Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
Хэргийн индекс | 174/2022/0124/Э |
Дугаар | 2023/ШЦТ/77 |
Огноо | 2023-04-05 |
Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.3., |
Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,
Шүүгдэгч Г.С-ын өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Г.С, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А нарт холбогдох 2130002990177 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй, ... цэргийн ... дугаар ангийн цэргийн ..... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Халх гол сумын ... дүгээр багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Г-ын С
Хоёр. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... дугаар баг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ийн А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.С 2021 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “....”-ийн уурхайн урд талд “...” гэх газар “.....” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 12.3 зэрэг заалтуудыг,
шүүгдэгч Б.А 2021 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “....”-ийн уурхайн урд талд “....” гэх газар “...” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.1, 11.3 зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас хоорондоо мөргөлдөж хохирогч О.С-ын эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед найзуудтайгаа явж байсан учраас архи амсаад өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.
Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Эрүүгийн 2130002990177 дугаартай хэргээс:
- Хохирогч Б.Б-ийн: “Тэгээд архи дуусаад О.С, Г.С, Г.Г нарын хамт Г.С-ын машинтай “....” руу явж байгаад том машинтай мөргөлдсөн. Би ослоос болж ухаангүй байсан болохоор үүнээс хойш санахгүй байгаа. Машиныг Г.С жолоодож, би хажууд нь сууж явсан. Г.Г, О.С нар арын суудал дээр сууж явсан.” гэх / хх 31 дүгээр хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 471 дугаартай “1. О.С-ын биед тархины хүнд зэргийн няцрал, цээжний битүү гэмтэл, зүүн талын олон хавирганы хугарал, зүүн хөлийн дунд чөмөгний гадна хэсгийн сэлтэрхийт, зөрөөтэй ил хугарал, биеийн гадаргуугийн олон тооны няцрал, зулгаралт бүхий гэмтэл учирчээ.
2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.3, 31.20-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт / хх 58-59 дүгээр хуудас /,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 470 дугаартай “1. Б.Б-ийн биед тархи доргилт, баруун гарын шууны зөрөөтэй далд хугарал, нүүр 2 гар их биеийн хэсгийн зөөлөн эдийн цус хуралт няцрал бүхий гэмтэл учирчээ.
2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна” гэх дүгнэлт / хх 65-66 дугаар хуудас /,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “Г.С цус” шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Г.С цус” гэсэн хаягтай цуснаас 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хх 84-85 дугаар хуудас /,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 70 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн “Б.А цус” шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “ Б.А цус” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт / хх 88-89 дүгээр хуудас /,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.С нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “...”-ийн уурхайн урд талд “...” гэх газар “...” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 12.3 зэрэг заалтуудыг,
Шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2. Эрх зүйн дүгнэлт:
-хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэдэгт: бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан буюу ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилжээ.
-шүүгдэгч Б.А Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч О.С-ын эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршиг нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.
-шүүгдэгч Б.А-гийн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч О.Сын эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2.1. Шүүхээс шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.С, Б.А нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Б.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2. Шүүгдэгч Г.С, Б.А нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд улсын яллагчаас “Шүүгдэгч Г.С, Б.А нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тус бүрийг нь 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил, 5 сарын хугацаанд өөрийн оршин суугаа газраасаа явах, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох хязгаарлалтыг тогтоож байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх саналтай байна. Хэрэгт цагдан хоригдоогүй тул эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар прокурорын шатанд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх.” гэх саналыг,
Шүүгдэгч Г.С-ын өмгөөлөгч Т.Хүдэрээс “С-ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэргийн улмаас С, Б нарын хүмүүс хүндэвтэр, хүнд гэмтэл авсан. Хохирогч нар нь С-тай найз, нөхдийн холбоотой хүмүүс байгаа. Хохирогч нар одоогийн байдлаар гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн. С-ын хувьд бэртэл авсан найзууддаа эмнэлгийн тусламж, тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн асуудал нь шүүхийн шатанд яригдлаа. Улсын яллагчийн зүгээс тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт “зорчих эрхийг хязгаарлах ял, мөн 6 сараас 3 жил хүртэл хорих ял” оноох зохицуулалт хуульд байдаг. С-ын хувьд Хилийн цэргийн .... дугаар ангид цэргийн алба хаадаг. Цэргийн алба бол томилгоогоор томилогддог. Улсын яллагчийн санал болгож байгаа 1 жил, 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд С-т тухайн цэргийн ангид 1 жил, 5 сарын хугацаагаар байх ялын санал байна. С-ын хувьд Хил хамгаалан ерөнхий газрын даргын томилгоогоор томилогддог. Маргааш тэр аймаг руу яв гэхэд л явж байдаг ийм онцлогтой албан тушаал, хил хамгаалах алба байгаа. С гэмт хэрэгт холбогдсон боловч зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснээр томилогдох эрх нь зөрчигдөх, ажил хөдөлмөр эрхлэх эрх нь хязгаарлагдах нөхцөл байдал ажиглагдаж байна. Иймд С-т 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэнсэн харгалзах ялаар шийтгэх хуулийн зохицуулалт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т байгаа тул уг зохицуулалтыг хэрэглэж С-т ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад улсын яллагчийн оногдуулсан ялыг хүндрүүлж, тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж байгаа асуудал яригдана. Учир нь энэ байдал нь энэ хүний ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудал уг тэнсэн харгалзах ялыг хэрэглэж өгнө үү.” гэх саналыг,
Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоогоос “Энэ хэрэг 2022 оны 06 дугаар сард анх энэ хэрэгт хяналт тавьж байсан Сумъяа прокурортой ял зөвшилцөж энэ танхимд орж ирж байсан. Ингэхдээ хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасна гэж ял тохиролцож орж ирсэн. Харамсалтай нь С ялыг зөвшөөрөхгүй байна гэдэг үндэслэлээр прокурорын шатанд буцсан. Прокурорт буцаад дахин шүүхэд ирэх хүртэлх хугацаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй юм гэж үзэж шүүх рүү шилжүүлсэн. Түүнээс биш хэн нэгний ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үйл баримт хэрэгт авагдаагүй учраас урьд прокурортой зөвшилцөж байсан санал хэвээр байгаа гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. А-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлж үзэх гол нөхцөл болно. Хоёрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт хэргийн хохирогч нарт эмнэлэг болон цагдаагийн байгууллагыг өөрийн утсаар дуудаж, үзүүлж байгаа энэ үйлдэл нь мөн гэмт хэргийг хөнгөрүүлэх гол нөхцөл болно. Онцгой байдал, эмнэлэг, цагдаагийн албан хаагчид ирсэн нь энэ хүний дуудлагаар ирсэн. Одоо энэ хүмүүс эрүүл, саруул байгаа нь үүнтэй холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэрэг хэнээс болсон, юунаас үүдэлтэй, ямар цаг хугацаанд, ямар нөхцөл байдлын улмаас гарсан бэ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжийг заасан. А-гийн хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч залуу хүний хувьд бага насны гурван хүүхэд, эхнэрээ тэжээхийн тулд Өмнөговь аймгийн “.......” гэх газарт банкны их өртэйгөө авто машин худалдаж аваад үйл ажиллагаа явуулж байгаа, амьдралаа авч яваа залуу. Гэтэл энэ эрхийг хязгаарлах юм бол ард нь үлдэж байгаа эхнэр, хүүхдүүд юугаар амьдрах вэ? гэдэг асуудлыг бид хамгийн эхэнд бодох ёстой. Энэ хэрэг болгоомжгүйгээр учруулдаг хэрэг. Ямар ч тохиолдолд хэн ч хүсэж хийдэггүй. Тиймээс болгоомжгүй гэмт хэргийн улмаас учирч байгаа хохирол болон энэ гэмт хэрэгтэй уялдуулан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх бүрэн боломжтой. Тиймээс эрх хасах ялыг нэг жилээс хэтрүүлэхгүйгээр олгож өгнө үү. Бид залуу хүний амьдралыг бодох хэрэгтэй. Бид Монгол улсын эдийн засгийн ямар түшинд амьдрах гэж зүтгэж байгаа билээ, мөн энэ хүн банкны зээлтэй, 1-14 насны гурван хүүхэдтэй, эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ байж байдаг ийм л амьдралтай залуу хүн. Бид энэ хүмүүсийн амьдралыг бодох ёстой. Анхны тохиролцсон ял бол бодитой ял байсан. Өнөөдрийн прокурор томилолтоор орж ирж байна. Сумъяа прокурорын хувьд анхны саналтайгаа орж ирэх байх гэж бодож байсан. Ажлын шаардлагаар өөр тийшээ явсан юм байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд бодитой биш санал тавьж байна. Тиймээс шүүх хэрэг болсон шалтгаан нөхцөл, санаатай юм уу?, санамсаргүй юм уу? зэргийг бодож үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрхийг нэг жилээс хэтрүүлэхгүй хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.
2.3. Шүүгдэгч Г.С, Б.А нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт уг хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
3. Хохирол, хор уршгийн талаар:
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.С, Б.А нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч О.С-ын эрүүл мэндэд хүнд, Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарын энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
3.2. Харин хохирогч нар нь цаашид тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
4. Бусад асуудлаар:
4.1. Шүүгдэгч Г.С, Б.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
4.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.А-гийн №... дугаартай жолоочийн үнэмлэх Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,
шүүгдэгч Г.С-ын №... дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г-ын С-ыг согтуурсан, мансуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Б овогт Б-ийн А-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч нарт дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Г.С-ын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.А-гийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.А, Г.С нарт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.С, Б.А нарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.С-ын №... дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,
шүүгдэгч Б.А-гийн №... дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Г.С, Б.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.С, Б.Б нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдсугай.
8. Хохирогч О.С, Б.Б нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ