Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2025/0339

 

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2025/0339

Улаанбаатар хот

М.Е-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч М.Е;

 

Нэхэмжлэгч: М.Е

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5Х дугаар  тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комисс;

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ХХ дугаар  цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Өлгий сумын хүүхдийн ХХ дугаар  цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2025/0023 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Е,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 110/2024/0082/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Е нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5Х дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комисст холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ХХ дугаар  цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Өлгий сумын хүүхдийн ХХ дугаар  цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2.2, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Е-ы Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5Х дугаар тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч М.Е давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Боловсролын ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.1. М-ы Е миний бие 2011 оноос хойш Баян-Өлгий аймагт сургуулийн өмнөх боловсролын салбарт тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс үндсэн багшаар 3 жил /2 жил 7 сар/, арга зүйчээр 9 жил /9 жил 8 сар/ эрхлэгч 1 жил гаруй хугацаанд ажиллаж байгаа. 2024 оны 4-р сараас эхлэн Өлгий сумын 2Х-р цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэн ажиллаж байна.

3.1.1. Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ХХ дугаар   цэцэрлэгчийн эрхлэгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад оролцохоор 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системд бүртгүүлсэн билээ. Гэтэл 2024 оны 10-р сарын 25-ны өдөр болох Өлгий сумын ХХ дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тооны шалгаруулалтад Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл намайг багшилсан жил хүрээгүй гэдэг шалтгаанаар татгалзсан юм.

3.1.2. Тодруулбал, Боловсролын Ерөнхий хуулийн 33.2.2-д “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэж заасан учраас тус аймгийн Төрийн албаны зөвлөл намайг 6 жил багшлаагүй гэх үндэслэлээр шалгалтад оруулах боломжгүйг мэдэгдэв.

3.2. Боловсролын салбарт тасралтгүй 12 дахь жил үүнээс үндсэн багшаар 3 жил, арга зүйчээр 9 жил ажилласан би дээрх хуульд заасан туршлагыг хангаж байгаа намайг шалгалтад бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Учир нь Боловсролын Ерөнхий хуулийн 33.2.2-д: “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэснийг боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил эсвэл тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх гэж ойлгох ёстой. Гэтэл шүүхээс хуулийг буруу тайлбарлан ","-ыг эсвэл гэдэг утга илэрхийлэхгүй гэсэн байдлаар холбож тайлбарлаад эрхлэгчийн ажлын байрны шаардлагыг хангахын тулд заавал 6 жил багшаар ажилласан байх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

3.3. Боловсролын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/182 тоот тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох журам”-д Боловсролын бусад сургалтын байгууллагад ажилласан жилийг багш, захирал, эрхлэгчээр ажилласанд дүйцүүлэн тооцохоор заасан байхад цэцэрлэгийн арга зүйч, эрхлэгчээр ажилласан жилийг багшаар ажилласанд дүйцүүлэн тооцохгүй гэх Төрийн албаны салбар зөвлөлийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Цэцэрлэгийн арга зүйч нь багшийн ажилд арга зүйн зөвлөгөө өгөх, багшийн ажлыг үнэлэх, зөвлөн туслах, чиглүүлэх үйл ажиллагаа явуулдаг учир багшаар ажилласанд дүйцүүлэн тооцох ёстой. Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд хамгийн ойр албан тушаал гэж надаар түр орлон гүйцэтгүүлж байгаа мөртлөө албан тушаалын туршилтын хэсэгт заасан шаардлагыг хангахгүй гэж байгаа нь шударга ёсны заримд нийцэхгүй байна.

3.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2025/0023 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ХХ дугаар   цэцэрлэгчийн эрхлэгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад М.Е намайг бүртгэхээс татгалзсан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, М.Е намайг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ХХ дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад бүртгэхийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл даалгаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлага хангасан байна.

2. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хүүхдийн ХХ дугаар цэцэрлэг шинээр байгуулагдсантай холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдахдаа “хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч”-ийн албан тушаалын тусгай шаардлагыг

-Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэж,

-аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/62 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт”-ын “III. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсгийн “Туршлага” хэсэгт “Хүүхдийн цэцэрлэгт тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс багшаар зургаагаас доошгүй, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх” гэсэн шаардлагыг тусгажээ.

3. Үүнээс үзвэл, сонгон шалгаруулалтаар зарлагдсан цэцэрлэгийн эрхлэгчид тавигдах тусгай шаардлага нь боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх, үүнээс 6 жилийг багшаар, 4 жилийг арга зүйчээр ажилласан байх шаардлага тавигдсан байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч М.Е нь боловсролын сургалтын байгууллагад нийт 11 жил 3 сар ажилласнаас багшаар 2 жил 4 сар, арга зүйчээр 8 жил 9 сар ажилласан байх бөгөөд энэ нь дээрх Боловсролын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан зохицуулалт болон албан тушаалын тодорхойлолтод заасан боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан, ...үүнээс 4-өөс доошгүй жил арга зүйчээр ажилласан, ...мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагуудыг хангасан байх боловч багшаар 6-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна.

5. Иймд анхан шатны шүүх “...Нэхэмжлэгчийг Өлгий сумын хүүхдийн ХХ дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан салбар зөвлөл болон сонгон шалгаруулах комиссын шийдвэр нь журмын дээрх заалтуудтай нийцсэн, нэхэмжлэгчийг хуульд болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн үндэслэлийг хууль бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч М.Е-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Е-ы “арга зүйчээр 8 жил 9 сар ажилласан” хугацааг багшаар ажилласанд дүйцүүлэн тооцох талаар хууль болоод холбогдох журамд тодорхойлон тусгагдаагүй байна. Тодруулбал,

6.1. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.2-т заасан шаардлагыг энэ хуулийн 17.1 дэх хэсэг, 25, 28 дугаар зүйлд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцож болох бөгөөд дүйцүүлэн тооцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсний дагуу Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/182 дугаар тушаалаар “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежоос бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцох тухай журам”-ыг баталжээ.

6.2. Дээрх хууль болон журмын Нэг. Нийтлэг үндэслэл 1.1-д “...бусад боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал, эрхлэгчийн албан тушаалд тавих тусгай шаардлагад заасан хугацааг Боловсролын ерөнхий хуулийн 17.1 дэх хэсэг, 25, 28 дугаар зүйлд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцоход энэхүү журмыг баримтлана” гэсэн нийтлэг зохицуулалтаас үзвэл, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /мөн хуулийн 25/-д, Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага /мөн хуулийн 28/-д, Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага, насан туршийн суралцахуйн төв /мөн хуулийн 17.1/-д удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ажил үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан бол тухайн ажилласан жилийг дүйцүүлэн тооцохоор байна.

6.3. Энэ талаар нэхэмжлэгчийн “Боловсролын салбарт тасралтгүй 12 дахь жил үүнээс үндсэн багшаар 3 жил, арга зүйчээр 9 жил ажилласан би дээрх хуульд заасан туршлагыг хангаж байгаа намайг шалгалтад бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Учир нь Боловсролын Ерөнхий хуулийн 33.2.2-д ...заасныг боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил эсвэл тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх гэж ойлгох ёстой. Гэтэл шүүхээс хуулийг буруу тайлбарлан ","-ыг эсвэл гэдэг утга илэрхийлэхгүй гэсэн байдлаар холбож тайлбарлаад эрхлэгчийн ажлын байрны шаардлагыг хангахын тулд заавал 6 жил багшаар ажилласан байх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх шүүх хуралдааныг хуулийн дагуу явуулж, нотлох баримтыг бүрэн цуглуулж, зөв үнэлж дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй, Боловсролын ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2025/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА