Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2313000000100 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 28 минутад хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын... дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Уургийн овгийн Зйн Б, регистрийн дугаар

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 18-19 цагийн хооронд зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн дагуу дуудлагаар очсон цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ж.Бын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан зөрчлөө шалгуулах тухай тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний биед халдсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 18-19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн дагуу дуудлагаар очсон цагдаагийн дэд ахлагч Ж.Бын “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан зөрчлөө шалгуулах тухай” тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний биед халдаж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн болох шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-21 дэх тал), СD-д хуулбарлан авсан видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 22-23 дахь тал), Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгооны жагсаалт (хавтаст хэргийн 28-34 дэх тал),  хохирогч Ж.Б, гэрч Э.Г, С.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 48-49, 51, 53, 55 дахь тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн хошууч К.ын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 60-61 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

1.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч З.Б хууль сахиулагч Ж.Бын шаардлагыг үл биелүүлж, хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

1.4. Шүүгдэгч З.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.5. Хохирогч Ж.Б нь гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан талаарх нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “....ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн учраас шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 51 дэх тал)

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Прокурорын санал болгож, шүүгдэгч З.Бы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.800.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.2. Иймд шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлт, шүүгдэгчийг хөрөнгө, орлогыг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.

2.4. Энэ хэргийн учир шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

2.5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Зн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Быг 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч З.Бд оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч З.Бд тайлбарласугай.

5. Шүүгдэгч З.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2313000000100 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй  болохыг тус тус дурдаж, эд мөрийн мөрийн баримтаар тооцогдсон СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр 

үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ө.Б