| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/67 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2023 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.А /......../,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.А нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... ХХК-ний ажилчдын амрах байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч С.Ог “...вагон салгахдаа буруу салгасан..." гэх зүйлээр шалтаглан түүний толгой тус газар нь шилний хэлтэрхийгээр цохиж эрүүл мэндэд нь “...толгойн шарх...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө нь Отэй ажилд гарч байгаад 50 вагоныг 25, 25 хоёр хувааж татдаг. О эхэлж гараад вагоноо татахдаа 21 юм уу 22 тавьж, үлдсэн вагон нь багтахгүй, өөр галт тэрэг ирэх гээд жижүүр яаруулаад байснаас болоод маргалдаж байсан. 23-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахиж алдаа зөрчил гаргахгүй, ийм зөрчил гаргавал төлбөрт орно гэж маргалдаж байсан. Тэгээд айлгах маягтай толгойг нь цохисон гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...... ... ХХК-ний галт тэрэгний найруулагч ажлаасаа 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буугаад амрах байрандаа байж байгаад хоолондоо орох гэтэл гал тогоо цоожтой байхаар нь Тийн хамт бууз жигнээд сууж байхад гаднаас А гэдэг ах согтуу орж ирээд барианы бүтэн шил барьчихсан зогсож байсан. Т нь А ахыг согтуу байна амар гэхэд А ах чамд хамаагүй О дургүй хүргээд байна ална гэж хэлээд барианы шилээ хананд цохиж хагалаад хэлтэрхийг нь бариад миний толгой хэсэг рүү шилээр цохисон бөгөөд миний толгой зүсэгдсэн би гарч зугтаагаад коридорт гартал Од гээд ax өрөөнөөс гарч ирээд Аийг хорьсон...нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй" гэсэн мэдүүлэг хуудас ( хавтаст хэргийн 14-16 дугаар тал),
гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед амралтын өрөөндөө байж байтал хажуу өрөөнд шил хагарах шиг дугарсан бөгөөд коридорт гараад иртэл Огийн толгойноос цус гарсан байдалтай байсан. А нэлээн согтуу байсан ба О рүү дайраад ална гээд байхаар нь би Аийг аваад өрөөнд нь оруулсан. А Ог вагон салгахдаа буруу салгасан гээд уурлаад байсан" гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02/099 дугаартай "...1. С.Огийн биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо эсвэл ир үзүүртэй зүйлийн аль нэгээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 24 дүгээр тал),
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-10 дугаар тал/
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 36 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... ХХК-ний ажилчдын амрах байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч С.Ог “...вагон салгахдаа буруу салгасан..." гэх зүйлээр шалтаглан түүний толгой тус газар нь шилний хэлтэрхийгээр цохиж эрүүл мэндэд нь “...толгойн шарх...” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч С.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”Т нь А ахыг согтуу байна амар гэхэд чамд хамаагүй О дургүй хүргээд байна ална гэж хэлээд варианы шилээ хананд цохиж хагалаад хэлтэрхийг нь бариад миний толгой хэсэг рүү шилээр цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “амралтын өрөөндөө байж байтал хажуу өрөөнд шил хагарах шиг дуугарсан, коридорт гараад иртэл Огийн толгойноос цус гарсан байдалтай байсан. А нэлээн согтуу О рүү дайраад ална гээд байхаар нь өрөөнд нь оруулсан” гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02/099 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч С.Огийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 02/0486 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Т.Аийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч С.О нь нэхэмжлэх зүйлгүй талаараа хэргийн 16 дугаар талд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.Ад ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ад 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан байна.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй/, хохирогчид учирсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.А нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Т.А нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин Т болох бөгөөд шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН