзэмшигчээс шилжүүлж авах гээд  нотариат дээр нэг удаа таарч байсан. Мөн тоёота приүс 20 маркийн машиныг шилжүүлж байхад 2 дахь удаагаа таарч байсан. Энэ дээр Ренж ровер машиныг надад захиран зарцуулах эрхгүйгээр өгчхөөд Мөнхжаргал ахыг ирэхээр шилжүүлж өгнө гэсэн мөртөө ах нь ирсэн гэсэн ч өгдөггүй байсан. Би тэгэхээр нь машинаа шилжүүлж чадахгүй бол миний мөнгийг өг, би та нар байраа 100 хувь шилжүүлээд өгчихсөн, та нар одоо ороод амьдарч байгаа, дээр нь гэрчилгээгээ өөрсдийн нэр дээрээ гаргаад авчихсан гэдэг үндэслэл ярихаар надад шилжүүлэх боломжгүй байна гэх мэтээр ямар нэгэн зүйл яриад хойшлуулаад байдаг байсан. Гэтэл энэ талаар мэдүүлэхдээ 2 дахь байрны гэрчилгээг авсны дараа Ренж роверын нэрийг шилжүүлэхээр тохирсон гэж ярьдаг. Гэхдээ тоёота приүс 20 маркийн машины нэрийг шилжүүлээд өгсөн байдаг. Энэ нь бол надтай нэг л байрны наймаа хийсэн байсан, тэр байрныхаа наймааг хийсэн гэдгийг батлах баримт юм. Гэхдээ Ренж роверын нэрийг шилжүүлж өгөхгүй байсан шалтгаан нь бас нэг байр хямдхан авах санаа зорилготойгоор албаар саатуулсан гэж үздэг.  Учир нь намайг Мөнхжаргал яг он сарыг нь санахгүй байна шөнийн 01 цагт танихгүй залуугаар дуудуулж гаргаж ирээд чи энэ хүнд өртэй, тэр байраа хямдхан тохироод өгчих гэдэг сүрдүүлэгт оруулж намайг цохиж, зодсон асуудал гардаг. Энэ  асуудлаар би маргааш нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаад Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсан байдаг. Үүнээс үзэхэд би ямар нэгэн гэрчилгээ нь гараагүй байрны наймаа хийгээгүй. Харин надад байр авах хүсэлтэй гэдгээ надад илэрхийлдэг байсан. Өмнөх байрны тооцоо дуусаагүй. Гэхдээ надад бартераар энэ компаниас байр санал болгож байна. Та нар очоод үзчих. Хэрвээ та нарт тэр байр чинь таалагдвал хэдүүлээ хоорондоо тохиролцъё, болохгүй гэх зүйлс байхгүй гэдэг зүйл ярьдаг байсан. Түүнээс биш би байр өгнө, тэгэхээр надад мөнгө өг гэдэг зүйлс ярьдаггүй байсан. Энх бүхнээс харахад энэ хүмүүс анхнаасаа тийм хямд үнэтэй байртай болох гээд надтай холбогдсон байх гэж би боддог. Яллах дүгнэлтэд бичигдсэн тоо, үнийн дүнгүүд байдаг. Намайг 16,950,000 төгрөг өгчих гэдэг байсан. Тэгэнгүүтээ үлдэгдэл 16,790,000 төгрөг гээд хаанаас энэ тоонуудыг гаргаж ирээд байна вэ. Би хүнээс мөнгө авахдаа яг 16,950,000 төгрөгийг өгчих гээд гаргуулаад авсан юм шиг.  Ер нь хүмүүс  намайг хийхдээ тийм сондгой тоотойгоор  буюу үлдэгдлийг нь 16,790,000 төгрөг гээд тохиролцдог зүйл хаана ч байхгүй байх гэж бодож байна. Улсын яллагч энэ тооныг учир дутагдалтай судалсан гэж үзээд байгаа. Надаас Тоёота алфард худалдаж авч байсан. Энэ машиныг худалдаж авсан үнийн дүн орсон байхыг ч үгүйсгэхгүй. Энэ нь байрны тооцоонд орсон байхыг үгүйсгэхгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Мөн Мөнхжаргал надтай тохироод Бөхжаргал гээд эрэгтэй дүүд нь 6,000,000 төгрөгөөр тооцож, нотариатын гэрээгээр шилжүүлж өгсөн байгаа. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Миний нотлох баримтууд дандаа улсын тамга, тэмдэгтэй  байдаг. Ер нь бол энэ болсон бүх зүйл Мөнхжаргал бид хоёрын хооронд болсон. Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон мэдүүлэгтээ надад 16,950,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн байдаг. Гэхдээ би 16,950,000 төгрөгийг бол аваагүй. Мөнгөн дүнгүүдийг нэг юмтай тааруулах гээд байгаа юм шиг зохиосон юм шиг. Сүхжаргалтай би сайн байна уу гээд 2 удаа дуугарсан байхад бид хоёрын дунд ямар нэгэн наймаа, тохиролцооны харилцаа ч байгаагүй. Тэгээд ер нь эцэс нь хэлэхэд би өдийг хүртэл хохирчхоод явж байна. Байрныхаа тооцоо буюу 92.650.000 төгрөгийг бүрэн гүйцэт ч энэ хүмүүсээс авч чадаагүй. Би энэ хугацаанд энэ улсуудаас машинаа шилжүүлэх гээд мөнгөө өг, төлбөрөө өгчих гээд удаа дараа шаардлага тавьдаг байсан. Энэ хүмүүс надад Ренж ровер машиныг шилжүүлж өгөхгүй гээд дараагийн байр гэдэг асуудлыг надад үүсгэсэн. Би энэ улсуудад ашиглалтад ороогүй, гэрчилгээ нь гараагүй байруудыг үзүүлж байгаагүй. Одоо болохоор Ренж роверыг урьдчилгаанд нь өгсөн гээд яриад байгаа. Би Офицеруудын ордонд байрлалтай ашиглалтад орсон 3 өрөө байр, Баянбүрд байрлалтай ашиглалтад орсон 2 өрөө байруудыг би үзүүлсэн. Эдгээр улсууд мэдүүлэг дээр 63.8 м2 гээд метр квадратаар нь хүртэл ярьдаг. Хүн амьдарч байгаа гэж хүртэл ярьдаг. Баянбүрдийн байрыг үзүүлэхийн тулд өөрөө ч ярьж үзүүлээгүй. Надад санал тавьсан компанийн хүмүүстэй холбогдож өгч үзүүлсэн. Би үндсэндээ хохирсон мөртөө хохирлоо нэхэмжилж чадахгүй байдалтай энэ хугацаанд явж байсан. Би бол нэхэмжлэл үүсгэх хүсэлтэй байгаад байдаг. Өөр ярих зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мөнхжаргал өгсөн мэдүүлэгтээ: “Би Бийн яриаг сонслоо. Ер нь бол бүгд худал өөрийгөө өмгөөлж, хамгаалсан байдлаар ярьж байна.  Нэгт намайг танихгүй байж надаас 2 машин авах юм уу. Мөн намайг танихгүй байж надаас 1 өрөө байр авах уу. Энэ талаар бодох хэрэгтэй. Хоёрт Мөнхжаргалаас гэж ярьж байна, манай ээжийг даралт ихтэй гэж ярьж байна. Энэ наймааг Б миний ээж, дүү хоёрыг бодож хийсэн гэж байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Хоёр хүн наймаа хийж байгаа тохиолдолд харилцан тохиролцсоны үндсэн дээр хийдэг гэж бодож байна. Гар бичмэл зурсан гарын үсгийг Б миний гарын үсэг биш гэж ярьж байна. Гэхдээ энэ гар бичмэл гэрээ чинь 2017, 2018 онд хийгдсэн. 1 жилийн зайтай гэрээ хийсэн байхад 1 жилийн дараа дахин очиж би энэ хүнээр гарын үсэг зуруулахгүй. Энэ хүнд надад ямар нэгэн мөнгөний тооцоотой байсан учраас энэ гэрээг хийсэн гэдэг нь 100 хувь харагдаж байгаа байх. Бэлэн мөнгө өгсөн гэдэг дээр тайлбар хэлэхэд Бт манай дүү Мөнхжаргал мөнгө өгсөн. Бэлэн мөнгө авч байсан гэдгээ өөрөө сая хүлээн зөвшөөрлөө. Ер нь бол 16,950,000 төгрөгийг бэлнээр авлаа гээд гар бичмэл гэрээн дээр бичсэн байгаа. Энэ үнийн дүнг улсын яллагч оруулаагүй байх. Учир нь энэ дүн чинь шүүх хурал дээр шийдвэрлэгдэнэ гээд өмнөх прокурор хэлж байсан.  Шат, шатны прокурор дээр Б гомдол гаргасан боловч энэ үйлдэл залилангийн гэмт хэргийн шинжтэй байна гээд энэ хэргийг шүүх рүү явуулсан гэж  би бодож байгаа. Бид нарт Оршил констракшны ашиглалтад ороогүй байр өгсөн. Энэ байр 08 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад орсон. Б надтай гэрээ хийх үеэр буюу 04 дүгээр сард цутгалтын явцтай явж байсан. Надаас хөөсөнцөр авах шаардлагатай байна гээд бэлэн мөнгө, машин, байр авсан. Ашиглалтад орсон байр ашиглалтад ороогүй байрнаас хямд байна гэж байхгүй. Б сая хэлж байхдаа би өөрөө захиралтай нь холбогдож тэр албан бичиг болон захиалгын гэрээг хийж байсан гэсэн. Захиалгын гэрээний 4.4-т төлбөрийн нөхцөл байгаа. Энэ төлбөрийн нөхцөл дээр тус компани дээврийн фасадын ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн байдаг. Б хүлээн зөвшөөрснөөр миний ээжид захиалгын гэрээ очсон байгаа. Б өөрөө тэр захирал руу нь албан бичиг явуулж өр төлбөргүй гэсэн гэрээг хийлгэсэн. Төд удалгүй 5 хоногийн дараа байрны эзэмшлийн ордер нь миний ээж Я.Санжмаа болон  хамтран эзэмшигчээр М.Сүхжаргал гэж гарсан байгаа. Энэ байрыг банк бусд тавьсан гэснийг бид нарыг худал ярьж байна гэж байна. Хавтаст хэрэг дээр энэ байрыг 2 удаа банк бус дээр тавьсан. Нэг удаа Худалдаа Хөгжлийн банк дээр тавьж би зээл авсан. Энэ талаар нотариатаар баталгаажуулсан гэрээг хавсаргаж өгсөн байгаа. Энэ байрны ордер Оршил констракшнаас 11 дүгээр сарын 25-ны өдөр миний нэр дээр гарчихсан. Бүх юм шийдэгдэж энэ наймаа дууссан. Тэгэнгүүт Б зохиомол байдлыг үүсгэж, итгэлцлийг ашиглаж, бид нараас бэлэн мөнгө авсан. Мөн манай бага дүүд хөөсөнцөр авах материалгүй байна гэж холбогдоод алфард машиныг бэлэн мөнгөөр зарсан талаар нотариатаар баталгаажуулсан баримтыг хавсаргасан байгаа. Ерөнхийдөө Б бэлэн мөнгө болон миний приүс маркийн машиныг 2017, 2018 онд авсан байгаа. Энэ нь болохоор орон сууц захиалгын гэрээг улсын бүртгэлийн ажилтан бүртгээд Я.Санжмаа болон М.Сүхжаргал эзэмшигч мөн юм гэж бүртгээд ордер нь гарсан байгаа. Б болохоор байрны ордер гарчихсан гэсэн, надад өртэй гэж яриад байна. Наймаа дээр хэзээ ч тийм юм байхгүй. Тэр захиалгын гэрээг уншаарай. Ер нь бол захиалгын гэрээний 4.4 болон 7.3-т заасан байгаа. Энэ байранд ороод гэрчилгээ нь гарсан тохиолдолд тухайн байрны эзэмшигч нь мөн гээд гэрээн дээр заасан байгаа. Эхний наймаа бол ном журмаар хийгдсэн байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Сүхжаргал өгсөн мэдүүлэгтээ: “Долоон жилийн хугацаанд өнгөрч энэ шатанд ирсэндээ баяртай байна. Манай ах бид хоёр Сансарт ашиглалтад орсон 2 шинэ байрыг ахын нэр дээр авсан. Манай ах хөдөө ажилладаг болохоор надаар зар тавьсан. Ихэнхдээ бид хоёр харьцсан. Ренж ровер машин байсан. Над руу дахин дахин залгаад байсан. Дахин 2 өрөө байртай болох гэж байгааг мэдсэн. Хас банкны байранд 1,750,000 төгрөгөөр зарсан байгаа. Тэгэхээр нь 165,000 төгрөгтэй байсан. Хажуугаар нь уурхайд ажилладаг байсан. Би нэг дор орохгүйгээр цувуулж авсан. Надад бэлэн мөнгө байхгүй болохоо байр байсан. Материал байхгүй болчихлоо гээд ямар нэг шалтгаан хэлдэг. Одоо ажил зогсох гээд  байн гээд надаас байнга мөнгө авдаг байсан. Манай байр хотын төвд буюу Сансарт байсан. Харин шүүгдэгчийн байр нь хотын захад байсан. Бид нарыг худал мэдүүлэг өгч байна гэж байна. Хохирлоо тогтооё гэсэн. Улсын үнэлгээгээр үнэлүүлсэн. Нотариатын асуудлыг яриад байна. Бид нар Хас банкны захиралд зарсан. Энэ хүн анхнаасаа бид хоёрыг залилах санаа, зорилготой байсан. Тухайн үед 55.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэсэн үнэлгээ байгаа. Альфард машины асуудлыг хэлэхэд надаас дахин шантаачилж мөнгө авсан. Тэр альфард нь ерөөсөө явдаггүй байсан. Энэ бол тооцоонд ороогүй. Энэ хүнд би маш хэмжээний мөнгө өгсөн. Надаас авсан баталгаажаагүй мөнгө байгаа. Би дансаар өгсөн 15,800,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүний мэдүүлэг өгөөд байна. Энэ хүн чинь худлаа яриад байгааг нь мэдээд байгаа юм байна. Би төрийн байгууллагад итгэж байна. Энэ хүний гарын үсэг мөн байна гээд шинжээчийн дүгнэлт байгаа. Би олдохгүй байсан. Энэ хүн бол эрэн сурвалжлагдаж байсан. Манай байрыг 33,000,000 төгрөгөөр зарсан гээд байна. Бид нар өөрсдөө авахдаа 1,550,000 төгрөг өгсөн. Ренж ровер машиныг байраа шилжүүлж аваагүй юм. Энэ хүмүүс өөрсдөө унасан гэдгээ хэлж байна. Эхнийх байрны Тэгвэл яагаад ийм олон байрнууд үзүүлсэн юм. Тэгэхэд би ээжтэйгээ очиж үзсэн. Наймаагаа  хийе гэж байсан. Тэгвэл зарах гээгүй бол худал чулуу хөөлгөөд байна. Би байртай байсан хүн. Би 7 жил түрээсийн байраар явж байна. Би дахиад байр авах хэмжээний түрээсийн мөнгө төлж байна. Би өмгөөлөгчөөсөө татгалзаж байна. Би санаатай саад учруулаад байна гэж үзэж байна. Энэ хүнийг шүүхээр шударга шийдүүлмээр байна. Ахиж өөр хүний амьдралаар наадаж, ингэж хохироохыг хүсэхгүй байна. Ренж ровер машиныг Баянзүрхэд хүртэл унаж явж байсан. Бид нар өнөөдрийг хүртэл энэ машиныг унаагүй. Надаас бэлэн мөнгө авснаа санахгүй байж 16,950,000 аваагүй гэдгээ санаж байна. Тэрийг би даанч гарын үсгээр баталгаажуулж аваагүй юм. Бичлэгт хүртэл байхгүй. Тийм учаас надад байраа зарсан бэлэн байгаа. Тийм харилцаа оддоо ч байдаг. Гэрчилгээ байхгүй гээд надаас мөнгө авдаг байсан. нэгдүгээрт үлдэгдэл мөнгөн дээр орсон. Дараагийн байранд орсон юм. Мэдэхгүй зүйлийнхээ хэргийг яриад байх юм...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Иргэн М.Сүхжаргалаас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан бусдад машин болон нийт 16,950,000 төгрөгийг өгсөн боловч залилуулсан” гэх, М.Мөнхжаргалаас 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан “бусдаас байр авахаар тохиролцож нийт 15,800,000 төгрөгийг өгсөн боловч залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.07,18/,

Иргэн М.Сүхжаргалаас бичгээр гаргасан: “... 1 өрөө байрыг 51,200,000 төгрөгөөр бодож өгсөн. Харин Бийн 2 өрөө байрыг 65,400,000 төгрөгөөр авахаар болсон. Мөн би өөрийн өмчлөлийн Рэнж ровер маркийн автомашинаа 38 сая төгрөгт тооцож өгөхөд Б надад 23,800,000 төгрөгийн зөрүү өгөхөөр болсон. Манайх 2016 оны 07 сард байрандаа орсон. Ингээд энэ хүнд итгэж Баас авах байсан 23,800,000 төгрөг дээрээ нэмж мөнгө өгөөд өөрийн дүү Мөнхжаргалд 2 өрөө байр авч өгөхөөр болж өөрийн өмчлөлийн Приус 20 маркийн автомашинаа 10 сая төгрөгөөр бодож өгсөн... энэ хүнд итгэж 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хүлээсэн... 2018 оны 09 сард Баянбүрдийн хажуу талд 69,2 м.кв байр үзүүлээд “энэ байрыг танайд өгье” гэсэн... уг байраа “83,040,000 төгрөгөөр буюу 1м.кв нь 1,200,000 төгрөгөөр бодож өгнө... одоо та нар 16,950,000 төгрөг нэмээд өгчих, тэгвэл өмнө өгсөн мөнгөнүүдээ бодоод үзэхээр энэ байрны үнээс 17,790,000 төгрөг үлдэх юм байна, энэ мөнгөө боломжоороо өгчих, хүү авахгүй” зэргээр боломжийн нөхцөл тавьсан тул дүүгээ байртай болгохын тулд би өөрийн байрыг барьцаанд тавьж зээл аваад 16,950,000 төгрөгийг бэлнээр өгсөн...“ гэх гомдол /хх.1.08-09/,

Иргэн М.Мөнхжаргалаас бичгээр гаргасан: “... 2018 оны 09 сард мөн яриад “байраа авъя” гэхэд “за одоо 2 хоногийн дараа гэхэд бүх асуудлаа дуусгая, байрыг чинь өгье, харин одоо 1,200,000 төгрөг өгчих” гэхээр нь байртай болохын тулд 1,200,000 төгрөг өгсөн... энэ хүнд зөвхөн дансаар өгсөн мөнгөө тооцож үзэхэд 15,800,000 төгрөг болж байна. Мөнгөө өгөхдөө Бийн Хаан банкны 5034618830 тоот данс болон 5035328220 тоот дансаар өгсөн...” гэх гомдол /хх.1.19/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолууд /хх.1.13, 29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Сүхжаргалын өгсөн: “... Би өөрийн дүүгийн хамт 1, 1 өрөөнд амьдардаг байж байгаад бид хоёр байраа 2, 2 өрөө болгож томруулахаар ярилцаж 2016 онд “1 өрөө байрыг 2 өрөө болгож сольж, зөрүү өгнө” гэсэн зар тавьсан юм. Ингээд зарын дагуу Б гэх залуу яриад надтай уулзаад манай байрыг үзээд надад хэлэхдээ “ордертой байр хэрэгтэй байгаа, би барилгын хөөсөнцөр хийгээд барилгуудад нийлүүлж бартераар байр авдаг юм. Танай энэ байрыг аваад Оршил констракшны 2 өрөө байраар сольё оо” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 11 а байрны 63 тоот 2 өрөө үзээд авахаар болоод би өөрийн нэг өрөө байраа 51,200,000 төгрөгт бодоод зөрүү мөнгө өгөхөөр тохиролцож, Бийн байрыг 65,400,000 төгрөгөөр бодоод би Бт 14,200,000 төгрөгийн зөрүү өгөхөөр тохиролцоод байрнуудаа солилцоод ямар нэгэн асуудалгүй наймаа хийсэн. Ингээд би өгөх ёстой 14,200,000 төгрөгтөө дүүгийнхээ байрыг зараад оронд авсан Ренж Ровер маркийн 7799 УНР улсын дугаартай машиныг Бт 38,000,000 төгрөгөөр зарахаар болоод Бт өгөх ёстой 14,200,000 төгрөгөө хасуулаад Б надад 23,800,000 төгрөгийг өгөхөөр болсон. Ингээд манай дүү Баас миний адил байр авахаар ярилцаад Бтай дүү бид 2 ярилцаад Б "Олимп хотхонд 2 өрөө байр байна” гэж хэлэхээр тэрийн авахаар болоод /очиж үзээгүй/ би Баас авах ёстой 23,800,000 төгрөгөө дүүгийнхээ урьдчилгаанд бодож тооцон өгөөд машины нэрийг байрандаа орсны дараа шилжүүлэхээр болсон. Б дүү бид хоёртой уулзаад миний унаж байгаа приус 20 маркийн машиныг авмаар байна, эхнэр хүүхдээ зөөмөөр байна гэж хэлээд аваад явсан. Хэд хоногийн дараа өөр хүнтэй ирээд “энэ хүнд машиныг шилжүүлж өг, би хөөсөнцрийн түүхий эд авсан өрөндөө өгмөөр байна” гэж хэлэхээр нь би нөгөө хүнд нь машиныг шилжүүлж өгсөн. Тэгээд Б байраа өгөхгүй яваад байсан. Асуухаар "байрнууд ашиглалтад ороогүй байна, удахгүй” гэж хэлээд яваад байдаг байсан. Тэгсээр байгаад 2 жил болоод 2018 оны 09 дүгээр сард Бтай уулзаад асуухад “бүгдээрээ тооцоо нийлмээр байна” гэж хэлээд тооцоо нийлээд Б бид хоёрт "Баянбүрдийн тэнд байр байна, очоод үз” гэж хэлээд би дүүгийн хамт очиж үзсэн. Тэгээд "боломжийн байр байна, энэ байрыг чинь авъя аа” гэж хэлэхэд тооцоо нийлэхээр болоод дахин тооцоо нийлээд тохиролцоод манай дүү 17,790,000 төгрөгийг өгөхөөр болоод манай дүү бид 2 цувуулаад нийт 16,950,000 төгрөг өгсөн. Тэгээд байрандаа орох гэтэл Б “тэр байр чинь зуслангийн байшин 2 дагалдаж зарагдах юм байна, заавал энэ байшин газрын ав” гэхээр нь бид 2 “бид анхнаасаа ингэж яриагүй, байр авна гэж ярьсан шүү дээ” гэж маргалдсан.Тэгсэн чинь Б "Ривэр гарденд барилгын гүйцэтгэл хийж байгаа, тэндээс ч байр авч өгье” гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш утсаа авахгүй, манай байранд байж байгаад 2018.10.07-ны өдөр гэрээсээ нүүж ... түүнээс хойш хаана байгааг нь мэдэхгүй цагдаад хандаж байна...”  гэх мэдүүлэг /хх.1.15-17/,  

“... Анх над дээр ирэхдээ “ордертой байр хэрэгтэй байна, би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байр барьж байгаа “Оршил констракшн”-аас барилгын фасадын ажил авсан. Таны байрыг би авъя, би хөөсөнцрийн үйлдвэртэй учир материал нийлүүлж байгаа” гэж хэлсэн. Бид хоорондоо ярьж тохироод барилга дээр нь очиж үзэхэд суурь нь тавигдаж байсан байр байсан ба 6 сар хүлээсний дараа ашиглалтад орно гэж хэлсэн. Намайг “Оршил констракшн” дээр аваачиж худалдах, худалдан авах гэрээ байгуулж үлдэгдэл төлбөрийн мөнгөө барилгын материал нийлүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан. Тухайн гэрээг манай ээж өөрийн нэр дээрээ хийсэн юм. 2016 оны 08 дугаар сард уг байр ашиглалтад ороод гэрчилгээ нь гарч байранд орсон. Г.Бтай анх ярилцаж тохиролцсон 32м.кв байрыг шилжүүлэх үед уг байр миний нэр дээр бүртгэлтэй байсан. Байраа 1м.кв 1,600,000 төгрөгөөр бодож нийт 51,200,000 төгрөг үүн дээр Рэнж ровер машинаа 38,000,000 төгрөгөөр бодсон. Нийт 89,200,000 төгрөгийн хөрөнгө өгсөн ба 54.5 м.кв байрыг 65,400,000 төгрөгөөр бодож аваад надад 23,800,000 төгрөг өгөх ёстой байсан... тухайн үед баригдаагүй байрны захиалга 1 м.кв 1,300,000-1,350,000 төгрөгөөр авч байсан. Миний ордер гарсан шинэ байрыг Г.Б 1 м.кв-ыг 1,700,000 төгрөгөөр бодож авч байсан юм. Тухайн үед би “Сүмбэр цамхаг” ХХК-аас уг байраа 1 м.кв 1,650,000 төгрөгөөр авч байсан. Миний 32 м.кв байрыг өөр хүний нэр дээр шилжүүлж өгөөд оронд нь барилгын материал авсан юм. Тухайн үед буюу 2016 оны 04 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт худалдах, худалдан авах гэрээ хийхдээ “байрны үнэлгээ өндөр байгаа учир төлбөрийн мөнгө их гарах гээд байна, үнийг нь бага хэлээд үнэлье” гэж хэлэхээр нь 34,000,000 төгрөг гэж бичүүлсэн юм. Би уг байрыг Бт 1 м.кв-ыг 1,600,000 төгрөгөөр бодож өгсөн. Тухайн үед би “АПУ” ХК-д гэрээт борлуулагч хийдэг байсан ба уг компаниас урьдчилж бараа авч байгаа тохиолдолд үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг байсан юм. Тэгээд би уг байрыг барьж байгаа компанид хандан албан тоот гаргуулж авч байсан юм. Би мөнгө төгрөгөө бүрэн өгөөд барагдуулсан. Бид хоёрын байрны асуудал дууссаны дараа миний дүү Мөнхжаргалд мөн байр хямд авч өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.135-136/,

“... миний зүгээс бол уг хүн 2 удаа уулзаад сууж байхдаа миний дүү гар бичмэл хийгээд гарын үсэг зураад явсан юм. Удаа дараа уг хүн байрыг чинь авч өгнө гэж хэлж байсан. Нэмээд хэлэхэд уг хүний хувьд бол надтай уулзаж байхдаа байрыг чинь авч өгнө гэж ярьж байсан дүрстэй болон ярианы бичлэг байгаа юм...“ гэх мэдүүлэг /хх.1.182-183/,

“... байр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Төлбөрийн нөхцөлийг барилгын материалаар бартердсан, Учир нь манай нэг өрөө байрыг Б нь зараад барилгын материал болгочихсон. Надаас бэлнээр 5 сая төгрөгийг Кино үйлдвэрийн нотариат дээр байрны ордер шилжүүлж байхад авсан. Мөнгө төгрөг өгсөн талаарх ямар ч баримт байхгүй... машины гэрчилгээг байрны ордер гараагүй учраас шилжүүлээгүй байсан юм... 2016 оны 07 сард Баас худалдаж авсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Да хүрээгийн 11а байрны 63 тоот 2 өрөө байрандаа орсон. Байранд ороод удаагүй байхад миний унаж байсан Приус 20 маркийн машиныг 9,500,000 төгрөгт бодож Б авсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа ... машиныг өөр хүний нэр дээр шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Оршил констракшн” “АПУ” ХК-д 04/296 дугаартай албан бичгээр ерөнхий захирал М.Насантогтох нь манай ээж Я.Санжмааг өр төлбөргүй гэсэн албан бичиг өгсөн. Байрны ордер 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарсан... 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б тооцоо нийлж гараар нийлсэн тэмдэглэлд өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан... 11а байрны 63 тоотын төлбөрийг 100 хувь төлчихсөн. Харин дүү Мөнхжаргалын 1 өрөө байрыг 2 өрөө байр болгох байранд хамруулах зорилгоор дараагийн байрны урьдчилгаанд машин өгсөн... Б байраа өгөөгүй байсан учраас машины гэрчилгээг шилжүүлж өгөөгүй, миний нэр дээр байсан. Буяннэмэх гэж залуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад замын цагдаад баригдаж машинаа журамлуулсан байсан... одоо машин нь паласын журмын хашаанд байгаа...” гэх мэдүүлэг /хх.2.14-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхжаргалын өгсөн: “... Манай ах Сүхжаргал нь байраа томруулах болоод надаар байраа заруулах зар тавьсан юм. Ингээд над руу Б гэх залуу залгаад “танай байрыг үзмээр байна, надад 2 өрөө байр байна” гэж хэлэхээр нь би тэгье гээд Б манай ахын байранд анх ирж уулзаад “би энэ байрыг чинь энэ хүмүүст зарж байгаа юм, танай байрыг гэрчилгээтэй гээд авах сонирхолтой байна, надаас авах байрныхаа гэрчилгээг хүлээхгүй гээд байна, та нар байраа шилжүүлээд өгчих, тэгвэл би байрныхаа гэрчилгээг өгмөөр байна” гэж хэлэхээр нь манай ах “үгүй, байрныхаа гэрчилгээг баруун зүүнээрээ сольж наймаа хийвэл хийе” гэж хэлэхэд гуйсаар байгаад наймаа хийхээр болоод манай ах нөгөө хүмүүст нь байраа шилжүүлж өгөөд Баас 16 дугаар хорооллын байрыг авахаар болоод ашиглалтад ороогүй байсан учир худалдах, худалдан авах гэрээ хийгээд байраа хүлээж байгаад орсон юм. Ингээд манай ах өөрийн байраа 51,200,000 төгрөг бодож өгөөд Бийн байрыг нийт 65,400,000 төгрөгөөр авахаар болоод энэ 2 байрны зөрүү 14,200,000 төгрөгийг манай ах Бт өгөх ёстой болсон. Ингээд манай ах байрандаа ороод ямар нэгэн асуудалгүй дууссан... би бас өөрийн байраа томруулахаар болоод өөрийн байраа Ренж Ровер машин оролцуулаад өөр хүнд зарсан байж байтал Б тухайн үед “чи бас байр авахыг хүсэж гэж байгаа юм уу, надад олон байр байна, чи надад мөнгөө цувуулаад дээр нь Ренж ровер машинаа өгөөд уян хатан нөхцөлтэйгөөр байр ав” гэж хэлсэн. Энэ машин тэгэхдээ манай ахын машин болох ёстой байсан. Тэгэхээр нь би ахад хэлээд Бт өгөх ёстой 14,200,000 төгрөгийг өөрийн байран дээрээ өгүүлээд манай ах тэр машиныг 38,000,000 төгрөгт бодож өгөөд Бийн 14,200,000 төгрөгийг хасагдаад манай ахад Б 23,800,000 төгрөг өгөхөөр болсон юм. Ингээд тухайн үед Б Пис таун, Нью таун, Гандангийн дэнж дээрх байрнуудыг үзүүлсэн. Ингээд удалгүй ахын Тоёота приүс 20 машиныг өгөөч гэж гуйгаад байхаар нь ахад хэлсэн чинь эхлээд үгүй гэж хэлээд би өөрөө энэ хүнд итгээд хямдхан байраа авах юм чинь туслаач гэж хэлсээр байгаад ахаас машиныг аваад Бт өгсөн. Б 7 хоноогүй энэ машиныг шилжүүлээд өгчих гэж хэлэхээр нь ахыг би бас гуйсаар байгаад шилжүүлж өгсөн. Тэгээд дахин байраа яг хаана өгөх нь тодорхойгүй болоод байхаар нь Баас 23,800,000 төгрөгөө авмаар байна гэж хэлэхэд “энд нэг гарааш байна” гэж хэлээд 13-ын тэнд нэг гарааш 4 удаа үзүүлсэн. Тэр дараа нь өөрийнх нь биш болж таарсан... Тэгэхэд надад бүх зүйлээ хэлж хүлээн зөвшөөрөөд яриад “удахгүй мөнгийг чинь бүгдийг нь өгнө...” гэж хэлсэн бичлэг нь хүртэл байгаа.

Манай ах байраа байраар солиод авсан. Зөрүүг нь өгөхөөр байсан чинь намайг бас байр ав гэж хэлэхээр нь би өмнө нь ахад байр зарсан юм чинь асуудалгүй гэж бодоод уг хүнээс байр авахаар болоод ахын Ренж роверийг 38,000,000 өгөөд 23,800,000 төгрөг миний байрны урьдчилгаа болгож өгсөн байгаа. Дараа нь ахын Приусийг 10,000,000 төгрөгт бодож Б авсан. Тэгээд надад худлаа үнэн ярьж байгаад дансаар харахад 15,800,000 төгрөгийг авсан байна...” гэх мэдүүлгүүд /хх.1.31-33,137-138, хх.2.19-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бийн гэрчээр өгсөн: “Би 2016 оны 04 дүгээр сард Мөнхжаргал гэдэг залуутай анх уулзсан. Уг залуу байраа томруулна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд уулзахад тэр залуу надад өөрийнхөө 31 м2-тай 1 өрөө байраа үзүүлээд “байраа томруулах сонирхолтой байна” гэж хэлэхээр нь би “надад 2 өрөө 2-3 ширхэг байр байна, би бартераар авсан юм” гэж хэлээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын удахгүй ашиглалтад орох байр үзүүлээд тэгээд бид 2 харилцан тохиролцоод байрнуудаа солихоор болоод байрны зөрүүнд нь Ренж Ровер машин болон мөнгө авахаар тохиролцсон. Тэгээд би өөрөөсөө өгөх байрыг Мөнхжаргалын ээжийн нэр дээр нь орон сууц захиалгын гэрээг нь хийж өгөөд би 1 өрөө байрыг авсан. Тус оны 07 дугаар сард Мөнхжаргал байрандаа орсон. Тэгээд би Ренж роверийг анх авахдаа байраа ашиглалтад орсны дараа Ренж Ровер машины нэрийг авахаар тохиролцсон байсан. Тэр үед би энэ залуугийн нэг өрөө байрыг нь 1 м2-1,200,000 төгрөгөөр авахаар болсон байсан. Би өөрөө байраа 1 м2-1,700,000 төгрөгөөр өгсөн. Ингээд тэр байрны үнэ 38 сая орчим болоод миний байр 92,650,000 төгрөг болсон. Зөрүүнд нь Ренж Роверийн 38.000.000 төгрөгт бодож аваад үлдэгдэл 20 орчим саяыг бэлнээр авахаар тохирсон байсан. Тэгээд энэ залуу 7 сард байрандаа ороод байрныхаа гэрчилгээг өөрсдийнхөө нэр дээр гаргуулаад авсан боловч элдэв янзын шалтаг хэлээд “ахын нэр дээр байдаг, ах гадаад явсан хөдөө байгаа” гэж хэлээд шилжүүлж өгдөггүй байсан. Тэгж явсаар байгаад өдий хүрсэн. Энэ хугацаанд би зөндөө машинаа нэр дээрээ авмаар байна гэж хэлэхээр шилжүүлж өгдөггүй байсан. Энэ хугацаанд Мөнхжаргал бага багаар мөнгө төлдөг байсан. Тэр нь хэдэн төгрөг болсныг сайн санахгүй байна, бэлэн болон бэлэн бусаар өгдөг байсан. Энэ хугацаанд Мөнхжаргал “чамаас дахиад нэг байр авъя” гэж ярьдаг байсан, тухайн үедээ тэгээд өнгөрсөн. Би байрны гэрчилгээг өөрсдийн нэр дээр нь гаргаж өгөөд байхад машиныхаа нэрийг шилжүүлж өгөөгүй мөртөө надаас эргээд мөнгө нэхдэг болсон, заримдаа гэр оронд ирээд таних, танихгүй хүнээр дарамтлуулж байх болсон, надад өгсөн мөнгөө зээлсэн мэт яриад байгаа. Сүхжаргалыг танихгүй Мөнхжаргалын ах байх. Би Сүхжаргалд байр зарж байгаагүй. Мөнхжаргал гэдэг хүнд 2 өрөө байр нэгийг зарсан. Дахин Мөнхжаргалд байр зараагүй, өмнөх байрны мөнгө дутуу байгаа гэж би үзэж байна. Мөнхжаргалаас Ренж Ровер машин авсан боловч нэрийг шилжүүлж өгөөгүй. Мөнхжаргалаас дахин Приүс 20 маркийн машиныг байрныхаа үлдэгдэл төлбөрт 9,000,000 төгрөгөөр тооцож авсан. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 11а-63 тоот 2 өрөө байрыг Мөнхжаргалд 92,650,000 төгрөгөөр зарсан. Байрныхаа үнэнд оролцуулаад аваад байгаа машинууд Мөнхжаргал надад үзэж харуулаад байгаа учир Мөнхжаргалын машин гэж үзэж байна. Приүс 20 маркийн машиныг Мөнхжаргал ахтайгаа явж байгаад банкны барьцаанд байхад нь над руу өгч байсан. Би “Ууган Сүмбэр” ХХК-ийн захирал, манай компани барилгын үйлдвэрлэл худалдаа явуулдаг. Би ажил хийгээд олон байр авч байсан, 10 гаруй байр байгаа байх. Баянбүрдийн тэнд байр аваагүй. Мөнхжаргал болон Сүхжаргалд Баянбүрдийн тэнд гэг байр үзүүлсэн. Тэр компанитай манай компани ажил хийгээд тэр байрыг авахаар ярилцаж байсан боловч гэрээ хийгдээгүй. Надаас дахин нэг байр авна гэж хэлж байсан. Би харин РенжРоверийг шилжүүлээд өгөх юм бол байр зардаг юм билүү гэж ярилцаж байсан. Ренж Ровер надад байгаа. Приүс 20-г би зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.34-35/,

“Би уг хүнтэй гэрээ хийгээгүй, би нотариатаар орж худалдах худалдан авах гэрээ хийсэн юм. Уг хүнд худалдсан байрыг би захиалж авсан ба уг захиалгын гэрээн дээр үндсэн үнэ нь байгаа юм. Уг хүний байрыг би 36.000.000 төгрөгт бодож авч байсан юм. Тээврийн хэрэгслийнхээ нэрийг шилжүүлж өгөөгүй байсан ба уг тээврийн хэрэгслийг цагдаа зогсоогоод журамлачихсан, одоогийн байдлаар уг хүн өөрөө уг машинаа авсан байх, Приус-20 автомашины хувьд бол би уг машиныг авч цааш нь худалдсан байгаа юм. Уг хүмүүс дараа нь 11 орчим сая төгрөг шилжүүлсэн байх, би сайн санахгүй байна. Уг хүнтэй хийсэн худалдаа наймаагаа албан ёсоор баталгаажуулсан байгаа юм. Өмнөх байрны гэрчилгээг нь би гаргаж өгсөн ба дараа нь тээврийн хэрэгслийн нэр шилжүүлж авах гэтэл ах нь гадагшаа явчихсан хэдэн сарын дараа ирнэ гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргаж өгөөгүй яваад байсан юм. Би зөрүү 18 сая төгрөг авах байснаас Приус-20-г 9.5 саяд бодож дансаар 11 орчим сая төгрөг авсан юм. Захиалсан зүйл байхгүй, надад бартераар байр орж ирэхээр болоод нэг байр үзүүлж байсан юм. Надад бартераар байр орж ирдэг байсныг мэддэг байсан ба надтай холбоо барих болгондоо дахиж байр авахаар бол хямд өгнө биз дээ гэж хэлдэг байсан, би уг хүнд 2 байр үзүүлсэн, тухайн үед мөнгөн дэрээ тохиролцоогүй, больсон юм. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр уг хүмүүстэй бичгээр гэрээ хийж тооцоо гаргасан талаар санахгүй байна, 2 удаа би бэлэн мөнгө авч байсан ба 1,800,000 төгрөг авч байхад гарын үсэг зуруулж байсан, дараа нь 1,450,000 төгрөг авахад гарын үсэг зуруулж байсан бичгээр гэрээ бол хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одончимэгийн өгсөн: “2016 онд Үнэгүй.мн дээр зар харж байгаад зарын дагуу холбогдож уг хүнтэй уулзсан. Байр авахад уг Г.Б, Мөнхжаргал нар нь хамт явж байгаад бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Уг хоёр хүнийг би аймаар сайн найзууд гэж ойлгосон. 2016 оноос хойш чимээгүй байж байгаад одоо л надтай холбогдож байгаа юм. Г.Бийг нь одоо хаана юу хийдэг талаар нь би сайн мэдэхгүй байна. Болдбаатарын Буяннэмэх гэж хүнийг танихгүй. Уг байрыг бэлэн 25 саяыг өгч, 5.5 сая төгрөгт нэг машин өгч байсан ба үлдэгдэл мөнгөө өгч дуустлаа хамтран эзэмшигчээр ороод тооцоогоо өгч дуусгасны дараа Г.Б нэрээ хасуулж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.139/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Санжмаагийн өгсөн: “Миний хүү Мөнхжаргал зарын дагуу уг хүнтэй уулзаад нэг өрөө байрыг 2 өрөө байр болгохоор ярилцсан. Сүхжаргал нэг өрөө байраа уг залууд өгөөд зөрүү мөнгөө өгөөд тооцоогүйгээр байраа авсан юм. Г.Б нь миний хүү Сүхжаргалд мөнгө өгөх ёстой болтол энэ мөнгөнд чинь дахин 2 өрөө байр авч өгье гэж хэлээд зөрүү мөнгөө өгөөгүй. Г.Б зөрүү мөнгөө Сүхжаргалд өгөхгүйгээр дахин мөнгө авч дахин байр өгье, байрны мөнгийг байр ашиглалтад ортол надад цувуулаад өгч бай гэж хэлсэн. Мөнхжаргалаас байрны мөнгө хэмээн дансаар мөнгө авдаг байсан. 2018 оны 09 дүгээр сард мөнгө цувуулж авсан юм. Тухайн үед Баянбүрдэд байр үзүүлсэн ба зуслангийн байртай хамт зарна гэхээр нь би уг байрыг нь болиулсан юм. Г.Б тухайн үед миний бага хүү Бөхжаргалын Приус-20 автомашиныг 10 сая төгрөгөөр тооцож авсан, Ренж Ровер машиныг мөн авсан юм. Хэдэн төгрөг өгч авсан талаар би нарын тооцоог нь сайн мэдэхгүй байна. Байнга мөнгө цувуулаад аваад байдаг юм. Тухайн үед байранд оруулна хэмээн 2-3 байр үзүүлдэг байсан ба уг байранд оръё гэхээр хүний байр байдаг байсан. Тооцоог бол би сайн мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уг байрыг би Г.Бтай тохиролцож аваагүй. Би өөрийн биеэр уг газар очиж гэрээ хийгээд байр авсан юм. Уг байрны засал чимэглэл дуусаагүй байсан учир 2-3 cap хүлээж байгаад байрандаа орж байсан юм. Мөнхжаргалтай ярилцаж тохиролцсон миний дэргэд тэр хоёр ярилцаж байсан би тодорхой зүйлийг бол сайн мэдэхгүй. Байр үзүүлэх болгонд нь би дагаж явж үздэг байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.141-142/,

“Манай хүү Мөнхжаргал нь зарын дагуу хүнтэй уулзаад нэг өрөө байрыг хоёр өрөө байр болгохоор ярилцсан. Сүхжаргал нь нэг өрөө байраа Б гэх хүнд өгч зөрүү мөнгөндөө Range Rover маркийн машинаа өгч тооцоогүй дууссан. Б нь манай хүү Сүхжаргалд мөнгө өгөх ёстой болсон, “энэ мөнгөнд чинь дахин хоёр өрөө байр өгнө” гэж хэлээд зөрүү мөнгөө өгөөгүй. Энэ үед манай хүү Бт “байр ашиглалтад ороогүй тул мөнгөө цувуулаад өгч бай” гэж хэлсэн. Манай хүү Мөнхжаргалаас байрны мөнгө гээд Б нь дансаар мөнгө авдаг байсан. Тухайн үед Б нь манай хүү бид хоёрт Баянбүрдэд хоёр өрөө байр үзүүлсэн ба зуслангийн байртай хамт зарна гэхээр нь бид нар уг байрыг л авна зуслангийн байр авахгүй гэж хэлсэн. Г.Б нь тухайн үед миний бага хүү Бөхжаргалын Приус-20 автомашиныг 10 сая төгрөгөөр тооцож авсан. Мөн Range Rover автомашиныг авсан юм. Хэдэн төгрөг өгч авсан талаар би нарын тооцоог нь сайн мэдэхгүй байна. Байнга мөнгө цувуулаад аваад байдаг юм. Тухайн үед байранд оруулна гэж хэлээд 2-3 байр үзүүлдэг байсан ба уг байранд оръё гэхээр хүний байр байдаг байсан. Тооцоог бол би сайн мэдэхгүй. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уг байрыг би Г.Бтай тохиролцож аваагүй. Би өөрийн биеэр уг газар очиж гэрээ хийгээд байр авсан юм. Сүүлд дахин байр авч өгнө гэж Мөнхжаргалтай ярилцаж тохиролцсон, миний дэргэд тэр хоёр ярилцаж байсан, би тодорхой зүйлийг бол сайн мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хх.2.141/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буяннэмэхийн өгсөн: “Би “Ууган сүмбэр” ХХК-д ажилдаг бөгөөд Г.Баас 77-99 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг цалиндаа авсан бөгөөд яг хаанаас ямар компани бартераар өгсөн талаар бол мэдэхгүй. Уг тээврийн хэрэгслийг унаж байсан бөгөөд 2 жил орчим унаж хэрэглэсэн. Тухайн үед нэрийг нь шилжүүлж өгнө гэж хэлж байсан боловч шилжүүлж өгөөгүй юм. Сүүлд би жолоодох эрхийн үнэмлэхгүй 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр урсгал сөрж ороод цагдаа ачуулчихсан юм. Маргааш нь цагдаа дээр очоод торгуулиа төлөөд тээврийн хэрэгслээ авах гэтэл “өөрийн чинь нэр дээр биш байна” гэж хэлэхээр нь эзэмшигч гэх Мөнхжаргал гэх хүний дугаарыг олоод яриултал “хулгайд алдаад 2 жил болж байна” гэж хэлсэн байсан. Тэгээд цагдаа “машин хулгайн машин болж таараад байна” гэхээр нь би гайхаад уг хүний утас руу өөрөө залгатал гар утсаа салгаад алга болчихсон учир би уг тээврийн хэрэгслийг авч чадаагүй. Тухайн үед уг тээврийн хэрэгслийн унаж байхдаа дүү гэх залуутай нь уулзаад тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж өгөх талаар асуухад эзэмшигч болох манай ах гадаадад байгаа ирэхээр нь шилжүүлж өгнө гээд өгдөггүй байсан юм. Би уг хунийг танихгүй, уг хүний дүү гэх Сүхжаргал гэх залуутай нь нэг удаа уулзаж байсан. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр сургуулийн урдаас хойш чиглэж явж байтал урсгал сөрсөн гээд журамлагдсан юм. Маргааш нь уг тээврийн хэрэгслээ авах гэтэл цагдаа нь “өөрийн чинь нэр дээр биш байна” гэсэн бөгөөд уг тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй яриулахад “хулгайд алдаад 2 жил болж байна” гэж хэлээд утсаа салгаад алга болчихсон, тэгээд уг тээврийн хэрэгслийг авч чадаагүй. Уг хүмүүс цагдаад тэгж хэлсэн болохоор уг тээврийн хэрэгслийн хашаанд байгаа талаар нь мэдэж байгаа юм. Анх бартераар авч байсан гэж ярьж байсан ба Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оршил констракшн”-ы барьсан байранд ороод бартераар авсан байх. Би нарийн ширийн зүйлийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, тухайн үед юу гэж ярилцсан талаар. Тухайн үед уг тээврийн хэрэгслийг унаж яваад журамлуулсан бөгөөд журмын хашаанаас гаргах гээд эзэмшигч рүү нь цагдаагаар яриулахад хулгайд алдсан гэж худал хэлэн уг тээврийн хэрэгслийг авах боломжгүй болгосон. Уг хүмүүс нь журмын хашаанд орсон талаар нь мэдэж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.1.190-191/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бийн яллагдагчаар өгсөн: “Сүхжаргал гэх хүнтэй би 2 удаа уулзсан ба он саруудыг нь сайн санахгүй байна, анх уулзахдаа нэг өрөө байрны худалдах худалдан авах гэрээ хийх үед нөгөөх нь Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авахдаа уулзаж байсан. Дүү Мөнхжаргалтай нь харилцаатай байсан. Б.Батцэцэг прокурорын яллагдагчаар татсан тогтоолд Мөнхжаргал болон Сүхжаргал нарын хэлсэн зүйлүүд илт худлаа байна. Шаардлагатай бүх баримт нотолгоогоо хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Мөнхжаргал нь Range Rover маркийн автомашиныг өгчхөөд нэрийг нь шилжүүлж өгдөггүй 2-3 жил болсон. Авсан машинаа би эргэлтэд оруулж чадаагүй байж байгаад Мөнхжаргал Сүхжаргал нарт буцаагаад алдсан. Тийм учир бартераар авсан Range Rover маркийн машины мөнгөний зөрүүг тооцож авмаар байна. Би хүлээцтэй хандаж 2-3 жил явсан тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.2.147/,

хохирогч М.Мөнхжаргалын эзэмшлийн Хаан банкин дахь 5031732012 тоот дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх.1.20-28, 152-162/,

худалдах, худалдан авах гэрээ, байр худалдах, худалдан авах гэрээ гэх иргэн М.Сүхжаргал, М.Мөнхжаргал, Г.Б гэсэн нэр бүхий гар бичмэлийн хуулбарууд /хх.1.38-39, 2.38-39/,

шүүгдэгч Г.Бийн эзэмшлийн Хаан банкин дахь 5034618830 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.52-87/,

тээврийн хэрэгслийн мэдээлэл, лавлагаа /хх.1.103, 145-146/,

орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбарууд /хх.1.106-110, 149-151, 193-195/,

орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцлийн хуулбар /хх.1.111/,

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх.1.143/,

орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх.1.148/,

гэрч Б.Буяннэмэхийн тайлбар /хх.1.192/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээчийн 152 дугаартай дүгнэлт /хх.2.24-43/,

Ярианы бичлэгт хийсэн тэмдэглэл /хх.2.48-65/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлангууд /хх.2.111-115, 247-251/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

шүүгдэгч Г.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хэрэг зөрчлийн хайлтын системийн лавлагаа /хх.2.124-129/,

Шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.97, 212-250, шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Г.Б нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авах үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй 2 өрөө орон сууцыг хохирогч М.Мөнхжаргалд худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.Сүхжаргалд 2 өрөө орон сууцыг худалдсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.Сүхжаргалын өмчлөлийн Рэнж ровер маркийн автомашины үнийн дүнгийн зөрүү 23,800,000 төгрөг, түүний эзэмшлийн 9,500,000 төгрөгт тооцсон Тоёота Приус-20 маркийн автомашин болон хохирогч М.Мөнхжаргалын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсэн 15,800,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилан бусдад нийт 51,305,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж гэрчээр авсан мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй юм.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн:

          16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж,

          16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж тус тус хуульчилсан байна.

Хохирогч М.Мөнхжаргалын эзэмшлийн Хаан банкин дахь 5031732012 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.20-28/,

Худалдах, худалдан авах гэрээ, байр худалдах, худалдан авах гэрээ гэх иргэн М.Сүхжаргал, М.Мөнхжаргал, Г.Б гэсэн нэр бүхий гар бичмэлийн хуулбарууд /хх.1.38-39/,

Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбарууд /хх.1.106-110, 149-151/,

Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцлийн хуулбар /хх.1.111/ зэрэг баримтын үнэн зөвийг баталгаажуулаагүй учир тэдгээрийг нотлох баримтад тооцоогүй болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.8 дугаар зүйлд зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан байх тул ярианы бичлэгт хийсэн тэмдэглэл /хх.2.48-65/-ийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Г.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мөнхжаргалын өгсөн: “... 2018 оны 09 сард мөн яриад “байраа авъя” гэхэд “за одоо 2 хоногийн дараа гэхэд бүх асуудлаа дуусгая, байрыг чинь өгье, харин одоо 1,200,000 төгрөг өгчих” гэхээр нь байртай болохын тулд 1,200,000 төгрөг өгсөн... энэ хүнд зөвхөн дансаар өгсөн мөнгөө тооцож үзэхэд 15,800,000 төгрөг болж байна. Мөнгөө өгөхдөө Бийн Хаан банкны 5034618830 тоот данс болон 5035328220 тоот дансаар өгсөн...” гэх мэдүүлгүүд,

          Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Сүхжаргалын өгсөн: “... 1 өрөө байрыг 51,200,000 төгрөгөөр бодож өгсөн. Харин Бийн 2 өрөө байрыг 65,400,000 төгрөгөөр авахаар болсон. Мөн би өөрийн өмчлөлийн Рэнж ровер маркийн автомашинаа 38 сая төгрөгт тооцож өгөхөд Б надад 23,800,000 төгрөгийн зөрүү өгөхөөр болсон. Манайх 2016 оны 07 сард байрандаа орсон. Ингээд энэ хүнд итгэж Баас авах байсан 23,800,000 төгрөг дээрээ нэмж мөнгө өгөөд өөрийн дүү Мөнхжаргалд 2 өрөө байр авч өгөхөөр болж өөрийн өмчлөлийн Приус 20 маркийн автомашинаа 10 сая төгрөгөөр бодож өгсөн... энэ хүнд итгэж 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хүлээсэн... 2018 оны 09 сард Баянбүрдийн хажуу талд 69,2 м.кв байр үзүүлээд “энэ байрыг танайд өгье” гэсэн... уг байраа “83,040,000 төгрөгөөр буюу 1м.кв нь 1,200,000 төгрөгөөр бодож өгнө... одоо та нар 16,950,000 төгрөг нэмээд өгчих, тэгвэл өмнө өгсөн мөнгөнүүдээ бодоод үзэхээр энэ байрны үнээс 17,790,000 төгрөг үлдэх юм байна, энэ мөнгөө боломжоороо өгчих, хүү авахгүй” зэргээр боломжийн нөхцөл тавьсан тул дүүгээ байртай болгохын тулд би өөрийн байрыг барьцаанд тавьж зээл аваад 16,950,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлгүүд,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Санжмаагийн өгсөн: “Миний хүү Мөнхжаргал зарын дагуу уг хүнтэй уулзаад нэг өрөө байрыг 2 өрөө байр болгохоор ярилцсан. Сүхжаргал нэг өрөө байраа уг залууд өгөөд зөрүү мөнгөө өгөөд тооцоогүйгээр байраа авсан юм. Г.Б нь миний хүү Сүхжаргалд мөнгө өгөх ёстой болтол энэ мөнгөнд чинь дахин 2 өрөө байр авч өгье гэж хэлээд зөрүү мөнгөө өгөөгүй. Г.Б зөрүү мөнгөө Сүхжаргалд өгөхгүйгээр дахин мөнгө авч дахин байр өгье, байрны мөнгийг байр ашиглалтад ортол надад цувуулаад өгч бай гэж хэлсэн. Мөнхжаргалаас байрны мөнгө хэмээн дансаар мөнгө авдаг байсан. 2018 оны 09 дүгээр сард мөнгө цувуулж авсан юм... Мөнхжаргалтай ярилцаж тохиролцсон миний дэргэд тэр хоёр ярилцаж байсан, би тодорхой зүйлийг бол сайн мэдэхгүй. Байр үзүүлэх болгонд нь би дагаж явж үздэг байсан юм...” гэх мэдүүлгүүд /хх.1.141-142, 2.141/,

Худалдах, худалдан авах гэрээ, байр худалдах, худалдан авах гэрээ нэртэй иргэн М.Сүхжаргал, М.Мөнхжаргал, Г.Б гэсэн нэр бүхий гар бичмэлүүд /хх.2.38-39/ зэрэг нь:

Рэнж ровер маркийн 77-99 УНР улсын дугаартай автомашины эзэмшигч нь М.Сүхжаргал гэсэн “Тээврийн хэрэгслийн мэдээлэл, лавлагаа” /хх.1.103, 145-146/,

Шүүгдэгч Г.Бийн “Ууган Сүмбэр” ХХК 6057721 /регистрийн дугаар/ нь Сонгино-Хайрхан дүүрэг, 11 дүгээр хороолол, 7 дугаар хороонд баригдаж буй Саруул Хотхон үйлчилгээтэй орон сууцны барилгын А блокын дээврийн ажил, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын 2-26 тоот дахь Саруул Өргөө-3 үйлчилгээтэй орон сууцны барилгын дээврийн ажлуудыг бүрэн дуусгаж үлдэгдэл төлбөрт гадна фасадын хөөсөнцөр нийлүүлж орон сууцны төлбөрийг бүрэн дууссан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 11-А барын 63 тоот 54.5 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 кв.м нь 1,700,000 төгрөг, нийт 92,650,000 төгрөгөөр тооцож захиалах тухай худалдагч тал “Оршил констракшн” ХХК, худалдан авагч тал Я.Санжмаа /хохирогчдын төрсөн эх/ нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хуулбар үнэнийг баталгаажуулсан Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивын дардастай баримт /хх.1.193-195/,

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 11-А байрны 63 тоот 54.5 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууцын өмчлөгч нь Я.Санжмаа гэсэн “Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа” /хх.1.143/,

Шүүгдэгч Г.Баар дамжуулж зарсан, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж, Хоршооллын хотхоны 26 дугаар байрны 4-80 тоот 31 кв.м талбай бүхий нэг өрөө орон сууцыг 1 кв.м нь 1,200,000 төгрөг, нийт 34.000.000 төгрөгөөр зарж, төлбөр тооцоо дууссан гэж гарын үсэг зурсан худалдагч тал М.Сүхжаргал, худалдан авагч тал Б.Одончимэг нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар үнэнийг нотариатаар баталгаажуулсан Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивын дардастай баримт /хх.1.148/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одончимэгийн өгсөн: “2016 онд Үнэгүй.мн дээр зар харж байгаад зарын дагуу холбогдож уг хүнтэй уулзсан. Байр авахад уг Г.Б, Мөнхжаргал нар нь хамт явж байгаад бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Уг хоёр хүнийг би аймаар сайн найзууд гэж ойлгосон. 2016 оноос хойш чимээгүй байж байгаад одоо л надтай холбогдож байгаа юм. Г.Бийг нь одоо хаана юу хийдэг талаар нь би сайн мэдэхгүй байна. Болдбаатарын Буяннэмэх гэж хүнийг танихгүй. Уг байрыг бэлэн 25 саяыг өгч, 5.5 сая төгрөгт нэг машин өгч байсан ба үлдэгдэл мөнгөө өгч дуустлаа хамтран эзэмшигчээр ороод тооцоогоо өгч дуусгасны дараа Г.Б нэрээ хасуулж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.139/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буяннэмэхийн өгсөн: “Би “Ууган сүмбэр” ХХК-д ажилладаг бөгөөд Г.Баас 77-99 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг цалиндаа авсан бөгөөд ... уг тээврийн хэрэгслийг унаж яваад журамлуулсан бөгөөд журмын хашаанаас гаргах гээд эзэмшигч рүү нь цагдаагаар яриулахад хулгайд алдсан гэж худал хэлэн уг тээврийн хэрэгслийг авах боломжгүй болгосон. Уг хүмүүс нь журмын хашаанд орсон талаар нь мэдэж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.1.190-191/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бийн өгсөн: “... Тэгээд би 92,650,000 төгрөгийн байрыг өөрийн нэр дээрээс Мөнхжаргал, Сүхжаргалын ээж буюу Санжмаагийн нэр дээр шилжүүлэх гээд Оршил констракшн руу орон сууц захиалгын гэрээг Санжмаагийн нэр дээр шилжүүлж өгнө үү гээд албан тоот хүргүүлсэн. Улмаар энэ улсууд маань 2016 оны 07 дугаар сард байрандаа орсон байдаг. Өөрөөр хэлбэл 04 дүгээр сард энэ наймаа хийгдээд хоёр сарын дараа энэ байрандаа нүүж орсон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Товчоор хэлбэл хохирогч М.Сүхжаргал, М.Мөнхжаргал, гэрч Я.Санжмаа нарын мэдүүлгүүд, худалдах-худалдан авах гэрээ гэсэн гар бичмэлүүд зэрэгт дурдсанчлан “М.Сүхжаргалын 1 өрөө байрыг 1 кв.м нь 1,650,000 төгрөг, нийт 51,200,000 төгрөгөөр Г.Бт бодож өгсөн. Харин Г.Бийн 2 өрөө байрыг 1 кв.м нь 1,200,000 төгрөг, нийт 65,400,000 төгрөгөөр авсан” гэх үнийн дүнгүүд нь тогтоогдохгүй байна.

Гэтэл Г.Б нь “Оршил констракшн” ХХК-аас ажлын хөлсөнд бартераар авсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 11-А байрны 63 тоот 54.5 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 кв.м нь 1,700,000 төгрөг, нийт 92,650,000 төгрөгөөр тооцож, М.Сүхжаргал, М.Мөнхжаргал нарын төрсөн эх Я.Санжмаагийн нэр дээр шилжүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон,

Г.Баар дамжуулж М.Сүхжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 4-80 тоот 31 кв.м талбай бүхий нэг өрөө орон сууцыг 1 кв.м нь 1,200,000 төгрөг, нийт 34.000.000 төгрөгөөр Б.Одончимэгийн өмчлөлд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-р шилжүүлж, төлбөр тооцоо дууссан зэрэг үйл баримтууд хуулийн шаардлага хангасан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Худалдах-худалдан авах гэрээ, байр худалдах-худалдан авах гэрээ гэх иргэн М.Сүхжаргал, М.Мөнхжаргал, Г.Б гэсэн нэр бүхий гар бичмэлүүд /хх.2.38-39/-д шүүгдэгч Г.Б нь гарын үсэг зурсан боловч мөнгөний баримт гэж ойлгосон, харин тэдгээрт дурдсан байгаа агуулга тэр үед тусгагдаагүй байсан гэх бөгөөд тухайн гар бичмэлүүд нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Г.Бт 38,000,000 төгрөгөөр тооцож өгсөн гэх, түүний эзэмшил ашиглалд байсан Рэнж ровер маркийн 77-99 УНР улсын дугаартай автомашин нь өмчлөгч М.Сүхжаргалын нэр дээр бүртгэлтэй хэвээр байх бөгөөд шүүгдэгч өөрийн 2 өрөө байрны үлдэгдэл төлбөрт Приүс 20 маркийн автомашиныг 9,500,000 төгрөгөөр тооцож авсан, мөн үлдэгдэл 20 орчим сая төгрөгийг дараа авахаар тохирсон гэж мэдүүлдэг.

Харин хохирогч М.Мөнхжаргалаас шүүгдэгч Г.Бт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд банкны 14 удаагийн гүйлгээгээр нийт 18,050,000 төгрөгийг /хх.1.179/ шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг харьцуулан судалж, эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийлээ.

          Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргасан болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй учир шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

          Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.

Иймд шүүгдэгч Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган, хэрэг бүртгэлтэд хэргийг буцааж, энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, дүгнэлтүүдийг тус тус хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Бийн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул хохирогч М.Мөнхжаргал, М.Сүхжаргал нарын 51,305,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Хохирогч М.Мөнхжаргал, М.Сүхжаргал нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг маргааныг шийдвэрлүүлэх, нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхгийг хавтаст хэргийн хамт прокурорт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Г.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Гын Бт холбогдох 1806 09201 1563  дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган, хэрэг бүртгэлтэд хэргийг шилжүүлсүгэй.

          2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1690 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Бт холбогдох 1806 09201 1563  дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.

3. Шүүгдэгч Г.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхгийг хавтаст хэргийн хамт прокурорт хүргүүлсүгэй.

          5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч М.Мөнхжаргал, М.Сүхжаргал нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг маргааныг шийдвэрлүүлэх, нэхэмжлэл гаргах эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР