Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/00309

 

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/00309

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух  М******* /РД:******* /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух Г******* /РД:*******/-д холбогдох,

2,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн үндэслэлээ 2018.12.21-ний өдөр тодруулахдаа: ...Нэхэмжлэгч С.М******* би Б.Г*******д байр авах гэсэн юм мөнгө дутаад байна, удахгүй эгчээс мөнгө ирнэ, 7 хоногийн хугацаатай мөнгө зээлэх гэсэн юм, та туслаач гэснээр нь хүнээс асуугаад хэлье гээд нөгөө хүнээсээ асуухад 2,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай өгсөн. Ингээд Б.Г*******д өгөхдөө Н.Энхзаяа гэдэг эмэгтэйтэй цуг гэрт нь очиж би мөнгөө тоолоод дэвсгэртээр нь бичиж Н.Энхзаяа дахин тоолж Б.Г*******д өгсөн.

2017.12.26-ны өдөр Б.Г*******д 1,000,000 төгрөг өгсөн үүнийгээ 1,800,000 төгрөг болгож эргүүлэн авсан. Үүний дараа 2018.01.08-ны өдөр 2,000,000 төгрөгийг дахин өгсөн. Дараа өдөр нь буюу 2018.01.09-ний өдөр 300,000 төгрөг нэмж өгсөн.

Ингээд 2018.01.08-ны өдөр зээлсэн 2,000,000 төгрөг, 2018.01.09-ний өдөр зээлсэн 300,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М******* Б.Г*******д 2017 оны 12 сарын 27-нд 1,000,000 төгрөг зээлсэн. Үүнийгээ хүү тооцож 1,800,000 төгрөг болгож авсан байдаг. Үүний дараа 2018.01.08-нд бэлнээр 2,000,000 төгрөг, 2018.01.09-нд дансаар нь 300,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөг зээлсэн. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн боловч хүүг бичгээр тохироогүй байна. С.М*******гаас Б.Г*******д нийт 3,300,000 төгрөгийг шилжүүлж өгсөн нь тогтоогддог, үүнээс 1,800,000 төгрөгийг төлснийг хасаж, үлдэх 1,500,000 төгрөгийг хариуцагч Б.Г*******аас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 800,000 төгрөгөөр багасгаж байна ... гэв.

 

Хариуцагч Б.Г******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...С.М*******гаас 2,200,000 төгрөг авсан нь үнэн. Нэхэмжлэгчийн данс уруу 1,800,000 төгрөгийг 2018.01.19-ний өдөр данс уруу явуулсан. Иймд цаашид үлдэгдэл 400,000 төгрөгийг боломжтой үед нь өгнө гэж тохиролцсон. Би найзаасаа болоод бусад хүмүүсээс их хэмжээний хүүтэй мөнгө авсан боловч төлж чадахгүй удааж 2018.04.26-ны өдрөөс эхлээд миний цалин шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн С.М******* гэх эмэгтэй надаас 1,800,000 төгрөгийг авчхаад одоо хүүг нь 2,500,000 төгрөг төл гэж удаа дараа нэхэмжилсэн. Би үлдэгдэл 400,000 төгрөгийг боломжтой үедээ өгнө... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М******* хариуцагч Б.Г*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 800,000 төгрөгөөр багасгаж, 1,500,000 төгрөг нэхэмжилж байна.

 

Хариуцагч 2,200,000 төгрөг зээлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.М******* хариуцагч Б.Г*******тай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр амаар зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийг тодорхой хугацаагүй, 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 2,300,000 төгрөгийг тодорхой хугацаагүй тус тус зээлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, С.М*******гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансны хуулга, Б.Г*******ы ...2,300,000 төгрөг авав. 4,300,000 төгрөг болгож өгнө ... гэх баримт зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.М******* хариуцагч Б.Г*******ы дансаар 2017.12.28-нд 1,000,000 төгрөг, 2018.01.09-нд 300,000 төгрөг, бэлнээр 2,000,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөгийг өгсөн болох нь С.М*******гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансны хуулга, Б.Г*******ы ...2,300,000 төгрөг авав... гэх баримт, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Г******* ... Хаан банкны ******* тоот данс миний данс мөн хэмээн ...тайлбарласан болох нь 2018 оны 12 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх байна.

 

Хариуцагч Б.Г******* 2018 оны 01 сарын 19-нд С.М*******гийн ******* тоот данс уруу 1,800,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ ... 2,200,000 төгрөг зээлсэн ... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна. Харин нэхэмжлэгчийн ... эхлээд 1,000,000 төгрөг зээлсэн, дараа нь бэлнээр болон дансаар 2,300,000 төгрөг зээлсэн.... гэх тайлбар нь баримтаар тогтоогдож байх ба хэргийн үйл баримттай нийцэж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч 3,300,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн заалтад нийцэхгүй байх тул хүү нэхэмжлэх үндэслэлгүй, хүү тооцож гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд 3,300,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч 1,800,000 төгрөг төлсөн гэж дүгнэн, хариуцагч Б.Г*******аас 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.М*******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.5-д заасан журмын дагуу хариуцагч Б.Г*******д 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 1 дүгээр сарын 10, 15-ны өдөр түүний шүүхэд өгсөн 95136741 дугаарын утсаар, төрсөн эх гэх хүнээр дамжуулж мэдэгдсэн, албадан ирүүлэх ажиллагаа хийгдсэн боловч хаягтаа болон ажил дээрээ байхгүй, шүүхэд хаягаа өөрчилсөн талаар мэдэгдээгүй атлаа тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Б.Г*******ы хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хөдөө явсан шалтгаанаар аваагүй гэсэн лавлагаа ирсэн ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж зааснаар 2019 оны 1 сарын 3-ны өдрөөс 2019 оны 1 сарын 21-ний өдрийг хүртэл дээрх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч талаас шинээр өгсөн 2 хуудас /хх-34-35/ баримтыг утсаар танилцуулсан ба биечлэн танилцах эрхийг шүүхээс хангаагүй гэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г*******аас 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г*******аас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ