Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 123/ШШ2021/0038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК

Хариуцагч: Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн С сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Төв аймгийн С сумын Засаг даргын захирамж нь илт хууль бус мөн хууль бус захиргааны акт байгаа. Гэхдээ бид хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Уг захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай, газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн, зөрүүтэй байдлаар алдаатай захирамж гаргаж шүүх дээр маргаж байна. Төв аймгийн С сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Ханан уулын энгэрт байршилтай 121 га газрыг манай компани мод үржүүлгийн зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргаж, улмаар С сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 289 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн захирамж гарч, 2029 оныг хүртэл эзэмших эрхийг олж авсан байдаг. Манай компани эзэмшил газрыг анх мод үржүүлгийн зориулалтаар авсан бөгөөд Монгол Улсын нутагт дэвсгэрийн ердөө 11.8 хувийг эзэлж байгаа ой модыг нэмэгдүүлэх, амьтан ургамлын амьдрах орчныг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, цөлжилт явагдахаас хамгаалах сайн чанарын модыг үржүүлж, ойн нөөцийг нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү хүн, амьтан, ургамалд хүртээмжтэй ажлыг эхлүүлэх нь 1 биш нэлээн хэдэн жилийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байж хүрэх үе шаттай ажил гэдгийг сумын Засаг дарга биднээр хэлүүлэлтгүй мэдэж байх учиртай. Компанийн зүгээс өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх гэж газрыг зориулалтынх нь дагуу ашиглах төсөл хөтөлбөр боловсруулж, буцалтгүй зээл тусламж хөөцөлдөж, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэж өндөр шаардлагыг өөрсдөдөө тавьж ажиллаж байна. Анх газар эзэмших эрхийг авахдаа Газрын дуудлага худалдааны суурь үнэд 9,680,000 төгрөгийг төлж авсан бөгөөд 2014 оноос хойш жил бүр тогтмол газрын төлбөрийг төлсөөр ирсэн. 2021 онд сумын Засаг даргын захирамж гарахаас өмнө газрын төлбөрийг бид төлчихсөн байсан. Гэтэл С сумын Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/90 дугаар захирамжийг гаргаж, газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож байна гээд уг захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтаар ..Сумын 4-р баг Ханан уулын энгэрийн нутаг дэвсгэрт мод үржүүлгийн зориулалттай 121 га газрын Х ХХК-д эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний А/315 дугаар захирамжаар олгосон 4109040409 нэгж талбарын дугаартай тус компанид үүрэг болгосон газрыг зориулалтын дагуу 7 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож... шийдвэрлэж байна гэжээ. Дээрх захирамжид манай компанийн газрыг дурдсан атлаа С сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/315 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл манай Х ХХК нь С сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 289 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжаар 121 га газар эзэмших эрхийг олж авсан бөгөөд С сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/315 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг олж аваагүй. Засаг даргын захирамж дээр 2 үндэслэл дурдаж байгаа ба нэг нь газрыг зориулалтын дагуу 7 жилийн турш ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй гэсэн. Өөрөөр хэлбэл манай газар эзэмших эрхээ олж авсан 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 289 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжийг магадгүй өөр компанид газар эзэмшил олгосон юм уу? тэр захирамжийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд С сумын Засаг даргын А/315 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг олж аваагүй гэдэг талаарх баримт хэргийн материалд авагдсан байгаа. Үүнээс үзвэл манай компанийн газар эзэмших эрхийг бус өөр этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон утга, агуулгын илэрхий алдаатай, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус А/90 дугаар захирамжийг С сумын Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргажээ. Дээрх 2021 оны А/90 дүгээр захирамж гарснаас өнөөдрийн байдлаар манай компанийн газар эзэмших эрхийг олж авсан 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 289 дүгээр захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд түүнийг хүчингүй болгосон ямар нэгэн захиргааны акт гараагүй байхад газрын эрхийг хүчингүй болгосон шүү гэж мэдэгдэж, мэйлээр захирамж холбогдох баримтыг ирүүлж байгаа учир бид гомдол, нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн газрыг зориулалтын дагуу 7 жил ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй, учир нь манай компани эзэмшил 121 га газарт өөрсдийн хөрөнгөөр 100 сая төгрөгөөр торон хашаа барьж, үйл ажиллагаа явуулж байгаа болно. Газрын даамал мөн саяхан очиж үзсэн юм байна. Мөн харуул ажиллуулж, олон төрлийн мод ургамал тарьж, хашаа барьж, худаг гаргасан байгаа нь үнэн болно. Иймд С сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/315 дугаар захирамж гэж утга агуулгын илэрхий алдаатай захирамж гаргасан, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт. Сумын Засаг дарга, ажлын албанаас Манай компанийн ахлах нягтлан бодогч Ц.Батцэцэгийн 99171913 дугаар луу 2021 оны 04 дүгээр сард холбогдож ..Сайн байна уу танай компанийн газрыг цуцалсан байна. Та бүхэнд өмнө 2021 оны 02 дугаар сард албан бичиг явуулсан боловч хариу ирүүлсэнгүй. Тиймээс газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан гэсэн... утга бүхий зүйлийг ярьсан байдаг. С сумын Засаг даргаас 2021 оны 02 дугаар сараар огноолсон албан бичгийг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хаягаар хүргүүлсэн гэдэг. Гэтэл Х ХХК нь хэзээ ч Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаагүй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг хариуцагчийн зүгээс бид сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явуулсан гэж тайлбарладаг. Ийм байдлаар сонсох ажиллагаа хийхгүй гэдгийг Захиргааны ерөнхий хууль 2016 онд батлагдсанаас хойш практик дээр болон шүүхийн ажиллагаанд явагдаж байгаа баримтууд дээр тодорхой харагдаж байна. Сонсох ажиллагааг яамны хэрэгжүүлэх агентлаг болон, Нийслэлийн Засаг даргаас сайн хэрэгжүүлсэн байдаг. Энэ ажиллагаа орон нутаг руу дэвшилттэй байдлаар ороод явах байх. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эрх нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэж, тайлбар авах, сонсох ажиллагаа хийж байгаа албан бичгийг өөрт нь гардуулж өгч хүргүүлж, утсаар холбогдох зохицуулалтууд байна. Гэтэл зүгээр л цагаан сарын үеэр албан бичгээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо руу явуулчихаад түүнийгээ сонсох ажиллагаа хийсэн гээд байна. Гэтэл тухайн газар эзэмшүүлэх гэрээнд шаардлагатай тохиолдолд холбогдох утасны дугаарууд болон хаяг бичээстэй байсаар байхад өөр баримтаас олон жилийн өмнө өөрчлөгдсөн компанийн дүрэмд бичигдсэн байсан гэх хаяг руу бичиг явуулсан гэснээр мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулсан болж, манайд мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Харин газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргасныхаа дараа нь манай компанийн ажилтанд утсаар нь мэдэгдэж, мэйлээр нь захирамжийн хуулбарыг явуулсан. Тэгэхээр энэ хэрэг маргааны хамгийн гол үндэслэлийн нэг нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хариуцагч байгууллагаас хийгээгүй. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үнэхээр хийсэн бол ярьсан тэмдэглэл үйлдсэн үү? Эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдийг сонссон уу? сонсоод тайлбар мэдээллийг авсан уу? энэ талаарх баримт хавтаст хэрэгт хариуцагч байгууллагад байхгүй байна. Тэгэхээр сонсох ажиллагааг хийх журам ноцтойгоор зөрчигдсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөний зэрэгцээ, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа баримтлах зарчим болох 4.2.6-д заасан ... бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах... зарчмыг зөрчсөн, мэдэгдсэн бол энэ захирамж гарах үндэслэлгүй байна. Манай компани Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа. Сумын засаг дарга ажлын алба Х ХХК-ийн газрын төлбөр төлөөгүй, газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй байна гэх үндэслэлийг дурддаг. Газрын төлбөрөө төлөөгүй гэх асуудал дээр тайлбар хэлэхэд манайх 2014, 2015, 2016, 2017, 2018 онуудад газрын төлбөрийг бүрэн төлсөн. 2019 онд яагаад газрын төлбөр төлөөгүй вэ гэх асуудлыг ярьж байна. Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 182 дугаар тогтоол гарсан. Үүнд газрын үнэлгээний тойрог зэрэг дээр суурь үнэлгээг газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай гээд тогтоол гарсан. Энэ нь өмнө нь төлдөг байсан газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөөд газрын төлбөрийг төлөх аргачлал өөрчлөгдсөн. Энэ нь зөвхөн Засгийн газрын тогтоол гараад өөрчлөгдсөн юм уу гэвэл үгүй. Газрын төлбөрийн тухай хууль гээд 1997 онд батлагдсан хууль байна. Энэ хуулийн 9 дүгээр зүйл дээр нэмэлт өөрчлөлт орсон. Уг нэмэлт өөрчлөлт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орсон. Уг нэмэлт өөрчлөлтөөр газрын төлбөрийг ногдуулах асуудлыг нарийвчлан, өмнө нь байсан хуулийн зохицуулалтыг өөрчлөн, шинэ хуулийн заалт хэсэг нэмсэн. Үүнийг хариуцагч байгууллага сайн мэдэж байгаа. Тэгвэл яагаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Засгийн газрын тогтоол хэрэгжээд хууль нэмэлт өөрчлөлт ороод, өмнө нь газрын төлбөрийг төлдөг байсан механизм яагаад өөрчлөгдсөн бэ гэдэг нь хууль дээр тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр бид яагаад газрын төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа вэ гэх нөхцөл байдал харагдаж байна. Юу вэ гэхээр газрын төлбөрийг төлөхөд өмнө нь Төрийн сангийн нэгдсэн дансанд бүхэлд нь төвлөрүүлдэг байсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хууль тогтоомжид өөрчлөлт оруулаад, шинэчлэн найруулахад яадаг болсон бэ гэхээр Е дугаар гэж татварын албанаас авдаг болсон. Энэ дугаарыг авсны дараа Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Е дугаартай газар дээр нь газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэдэг болсон. Ингэж үүсгэхдээ өмнө нь байсан кадастрын зураг гэх мэт зүйлсийг баримталж газрын албанаас мэдээллийг татварын газарт явуулсны үндсэн дээр үүсгэдэг болсон. Ганцхан Е дугаар авсан, аваагүйгээрээ газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэдэг гэсэн ойлголт байхгүй. Ийм газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэх ажиллагаа огт явагдаагүй. Биднээс газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэж өгнө үү гэж удаа дараа холбогдсон. Гэтэл сумын Засаг дарга болон ажлыг албанаас танай газар зөрчилтэй, танайд газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэхгүй гэдэг. Ийм процессоор газрын төлбөрийг шинэ хуулиар тогтоож өгсөн байхад хэрэгжүүлэхгүй байна. Үүнийгээ газрын Е дугаар үүсгээгүй байна гэж тайлбарладаг. Иймд бид 2019 оны газрын төлбөрийг тухайн үед нь төлөхгүй байж байгаад өмнөх дансанд нь тушаасан. Өөрөөр хэлбэл газрын төлбөрийг өмнө нь авдаг байсан Төрийн сангийн дансанд тушаасан. Энэ нь биднийг газрын төлбөрөө төлсөн гэж үзэх хангалттай үндэслэл юм. Өнөөдөр 2019 оны газрын төлбөрийг 100 хувь төлсөн байгаа. Дараагийн жилийн буюу 2020, 2021 оны газрын төлбөрийг төлсөн баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Х ХХК-ийн татварын мэдээллийн нэгдсэн систем байгаа. Уг системд нэвтрэхэд Х ХХК-ийн 2020, 2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэсэн байгаа. Үүсгэсний дагуу 2 100 000 төгрөгийг газрын дэд алба буюу суманд нь, аймагт нь төвлөрсөн дансанд төлсөн. Хавтаст хэрэгт газрын төлбөр төлсөн баримтыг эх хувиар нь өгсөн байгаа. Мөн татварын нэгдсэн системд нэвтрээд ороход төлбөрийн нэхэмжлэх үүсчихсэн, үүнд газрын төлбөрийг төлсөн байгаа. Хэрэв газрын алба хууль тогтоомжоо хэрэгжүүлэн ажилласан бол 2019 оны газрын төлбөрийн нэхэмжлэл үүсчихсэн байх ёстой. Гэтэл 2019 оны газрын төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй. Үүссэн газрын төлбөрийн нэхэмжлэхийн дагуу төлбөрөө бид төлөөд явж байна. С сумын Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөр огноолсон А/90 дугаар захирамж гарахаас өмнө уг төлбөрийг төлсөн байгаа. Тэгэхээр энэ үндэслэл нь үндэслэлгүй юм.

Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийг Засаг даргын захирамж дээр дурдсан байдаг. Хуульд зааснаар газар эзэмшигч нь хөрөнгө оруулалт хийсэн, үйл ажиллагаа явуулж байхыг шаарддаг. Зориулалтын дагуу ашиглана гэдэг нь дээр нь овоолсон барилга байгууламж барьсан байхыг хэлэхгүй. Манайх газар эзэмших эрхээ авахдаа мод үржүүлгийн зориулалтаар авсан. Газар дээр очоод үзвэл мод тарьчихсан, худаг гаргаж, усалгааны систем хийсэн, олон төрлийн ургамал тарьсан, түүнийгээ хамгаалсан байгаа. Бид 100 сая төгрөгийн бодит зардал гаргаад торон хашаа татсан байгаа. Модыг үрслүүлснээс хойш олон жилийн дараа ургаж гүйцдэг. Үүнийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл байхгүй. Хавтаст хэрэгт 1 боть байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, техникийн нөхцөлөө хийгээд, төсөл хөтөлбөрөө гаргуулаад, байгаль орчны яамаар батлуулаад өгсөн. Энэ зардалд 50-60 сая төгрөгийн зардал гаргасан. Үүнийг сумын Засаг дарга мэдэхгүй байна. Нийт зардлаа тооцоод үзэхэд ойролцоогоор 400 гаруй сая төгрөгийн зардал гаргасан. Иймд газар эзэмших эрхийг маань хүчингүй болгох үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Засаг даргын захирамжид урьдчилан шийдвэрлэх журмаар буюу Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар гомдол гаргасан. Энэ гомдлын хариуг аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын албанаас тодорхой дүгнэж хариу өгсөн, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 07/351 дугаар албан бичиг нь С сумын Засаг дарга болон газрын даамал Халиунаа нарт чиглэл хүргүүлж шийдвэрлэсэн байгаа. Сумын Засаг даргын захирамж нь үндэслэлгүй болохыг энэ албан бичгээр тогтоосон байна. Албан бичгийн утга нь Газар эзэмшигчийн захирамжийг хүчингүй болгоогүй байна. Газар эзэмшигч 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийг авсан байна. Гэтэл 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/90 гэх захирамжаар хүчингүй болгосон байна. Энэ албан бичиг дээр сумын Засаг дарга захирамжаа хүчингүй болгохыг, мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар үйл ажиллагааг явуулж байх талаар тусгасан байна. Тэгэхээр дээд шатны байгууллагаас гомдлыг хянаад ийм албан бичгээр шийдвэрлэж хариу өгсөн байгааг шүүх анхааралдаа авч үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр сумын Засаг даргын гаргасан захирамжийг дээд шатны Засаг даргаас нь хянаад, хүчингүй болгох шаардлагатай байна шүү гэдэг чиглэлийг хүргүүлээд байхад хүчингүй болгохгүй байгаа тул шүүх дээр маргаж байна гэдгийг хэлмээр байна. Үүнээс А/90 дүгээр захирамж ямар ч үндэслэлгүй, хууль зүйл заалтаа зөв тайлбарлаагүй, хууль хэрэглээний алдаа гаргадаг, цагаан дээр хараар бичсэн зүйл заалтаа уншаад захирамжийнхаа үндэслэлээ тайлбарлаад гаргаж чадааггүй байгаагаас газар эзэмшигчийн эрхийг зөрчиж байна. Бид энэ зун ийм маргаангүй байсан бол олон зүйлийг газар дээрээ бүтээн байгуулахаар байлаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүсэж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлоныбартаа: Нэхэмжлэгч Х ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/90 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаартай захирамжаар Төв аймгийн С сумын 4 дүгээр баг Ханан уулын энгэрийн нутаг дэвсгэрт мод үржүүлгийн зориулалтаар 121 га газрыг эзэмшиж авсан, газар эзэмшигч нь газрыг зориулалтын дагуу эзэмших, газар эзэмших гэрээ байгуулж газрыг төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хүлээсэн. Х ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэл тогтоогдсон учир газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Х ХХК нь 2018-2020 онуудын газрын төблөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болно. Х ХХК-ийн эзэмшиж байсан 121 га газрын нэгж талбарын хувийн хэрэгт 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаартай захирамжаар газар эзэмшүүлсэн баримт байгаа бөгөөд нэхэмжлэгчийн 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 289 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар 121 га газрыг эзэмших эрхийг олгосон гэж байгаа нь ойлгомжгүй байна. Засаг даргын 289 дугаартай захирамжаар Номт тулга ХХК-д 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирамжийг гаргахдаа газрын даамал явж шалгасан байдаг. Чиглэл өгсөн албан бичгийн дагуу сумын тамгын газраас ажиллагаа явуулж хариу өгсөн байгаа гэжээ.

Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын өмгөөлөгч Л.М шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймгийн С сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ захирамж 2 үндэслэлээр гарсан. Уг үндэслэл нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж байгаа. Мөн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолыг үндэслэж нэхэмжлэгч Х ХХК-ийн мод үржүүлгийн зориулалтаар 2014 онд эрхээ сэргээлгэж авсан газрыг 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/315 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд газрын төлбөрийн асуудлыг яръя. Газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж зааснаар бүрэн төлөх үүргээ хүлээж байдаг. Газар эзэмшигч, газар эзэмшүүлэгч нар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2014, 2015, 2018 онд байгуулсан байдаг. Газрын тухай хуульд Газар эзэмшүүлэх гэрээ жил бүр дүгнэгдэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл газрын төлбөрийн асуудлыг Газрын төлбөрийн тухай хууль 1997 онд батлагдсан, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон гэж тайлбарлаж манайх газрын албанаас төлбөрийн нэхэмжлэл үүсгээгүй учир газрын төлбөрийг 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн гэж 2019 оны баримтыг гаргаж өгч байна гэж тайлбарлаж байна. Гэтэл газар эзэмшигч газрын төлбөрийг хуульд заасны дагуу гэрээнд зааснаар хугацаанд нь бүрэн төлөхөөр заасан. Үүнээс харахад манайх төлбөрийн асуудал үүсгээгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна. Тэгэхээр газрын төлбөрийг нэхэмжлэгч тал буюу газар эзэмшигч нь өөрөө хуульд зааснаар төлөх үүрэгтэй байна. Мөн тодруулаад хэлэхэд 2014, 2015, 2016, 2017 оны баримтуудыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгчийн хэлээд байгаа чиглэл хүргүүлэх тухай албан бичигт газрын төлбөрийн асуудлыг дурдсан байдаг. Сүүлд нэхэмжлэгчийн хэлснээр дээд шатны байгууллагаас 90 дүгээр захирамж хууль бус байна, үүнийгээ хүчингүй болго гэдэг утгатай үг байхгүй гэж харж байна. Учир нь чиглэл хүргүүлэх тухай 07/351 дугаартай албан бичигт сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/315 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна гэдгийг дурдсан байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлээд байгаа дээд байгууллагаас энэ захирамжийг хүчингүй болго, хууль буруу хэрэглэсэн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчид байгаа гэж тайлбарлаад байгаа 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 289 дугаартай захирамж бол Номт тулга ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж байна. Газрын төлбөрийн тухай үргэлжлүүлээд тайлбарлахад 2019 оны газрын төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байсан шиг санаж байна, 2020 оны баримтыг 04 дүгээр сарын 13-ны өдөр А/90 дугаартай захирамж гарахын өмнө төлсөн ба төлөх ёстой мөнгө нь 970560 төгрөг байснаас төлсөн дүн 870560 төгрөг байна. Өөрөөр хэлбэл бүрэн төлөөгүй байна. 2021 онд нэхэмжлэгч 2100000 гаруй мянган төгрөгийг төлсөн гэж тайлбарласан. Гэтэл баримтаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1305845 төгрөг төлсөн нь харагдаж байна. Тэгэхээр Газрын тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар хугацаанд нь бүрэн төлөх гэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Мөн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших эрх хүчингүй болгосон гэрээний зохицуулалт газар эзэмшигчид ойлгомжтой байдлаар тусгасан байна. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийн газрыг гадна талаас нь төмөр торон хашаагаар хашаалсан, шүүхээс газрын үзлэгээр шалгасан байгаа. Тухайн газар нь 121 га газар байдаг ба тус газрыг нэхэмжлэгч байгууллага мод үржүүлгийн газраар бүхэлд нь ашиглахаар эзэмшиж авсан. Гэтэл өнөөдөр гаргаж өгсөн баримт дээрээс мөн харагдана. Тухайн газрыг газрын даамал гадна талаас нь харсан ба тухайн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаагаар худаг байгуулсан, хашаан дотроо жижиг хашаа бариад түүн дотроо хэсэг мод үржүүлсэн гэж тайлбарладаг. Хэсэг мод үржүүлсэн байгааг манай зүгээс үгүйсгээгүй. Тухайн газарт газар эзэмшигч 121 га газарт мод үржүүлнэ гэж ойлгож байна. Нэхэмжлэгч байгууллага анх 2008 онд газар эзэмшиж авсан. 2013, 2014 онуудад мөн адил газрын тухай хуульд заасан газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үүний дагуу захирал н.Чинбат хүсэлт гаргаад манайх газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх дутагдал гаргасан учир үүнийгээ арилгана, хойшид энэ асуудал дахин давтагдахгүй гэх байдлаар хүсэлт гаргаад мөн газар эзэмших эрхээ сэргээлгээд, гэрээ байгуулаад, газрын анхны дуудлага худалдааны үнэ 9680000 төгрөг, мөн тухайн оныхоо газрын төлбөрийг төлөөд явсан байдаг. Тэгэхээр ийм үндэслэлүүд тогтоосон учир тухайн газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй буюу 2014 оноос хойш 2021 он хүртэл ашиглаагүй байна. Мод ургахад тодорхой хугацаа шаардагдана. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд 121 га газраас жижиг хэсэг газар мод үржүүлсэн байна. Энэ нь үндэслэл биш юм. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 02/60 дугаартай албан бичиг нэхэмжлэгч Х ХХК-ийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо буюу хавтаст хэрэгт авагдсан 2012 он болон 2016 оны Х ХХК-ийн дүрэмд дурдагдсан байгаа хаягаар хүргүүлсэн. Энэ мэдэгдэлдээ танайх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ийм нөхцөл байдал тогтоогдсон учир саналаа бидэнд бичгээр ирүүлээч гэж мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ манай хаяг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрладаггүй гэж хэлдэг. Хаяг өөрчлөгдсөн бол энэ талаар бүртгэл, дүрэмдээ тусгаад, улсын бүртгэлдээ бүртгүүлээд, төрийн байгууллага буюу газрын даамалтай харилцаа холбоотойгоор энэ талаараа мэдэгдэх ёстой. Хариуцагчийн хаяг, утасны дугаар өөрчлөгдөөгүй байгаа. Газар эзэмшигч энэ үүргээ хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой байсан. Хариуцагч талаас сумын Засаг даргын тамгын газар энэ мэдэгдэх ажиллагааг яаж хүргүүлэх ёстой байсан бэ? Х ХХК захирамжийн дагуу 121 га газрыг эзэмшиж байгаа хувийн хэрэг дээр энэ 2 дүрэм байгаа. Энэ дүрэмд дурдсан хаягаар хүргэж байна. Ингээд танай захирамжийг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 дахь хэсэгт захиргааны байгууллага үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална гээд бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах болжээ. Энэ тохиолдолд хууль ёсны эрхийг нь хамгаалж урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангана гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар танай эрх зөрчигдөх гээд байна, та нар эрхээ хамгаалж бидэнд бичгээр хүсэлтээ ирүүлээрэй гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч биечилж биш юм аа гэхэд мэйл хаягаар энэ талаарх хүсэлтээ ирүүлэх бүрэн боломжтой байсан. Ерөнхийдөө Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 дахь хэсэгт заасан захиргааны байгууллага үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг хэрэгжүүлжээ гэж харагдаж байна. Нэхэмжлэгч талаас 2019 оны газрын төлбөрийг хамгийн сүлд төлсөн гэж байна. Бид нар хууль ёсны дагуу төлбөрийн нэхэмжлэл үүсгээд өгөөч гэж удаа дараа ирж уулзаж байсан, хариуцагчаас хуульд байхгүй шаардлага тавиад буцааж байсан гэж хэлж байна. Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газар эзэмшигч газрын төлбөрөө бүрэн төлөх үүрэг нь байгаа учир өмнө нь яаж төлж байсан түүнийхээ дагуу төлөөд дараа нь зөрчил дутагдал гарвал дээд шатны байгууллага буюу газрын алба дээр энэ асуудал засагдаад явах бүрэн боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Х ХХК нь Төв аймгийн С сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтад холбогдуулан үзвэл Төв аймгийн С сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 169 дугаар захирамжаар мод үржүүлгийн зориулалтаар 121 га газрыг Х ХХК-д эзэмшүүлж, тус сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар Х ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, мөн үүний дараагаар 2014 онд нэхэмжлэгч аж ахуйн нэгжид 121 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар Ханан уулын зүүн энгэр гэх газарт 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлээд, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмшигч иргэн хуулийн этгээдийн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх гэрээг байгуулж[1] Х ХХК-иас 9,680,000 төгрөгийг төлсөн[2], мөн өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 000309586 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг С сумын Засаг даргаас олгожээ.[3]

Харин тус газрыг эзэмшүүлэх эрх олгосон захирамжийн хувьд, сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар захирамж /хариуцагчаас шүүхэд гаргаж ирүүлсэн/-аар, эсхүл сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 289 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамж /нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж ирүүлсэн/-аар газар эзэмших эрх олгосон эсэх нь давхцлын болон дугаар огнооны зөрүүтэй 2 захирамж байх хэдий ч нэхэмжлэгчийг тус нэгж талбар бүхий газрыг эзэмших эрхтэй байсан эсэх талаар талууд маргаагүй, дээр дурдсанаар 2015 онд авсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээр тус нэгж талбар бүхий газрыг эзэмших эрхтэй байсан болох нь нотлогдож байна.

Харин нэхэмжлэгчийн тус нэгж талбар бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон харилцаанд холбогдох актад маргаж байх учир эрх олгосон актуудад дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч нь дээрх газар эзэмшүүлэх тухай тухайн 2 актад холбогдох залруулага хийх нь шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй байна.

Төв аймгийн С сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/90 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасныг мөн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн С сумын 4 дүгээр баг Ханан уулын энгэрийн нутаг дэвсгэрт мод үржүүлгийн зориулалттай 121 га газрыг Х ХХК-д эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/315 дугаар захирамжаар олгогдсон 4109040409 нэгж талбарын дугаартай тус компанид үүрэг болгосон газрыг зориулалтын дагуу 7 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгожээ[4].

Төв аймгийн С сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар тогтоолоор[5] ...Газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэх хүсэлтээ ирүүлсэн Х ХХК-ийн мод үржүүлгийн зориулалттай 121 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн, эзэмших эрхийг гэрчилгээг 2014 онд авсан боловч төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байна. Газар эзэмшигч нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гээд хуулийн дагуу арга хэмжжээ авч ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгожээ.

 

Үүнд нэхэмжлэгчээс ...Дээрх захирамжид манай компанийн газрыг дурдсан атлаа сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/315 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл манай газар эзэмших эрхээ олж авсан 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 289 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй байна. Түүнчлэн газрыг зориулалтын дагуу 7 жил ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд учир нь манай компани эзэмшил 121 га газарт өөрсдийн хөрөнгөөр 100 сая төгрөгөөр торон хашаа барьж, харуул ажиллуулж, олон төрлийн мод ургамал тарьж, хашаа барьж, худаг гаргаж, төлбөрөө төлж, үйл ажиллагаа явуулж байгаа. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийж, албан бичгийг өөрт нь гардуулж, хүргүүлж, утсаар холбогдох, тайлбар авах, зохицуулалтууд байна. Гэтэл сонсох ажиллагааг хариуцагч байгууллагаас хийгээгүй, гэж

Хариуцагч талаас ... Х ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэл тогтоогдсон учир газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч Х ХХК нь 2014 оноос тус газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07655 дугаар албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/790 дугаар албан бичиг, нэхэмжлэгч Х ХХК нь газрын төлбөрт 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 484.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 968,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 968,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1,305,845 төгрөгийг тус тус төлсөн талаарх лавлагаа[6]-гаар, мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж ирүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 9,680,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 968,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 968,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 870,594 төгрөг, 1,305,845 төгрөгийг төлбөр баримт[7] зэргээр маргаан бүхий акт гарахаас өмнө газрын төлбөрийг төлсөн байсан нь тогтоогдож байна. Харин хариуцагч талаас шүүх хуралдаанд тайлбарлахдаа ... газрын даамал төлбөр төлөлтийг өөрийн компьютерт цахимаар шалгасан, төлбөр төлөлт нь гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлөгдөөгүй байсан гэсэн тайлбар гаргасан бөгөөд энэ талаар ямар нэгэн баримтыг бүрдүүлж, шалгаагүй байна.

 

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Газар эзэмшигч Х ХХК нь тус 121 га газрыг бүрэн хашаалж хашаа барьсан, хэсэг газарт нь давхар хашаалж мод суулгац тарьж ургуулж байх бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-гээр гүний худгийн өрөмдлөг цооног гаргах ажлыг Д ХХК-иар хийж гүйцэтгүүлж түүнд усалгааны гүний худгийг гаргасан болох нь тус газарт хийсэн Шүүхийн үзлэгийн баримтаар[8], мөн маргаан бүхий газарт харуул хамгаалалтыг 2014 оноос хойш цалинжуулан ажиллуулж байсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн цалин хөлс олгосон баримтуудаар[9] тус тус тогтоогдож байна. Харин хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж, эзэмшиж байгаа эсэх талаар шалган тогтоосон ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч талаас ... тухайн газар нь авто замд ойрхон байдаг, түүгээр явахад нийтэд нь мод тариалаагүй болох нь илтэд харагддаг гэсэн тайлбараар, нэхэмжлэгчийг газраа ашигласан эсэх талаар ямар нэгэн баримт цуглуулж, шалган тогтоосон баримтгүй үндэслэн шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон нөхцөл байдлыг тогтоохдоо зөвхөн тус сумын Газрын даамал албан тушаалтан хувь хүний үзэмжид үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байх бөгөөд газрыг зориулалтын дагуу ашиглах гэдэгт тухайн зориулалтаар ашиглахад ямар ямар урьдчилсан нөхцөл байдлыг бий болох шаардлагатай байдаг, холбогдох үйл ажиллагаа /усалгаа, үрсэлгээ, хамгаалалт, тэдгээрт холбогдох техникийн нөхцөл, зөвшөөрөл гэх мэт/ хийгдэж байгаа нь газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа гэдэгт хамаардаг болохыг үгүйсгэсэн үйлдэл болохыг анхаарч ажиллаагүй нь тогтоогдож байх учир нэхэмжлэгч аж ахуй нэгжийг газрыг зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн маргаан бүхий актын үндэслэл болгосон Төв аймгийн С сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар тогтоолын тухайд: Тогтоолд ...Газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэх хүсэлтээ ирүүлсэн Х ХХК-ийн мод үржүүлгийн зориулалттай 121 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн, эзэмших эрхийг гэрчилгээг 2014 онд авсан боловч төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байна гэж дүгнэсэн тогтоолын биелэлтийг хангасан мэт үндэслэл болсон байх боловч хариуцагч талаас энэ тогтоолыг гарахаас өмнө 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 02/60 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Х ХХК-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох талаар мэдэгдэл явуулсан гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэл болгон биелэлтийг нь хангах гэсэн тогтоолоос сар гаруй хугацааны өмнө мэдэж урьдчилан хийсэн ажиллагаа мэт зөрүүтэй байдлыг бий болгож байна. Нөгөө талаар тус тогтоолыг авч үзвэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэх байгууллага нь газрын харилцаанд оролцохдоо нэгж талбар газар эзэмшигчийн тухайн харилцааг тодорхойлдог этгээд биш бөгөөд энэ төрлийн харилцаанд шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд нь хуульд заасан арга журмын дагуу шалган тогтоож шийдвэрлэхийг даалгах эрх хэмжээтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ газрын төлбөр төлөлтийн болон тухайн үед буюу маргаан бүхий акт гарахаас өмнө 2 жилд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь хэрхэн тогтоогдсон талаар ямар нэгэн баримт цуглуулж, үнэлэлт дүгнэлт хийх үүргээ гүйцэтгээгүй, цаашилбал акт гарснаар эрх нь хөндөгдөх этгээдэд урьдчилан мэдэгдэж, зохих ёсоор тайлбар авч, нөхцөл байдлыг тогтоогоогүй, маргаан бүхий актыг гаргасан болох нь тогтоогдож байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс сумын Засаг даргын дээд шатны Засаг даргад гомдол гаргасны үндсэн дээр гомдлыг хянаад гаргасан Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 07/351 дугаар албан бичгээр[10] ... 1. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлийг зөрчиж гаргасан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/90 дугаар захирамжийг хуульд нийцүүлэн гаргах. 2. Х ХХК-д газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2014 оны 284, 2014 оны 315 дугаар захирамжуудын зөрчлийг арилгаж аль шийдвэр нь хүчинтэйг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус шийдвэрийн дагуу олгох. 3. Сумын Засаг даргын шийдвэрээр ажлын хэсэг байгуулж Х ХХК-ийн газар ашиглалтын байдалд газар дээр нь хяналт шалгалт хийж дүгнэлт гаргуулах. 4. Газар эзэмшигч Х ХХК нь газрын төлбөрийг хугацаанд нь төлж эзэмшлийн газартаа хашаа барьсан боловч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг хангасан эсэх асуудлыг судлаж үзэх. 5. Ажлын хэсгийн дүгнэлтээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагааг явуулах, захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтөлж, хуульд заасан ажилбаруудыг явуулсны үндсэн дээр шийдвэрлэх. 6. Х ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг дүгнэх.. гэх чиглэлийг хүргүүлсэн байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах гэсэн аймгийн Засаг даргын эрх хэмжээнд аймгийн Засаг даргаас газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий газар зохион байгуулалт хариуцсан агентлагт гомдлыг шилжүүлэн шийдвэрлэж хариу өгснийг Засаг даргын эрх хэмжээний асуудал гэж үзэх ба тус агентлаг нь Засаг даргын өмнөөс гомдлыг шийдвэрлэж, гомдол гаргагчид хариу өгсөн байна. Тухайн албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч иргэнээс аймгийн Засаг даргад гаргасан гомдлыг шийдвэрлэж, холбогдох асуудлыг хянасан болохоо цохон тэмдэглэсэн байх бөгөөд энэхүү асуудлаар гомдол гаргагчийн гомдолд дурдсан асуудлыг хэрхэх талаар хариуцагчид үүрэг өгөн шийдвэрлэж, зохих үүргийг өгөхийн сацуу сумын Засаг даргад тухайн төрлийн асуудлыг шийдвэрлэхдээ анхаарч, хэрэгжүүлж ажиллах чиг үүргийг зааж өгчээ. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж зааснаар гомдол гаргагчийн гомдлыг хянаад, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана, 98.1.3 дахь хэсэгт нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж зааснаар зохих ёсоор нэхэмжлэгчийн эрхийг хангах үүрэг даалгавар өгч, цаашид юуг анхаарч ажиллахыг чиглэл өгч шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хариуцагч сумын Засаг даргаас мөн дээрх хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ, мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх гэж сумын Засаг даргын эрх үүргийг тодорхойлсноор дээрх шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байх ба энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан ... Аймгийн Засаг даргын шийдвэр гэж үзээгүй, чиглэлийн дагуу газрын даамал газар дээр нь очиж үзэх гэсэн боловч манаач нь оруулаагүй, хашааны гаднаас нь зураг авч тайлбар бичсэн, сумын Засаг даргын тамгын газраас холбогдох тайлбарыг Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн гэсэн тайлбар, сумын Газрын даамал албан тушаалтны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн эзэмшиж байсан нэгж талбар бүхий газар дээр очиж үзлэг хийсэн тэмдэглэлийн баримт[11]Төв аймгийн С сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03/174 дугаар албан бичиг[12] зэргээр тогтоогдож байна.

 Энд мөн нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргад гаргасан гомдлоор хариуцагч нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж маргаан бүхий актыг гаргасан болохыг тогтоож шийдвэрлэсэн, шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон 2021 оны А/90 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших, газар эзэмших эрхийг хөндсөн акт гаргах тохиолдолд урьдчилан мэдэж, тайлбар гаргах, эрхээ хамгаалах зөрчигдсөн эрхийг нь сэргээх үүргийг хариуцагч сумын Засаг даргаас биелүүлээгүй нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.

 

Дээрхээс үзвэл, Хариуцагч шийдвэр гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан хуулийн үүргээ биелүүлэх бөгөөд энэ үүргийн хүрээнд гол нотлох баримт нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах гэж заасан ажиллагааны үр дүнд бий болох оролцогчийн тайлбар байх ба үүний тулд оролцогчид мэдэгдэх, сонсох ажиллагааны шаардлага нэн тэргүүнд гарч ирж байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх гэж заасан байхад хариуцагчийн тайлбарт дурдсан нэхэмжлэгч аж ахуйн нэгжид 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02/60 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх мэдэгдлийг тус компанийн дүрэмд тэмдэглэгдсэн хаягт шуудангаар хүргүүлсэн, үүгээр мэдэгдэх ажиллагаа хийгдсэн, хариу ирүүлээгүй учраас акт гаргасан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн мэдэгдэл гэх албан бичиг нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд очсон, хүлээн авсан эсэхийг тодруулж, оролцоог нь хангаагүй байхаас гадна газар эзэмших харилцаанд, газар эзэмших гэрээний үүргийн биелэлтэд хамаарах асуудлаар мэдэгдэл явуулах бол нэгэнт хийгдсэн газар эзэмшүүлэх гэрээний талуудын хувьд тухайн гэрээнд тэмдэглэсэн хаяг, утас гэх мэт мэдэгдэх боломжит хаягаар мэдэгдлийг хүргүүлэх, гэрээний талын үүргээ мөн гүйцэтгээгүй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна, 25.1.1-д ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчид газар эзэмшлийн асуудлаар холбогдох нөхцөл байдлын тайлбар, санал гаргах эрхийг нь хангаагүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмыг баримталж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгч уг газарт хөрөнгө оруулалт оруулсан, газрын төлбөр төлсөн, газраа ашиглаж байгаа талаарх баримтуудаа гарган өгч чадаагүй байна.

Эндээс хариуцагч захиргааны байгууллагын хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэх боломжийг нь олголгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон болох нь тогтоогдож, нэхэмжлэгчийг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар 2 жил ашиглаагүй, газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ...эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ... гэж зааснаар Төв аймгийн С сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх заалтыг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1, 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн Төв аймгийн С сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн С сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн С сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР