| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/04773/И |
| Дугаар | 101/ШШ2019/00093 |
| Огноо | 2018-01-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2019/00093
| 2019 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2019/00093 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах Т******* ******* ХХК /РД:*******/-ийг төлөөлж Д******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оотод оршин суух Э******* /РД:*******/,
Хариуцагч: тоотод оршин суух Г******* /РД:*******/ нарт холбогдох,
Зээлд 9,132,157.39 төгрөг, хүү 2,779,147.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,203.56 төгрөг, нотариатын зардалд 2,220 төгрөг, нийт 12,021,728.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, хариуцагч болон хариуцагч Г.Г*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Г.Э******* нь Т******* *******ны Д******* салбар Д******* тооцооны төвөөс 2017.02.13-ны өдөр гэрээт цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэйгээр Г.Э******* нь 867,842.6 төгрөгийн үндсэн зээл, 829,163.9 төгрөгийн хүү, 535.2 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 1,697,511.7 төгрөг төлсөн. Хариуцагч Г.Э******* нь зээлийн гэрээний үүргээ зөрчин бидний ажилд хүндрэл учруулж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 456 хоног хугацаа хэтрээд байна. Барьцаат зээлийн гэрээний 6.2.1-т зааснаар хариуцагч Г.Э******* нь 456 хоног зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул Банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцлах шаардлага үүссэн. Г.Э******* нь 2017.07.02-ны өдрөөс хойш зээл төлөөгүй ба 2018 оны 10 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 9,132,157.93 төгрөгийн, 2,779,147.11 төгрөгийн хүү, 108.203.56 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн өр үүссэн байна. Иймд хариуцагч Г.Э******* болон хамтран хариуцагч Г.Г******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9,132,157.39 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 2,779,147.11 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 108,203.56 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 12,019,507.10 төгрөг, нотариатын зардалд 2,220 төгрөг, нийт 12,021,728.10 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч болон хариуцагч Г.Г*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би Д******* аймгийн Д******* суманд багшилж байхдаа 10 сая төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Би Улаанбаатар хотод ирээд ажилгүй байсан учир зээлээ төлөх боломжгүй байсан. Эх орон телевизэд туслах ажилтнаар орж, одоо жинхэнэ ажилтан болсон. Ажилтай болсон учир энэ мөнгөө сар бүр төлж дуусгая гэж Т******* *******анд хэлэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Надад хэлэхдээ таны зээл одоо 14,000,000 төгрөг орчим болсон байна. 9-14 сая төгрөгийн төлөлтийг яг одоо хийвэл эвлэрч болно гэсэн. Би бараг бүтэн жил ажилгүй, цалингүй байсан учир зээлээ төлж чадахгүй байсан. Миний бие төлөгдөөгүй зээлийг бөөнд нь төлөх боломжгүй учир бид эвлэрч чадаагүй. Одоо ажилтай болсон тул зээлээ зохих ёсоор төлөх боломжтой. Зээл авсан, төлсөн дүнтэй маргаан байхгүй. Зээлээ боломжоороо төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ******* ХХК хариуцагч Г.Э*******, Г.Г******* нарт холбогдуулан зээл 9,132,157.39 төгрөг, хүү 2,779,147.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,203.56 төгрөг, нотариатын зардалд 2,220 төгрөг, нийт 12,021,728.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т******* ******* ХХК-ийн Д******* салбар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагч Г.Э*******, Г.Г******* нарт 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Зээлдүүлэгч Т******* ******* ХХК зээлдэгч Г.Э*******, Г.Г******* нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу Г.Э*******ын Т******* *******ны тоот дансанд 2017.02.13-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тоот Г.Э*******ын эзэмшдэг дансны хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал хариуцагч Г.Э*******, Г.Г******* нарыг зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй тул *******ны санаачилгаар гэрээгээ цуцалж, хариуцагч нараас зээлд 9,132,157.39 төгрөг, хүүд 2,779,147.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 108,203.56 төгрөг, нийт 12,019,508.10 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Зээлдэгч Г.Э******* зээлд 867,842.6 төгрөг, хүүд 829,163.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 535.2 төгрөг, нийт 1,697,541.7 төгрөг төлж, 2017 оны 7 сарын 2-наас хойш үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлбөр төлөөгүй, гэрээний үүрэг 2018 оны 10 сарын 1-ний өдрийг хүртэл 15 удаагийн төлөлтөөр зөрчигдсөнөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь зохигчдын тайлбар, т******* *******ны хүү тооцооллын хүснэгт, Т******* *******наас Г.Э*******д гардуулж өгсөн 2017.11.17-ны өдрийн дотор зээлээ төлөх талаарх мэдэгдэл зэргээр нотлогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.
Г.Э*******, Г.Г******* нар гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах 2018 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд биелүүлээгүй нь тогтоогдож байх тул Т******* ******* гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж байгааг буруутгах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцэж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заажээ.
Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтэд хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн мөнгийг хасаж, төлбөл зохих үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт төлбөрийг тооцоолсон дүн нь хууль болон гэрээнд нийцсэн, тооцоолол зөв байх тул нэхэмжлэгч тал хариуцагч нараас зээлд 9,132,157.39 төгрөг, хүүд 2,779,147.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 108,203.56 төгрөг, нийт 12,019,508.10 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтаа өөрөө бүрдүүлж, цуглуулж өгөх үүрэгтэй тул нотариатын зардалд төлсөн гэх 2,220 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд хариуцагч Г.Э*******, Г.Г******* нараас 12,019,508.10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э*******, Г.Г******* нараас 12,019,508.10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э*******, Г.Г******* нараас 207,262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ