Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Д-д холбогдох эрүүгийн 2330000000046 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулах "....” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг “...” хорооллын ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Э-ийн Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг “....” хорооллын .... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Ж-тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас хутгаар цээжин хэсэгт зүсэж, эрүүл мэндэд цээжинд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би найзуудтайгаа гадуур гарсан. Тэгээд шөнө 12 цаг өнгөрөөгөөд  гэртээ ирэхэд  манай нөхөр “утсаа авахгүй хаагуур яваад байгаа юм” гэж хэлээд маргалдсан. Тэгээд юу болсныг  санахгүй байгаа. Намайг нэг харахад цус гарч байсан тул би өөрөө цагдаа дуудсан.” гэв.   

Эрүүгийн 2330000000046 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2023 оны 02 дугаар сарын 24-ний орой манай хүү манай аав, ээж хоёрынд байсан. Би орой 21 цаг өнгөрөөж гэрээсээ гараад найзуудтайгаа караокед орсон. Манай нөхөр Жагдаг тухайн үед ажилтай байсан болохоор найзуудтайгаа явж байгаад нөхрөө утсаар залгасныг мэдээгүй. Тэгээд шөнийн 00 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр ажлаасаа буугаад ирчихсэн байсан. Тэгээд намайг “хаагуур яваад ирж байгаа юм, яагаад утсаа авахгүй байсан юм?” гээд уурлаад бид хоёр хэрэлдсэн. Би тухайн үед согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байсан болохоор яг юу болсныг санахгүй байна, нэг мэдсэн би нөхрийнхөө цээж рүү хутгалчихсан байсан. Тэгээд би цагдаад өөрөө дуудлага өгсөн.” гэх /хх 30-31 дүгээр хуудас/
  • Хохирогч Ц.Ж-ийн: “Би гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй.” гэх. /хх 9-10 дугаар хуудас/ мэдүүлэг,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2- дугаар хуудас/,
  • Урьдчилан сануулах хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх 14 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ц.Ж-ийн эмнэлэгт үзүүлсэн “Яаралтай тусламжийн хуудас №1818” /хх 17 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай “1. Ц.Ж-ийн биед цээжинд хатгагдсан шарх бүхий гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтлүүд хурц ир бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 18-19 дүгээр хуудас/,

  • Шүүгдэгч Э.Д-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх 32-33 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Д-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 39 дугаар хуудас/
  • Эд мөрийн баримтаар “24 сантиметрийн урттай, ажлын хэсэг дээрээ “Bass” гэсэн бичигтэй, модон иштэй 1 ширхэг хутга”-ыг тооцох тухай мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол /хх 43 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 26/42 дугаартай албан бичиг, эмчилгээний төлбөрийн лавлагаа /хх 47-48 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Д-ийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “өөрийн гэм буруугаа ухамсарлаж үйлдсэн хэрэгтэй гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 50 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.Ж-ийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эхнэр Д-аад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 51 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх 52-56 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Д нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг “....” хорооллын .... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Ж-тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас хутгаар цээжин хэсэгт зүсэж, эрүүл мэндэд цээжинд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, урьдчилан сануулах хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл,  хохирогч Ц.Ж-ийн эмнэлэгт үзүүлсэн “Яаралтай тусламжийн хуудас №1818”, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Э.Д нь согтуурсан үедээ хохирогч Ц.Ж-тай гэр бүлийн харилцааны улмаас маргалдаж, хутгаар түүний цээж рүү хатгаж, эрүүл мэндэд цээжинд хатгагдсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хор уршиг бүхий гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч Э.Д нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, бусадтай маргалдсан ялимгүй зүйлээр шалтаглан хохирогчийн эрүүл мэндэд  санаатай хохирол учруулсан нь гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Э.Д-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.1 Шүүхээс шүүгдэгч Э.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.1.2 Шүүгдэгч Э.Д-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос Э.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнийг “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял” оногдуулах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.

2.1.3 Шүүгдэгч Э.Д-д оногдуулсан торгох ялыг түүний ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

  1. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч Ц.Ж нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэж мэдүүлсэн болно.

Хохирогч Ц.Ж нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

3.2. Хохирогч Ц.Ж өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 284,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 284,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

4.Бусад асуудлаар:

4.1. Шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

4.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “24 сантиметрийн урттай, ажлын хэсэг дээрээ “Bass” гэсэн бичигтэй, модон иштэй 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Э-ийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Д-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-аас 284,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Ж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8. Хохирогч Ц.Ж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “24 сантиметрийн урттай, ажлын хэсэг дээрээ “Bass” гэсэн бичигтэй, модон иштэй 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн  оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ