Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

 Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч 2023 оны 04 сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Т

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ... байрлах ... ХХК-ний кемп дээр  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Т.Сг “шөнө дунд унтуулахгүй, нэр дуудлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь "...тархи доргилт, хамрын таславчийн хугарал муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацрын зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Т.Сгийн мэдүүлэг /хх-ийн 6-9/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02/02 дугаартай дүгнэлт/хх-ийн 13-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ял шалгах хуудас, хохирогчийн төлбөр хүлээн авсан талаарх хүсэлт, шүүгдэгч Д.Тийн хүсэлт болон улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Т.Содномцэрэнгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 02/02 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг  материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож,хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Т.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирлын мөнгийг бүрэн барагдуулж авсан /хх-42/ гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч Д.Тд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Д.Тд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Д.Тд танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд шүүгдэгч  Д.Тд Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.АДЪЯАСҮРЭН