Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Г-т холбогдох эрүүгийн 2330000000043 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй, .... аймгийн .... суман дахь эрэн хайх бүлэгт аврагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... аймгийн .... сумын ... дугаар баг “...”-ны ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Х-ын Г

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Г нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Billion” бааранд 2023 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.А-той маргалдаж, түүний толгой руу сандал шидэж, эрүүл мэндэд тархи доргилт, зүүн чамархайд язарсан шарх бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлгийг хэрэгт үнэн зөвөөр бичсэн байгаа тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.   

Эрүүгийн 2330000000043 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Тухайн үед би маргаан дундаас хоёр найзыгаа салгах гэхэд Ч.А гэх залуу миний хажуугаас орж ирээд цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд би зөрүүлээд Ч.А-ын баруун гар луу гараараа нэг удаа цохисон. Ч.А миний өмсөж байсан хувцаснаас зуураад намайг түлхсэн. Би бааранд хоорондоо маргалдаад, зодолдох гээд байсан залуучуудыг болиулах санаатай гартаа таарсан сандлыг голд нь шидсэн. Харин шидсэн сандал Ч.А-ын толгойг оносон.” гэх /хх 53-54 дүгээр хуудас/
  • Хохирогч Ч.А-ын: “Би 2023 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед найз Б, Н, Т нарын хамт “....” баар луу орсон. Хэсэг сууж байгаад манай найз Б бааранд явж байсан Балжиннямтай “юу байна ахын дүү” гээд мэндэлсэн. Тэгсэн Балжинням “би чиний дүү байснаа санахгүй юм байна” гээд хоорондоо муудахад М гэж залуу дундуур нь орж ирээд муудсан. Тэр үед Х.Г гэх залуу нөгөө маргалдаж байсан залуучууд дээр нэмж ороод тэнд байсан хүмүүс хоорондоо муудаад зодолдсон. Би Г гэх залууг дунд орж муудаад байхаар нь салгаад хол авч яваад сандал дээр суулгаад би нөгөө хэдэн найзууд руугаа очих гээд явж байхад Г миний араас толгой руу сандал шидсэн. Тухайн үед бид хэдийг хоорондоо маргалдаад байхаар нь нэг хүн цагдаа дуудсан байсан. Хэн дуудсаныг нь мэдэхгүй. Удалгүй цагдаа ирээд бид хэдийг салгаад би тухайн үед эмнэлэг явж толгойдоо 5 удаа оёо тавиулсан.” гэх /хх 6-7 дугаар хуудас/
  • Гэрч Г.Б-ийн: “Тухайн үед Ч.А-ын толгойноос цус гарсан байсныг харсан. Тэгээд би юу болсон талаар асуухад А надад “Х.Г гэх залуу миний толгой руу сандлаар цохисон” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. А эмнэлэг рүү явсан. Тухайн үед Ч.А нь тэнд байсан залуучуудтай маргасан зүйл байхгүй. Надтай маргалдаад байгаа залуучуудын нэгийг нь салгаад холдуулах санаатай авч явсан. Тэр үед харин авч явсан залуу болох Х.Г “араас нь ирээд сандлаар толгой руу нь цохисон” гэж Ч.А надад хэлсэн.” гэх /хх 10-11 дүгээр хуудас/,
  • Гэрч Г.Н-ын: “Тухайн үед би бие засах өрөө рүү орсон. Хэсэг байж байгаад гарч ирэхэд манай найз Ч.А-ын толгойноос нь цус гарсан байж байсан. Тухайн үед би тэнд байсан залуучуудаас “миний найзын толгойг хэн цохисон юм” гэж асуухад Ч.А надад “Миний араас тэр хар цамцтай залуу толгой руу сандлаар цохисон” гээд Х.Г гэх залуу руу зааж байсан. Тэгээд удалгүй цагдаа орж ирсэн...” гэх /хх 14-15 дугаар хуудас/,
  • Гэрч П.Т-ын: “Хэдэн залуучууд манай найзууд руу очоод хоорондоо маргалдаад байсан. Тэр үед би текэний хажуугаас найзууд руугаа явж очиход найз Ч.А-ын толгойноос цус гарсан байсан. Удалгүй цагдаа нар орж ирсэн.” гэх /хх 18-19 дүгээр хуудас/,
  • Гэрч Н.М-ийн: “Эмнэлэг рүү очиход Алтан-очир нь толгойгоо боолгосон байсан. Цагдаагийн газарт очоод Х.Г-аас бааранд юу болсон талаар асуухад “А намайг тухайн үед бааранд түлхсэн. Тэгэхээр нь би араас нь гартаа таарсан сандлаа шидсэн. Тэгтэл тэр сандал А-ын толгойг оносон” гэж надад хэлсэн.” гэх /хх 26-27 дугаар хуудас/,
  • Гэрч Х.Б-ын өгсөн “Цагдаа  ирээд А-ыг эмнэлэг рүү авч явсан. Бид хэд араас нь очсон. Эмнэлэгт ирээд А цагдаа нарт “Х.Г миний толгой руу сандлаар цохисон” гэж хэлж байсан. Харин Х.Г “гарт баригдсан сандлаа аваад шидсэн. Тэр сандал А-ын толгойг оносон гэж хэлсэн.” гэх /хх 30-31 дүгээр хуудас/ мэдүүлэг,
  • Хохирогч Ч.А-т үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №1272” /хх 36 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай “1.Ч.А-ын биед тархи доргилт, зүүн чамархайд язарсан шарх бүхий гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 37-38 дугаар хуудас/,

  •  Шүүгдэгч Х.Г-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх 55-56 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Х.Г-т холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 57 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26/39 дугаартай албан бичиг, эмчилгээний төлбөрийн лавлагаа /хх 64-65 дугаар хуудас/,
  • Хохирогч Ч.А-ын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 71 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Х.Г-ын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “хохирогч Ч.А нь надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 72 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх 73-77 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Х.Г нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар:
  • Шүүгдэгч Х.Г нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” бааранд 2023 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.А-той маргалдаж, түүний толгой руу сандал шидэж, эрүүл мэндэд тархи доргилт, зүүн чамархайд язарсан шарх бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан болох нь хохирогч Ч.А, гэрч Г.Б, Г.Н, П.Т, Н.М, Х.Б нарын мэдүүлэг, хохирогч Ч.А-т үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №1272”, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Х.Г нь согтуурсан үедээ хохирогч Ч.А-ын араас сандал авч шидэн түүний толгойг онож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн чамархайд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хор уршиг бүхий гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч Х.Г нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, бусадтай маргалдсан байдлаараа шалтаглан хохирогчийн эрүүл мэндэд  санаатай хохирол учруулсан нь гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Х.Г-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.1 Шүүхээс шүүгдэгч Х.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            2.1.2 Шүүгдэгч Х.Г-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос Х.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнийг “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял” оногдуулах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.

2.1.3 Шүүгдэгч Х.Г-т оногдуулсан торгох ялыг түүний  ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

  1. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч Ч.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид “2,500,000 төгрөгийг нөхөн төлсөн” гэж мэдүүлсэн болно.

Хохирогч Ч.А нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

3.2. Хохирогч Ч.А нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 1,340,400 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 1,340,400 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

4.Бусад асуудлаар:

Шүүгдэгч Х.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Х-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г-т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Г-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-аас 1,340,400 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч Х.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8. Хохирогч Ч.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ