| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0063/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/80 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч Г.А, А.Г нарын өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Э.Ц, Г.А, А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц, Г.А, А.Г нарт холбогдох эрүүгийн 2230001490025 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дүгээр багийн .... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Э-ын Ц
Хоёр: Монгол Улсын иргэн, .. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, экскаваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Чулуутын 2-203 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Г-ын А
Гурав: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Ерөө сумын ... дугаар баг ... тоотод оршин суух хаягтай,
одоогоор Сэлэнгэ аймаг Ерөө сумын ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт А-ийн Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Ц, Г.А, А.Г нар нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт багийн Иргэдийн Нийтийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу хог булах нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах, олборлох зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, машин механизмыг бусдаас хөлслөх, металл хайгч багаж зэргийг урьдаас төлөвлөж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дүгээр багийн нутаг “Ц” гэх газарт машин механизм ашиглаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль экологид 28,135,093 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би ард иргэдийн санал хүсэлтийг сонсож хөдөөгүүр явж байхад иргэд “хогоо цэвэрлэх шаардлагатай А-тай байна” гэсэн. Үүний дагуу хог цэвэрлэх ажил хийх бодол төрсөн. Би Дорноговь аймгийн Б гэх хүнтэй холбогдож “хог цэвэрлэх ажил байна” гэхэд “би хогийг чинь цэвэрлэж булж өгье, бүх зардлыг би даана. Чамаас ямар ч зардал гаргахгүй. Гэхдээ хог булах газар чинь хайгч тавиад үзчихье” гэсэн. Тэгээд намайг А-тай холбож өгөөд А, Г нар ирсэн. Би цагдаад баригдсаныхаа дараа Б лүү утсаар яриад “найз нь цагдаад баригдлаа” гэж хэлэхэд “гайгүй ээ, энэ асуудал чинь гайгүй, нээх асуудал болохгүй. Мэргэжлийн хяналт дээр ирээд салчихна” гэж хэлж байсан. Гэхдээ би ийм их хохирол төлбөр гарна гэж бодсонгүй. Б, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дүгээр багийн Засаг дарга Баттулга нарыг оролцуулж шүүх хуралд мэдүүлэг өгүүлмээр байна.” гэв.
Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Надад Б ажлын санал тавьсан. “Хог цэвэрлэнэ, хогны дор хуучин алт гарч байсан газар байгаа. Алт гарч магадгүй, тэр хогыг нь цэвэрлэж янзлаад хайгч тавьж үзнэ” гэж хэлсэн. Тухайн үед би корона гээд 2 жил ажилгүй зогсож байсан тул “бичиг баримт чинь бүрэн юм уу?” гэхэд “ямар ч асуудалгүй Иргэдийн хурлын дарга нь оролцож байгаа, асуудалгүй” гэхээр нь “тэгвэл би явъя, хамаа алга” гээд ирсэн. Би ийм юм болно гэж огт мэдээгүй. Бичиг баримт нь асуудалтай байгааг сүүлд мэдсэн. Энэ хэргээс болж хохиролтой байна. Ингээд цагдаа, сэргийлэх болно гэж ёстой мэдсэнгүй. Би буруу юм хийсэн байна.” гэв.
Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Намайг гэртээ байж байхад А “хайгчаа авчих ажил байна, хамт явъя, бичиг баримт бүрдсэн” гээд манай руу ирсэн. Би тэгээд хамт ирсэн. Гэхдээ би хайгчаа тавиагүй нээх их хогтой газар байсан. Тэгээд цагдаа сэргийлэх болсон.” гэв.
Эрүүгийн 2230001490025 дугаартай хэргээс:
“Хуучин алт гарч байсан газар ажил хийхээр очно хайгчаа ав, хамт явъя тэнд алт хайя гээд гуйхаар нь зөвшөөрөөд хамт Сүхбаатар аймагт ирсэн. Ц гэдэг залуу ухах газрыг нь А-д зааж өгөөд ухуулсан. Тэгээд “ухсан нүхэнд хайгчаа тавь” гэж А хэлсэн. Ер нь бол Ц байгаагүй бол бид нар тэр газрыг олж очихгүй байсан.” гэх / 2-р хх 7-8 дугаар хуудас /,
“Албан ёсоор бол хог булах талаар хийсэн хурал байхгүй, ажлаар тухайн хог байгаа газрын ойр орчимд байх айлуудаар явахад хогоо булуулмаар байна гэсэн санал гаргасны дагуу тогтоол гаргасан, айлууд нь мөнгөө бүрэн хураалгаагүй, одоо санаж байгаагаар есөн айл 20,000 төгрөг буюу 180,000 төгрөг хураалгасан энэ мөнгөөр нь хонь худалдаж аваад хог булсан хүмүүсийн хоол, хүнсэнд зарцуулсан. Тэр гарын үсэг бол албан ёсны гарын үсэг мөн ойр орчмын айлуудын эзэд нь гарын үсэг зурсан. “Ц” дээр нэг нүх ухаж хайгч тавьж үзсэн, бусад нүхийг нь бол хог булах гэж ухсан юм.” гэх / 2-р хх 11-12 дугаар хуудас /,
- Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “ “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хурлын дарга Ц-тай утсаар ярьсан чинь экскаватороо аваад наашаа хүрээд ир би тосоод авна, Сүхбаатар сумын ойролцоо ирээд залгаарай гэхээр нь бид нар замдаа нэг хоноод Сүхбаатар сумын урд талд очсон тэр үед Ц саарал өнгийн “Prius-20” машинтай тосож аваад дагуулаад 2022 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед хог ихтэй газарт ирсэн. Экскаватороо траллераас буулгах гэсэн чинь асахгүй байхаар нь оролдож байгаад асаагаад 02 цагийн үед буулгасан. Тэр үед Ц “энэ хогны доор ухаад үз. Хуучин нинжа нар энд ухаж байсан газар” гэхээр нь би тэр газар нь ухахад хөлдүү байсан болохоор багцаагаар 04 цаг өнгөрч байхад 3х6 метрийн хэмжээтэй доошоо 1 метр орчим газар онгойлгоод Ганболдыг “одоо хайгчаа тавиад үзээ” гэж хэлээд нүх рүүгээ явуулаад кабиндаа ороод тамхи татаад хэсэг зуур унтсан байсан. Хайгч тавьсан үгүйг сайн мэдэхгүй байна. Тэгээд 06 цагийн үед Ганболд ирж намайг сэрээгээд “худлаа газар байна, юм байхгүй байна” гэж хэлэхээр нь “тэгвэл та хоёр яваа гээд “Land-100” машинтайгаа Г, С хоёрыг сүлжээ бараадаад хаашаа ч хамаагүй яваад байж бай, би буцахдаа хэлнэ араас давхиад ирээрэй” гэж хэлээд үлдсэн хогийг нь ухсан нүхнийхээ хажуугаар дахиж нүх ухаад хогийг нь булсан. Зарим хог нь тарсан болохоор 5-6 нүх хэсэгчилж ухаад булсан. Тэр хогоо булж дуусгаад экскаватороо ачсан чинь Ц “юм гараагүй нь хамаагүй 10 гаруй км газарт булахгүй бол болохгүй хог байгаа” гээд дагуулж очоод энийг заавал булуулж үлдэнэ гээд газар зааж өгөөд өөрөө яваад өгсөн.”
“Миний бие Улаанбаатараас хог булах газар нь хуучин алт гарч байсан газар, малчид хогоо асгасан, хог булах зөвшөөрөл нь гарсан гэхээр нь хогийг нь булангаа алт гарвал авч, ашиг олох зорилгоор тухайн газарт очсон.” гэх / 2-р хх 15-17 дугаар хуудас /,
- гэрч Х.С-ын “Шөнө нэг уулын орой дээр очсон тэгээд миний байсан машинд А орж ирээд Ганболдтой “угаасаа газар ухаж хогоо булах юм чинь нөгөөхөө нэг тавиад үзэх үү” гээд хоорондоо ярихаар нь “юу яриад байгаа юм бэ” гэж асуусан чинь А “энэ хуучин арван хэдэн онд алт гарч байсан газар юм байна. Орон нутгийн айлууд нь хог хаясаар байгаад хогийн цэг үүссэн байна. Хажууд нь нүх ухаад булах юм чинь” гэхээр нь би А-д уурлаад “хайгч тавиад дэмий шүү, дараа нь асуудалд орооцолдвол би наадхад чинь хамаагүй шүү” гэсэн чинь А буугаад явсан. Араас нь Г хамт экскаватороо буулгана гээд явахаар нь би машиныхаа суудлыг арагшлуулаад хөнжил нөмрөөд унтаад өгсөн.”
“Би хайгчтай явсан талаар нь мэдээгүй хог булахаар ирээд хайгч ярихаар нь л мэдсэн. Хэнтий аймагт байхад хайгч нь энэ шүү дээ гээд нэг ширхэг жижиг хайгч л харуулсан. Өөр хайгч байгаагүй. Шороо, чулуу ачсан зүйл огт байхгүй.” гэх / 1-р хх 93-95 дугаар хуудас /,
- гэрч М.А-ын “Дорноговь аймгийн Өргөн сум ороод А-ы экскаваторыг ачсан. Тэр үед А соёо авахаар нь гайхаад “соёогоор яах гэж байгаа юм, хог булахад” гэсэн чинь газар хөлдүү байгаа гэж хэлэхээр нь тийм юм байлгүй гээд тоогоогүй. Сүхбаатар аймаг руу 100 орчим км яваад унтаж амраад 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Сүхбаатар аймаг руу А-тай хамт явсаар байгаад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын баруун урд талд 14 цаг өнгөрөөгөөд ирэхэд мөнгөлөг саарал өнгийн “Prius-20” маркийн .... улсын дугаартай машинтай хүн ирсэн. А тэр хүнтэй уулзаад буцаж машинд орж ирээд “Сүхбаатар сумын урдуур яваад зүүн урд талд нь зогсож бай гэж байна. Хог булах газарт нь алтны судал байгаа гэнэ. 4 км гэнэ үү, 20 км гэнэ үү тэр хогноос цааш бас өөр газар байгаа” гэхээр нь би “юу солиороод байгаа юм” гэж А-д уурлаад “та нар анхнаасаа алт гэж хэлэхгүй яасан юм хог булна гэж ирээд алт гэж сонин юм ярилаа” гэсэн чинь “найдвартай, баараагүй, ямар ч асуудалгүй” гэхээр нь тэр холоос экскаваторыг нь ачаад ирсэн, дээрээс нь хог булах нь үнэн юм байна гээд би “наадханд чинь оролцохгүй, хүрэхгүй шүү” гэж хэлээд Сүхбаатар сумын зүүн урд талд зүгт байх морины хөшөөний цаад талын овоон дээр очоод зогсоход 16 цаг өнгөрч байсан.” гэх / 1-р хх 97-99 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,
- Хэргийн газарт 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх 11-17 дугаар хуудас/,
- Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх 20-21 дүгээр хуудас /,
- .... Hyundai ROBEX 2900LC-3 маркийн тээврийн хэрэгслийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа / 1-р хх 42 дугаар хуудас/,
- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2202209 дугаартай “.... улсын дугаартай, “Robex 2900LC-3” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 32,400,000 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт / 1-р хх 139-151 дүгээр хуудас /,
- Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/06 дугаартай “1. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дүгээр баг “Ц” гэх газарт ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй.
2. 223000149 дугаартай хэргийн газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоход хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 28,135,093 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээний тайлан /1-р хх 184-206 дугаар хуудас /,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нар нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт багийн Иргэдийн Нийтийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу хог булах нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах, олборлох зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, машин механизмыг бусдаас хөлслөн, металл хайгч багаж бэлтгэхийг урьдаас ярилцан төлөвлөж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дүгээр багийн нутаг “Ц” гэх газарт машин механизм ашиглан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль экологид 28,135,093 төгрөгийн хохирол учруулсан болох нь иргэний нэхэмжлэгч С.Г, гэрч Х.С, М.А нарын мэдүүлэг, хэргийн газарт 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/06 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээний тайлан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дүгээр багийн Иргэдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай “Нийтийн цэвэрлэгээ зарлах тухай” тогтоол, хавсралт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2.1. Ашигт малтмал олборлох гэдэгт: Тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.
Тодруулбал, шүүгдэгч нар хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн буй орчинд хохирол учирсан гэмт үйлдлийн болон гэм хорын шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан нь байгаль орчинд хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаА-тай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул ... явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.1 Шүүхээс шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нарыг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул...явуулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1.2. Шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-т 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох, А.Г, Г.А нарт 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, тэдний орлого олох боломж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх байдал зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгч нарыг баривчлаагүй, цагдан хориогүй тул эдлэх ялд оруулан тооцох саналгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “GOLD MONSTER 1000” маркийн металл хайгчийг улсын орлогод оруулах, хэрэгт битүүмжлэгдсэн “Hyundai Robex 2900LC-3” маркийн .... улсын дугаартай экскаваторыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Х.Г-д буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүд болох .... улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 10,500,000 төгрөг, “Hyundai Robex 2900LC-3” маркийн .... улсын дугаартай экскаваторын зах зээлийн үнэлгээ 32,400,000 төгрөгийг, ....улсын дугаартай “North Benz” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 40,534,000 төгрөгийг, нийт 83,434,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулах.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.А, А.Г нарын өмгөөлөгч Т.Хүдэр “Шүүх хуралдаанд А.Г, Г.А нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял, шийтгэлийг оногдуулж байна. Шүүгдэгч Э.Ц-ыг 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох, миний үйлчлүүлэгч А.Г, Г.А нарыг 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа нь хэргийн материалаас харагддаг. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй ийм хүмүүс байгаа. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн хөнгөн ял буюу торгуулийн ялын саналыг тавьж байна. Эдгээр иргэдийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, байгаль экологид 28,000,000 төгрөгийн хохирол учруулсан, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон мөнгөн дүнг улсын орлогод оруулах ийм хуулийн зохицуулалттай. Г.А-ы хувьд шүүхийн шатанд “экскаватороор ажил хийж, ар гэрээ тэжээдэг”, А.Г-ын хувьд “эрхэлсэн тодорхой ажилгүй” гэдгээ мэдүүлсэн. Хэдийгээр торгуулийн ял нь хөнгөн ял боловч эдгээр иргэдийн хувьд мөнгөн дүн нэмэгдэж байгаа учраас төлөх боломж харагдахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Торгуулийн ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солих хуулийн зохицуулалт бий. Тиймээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1-5 жил хүртэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж байгаа. Шүүгдэгч нар нь анх удаа хэрэгт холбогдож байгаа, хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн шатанд илэрхийлж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Шүүгдэгч А.Г-ын хувьд “GOLD MONSTER 1000” маркийн металл хайгчийг улсын орлого болгоход санал нэг байгаа. “Hyundai Robex 2900LC-3” маркийн .... улсын дугаартай экскаваторыг иргэн Х.Г-д шилжүүлэх зохицуулалт орсон. Үүний үнэлгээг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж төлүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа учраас ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс торгуулийн ял оногдуулахгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.” гэх саналыг тус тус гаргаж, мэтгэлцсэн болно.
2.1.3. Шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нар нь шунахайн сэдэлтээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, А.Г, Г.А нар эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Э.Ц-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жил, 1 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Г, Г.А нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 1 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд ойлгоно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул ...явуулсан”-ы улмаас байгаль орчинд шууд учирсан хохирол 7,029,423 төгрөг, шууд бус зардал буюу нөхөн сэргэлт хийхэд шаардагдах зардлын хэмжээ 21,105,670 төгрөг, нийт 28,135,093 төгрөгийн хохирол учирсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Байгаль орчны байцаагч С.Гд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хуралдаанд оролцохгүй, үнэлгээгээр тогтоогдсон хэмжээгээр хохирлыг нэхэмжилнэ.” гэдгээ мэдэгдсэн байна.
Иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан бөгөөд тэднээс хуульд заасан хугацаанд тусгайлан санал хүсэлт, гомдол гаргаагүй нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.
3.2. Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 28,135,093 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирол 28,135,093 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч тус бүрээс 9,378,365 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
4.1. Шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нар нь бусдын өмчлөлийн 32,400,000 төгрөгийн үнэлгээтэй “Hyundai Robex 2900LC-3” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, А.Г-ын өмчлөлийн “GOLD MONSTER 1000” маркийн металл хайгч зэргийг ашиглан гэмт хэргийг үйлджээ.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан А.Г-ын өмчлөлийн “GOLD MONSTER 1000” маркийн металл хайгчийг хуульд заасны дагуу улсын орлогод оруулахаар,
харин “Hyundai Robex 2900LC-3” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Х.Гантулгын өмчлөлийнх болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудаст авагдсан “тээврийн хэрэгслийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа”, 2 дугаар хавтаст хэргийн 73 дугаар хуудаст авагдсан “тээврийн хэрэгслийн лавлагаа” зэргээр нотлогдон тогтоогдож байх тул “Hyundai Robex 2900LC-3” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Hyundai Robex 2900LC-3” загварын экскаваторыг өмчлөгч Х.Г-д буцаан олгож, экскаваторын үнэ 32,400,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч тус бүрээс 10,800,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
4.3 Шүүгдэгч нар нь .... улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл, ....улсын дугаартай “North Benz” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул .... улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн зах зээлийн үнэлгээ 10,500,000 төгрөг, “....улсын дугаартай “North Benz” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 40,534,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай улсын яллагчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах авах боломжгүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э-ын Ц, О овогт Г-ын А, М овогт А-ийн Г нарыг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул ... явуулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар,
шүүгдэгч А.Г, Г.А нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Э.Ц-т Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, А.Г, Г.А нарт Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавьж ажиллахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаА-тай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нарт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 28,135,093 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч тус бүрээс 9,378,365 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Х.Г /РД:ДЖ93090618/-ын өмчлөлийн 32,400,000 төгрөгийн үнэлгээтэй “Hyundai Robex 2900LC-3” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, экскаваторыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Х.Г-д олгож, экскаваторын үнэ 32,400,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч тус бүрээс 10,800,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц, А.Г, Г.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан А.Г-ын өмчлөлийн “GOLD MONSTER 1000” маркийн металл хайгчийг улсын орлогод оруулсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ