| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2019/01883/И |
| Дугаар | 101/ШШ2019/02092 |
| Огноо | 2019-07-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2019/02092
| 2019 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2019/02092 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ф.К ББС ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,697,956 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ф.К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ф.К ББСБ ХХК нь Б.Бтой 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр №ЗГ17/305 тоот цалингийн зээлийп гэрээ байгуулан сарын 5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкнаас баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу хуваарийн дагуу зээл, хүүний төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч үндсэн зээлээс төгрөг 132,060 төгрөг, үндсэн хүүнд 160,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27,500 төгрөг, нийт 320,000 төгрөг төлсөн. Зээлдэгч Б.Б нь зээл авсан цагаас хойш зээл хүү эргэн төлөх төлбөрийн хуваарийг байнга зөрчиж, зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр бараг хийгээгүй, төлбөрийг барагдуулах талаар санаачлага гаргаагүй, зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлд заасан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна. Зээлдэгч Б.Боос үндсэн зээлийн үлдэгдэл 1,867,940 төгрөг, үндсэн хүү 1,689,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,164 төгрөг, нийт 3,697,956 төгрөгийг нэхэмжилж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ф.К ББСБ ХХК, хариуцагч Б.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,697,956 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ф.К ББСБ ХХК, хариуцагч Б.Б нар 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Зг17/305 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 2,000,000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлжээ. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт-ээр хариуцагч 320,000 төгрөг төлсөн, дээрх зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр хариуцагч зээлийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлөөгүй нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1, 5.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг буцаан төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй, энэ талаархи тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан, төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн тооцооллыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргасан гэж үзлээ.
Иймд хариуцагч Б.Боос зээлийн гэрээний үүрэгт 3,697,956 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф.К ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн тодорхойлсон болон хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа шүүхэд мэдүүлсэн хаяг, утасны дугаараар шүүх хуралдааны товыг хүргэхэд дугаар нь холыогдохгүй, хаягаар тов хүлээн аваагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Боос 3,697,956 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф.К ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,120 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Боос 71,120 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Ф.К ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ