Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
Хэргийн индекс | 174/2023/0054/Э/222/2023/0010 |
Дугаар | 2023/ШЦТ/66 |
Огноо | 2023-03-27 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Г.Бат-Оргил /томилолтоор/,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,
Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б-ид холбогдох 2230000000239 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны “...”-ийн .... тоотод түр оршин суух хаягтай,
Төв аймгийн Баянчандмань сумын .... дугаар багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Х овогт З-ын Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч З.Б нь 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн нутаг “Н с” гэх газарт “Ч Х Х Х” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан 27 тооны үхэр, 156 тооны хонь, 93 тооны ямааг завшиж, хохирогч Н.Б-д 49,293,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай найз над руу яриад “туслах малчин авна гэж байна, чи ирж ажиллах уу” гэж хэлсэн. Тэгээд туслах малчнаар ажилласан. Би өмнө нь мөрийтэй тоглодоггүй байсан. Г-тай хамт явж тоглодог болсон. 2 үхрийг тоглоомд алдсан. Мал үхэж үрэгдээд байна гэж нэг удаа хэлж байсан. Манай урд талын жалганд хаясан мал миний маллаж байсан мал байсан. Тухайн үед Б ах бүх зургийг нь дараад явсан. Энэ талаар ойр хавийн айлууд мэдэж байгаа. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас малын эмч дуудсан боловч олигтой үзээгүй.” гэв.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “33 тооны үхэр үрэгдсэн боловч яллах дүгнэлтэд 27 тооны үхэр гэж бичигдсэн байна. Яагаад ингэж хасагдсан юм бэ?, Гэрээнд зааснаар “хэрвээ мал үхсэн бол малын эмч дуудаж акт гаргуулж, албан ёсоор хасуулж тооцуулах боломжтой байсан”. Хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй. Хохирлыг яагаад төлөхгүй байгаа юм бэ?. Малыг үхсэн гэж байгаа боловч малын сэгийг үзүүлэхэд “манай малаас 3 үхэр үхсэн байна” гэдгийг манай байгууллагын хөдөө аж ахуйн мэргэжилтэн тогтоосон. Тэрнээс биш тэгж олноор үхэж үрэгдсэн зүйл байхгүй. Б малаа өөрөө хардаггүй байсан. Насанд хүрээгүй хоёр хүүхдээр харуулж байсан. Малын тэжээл болон эм тариагаар бүрэн хангадаг байсан. 5 тугалтай үнээг 10 ширхэг гэж тооцсон байсан. Үнэлгээнд тугалтай үнээ 5 гээд бичсэн байсан. Тугалыг нэмээд нийт 27 тооны үхэр гэж тооцсон байсан. Бидний зүгээс 33 тооны үхэр дутсан гэж үзэж байгаа. Яагаад үнэлгээ ийм гарсан юм бол гэдэгт гайхаж байна. Банзрагч хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Г-гийн хувьд хохирлыг төлөх талаар сэтгэл гаргаж байсан. Банзрагч хохирол барагдуулах талаар санаачилга гаргаагүй. Манай компанийн хөрөнгө хоёр залуугаар тоглуулаад дууссан. Хонин суурь юу ч үгүй байхгүй болсон. Мөнххаан суманд байсан мал нэг ширхэг ч чулуу байхгүй болтлоо дууслаа.” гэв.
Эрүүгийн 2230000000239 дугаартай хэргээс:
Би 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Ч Х Х Х” ХХК-ийн 157 тооны хонь, 183 тооны ямаа, 4 тооны адуу, 52 тооны үхрийг хүлээн авч малласан. 2021 оны 07 дугаар сард хүлээлгэж өгөхөд 33 тооны үхэр, 156 тооны хонь, 93 тооны ямаа дутсан. 33 үхрээс 31 тооны үхэр нь 2021 оны хавар үхсэн. Үлдсэн 2 хоёр үхрийг тоглоод алдсан. Харин 156 тооны хониноос 2021 оны 4 билүү 5 сард Ж гэх хүнд 15 тооны хонийг зарж борлуулсан. Үлдсэн 141 тооны хонь нь ихэнх нь үхэж, үлдсэн нь тасарч алга болсон. Дутсан 93 ямаанаас 15 ямааг Ж гэх хүнд мөнгөөр борлуулсан. 78 тооны ямаа нь 2021 оны хавар үхэж үрэгдсэн.” гэх /хх 122-123 дугаар хуудас/,
-Шүүгдэгч З.Б-аас гаргаж өгсөн 2021 оны өвөл үхсэн гэх малын зургууд /хх 82-88 дугаар хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч З.Б нь 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн нутаг “...” гэх газарт “Ч Х Х Х” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан 27 тооны үхэр, 156 тооны хонь, 93 тооны ямааг завшиж, хохирогч Н.Б-д 49,293,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Б, гэрч Г.Ц, Ш.З нарын мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2202078 дугаартай шинжээчийн дүгнэлт, Мал маллах гэрээ, малын тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч З.Б нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Тодруулбал, шүүгдэгч З.Б нь хохирогч Н.Б-ы өмч болох малыг “Малчинтай байгуулах ажилтны гэрээ”-нд заасны дагуу итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд бөгөөд итгэмжлэн хариуцуулсан малыг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн худалдан борлуулах, өрөндөө өгөх, мөрийтэй тоглох зэргээр бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
2.1. Шүүхээс шүүгдэгч З.Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2. Шүүгдэгч З.Б-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч З.Б нь хохирогч Н.Б-д 49,293,800 төгрөгийн хохирол учруулсан, учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, бусдад төлөх төлбөртэй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь тохиромжгүй юм.
Шүүгдэгч З.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-д 49,293,800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч З.Б-аас 49,293,800 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Б-д олгох, Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хохирогдоогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй” гэх саналыг гаргав.
2.3. Шүүхээс шүүгдэгч З.Б-ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн байдлаа ухамсарлаж ойлгоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, төлөх санаачилга гаргаагүй, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч З.Б нь хохирогч Н.Б-ы эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
3.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” компаниар үнэлгээ хийлгэж, тус компанийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2202078 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 49,293,800 төгрөг гэж тогтоосныг талууд танилцаад гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 49,293,800 төгрөгийг гаргуулж “Ч Х Х Х” ХХК-ийн захирал Н.Б-д олгуулахаар шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар:
Шүүгдэгч З.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт З-ын Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт З-ын Б-ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Б-ид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шатанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч З.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 49,293,800 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар хорооллын .... тоотод оршин суух А овогт Н-ийн Б-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ