| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2023/0059/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/65 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Орчуулагч Ч.Пүрэвсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Э G (Г) , гадаад паспортын дугаар: .................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч G (Г) нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч G (Г) нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Т21/44 дугаартай ... ХХК-ий гүйцэтгэх захирлын тушаалаар Дорноговь ... ...-ий Лот-6 кемпийг хариуцсан менежерээр ажиллаж байхдаа Монгол Улсын MNS4969:2000 стандартын 4.9 дэх заалт “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэсэн заалтыг зөрчиж 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан аюулгүй ажиллагааны хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөх үүргээ биелүүлэлгүйгээр ...-ний туслах ажилтнаар ажиллаж байсан Д.Эыг Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн G128ZLD2 моделийн G109001831 сериал номертой цахилгаан үүсгүүрийг цэнэглүүлэхээр явуулж, ажил үүрэг гүйцэтгэсний улмаас Д.Эын эрүүл мэндэд зүүн сарвууны 3 дугаар шивнүүрийн хугарал, 3, 4 дүгээр хурууны шөрмөс гэмтээсэн шарх бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д.Э/хх-ийн 13-14/, гэрч Ц.Д/хх-ийн 22-23/ нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02/072 дугаартай дүгнэлт/хх-ийн 30/, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн ШД/2023-02 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 50-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс шинжлэн судалсан ял шалгах хуудас, хохирогчийн төлбөр хүлээн авсан талаарх баримт, шүүгдэгч Гийн хүсэлт, хохирогч Д.Эын мэдүүлэг болон улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай,хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Холбогдох хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдсөн, тухайн ажлыг хариуцан ажиллаж байсан хүн хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд үл биелүүлэх эс үйлдэхүй, хохирол хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч G (Г) нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах,хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “компаниас эмчилгээний зардал, эмчилгээтэй байх хугацаанд цалинг маань бүрэн өгч байгаа” /хх-157/ гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “компанийн зүгээс 4,000,000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн, осолд орсон үеэс эхлэн туслах ажилтны цалин болох 1,000,000 төгрөгийг өгч байгаа, эрүүл мэнд нь эдгэрэхээр хуучин ажилд нь авахаар тохиролцсон” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч G (Г)-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч G (Г)-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням нь шүүгдэгч G (Г)-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч G (Г)-д танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймд шүүгдэгч G (Г)-д Эрүүгийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч G (Г)-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч G (Г)-ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч G (Г)-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч G (Г)-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан,улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч G (Г)-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН