Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 108

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Р.Батзориг, Р.Бат-Орших нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зузаан овгийн Ринченноровын Батзориг, Зузаан овгийн Рэнцэнноровын Бат-Орших нарт  холбогдох эрүүгийн 201615000266 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 24 настай эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум 2 дугаар баг, “Нарт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Зузаан овгийн Ринченноровийн Батзориг. РД:Й092110510.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 21 настай эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймаг Уянга сум 5 дугаар баг, “Бадрал” гэх газар оршин суух, Уянга сум 5 дугаар баг “Цагаан чулуут” гэх газар түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Зузаан овгийн Рэнцэноровийн Бат-Орших. РД:95100617.

Шүүгдэгч Р.Батзориг, Бат-орших нар бүлэглэн улсын дугааргүй хөх ягаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Зүүн даваа” гэх газар иргэн Б.Майдарыг өвөлжөөний газар байр барилаа гэж хэлэхэд гэрт ирж хэрүүл хийлээ гэж маргалдан зодож биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчны мурийлт, сээрний нугаламын сэртэн, хавирганы толгой хэсгийн хугарал, 2 нүдний зовхи, зүүн чихний хэсгийн цус хуралт, 2 нүдний зовхи, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний алимны салстын цус хуралт, 2 хацар, хүзүү, зүүн сарвуу, баруун хөлний шагай, зүүн өлмийний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.Батзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би намар адуу эргүүлээд явж байсан чинь манай дүү Р.Бат-Оршихын хаваржаан дээр Б.Майдар ах байр барьж байсан. Тэгээд би очоод та яагаад манай дүүгийн хаваржаан дээр байр бариад байгаа юм гэсэн чинь битгий хуц чам шиг юманд хамаагүй манайх энд хуучин байсан юм гэсэн. Тэгэхээр нь би хурлаар ороод Р.Бат-Оршихын нэр дээр гэрчилгээ гарсан гэсэн чинь та нарыг байхгүй байхад манайх өмнө нь энд удмаараа байсан юм гэсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. Хэд хоногийн дараа би аавынд ирээд хоол идээд байж байсан чинь шөнө Б.Майдар ах аавынд ирсэн. Аавтай мэнд мэдээд аавынх толгой чанасан байсан. Аав Б.Майдар ахад хоол аваад өгсөн чинь та нар яах гээд байгаа юм энэ байрны сэгээ аваад далд ороорой гэсэн. Тэгээд би шууд гэртээ очсон. Би Р.Бат-Оршихыг морь алдуурчихлаа хоёулаа морь баръя гээд дагуулаад явсан. Баруун даваа өгсөж яваад Б.Майдар ах аав, ээжид агсагнаад байна. Энд буугаагүй ингэж байгаа юм чинь буухаараа хэцүү байх хоёулаа Б.Майдар ахыг зодолгүй хашраая гэж Р.Бат-Оршиход хэлсэн. Тэгээд Б.Майдар ах дээр очоод буугаад ир гэсэн Б.Майдар ах буугаад ирсэн. Тэгээд би тонгорч унагаад бүсээрээ хөл гарыг нь уясан. Тэгсэн өмнөөс нулимаад байхаар нь мотоцикль дээр байсан нарийн цагаан уяагаар амыг нь хазаарлаж байгаад 2-3 удаа нүүр рүү нь алгадсан. Тэгсэн мотоциклийн гэрэл гараад байхаар нь бид хоёр Б.Майдар ахын хөл гарын уяаг нь тайлчихаад явсан. Даваан дээрээс харсан чинь Б.Майдар ах машинаа асаагаад гэрлээрээ гэр рүүгээ дохиод байсан. Гэрээс нь машин гарч ирээд аваад явж байсан. Бид хоёр гэртээ ирсэн чинь аав ирсэн байсан. Аав, ээж хоёр яагаад айл саахалтын хүнтэй хэрэлдээд байгаа юм Б.Майдар ахаасаа очиж уучлалт гуй гээд загнасан. Бид хоёр Б.Майдар ахынд очиж уучлалт гуйчихаад явах гэсэн чинь эхнэр нь хаалгаа цоожилчихоод явуулахгүй байсан. Тэгээд Уянга сумын цагдаа ирээд бид хоёрыг  аваад явсан” гэв.

Шүүгдэгч Р.Бат-Орших шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Орой гэртээ эхнэртэйгээ толгой хуйхлаж байхад агаа ирээд морь баръяа гэсэн. Тэгээд хамт яваад баруун даваа өгсөж байхад агаа Б.Майдар аав, ээж хоёрт агсан тавиад байна хоёулаа зодохгүй, жаахан айлгаад явуулъя гэсэн. Б.Майдарыг амдаж очоод агаа гараад ир гэсэн. Б.Майдар гараад ирэхэд агаа тонгорч унагаад намайг дарж бай гэхээр нь дараад агаа цагаан уяагаар гарыг нь уяад, бүсээр хөлийг нь уясан. Б.Майдар ах та яагаад өвөлжөөн дээр байр бариад байгаа юм гэсэн та нарт хамаагүй байхгүй. Та нар мэдэхгүй байхад манайх өмнө нь байсан гээд байсан. Тэгсэн агаа 2 удаа алагдсан. Зүүн даваанаас гэрэл гараад байхаар нь уяаг нь тавиад явсан. Бид хоёр даваан дээр гараад харсан чинь Б.Майдар машинаа асаагаад хөндий рүү орж байсан. Хөндий рүү ороод машиныхаа гэрлээр дохиод гэрээс нь эхнэр, Нэргүй хоёр нь ирж байсан. Тэгээд бид хоёр гэртээ очсон чинь аав, ээж хоёр хүн зодож болохгүй гээд загнаад очиж уучлалт гуй гэсэн. Агаа бид хоёр очоод уучлалт гуйсан чинь Б.Майдарын эхнэр нь хаалгаа цоожилчихоод онгойлгохгүй байсан. Тэгсэн Уянга сумын цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан” гэв.

Хохирогч Б.Майдар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчим барьж байгаа өвөлжөөн дээрээ оччихоод Рэнцэнноровын гэрт орсон. Тухайн үед Батзориг, Долгор, Рэнцэнноров нар байсан.  Намайг байраа аваад зайл гээд байсан. Та харин өөрөө байраа аваад зайлмаар юмдаа гээд Рэнцэнноровын гэрээс машинаа унаад гэр лүүгээ явсан. Намайг гэр лүү явах замд зүүн даваан дээр гарч ирэхэд баруун даваанаас мотоциклийн гэрэл амдаж гарч ирээд намайг зогсоосон. Батзориг, Бат-Орших нар байсан. Тухайн үед би эхнэр Адъяацэрэн рүү Рэнцэнноровын 2 банди намайг амдаад зогсоочихлоо гэж хэлсэн. Тэгээд Батзориг намайг машинаасаа буугаад ир гэхээр нь би машинаасаа буухад Батзориг та яагаад байгаа юм гээд заамдаж аваад Бат-Оршихтой элбэж унагаад сураар хүлсэн. Намайг хүлүүлчихээд газар хэвтэж байхад Батзориг нь миний нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн мөн үснээс хойш татаж байгаад аманд сур хийж хазаарлаж татаад нүүрлүү нулимаад, бүсээр хоолой боогоод, хөл, гар сураар хүлээд намайг миний машины тэвшин дээр гаргах гээд байхаар нь би тийчэлсэн. Гэтэл Батзориг, Бат-орших нар намайг дийлэлгүй газар алдсан. Би Батзориг, Бат-Орших нараас намайг тавьчих 3 уулаа ярьяа үгүй бол намайг алчих гэхэд тавихгүй байсан. Тэгсэн Батзориг нь мотоциклийнхоо ачаанаас намайг миний гарыг хүлээд мотоцикл дээрээ мордолгүйгээр намайг мотоциклоороо чирсэн. Ойролцоогоор 10 гаруй метр чирсэн байх. Тэгээд мотоциклиосоо салгаад намайг газар хаясан. Би газар хэвтэж байгаад хөлний уяа нь сул байхаар нь хөлөө мулталахад Батзориг, Бат-Оших нар гутал тайлаад гар, хөл холбож хүлсэн. Тэгээд би нэг хэсэг ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд Батзориг, Баторших нар миний хажууд намайг тамлана, ална үүр цайтал тамлана, машин дээрээ ачиж явж үүр цайтал тамлана гээд яриад байсан. Тэгсэн баруун даваанаас мотоциклийн гэрэл гарлаа гээд хоорондоо ярьж байгаад миний хүлээг тайлаад намайг хүлсэн сураа аваад бүсээ үлдээгээд мотоциклтойгоо яваад өгсөн. Тэгээд нөгөө мотоциклийн гэрэл ирээд зогсохоор харахад Рэнцэнноров гуай байхаар нь танай 2 банди чинь намайг аллаа гэхэд Ренцэнноров гуай мотоцикльтойгоо хөдлөөд явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 79-82 дугаар хуудас/,

Гэрч Г.Баасанхандын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Б.Майдарыг манайхаас явснаас хойш 30 гаран минутын дараа Бат-Оршихын эхнэр Нямжав утсаар залгаад Батзориг ах манайд орж ирээд Бат-Оршихыг морь алдуураад явчихсан байна хамт гараадхий гээд гэрээс алга болчихлоо танайд ирсэн үү гэхээр нь ирээгүй гээд л утсаа салгасан. Тэгсэн Ренчинноров хоёр хүү Майдарын араас явсан байж магадгүй гэж бодоод Майдарынх руу ганцаараа мотоцикльтой явсан. Нөхрийн ярьж байгаагаар Уянга сумын 5-р баг зүүн давааны ард Майдар машиныхаа урд сууж байхаар яваад очтол танай хоёр хүү намайг зодчоод явлаа гэхээр нь хоёр хүүг хайгаад олоогүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 83-84 дугаар хуудас/,

Гэрч Д.Адъяацэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 00 цаг өнгөрч байхад төрсөн ах Нэргүй Майдарыг хайгаад машинтай явж байхад давааны ард машины гэрэл гараад байхаар нь очиход Майдар портерныхоо урд хэвтэж байсан. Тэгэхээр нь би ах Нэргүйгээр өргүүлж сэгсрүүлсэн чинь Майдар ухаан орсон. Майдарын нүүр битүү хөхөрчихсөн цус нөж болчихсон. Өмсөж явсан цамц нь урагдчихсан хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Гэрч Л.Рэнцэнноровийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… Гэр лүүгээ эргээд явж байтал зүүн давааны ард машины гэрэл харагдахаар нь очиход мотоциклийн гэрэл асаад даваа даваад явахаар нь машины гэрлийг дагаад очиход Майдар машиныхаа гэрлийн урд зогсож байсан. Майдар хэлэхдээ манай хоёр хүү намайг зодчихлоо гээд зогсож байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд хоёр хүүгээ хайгаад гэрт нь очиход байхгүй байсан. Гэрт нь хүлээж байгаад хоёр хүүтэйгээ уулзчихаад гэртээ хүүгээ дагуулж ирээд эхнэр бид аашилж байгаад хоёр хүүгээ Майдараас уучлалт гуйж ир гээд хоёуланг нь явуулсан. Тэр шөнө манай хүү Батзориг, Бат-Орших нар Майдараас уучлалт гуйх гээд очиход Майдарын эхнэр гэрийнхээ хаалгаа хаачихсан гэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

Гэрч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 21 цаг өнгөрч байхад манай нөхөр Батзориг мотоцикльтой гадаа ирээд дүү Бат-Оршихыг морь алдуурчихсан байна морь барьж авъя гээд аваад явсан. 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Батзориг, Бат-Орших нар мотоцикльтой ирсэн. Удаагүй манай хадам аав Ренцэнноров мотоцикльтой ирээд Майдарыг яагаад зодож байгаа юм гээд Батзориг, Бат-Орщих нарыг загнаад Майдараас уучлалт гуйгаад ир гээд явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

Гэрч А.Боронтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би Майдартай 2016 оны 08 дугаар сарын 20-дын үеэр өвөлжөө Уянга сумын 5 дугаар баг Зүүн давааны эхийн өтөгтэй буудал дээр өвөлжөө барьж байхад Батзориг мотоцикльтой ганцаараа ирээд манай өвөлжөөний газар яагаад өвөлжөө бариад байгаа юм гээд уурлаад байсан. Дараа нь Батзоригийн ээж Долгор машинтай ирээд Майдарыг өвөлжөө барилаа гээд маргалдаад байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 98 дугаар хуудас/,

Гэрч Д.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр унтаж байхад манай охин дүү Адъяацэрэн манайд орж ирээд Майдар ирэхгүй удаад байна хамт яваад хайгаадахъя гэхээр нь Майдарыг хайхад Уянга сумын зүүн давааны ард Майдар нь машиныхаа урд ухаангүй хэвтэж байхаар нь сэгсэрсэн чинь амьсгалж эхэлсэн. Нүүр царай нь улаан алаг болчихсон нил цус болчихсон байсан. Гутал хувцсыг нь тайлаад цамцыг нь урчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 99 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Нямжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Шөнө 00 цаг өнгөрч байхад Батзориг ах манай нөхөр Бат-Оршихтой мотоциклтой ирсэн... Хадам аав Ренцэнноров мотоцикльтой ирээд яагаад Майдарыг зодож байгаа юм гээд Бат-Орших, Батзориг ах хоёрыг загнаад байсан. Тэр хүнээс уучлалт гуй гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016  оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 279 тоот: “… Б.Майдарын биед хамрын ясны хугарал, хамрын таславчны мурийлт, сээрний нугаламын сэртэн, хавирганы толгой хэсгийн хугарал, 2 нүдний зовхи, зүүн чихний хэсгийн цус хуралт, 2 нүдний зовхи, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний алимны салстын цус хуралт, 2 хацар, хүзүү, зүүн сарвуу, баруун хөлний шагай, зүүн өлмийний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хуучин гэмтэл тогтоогдохгүй байна…” гэх дүгнэлт /хх-ийн 107 дугаар хуудас/,

Сэтгэцийн шинжээч эмчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 40 тоот: “… Үзүүлэгч Р.Бат-Орших нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгээр өвдөж байгаагүй. Үзүүлэгч Р.Бат-Орших нь сэтгэцийн болон төрөлхийн олдмол өвчин эмгэггүй. Үзүүлэгч Р.Бат-Орших нь 2016 оны 08 сарын 28-ны өдөр буюу хэрэг гарах үедээ сэтгэцийн олдмол болон төрөлхийн өвчин эмгэгээр өвчлөөгүй байсан. Үзүүлэгч Р.Бат-Орших нь нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Үзүүлэгч Р.Бат-Орших нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай…” гэх дүгнэлт /хх-ийн 114 дүгээр хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 279 нэмэлт тоот: “… Хэргийн цаг хугацаанд үүссэн эсэх нь тогтоогдохгүй байна. Мэдрэлийн сувгийн дарагдал нь Шморлын эвэрхий /эмгэг өвчин/ болон бүсэлхий нурууны L5-p нугаламын сэлтэрсэн хугаралын дараагаар эмгэгээр үүсч болох тул дангаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй…” гэх дүгнэлт /хх-ийн 119 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажилллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хохирогч Б.Майдарын гэрэл зураг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 58, 60, 61, 63 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 59, 62 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №10/47 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Майдар, гэрч А.Жаргалсайхан нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

Шүүгдэгч Р.Батзориг, Р.Бат-Орших нарын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 151-156, 158-160, 161-162 дугаар хуудас/,

Шүүгдэгч Р.Батзориг, Р.Бат-Орших нарын ял шалгах хуудас /хх-ийн 157, 163 дугаар хуудас/,

Шүүгдэгч Р.Бат-Оршихыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн129-134 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Р.Батзоригийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 135-140 дүгээр хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Р.Батзориг, Бат-орших нар нь бүлэглэж улсын дугааргүй хөх ягаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Зүүн даваа” гэх газар иргэн Б.Майдарыг өвөлжөөний газар байр барилаа гэж хэлэхэд гэрт ирж хэрүүл хийлээ гэж маргалдан зодож биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчны мурийлт, сээрний нугаламын сэртэн, хавирганы толгой хэсгийн хугарал, 2 нүдний зовхи, зүүн чихний хэсгийн цус хуралт, 2 нүдний зовхи, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний алимны салстын цус хуралт, 2 хацар, хүзүү, зүүн сарвуу, баруун хөлний шагай, зүүн өлмийний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Майдарын “… Намайг гэр лүү явах замд зүүн даваан дээр гарч ирэхэд баруун даваанаас мотоциклийн гэрэл амдаж гарч ирээд намайг зогсоосон. Тэгэхэд Батзориг, Бат-Орших нар байсан. Тухайн үед би эхнэр Адъяацэрэн рүү Рэнцэнноровын 2 банди намайг амдаад зогсоочихлоо гэж хэлсэн. Тэгээд Батзориг намайг машинаасаа буугаад ир гэхээр нь би машинаасаа буухад Батзориг та яагаад байгаа юм гээд заамдаж аваад Бат-Оршихтой элбэж унагаад сураар хүлсэн.  Намайг хүлүүлчихээд газар хэвтэж байхад Батзориг нь миний нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн, мөн үснээс хойш татаж байгаад аманд сур хийж хазаарлаж татаад нүүр лүү нулимаад, бүсээр хоолой боогоод, хөл, гар сураар хүлээд намайг миний машины тэвшин дээр гаргах гээд байхаар нь би тийчэлсэн. Гэтэл Батзориг, Бат-орших нар намайг дийлэлгүй газар алдсан. ... Тэгсэн Батзориг нь мотоциклийнхоо ачаанаас намайг миний гарыг хүлээд мотоцикл дээрээ мордолгүйгээр намайг мотоциклоороо чирсэн. Ойролцоогоор 10 гаруй метр чирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-82/, гэрч Г.Баасанхандын  “... Нөхрийн ярьж байгаагаар Уянга сумын 5-р баг зүүн давааны ард Майдар машиныхаа урд сууж байхаар яваад очтол танай хоёр хүү намайг зодчоод явлаа гэхээр нь хоёр хүүг хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 83-84/, гэрч Д.Адъяацэрэнгийн “... 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 00 цаг өнгөрч байхад төрсөн ах Нэргүйтэй Майдарыг хайгаад машинтай явж байхад давааны ард машины гэрэл гараад байхаар нь очиход Майдар портерныхоо урд хэвтэж байсан. Тэгэхээр нь би ах Нэргүйгээр өргүүлж сэгсрүүлсэн чинь Майдар ухаан орсон. Майдарын нүүр битүү хөхөрчихсөн цус нөж болчихсон. Өмсөж явсан цамц нь урагдчихсан хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86/, гэрч Л.Рэнцэнноровын “… Майдар хэлэхдээ манай хоёр хүү намайг зодчихлоо гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 87-88/, гэрч Б.Буянжаргалын “... Удаагүй манай хадам аав Ренцэнноров мотоцикльтой ирээд Майдарыг яагаад зодож байгаа юм гээд Батзориг, Бат-Орщих нарыг загнаад Майдараас уучлалт гуйгаад ир гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97/,  гэрч Д.Нэргүйгийн “... 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр унтаж байхад манай охин дүү Адъяацэрэн манайд орж ирээд Майдар ирэхгүй удаад байна хамт яваад хайгаадахъя гэхээр нь Майдарыг хайхад Уянга сумын зүүн давааны ард Майдар нь машиныхаа урд ухаангүй хэвтэж байхаар нь сэгсэрсэн чинь амьсгалж эхэлсэн. Нүүр царай нь улаан алаг болчихсон нил цус болчихсон байсан. Гутал хувцсыг нь тайлаад цамцыг нь урчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 99/, гэрч Ц.Нямжавын “... Хадам аав Ренцэнноров мотоцикльтой ирээд яагаад Майдарыг зодож байгаа юм гээд Бат-Орших, Батзориг ах хоёрыг загнаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103/, гэрч А.Боронтогтохын мэдүүлэг. /хх-ийн 98/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016  оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 279 тоот дүгнэлт /хх-ийн 107/, Сэтгэцийн шинжээч эмчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 40 тоот дүгнэлт /хх-ийн 114/,  Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 279 нэмэлт тоот дүгнэлт /хх-ийн 119/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажилллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хохирогч Б.Майдарын гэрэл зураг /хх-ийн 6/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 58, 60, 61, 63/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 59, 62/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 64-65/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №10/47 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-69/, Хохирогч Б.Майдар, гэрч А.Жаргалсайхан нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 92-93/, Шүүгдэгч Р.Бат-Оршихыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн129-134/, Шүүгдэгч Р.Батзоригийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 135-140/, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч Р.Бат-Орших, Р.Батзориг нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Р.Бат-Орших, Р.Батзориг нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан, хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Батзориг, Р.Бат-Орших нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн № 000438679 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн “Гэрчилгээ”, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэргийг хууль ёсны эзэмшигч А.Жаргалсайханд буцаан олгож, улбар шар өнгийн давуун бүс 1 ширхэг, цагаан өнгийн олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,  

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Р.Батзоригийн эзэмшлийн улсын дугааргүй яагаан өнгийн “Shineray Mustang XY150” маркийн LXYPCML00F0414822 арлын дугаартай мотоциклийг хурааж улсын орлого болгохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХнь:

1. Шүүгдэгч Зузаан овгийн Ринченноровын Батзориг, Зузаан овгийн Рэнцэнноровын Бат-Орших нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар шүүгдэгч Р.Батзоригийг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Бат-Оршихыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.Батзоригт оногдуулсан 3 жил 4 сар, шүүгдэгч Р.Бат-Оршиход оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн № 000438679 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн “Гэрчилгээ”, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэргийг хууль ёсны эзэмшигч А.Жаргалсайханд буцаан олгож, улбар шар өнгийн давуун бүс 1 ширхэг, цагаан өнгийн олс 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Батзоригийн эзэмшлийн улсын дугааргүй “Shineray Mustang XY150” маркийн LXYPCML00F0414822 арлын дугаартай мотоциклийг хурааж улсын орлого  болгосугай.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Р.Батзоригт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Р.Бат-Оршиход  оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, шүүгдэгч Р.Батзоригийг 2  жил 6 сарын хугацаагаар, Р.Бат-Оршихыг 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Р.Батзориг, Р.Бат-Орших нарын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Р.Батзориг, Р.Бат-Орших нарт   мэдэгдсүгэй.

   9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

   10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Батзориг, Р.Бат-Орших нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       М.МАНДАХБАЯР