| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/87 |
| Огноо | 2023-04-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/87
2023/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Хохирогч: С.Б
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Бы Бд холбогдох 2312000000033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Ц багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ховогт Бы Б /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2022 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Салт гэх газраас С.Бы хоёр тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бийн мэдүүлсэн: Би С.Б ахын хөх үхрийг алаад идшинд идсэн. Нэг нь миний өөрийн үхэр бөгөөд Б ахын нэг үхрийг идсэн нь миний буруу гэв.
Шүүх хуралдаанд хохирогч С.Бы мэдүүлсэн: Манай 2 ойролцоо байдаг. 12 дугаар сарын 05-нд цас их ороод тэр хавийн айлууд үхрээ залчихсан байсан. Тэгээд үхрээ хураадаггүй. Би хонь хариулж яваад мэдүүлэгт бичсэн зүйл болсон. Алж идсэн гээд байгаа хөх үнээ тугалтай үнээ байсан бөгөөд тугал нь давхиж ирээд би тэр хавиар 7 хоног хайгаад олохгүй байсан. Тэр хавийн хүмүүсээс хайгаад байсан. Энийг авна гэж яаж мэдэх вэ. Тэгээд олохоо байгаад тэр хавиас хүмүүсээс хайгаад явсан чинь Б 2, 3 үхэр гаргасан, идэш хоолны юм байлгүй гэж хэлсэн. Энэ өөрөө айлын мал хардаг, цөөхөн үхэртэй. Эхнэртэйгээ суугаад жил гаруй болсон байх, жаахан хүүхэдтэй. Үхэр алга болсноос хойш 2 удаа эднийд очсон бөгөөд чи 2 үхэр гаргачихсан юм биш үү, үхэр малаа авъя, чи яаж байгаа юм гэсэн чинь би цохиж идээгүй гээд эхнэртэйгээ дайраад байсан. Тэгээд би цагдаад өгсөн. Цагдаа намайг дуудаад үхрийг чинь авсан байна, одоо хохирлыг чинь барагдуулж өгнө гээд зураг дээр байгаа 2 үхрийг надад өгсөн. Би хохиролгүй бөгөөд үхрээ хайхад гарсан бензиний зуу гаруй мянган төгрөгийн зардлаа авсан. Хохирол байхгүй. 12 дугаар сарын 05-ны үед болсон хэрэг. Солонготын даваа чинь Завхан аймгийн Их-Уулд отор нүүдэл явж байдаг. Тэгсэн чинь 03 дугаар сарын 10-ны үер отор дагаад явсан хар үнээ нь гараад ирсэн. Чи 2 үнээ идсэн байна, нэг хар үнээ идсэн байна гэхэд энэ өөрөө би 2 үнээ алсан гээд байсан. Тэгсэн чинь нэг үнээ нь гараад ирсэн. Би хохиролдоо авсан 2 үнээнийхээ нэгийг нь буцаагаад өгсөн. Нутаг ойролцоо байдаг болохоор чи үнэнээ хэлэхгүй, худлаа мэдүүлэг өгөөд гэхэд таныг би загнаад байхаар нь айгаад тэгсэн гэсэн. Манайх Жаргал, Их-Уултай залгаа байдаг, ойролцоо болохоор нь ноднин, уржнан ч гэсэн хэн авсан юм мэдэхгүй үхэр мал их алга болдог. Өмнө нь би үхэр мал алдаж байсан, тэрийгээ ч чамд тулгана гээд айлгасан чинь энэ нөхөр авсан болоод яваад өгсөн. Олдсон хар сарлагийн үхрийн зургийг нь аваад ирсэн хэрэг болдог юм болов уу. Би хүн гүтгэчихсэн байна. Би өнөөдөр эрт илрүүлгээр орох далимдаа шүүх хуралд орж, үнэнийг хэлье гэж бодоод ирлээ гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000033 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Бы мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг Салтын Улаан гозгорын ард хонио хариулаад явж байхад Салтын хоёр бөөн модны дунд нүүрэнд манай үхрүүд байсан. Гэтэл нэг мотоцикльтой хүн тэр үхрүүдээс хориод тооны үхрүүдийг үлдээгээд бусад үхрүүдийг нь шууд доош нь туугаад уруудуулаад аваад явсан. Би дурандаад сууж байхад манай дээд өвөлжөөний Б ирж надтай уулзаад надаас шар халзан хуц алга болсон байна, та харсан уу гэж асуугаад явж байсан. Би хуц хараагүй, манай хонинд ирээгүй, тэр үхэр ялгаад туугаад аваад явж байгаа хэн бэ гэж асуусан чинь Б байна гэж хэлсэн. Бийг явсны дараа намайг дурандаж байхад Б тууж явсан үхрээ доод хөндийд голын захад үлдээгээд сумын төв рүү чиглээд мотоцикльтойгоо яваад өгсөн. Өдөр 15:00 цагийн орчимд намайг хонио хариулаад уруудаж байхад Б мотоцикльтойгоо над дээр ирсэн. Сумын төв рүү яваад бензин аваад ирлээ гэж ярьж байсан. Манай үхэр дотроос ремэн хүзүүвчтэй мухар хөх сарлагийн үхэр, хүзүүвчтэй мухар хар сарлагийн үхэр алга болсон, олдохгүй байна. Миний 2 тооны үхэр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хоёр бөөн модны дунд нүүрэнд Бгийн үлдээсэн бөөн үхэр дотроос алга болсныг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн орой мэдсэн бөгөөд хайгаад олоогүй. Би олдохгүй байгаа, хоёр тооны үхрээ ойр хавийн айлуудын үхрээр олон хоног ирж хайгаад олохгүй байна, одоогийн байдлаар сэжиглэж байгаа хүн байхгүй. Би нэг үхрээ 1.300.000 төгрөгөөр үнэлж 2 тооны үхрийг 2.600.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Бы дахин мэдүүлсэн: ...Би Бтэй очиж уулзаж хоёр сарлагийн үнээнийхээ оронд хар сарлагийн үнээ, халтар сарлагийн үнээ хоёрыг авч хохиролгүй болсон. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...Би тухайн үед Б гэдэг хүний үхэр мал алга болсон талаар мэдээгүй. Сүүлд нь нилээд хэд хоногийн дараа үхэр дутуу байна гэхээр нь үхрээ хайж яваад олж тууж авчирсан үхэр дотор чинь хөх үнээ байсан уу гэж асууж байсан. Би мэдэхгүй, анзаараагүй гэж хэлсэн. Б ярихдаа хөх сарлагийн үнээ, хар сарлагийн үнээ хайгаад олдохгүй байна гэж хэлсэн. Би эхнэр Оийн хамт машинтай үхэрт яваад өөрийн хайж явсан арваад тооны үхрийг Цахир сумын Нарийн, Салт хоёрын зааг дээр байхад нь олж туугаад явсан. Бы хоёр тооны үхрийн талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сард, өдрийг нь сайн санахгүй байна, намайг нэг өглөө үхэр малаа хайгаад гэрээсээ гараад явах үед Салтын бөөн модны тэндээс нэг мотоцикльтой хүн хэсэг үхэр доош нь дараад явж байхаар нь яваад очсон чинь /Б хочтой/ Б овогтой Б өөрийнхөө үхрийг доош нь дараад явж байсан. Би уулзаж үхэр малаа сураад сураг гарахгүй болохоор нь цаашаа явж байгаад Б ахыг хониндоо явж байхаар нь очиж үхэр малаа асууж сурсан чинь мэдэхгүй байсан. Би Б гэдэг хүний үхэр малыг /Б хочтой/ Б туугаад явж байхыг хараагүй. Би энэ талаар сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оийн мэдүүлсэн: ...Би нөхөр Дагвасүмбэрэлийн Бийн хамт явж байгаад айл идэшний үхэр зарна гэхээр нь очиж үзээд буцаж яваад өөрийнхөө хайж явсан арваад тооны үхрийг Цахир сумын Нарийн, Салт хоёрын зааг дээр байхаар нь олж туугаад аваад явсан. Бы хоёр тооны үхрийн талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. Манайд арваад тооны үхэр байсан бөгөөд Нарийн гэх газраас Б гэх айлын өвөлжөө хоёрын хооронд 1 км багцааны зайтай...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эын мэдүүлсэн: ...Б гэх хүн надад хар сарлагийн шир, хөх сарлагийн шир авчирч өгсөн. Би нэг үхрийн ширийг нь 15.000 төгрөгөөр бодож, нийт 30.000 төгрөгөөр хоёр үхрийн шир худалдаж авсан. Би худалдаж авсан шир, түүхий идээ Улаанбаатар хот руу ачиж аваачаад зарчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Нгийн мэдүүлсэн: ...Манай нөхөр Б гэрийнхээ гадна хоёр тооны хар зүстэй, хөх зүстэй сарлагийн үхрийг ганцаараа алж нядалсан. Манайх харж байгаа малынхаа хөлсөнд айлаас хар сарлагийн үхэр, хөх сарлагийн үхэр хоёрыг авсан бөгөөд тэр хоёр үхрийг төхөөрч янзалсан. Миний нөхөр Б харж байгаа малынхаа хөлсөнд хүнээс хоёр сарлагийн үхэр авсан гэж ярьж байсан. Яг хэн гэдэг хүнээс үхэр авсан талаар би мэдэхгүй. Манай нөхөр Бийн алж, янзалсан хоёр үхрийн махыг нэг үхрийн махыг нь манайх өөрөө, нөгөө үхрийн махыг нь манай хадам ээжийнх идсэн. Манай нөхөр Б нь дуу цөөтэй, томоотой, хүний үгнээс гардаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хүнд тусархуу, хүнтэй хэрүүл маргаан хийж байгаагүй, хүний мал харж амьдардаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Нгийн дахин мэдүүлсэн: ..Манай нөхөр Б /Б/ хотны зүүн захад хэсэг үхэр хоносон байсан бөгөөд тэр үхэр дотроос хоёр үхрийг барьж аваад бусад үхрүүдийг доош тууж байсан үхэр мал авчрахад унаагаар яваагүй, явганаар явж тууж хашаанд авчирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Сгийн мэдүүлсэн: ...Миний том хүү Б нь харж байгаа малынхаа хөлсөнд хоёр үхэр авсан, нэг үхрээ өөрөө иднэ, нэг үхрийг нь танайх идшинд ид гэж янзалж өгсөн. Хэн гэдэг хүнээс энэ хоёр үхрийг авсан талаар би мэдэхгүй. Бийн алж янзалсан үхрийг хулгайн үхэр гэж би мэдээгүй. Миний хүү Б нь дуу цөөтэй, томоотой, хүний үгнээс гардаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хүнд тусархуу, хүнтэй хэрүүл маргаан хийж байгаагүй, хүний мал харж амьдардаг, их хөнгөн зан араншинтай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Сгийн дахин мэдүүлсэн: ...Миний хүү Б /Б/ нь хүнээс мал авсны хөлсөнд хоёр үхэр авсан, маргааш алж янзална, та гэдэс арилгаж өгөөрэй гэж урд орой нь утсаар ярихаар нь би маргааш өглөө нь 10 цагийн үед очиход үхрээ янзалж байсан. Хэдэн цагт үхрээ авчирсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар Б.Бийн мэдүүлсэн: ...Би сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй. 2022 оны 12 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Салтын бөөн мод гэх газар манай үхэр С.Б ахын үхэртэй бэлчээрээрээ нийлсэн байсан. Би тухайн үед өөрийнхөө үхрийг салгаж аваад уулынхаа бэлд орхих үед Б ахтай таараад мэнд мэдээд сумын төв рүү явсан. Маргааш өглөө нь С.Б ахын бэлчээрт үлдээсэн хэсэг үхэр манай үхэртэй нийлсэн, гэрийн гадаа байхаар нь хар болон хөх зүсмийн 2 үнээ барьж уяад бусад үхрүүдийг гэрийнхээ гаднаас бэлчээр рүү туусан. Тэгээд уясан 2 үхрээ тухайн барьж авсан өдрөө нядлаад нэгийг нь ээждээ идшинд өгөөд, нөгөөг нь би өөрөө хоол хүнсэндээ хэрэглэсэн. Тэгээд нилээн хэд хоногийн дараа С.Б ах намайг 2 үнээг нь хулгайлсныг мэдээд ирж уулзах үед нь би уучлалт гуйж, оронд нь 2 сувай үнээг өгч явуулсан. Би С.Б ахын 2 үнээг мэдсээр байж хулгай хийсэн нь миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би С.Б ахын үнээг өөрийнхөө үнээтэйгээ андуураад нядалсан. Намайг нутгийн хүмүүс Б гэж дууддаг бөгөөд Бгаас өөрөөр дууддаг хүн ойр хавьд байхгүй. Б гэсэн нэртэй хүмүүс олон байгаа ч овгоороо өөр, өөр юм. Би тухайн үед унаж үхэр бөөгнүүлсэн мотоцикль нь улаан өнгийн “Хаожин” гэсэн нэртэй Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, хуучин, миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. Би 2018 онд хүнээс шинэ мотоцикль аваад одоо хуучирсан байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84 хуу/
2022 оны мал тооллогын бүртгэл /хх-ийн 85 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 87 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн гэрэл зураг 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Салт гэх газраас хохирогч С.Б 1 тооны үхэр хулгайд алдагдаж, хохирогч С.Бд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Салт гэх газраас хохирогч С.Б 1 тооны үхрийг хулгайлж, хохирогч С.Бд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч С.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2022 оны 12 дугаар сарын 05-нд намайг Салтын Улаан гозгорын ард хонь хариулаад явж байхад Салтын хоёр бөөн модны дунд нүүрэнд манай үхрүүд байсан. Гэтэл нэг мотоциклтой хүн тэр үхрүүдээс хориод тооны үхрүүдийг үлдээгээд бусад үхрүүдийг нь шууд доош нь туугаад уруудуулаад аваад явсан. Би дурандаад сууж байхад манай дээд өвөлжөөний Б ирж надтай уулзаад надаас шар халзан хуц алга болсон байна, та харсан уу гэж асуугаад явж байсан. Бийг явсны дараа намайг дурандаж байхад Б тууж явсан үхрээ доод хөндийд голын захад үлдээгээд сумын төв рүү чиглээд мотоцикльтойгоо яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/, “Тэгээд олохоо байгаад тэр хавиас хүмүүсээс хайгаад явсан чинь Б 2, 3 үхэр алсан, идэш хоолны юм байлгүй гэж хэлсэн. Чи 2 үнээ идсэн байна, нэг хар үнээ идсэн байна гэхэд энэ өөрөө би 2 үнээ алсан гээд байсан. Тэгсэн чинь нэг үнээ нь гараад ирсэн. Би хохиролдоо авсан 2 үнээнийхээ нэгийг нь буцаагаад өгсөн. Нутаг ойролцоо байдаг болохоор чи үнэнээ хэлэхгүй, худлаа мэдүүлэг өгөөд гэхэд таныг би загнаад байхаар нь айгаад тэгсэн гэсэн. Би хүн гүтгэчихээд байна” гэх мэдүүлэг,
гэрч Д.Бийн мэдүүлсэн “Сүүлд нь нэлээд хэд хоногийн дараа үхэр дутуу байна гэхээр нь үхрээ хайж яваад олж тууж авчирсан үхэр дотор чинь хөх үнээ байсан уу гэж асууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
гэрч Д.Эын мэдүүлсэн “Б гэх хүн надад хар сарлагийн шир, хөх сарлагийн шир авчирч өгсөн. Би нэг үхрийн ширийг нь 15.000 төгрөгөөр бодож, нийт 30.000 төгрөгөөр хоёр үхрийн шир худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
гэрч М.Нгийн мэдүүлсэн “Манай нөхөр Б нь гэрийнхээ гадна хоёр тооны хар зүстэй, хөх зүстэй сарлагийн үхрийг ганцаараа алж нядалсан. Миний нөхөр Б харж байгаа малынхаа хөлсөнд хүнээс хоёр сарлагийн үхэр авсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
гэрч Ж.Сгийн мэдүүлсэн “Миний том хүү Б харж байгаа малынхаа хөлсөнд хоёр үхэр авсан гээд нэг үхрээ өөрөө иднэ, нэг үхрийг нь танайх идшинд ид гэж янзалж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 45-46/,
хулгайд алдагдсан үхрүүдийн үнэлгээг тогтоосон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг 2022 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Салт гэх газраас С.Бы хоёр тооны буюу олон тооны малыг хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хохирогч С.Бы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Алж идсэн гээд байгаа хөх үнээ тугалтай үнээ байсан бөгөөд тугал нь давхиж ирээд би тэр хавиар 7 хоног хайгаад олохгүй байсан. Тэр хавийн хүмүүсээс хайгаад байсан. Тэгээд олохоо байгаад тэр хавиас хүмүүсээс хайгаад явсан чинь Б 2, 3 үхэр алсан, идэш хоолны юм байлгүй гэж хэлсэн. Цагдаа намайг дуудаад үхэр алсан байна, одоо хохирлыг чинь барагдуулж өгнө гээд зураг дээр байгаа 2 үхрийг надад өгсөн. 03 дугаар сарын 10-ны үер отор дагаад явсан хар үнээ нь гараад ирсэн. Чи 2 үнээ идсэн байна, нэг хар үнээ идсэн байна гэхэд энэ өөрөө би 2 үнээ алсан гээд байсан. Тэгсэн чинь нэг үнээ нь гараад ирсэн. Би хохиролдоо авсан 2 үнээнийхээ нэгийг нь буцаагаад өгсөн. Нутаг ойролцоо байдаг болохоор чи үнэнээ хэлэхгүй, худлаа мэдүүлэг өгөөд гэхэд таныг би загнаад байхаар нь айгаад тэгсэн гэсэн. Би хүн гүтгэчихсэн байна” гэх мэдүүлэг, Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би С.Б ахын хөх үхрийг алаад идшинд идсэн. Нэг нь миний өөрийн үхэр бөгөөд Б ахын нэг үхрийг идсэн нь миний буруу” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Бы 1 тооны хар зүсмийн сарлагийн үхрийг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдож, хохирогч С.Бы 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий хөх зүсмийн сарлагийн үхрийг хулгайлсан үйлдэлд үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгч Б.Бийг 2022 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Салт гэх газраас С.Бы нэг тооны үхрийг хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Ховогт Бы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Салт гэх газраас хохирогч С.Бы 1 тооны үхрийг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.Бд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Бд учирсан хохирлыг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч С.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо авсан, гомдол, саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б. Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ховогт Бы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймгийн дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ