Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/508

 

 

 

 

 

 

2023         04          10                                        2023/ШЦТ/508

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Ц.Сайнхүү,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхчимэг, тэдгээрийн өмгөөлөгч Н.Нарантуяа /ҮД:1292/,

Өсвөр насны шүүгдэгч Э.У, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Алимаа, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид /ҮД:1149/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Э.Ут холбогдох 2206 05255 0045 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 44 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36-Б байрны 2 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Аовогт Эийн У /РД: /.

Хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч Э.У нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 44 дүгээр сургуулийн 12-Б анги дотор ангийн хүүхэд болох М.Анартай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас биед нь “доод баруун 1,2-р, зүүн доод 1-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1,2-р шүдний сулрал, доод зүүн 2-р шүдний сулрал, доод баруун 3-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.У өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Алимаа өгсөн мэдүүлэгтээ: “ Манай хүүхэд бол айлын том хүүхэд учраас маш их хариуцлагатай багш хүн дээр өссөн байгаа. Энэ хэрэг болох хүртэл ийм характер гаргаж байгаагүй. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Айхтар авир гаргаад байдаггүй. Анхаар халамжийн хувьд бид нар эцэг, эхийнхээ үүргийг биелүүлж байгаа гэж боддог. Нэг хэсэг ковидын үеэр манай нөхөр цагдаагийн байгууллагад, би эмнэлгийн байгууллагад ажилладаг байхдаа нэг хэсэг хүүхэдтэйгээ тулж харьцаж байгаагүй. Тэглээ гээд хараа хяналт сулраагүй гэж бодож байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч М.Анар өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өглөө 07 цаг 30 минутаас 07 цаг 40 минутын хооронд хичээл эхлэхийг хүлээгээд хөгжим сонсоод байж байсан. Тэгсэн чинь Тамир гэх хүүхэд дээрээс дараад байхаар нь У хажуу талаас орж ирээд салгасан юм. Тэгсэн чинь миний чихэвч ширээн дээр үсрээд уначихсан юм. Тэгээд У миний урд зогсчхоод намайг цаашаа яв гээд байхаар нь би чихэвчээ авъя гээд Уыг холдуулсан чинь У “яаж байгаа юм бэ? чи надтай ингэж харьцах болоогүй шүү” гээд намайг цохисон. Үүнээс болж миний хамар яс зөрүүгүй цуурсан, мөн эрүү цуурсан. Одоо би 4.467.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхчимэг өгсөн мэдүүлэгтээ: “Ийм хэрэг болж байгаад үнэхээр их гайхаж байна. Би хүүгийнхээ эрүүл мэндийн байдлыг хадгалах гэж шүдний аппарат зүүлгээд аппаратаа аваад дөнгөж 4 сар болж байсан чинь энэ хэрэг болсон. Шүдний аппарат зүүлгэхдээ би 1.870.000 төгрөгийг өөрөөсөө зарцуулсан байсан. Би одоо л ээж нь гэдгийг мэдэж байна. Хоёр шүд нь газар дээрээ унасан. Би бүх ажлыг нь хаяад явж байсан. Хүүгээ эрүүл мэндэд нь гарах хохиролд нь санаа зовж байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх.03-04/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Анарын өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр сургуулийн 12Б ангид суралцдаг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 07 цаг 35 минутад ангидаа ороод сууж байсан, Би өмнө нь ангийн Тамир гэх хүүхэдтэй фейсбүүкээр маргалдаад “гүзээтэй п...да” гэж чат бичсэн бөгөөд өнөөдөр сууж байсан чинь Тамир гаднаас орж ирээд сууж байхад дээрээс дараад “яагаад байгаа юм чи” гээд “хэлэх юм байвал хэлээрэй” гээд маргалдаад байж байсан бөгөөд хөндлөнгөөс гаднаас манай ангийн У гэх эрэгтэй хүүхэд хэрүүлд орж ирээд салгаад, би ууртай байсан бөгөөд ширээн дээр байсан нэг чихэвчний өрөөснийг авах гээд Уын гарыг холдуулахад “чи яагаад байгаа юм бэ? Чи над руу ингэж ярих болоогүй шүү” гээд ууртаа миний ам хэсэгт нэг удаа гараараа цохисон бөгөөд миний баруун талын 2 шүд унасан, дээд доод уруул язарч хавдсан...” гэх мэдүүлэг /хх.10-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Э.Уын гэрчээр өгсөн: “... Анар нь Тамирыг дахин цохих гээд дайраад байхаар нь боль гэсэн чинь Анар уурлахаар нь Анарын баруун эрүү хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд Анарын баруун талын доод 2 шүд унасан...” гэх мэдүүлэг /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны гэрч С.Тамирын өгсөн: “... Анар ангийн груп чат дээр миний талаар 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Гүзээтэй пи...да” гэсэн чат оруулсан байхыг би харсан, маргааш өглөө нь анги дээр очоод Анараас яагаад ийм чат оруулсан талаар асуухад “цаашаа яв” гэсэн, тэгээд бид 2 бага зэргийн маргалдаад хоорондоо барилцаж эхэлтэл ангийнхан ирээд салгасан, чухам хэн ирж салгасан болохыг анзаараагүй, цаашаа хараад явж байтал ангийнхан орилсон. Тэгэхээр нь эргээд хартал Анар Ут цохиулчихсан, амаа дараад зогсож байсан бөгөөд нэг шүд нь ширээн дээр байж байсан, Анар бид хоёр бага зэрэг маргалдаад барилцаж авснаас биш нэг нэгнийхээ биед халдсан зодсон цохисон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бямбанарангийн өгсөн: “... Анарын амны хаалтыг авхуулахад үүдэн шүд нь уначихсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Хохирлын баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт /хх.23-37, 43-56, 112-119, шинээр гаргасан 5 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Чимэд-Очрын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13948 дугаартай:

“1.2. М.Анарын биед “доод баруун 1,2-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /хх.41-42/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Чимэд-Очрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 876 дугаартай:

“1. М.Анарын биед “доод баруун 1,2-р, зүүн доод 1-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1,2-р шүдний сулрал, доод зүүн 2-р шүдний сулрал, доод баруун 3-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Нэмэлтээр ирүүлсэн Аран шүдний эмнэлгийн материалаас үзэхэд шинжээч зүүн доод 1-р шүдний булгаралт, зүүн дээд 1,2-р шүдний сулрал, доод зүүн 2-р шүдний сулрал, доод баруун 3-р шүдний сулрал” гэмтэл оношлогдсон байна.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. М.Анарын биед учирсан доод баруун 1,2-р, зүүн доод 1-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1,2-р шүдний сулрал, доод зүүн 2-р шүдний сулрал, доод баруун 3-р шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх нэмэлт дүгнэлт /хх.78-79/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Маралын өгсөн: “... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч, уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй, төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд дүүргийн Прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна.иргэн М.Анар нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байх 44 дүгээр сургуульд Э.Ут цохиулж улмаар хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч М.Анар №2022 оны 10, 11 дүгээр саруудад эмнэлгийн байгууллагаас эмчилгээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас 369.400 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж, үйлчилгээний зардлыг яллагдагч Э.Уаас гаргуулж Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.96/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, хавсралт /хх.97-98/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.101-102/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.104/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Э.Уын яллагдагчаар өгсөн: “Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоол болон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.105/,

Өмгөөллийн гэрээ, хүсэлт /шинээр гаргасан 2 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.83-84, 87-89/

Өсвөр насны шүүгдэгч Э.Уын нас тоолсон тэмдэглэл /хх.85/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.86/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Өсвөр насны шүүгдэгч Э.У нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 44 дүгээр сургуулийн 12Б анги дотор ангийн хүүхэд болох М.Анартай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас түүний биед “доод баруун 1,2-р, зүүн доод 1-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1,2-р шүдний сулрал, доод зүүн 2-р шүдний сулрал, доод баруун 3-р шүдний сулрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх.03-04/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Анарын өгсөн: “... Уын гарыг холдуулахад “чи яагаад байгаа юм бэ? Чи над руу ингэж ярих болоогүй шүү” гээд ууртаа миний ам хэсэгт нэг удаа гараараа цохисон бөгөөд миний баруун талын 2 шүд унасан, дээд доод уруул язарч хавдсан...” гэх мэдүүлэг /хх.10-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны гэрч С.Тамирын өгсөн: “... Анар Ут цохиулчихсан, амаа дараад зогсож байсан бөгөөд нэг шүд нь ширээн дээр байж байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бямбанарангийн өгсөн: “... Анарын амны хаалтыг авхуулахад үүдэн шүд нь уначихсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх.20/,

Хохирлын баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт /хх.23-37, 43-56, 112-119, шинээр гаргасан 5 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Чимэд-Очрын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13948 дугаартай:

“1.2. М.Анарын биед “доод баруун 1,2-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /хх.41-42/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Чимэд-Очрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 876 дугаартай:

“1. М.Анарын биед “доод баруун 1,2-р, зүүн доод 1-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1,2-р шүдний сулрал, доод зүүн 2-р шүдний сулрал, доод баруун 3-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Нэмэлтээр ирүүлсэн Аран шүдний эмнэлгийн материалаас үзэхэд шинжээч зүүн доод 1-р шүдний булгарал, зүүн дээд 1,2-р шүдний сулрал, доод зүүн 2-р шүдний сулрал, доод баруун 3-р шүдний сулрал” гэмтэл оношлогдсон байна.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. М.Анарын биед учирсан доод баруун 1,2-р, зүүн доод 1-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1.2-р шүдний сулрал, доод зүүн 2-р шүдний сулрал, доод баруун 3-р шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх нэмэлт дүгнэлт /хх.78-79/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Э.Уын яллагдагчаар өгсөн: “... өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.105/,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч М.Анарын өгсөн: “... У “яаж байгаа юм бэ? чи надтай ингэж харьцах болоогүй шүү” гээд намайг цохисон. Үүнээс болж миний хамар яс зөрүүгүй цуурсан, мөн эрүү цуурсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Уын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Э.Ут хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж гэрчээр авсан мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй юм.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч М.Анарын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ““доод баруун 1,2-р, зүүн доод 1-р шүдний булгаралт, буйланд шарх, цус хуралт, доод уруулд зөөлөн дугаар сарын эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1,2-р шүдний сулрал, доод зүүн 2-р шүдний сулрал, доод баруун 3-р шүдний сулрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өсвөр насны шүүгдэгч Э.У нь өсвөр насны хохирогч М.Анарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

          Гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Өсвөр насны шүүгдэгч Э.У нь өсвөр насны хохирогч М.Анарын эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Э.Уыг гэмт үйлдлийн улмаас өсвөр насны хохирогч М.Анарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд Өсвөр насны шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

          Насанд хүрээгүй хохирогч М.Анар, түүний хууль ёсны төлөөлөгч нарын баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал нийт 3.467.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, бүгд 3.967.000 төгрөгөөс хэрэг үйлдэгдэхийн өмнө хийлгэсэн эмчилгээний төлбөр 1.870.000 төгрөгийн буюу нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч Э.У болон түүний хууль ёсны төлөөлөгч Х.Э, Э.Алимаа нараас 2.097.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчид, мөн хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсны төлбөр 369.400 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгох нь зүйтэй.

          Насанд хүрээгүй хохирогч М.Анар болон түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох өсвөр насны шүүгдэгч Э.У болон түүний хууль ёсны төлөөлөгч Х.Э, Э.Алимаа нараас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед өсвөр насны шүүгдэгч Э.У нь 16 нас 10 сар 2 хоногтой /хх.85/ байжээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.У гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд тус гэмт хэрэг үйлдэгдэх үед Э.У 16 нас 284 хоногтой /хх.85/ байжээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Э.Уын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Ут эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Өсвөр насны шүүгдэгч Э.Ут оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Өсвөр насны шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Өсвөр насны шүүгдэгч Э.Ут урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Өсвөр насны шүүгдэгч Аовогтой Эийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ут 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Э.Ут сануулсугай.

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч М.Анарт 4.097.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 369.400 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          5. Насанд хүрээгүй хохирогч М.Анар болон түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох өсвөр насны шүүгдэгч Э.У болон түүний хууль ёсны төлөөлөгч Х.Э, Э.Алимаа нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Э.У урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР