| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0090/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/89 |
| Огноо | 2023-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/89
2023/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Хохирогч: Э.Б
Шүүгдэгч: Т.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Тийн Ут холбогдох 2312000000082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, А аймгийн Ө сумын Я багийн засаг дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Х багийн .. хорооллын .. тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Мовогт Тийн У /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 04 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Жишиг хорооллын 01-1/б тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Э.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацар, баруун гарын сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000082 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бгийн мэдүүлсэн: ...2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнийн 04 цагт манай нөхөр У гэртээ согтуу орж ирээд хэсэг унтсан. Тэгээд би Ут чи архи уугаад ажлын газрын хүүхэнтэй явалдаад байгаа талаар хэлсэн чинь У намайг хэн чамд тэгээд байгаа юм, чи хэнээр тандуулаад байгаа юм, би тэрийг чинь олоод ална гэж хэлээд босч ирээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд зүүн талын нүд хөхөрсөн, мөн баруун талын нүд рүү цохиулсан нь бага зэрэг хөхөрсөн. Бас баруун гар руу цохиод судас хагарч хөхөрсөн. Тэгээд гэгээ ороод би гэрээсээ гараад өөрийн ажлын газраа очоод тэрнээс хойш би гэртээ хариагүй. Манай нөхөр миний утсаар залгаагүй, мөн ажил дээр ирж уулзаагүй. Манай гэрт хүн байгаагүй. Намайг зодуулсан талаар манай ажлын газрын эгч .. гэх хүн сайн мэдэж байгаа. Баруун, зүүн нүд хөхөрсөн, баруун талын гар ар хэсэгтээ хөхөрсөн байгаа. Манай нөхөр өөрийн гараараа цохисон. Архи хэрэглэсэн байсан бөгөөд гэхдээ тийм их согтоогүй байсан. Би гомдолтой байна. Миний биед хүрсэн, нүд хөхрүүлсэн учраас. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Агийн мэдүүлсэн: ...Би тухайн үед мэдээгүй, өглөө ажилдаа ирэхэд нь мэдсэн. Яагаад гэхээр Бгийн зүүн, баруун талын нүд хөхөрсөн байсан. Тэгээд яасан бэ гэхэд урьд шөнө манай нөхөр У зодчихлоо гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Бид хоёр хамт ажиллаж байгаад 20 цагаас хаагаад явсан. Бгийн биед ямар нэгэн шарх, сорви байгаагүй. 2023 оны 03 дугаар сарын 18-ны өглөө ирэхэд нь нүд хөхөрчихсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Уын мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Надад энэ яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Би хүлээн зөвшөөрнө. 2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнө би гадуур хүмүүстэй хамт жаахан архи ууж байгаад 04 цагт байх гэж бодож байна, гэртээ ороод унтаж байтал гэнэт манай эхнэр Э.Б намайг гар хөлийн булчин хэсэгт цохиод загнаад унтуулахгүй байсан. Ингээд би уурлаж эхнэртэйгээ маргалдаж гарын алганы ар хэсгээр хоёр удаа цохисон гэж санаж байна. Би тухайн үед нэлээд согтсон байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Ямар ч гэсэн 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цагдаагаас намайг дуудсан. Тухайн үед хажууд хүн байгаагүй. Би ажлынхаа хүмүүстэй цэргийн баяр тэмдэглэсэн юм. Тэгээд гэртээ орсон юм. Тэрийг би сайн санахгүй байгаа. Ямар ч гэсэн маргалдаад гарынхаа ар хэсгээр Э.Бгийн нүүр рүү нь хоёр удаа цохисон санагдаж байгаа. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Э.Б нь миний булчин хэсэгт цохисон тул би гэмтээгүй. Би гэмтэж бэртээгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би өөрийн эхнэр Э.Бгаас уучлалт гуйсан. Бид эвлэрсэн. Манай эхнэр Э.Бд шаардлагатай эмийг нь би авч өгсөн. Манай эхнэр намайг уучилсан гэж хэлсэн. Би өмнө нь эхнэрээ зодож, цохиж байгаагүй. Би өөрийн гаргасан үйлдэлд их харамсаж байгаа. Би энэ хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Би энэ хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 98 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Э.Бгийн биед зүүн нүдний зовхи, хацар, баруун гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн зовхи, хацрын цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18-19 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 04 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Жишиг хорооллын 01-1/б тоот гэртээ Э.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу нөхөрТ.Утаа зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.У нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 04 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Жишиг хорооллын 01-1/б тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Э.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Э.Бгийн мэдүүлсэн “би Ут чи архи уугаад ажлын газрын хүүхэнтэй явалдаад байгаа талаар хэлсэн чинь У намайг хэн чамд тэгээд байгаа юм, чи хэнээр тандуулаад байгаа юм, би тэрийг чинь олоод ална гэж хэлээд босч ирээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараа цохисон. Тэгээд зүүн талын нүд хөхөрсөн, мөн баруун талын нүд рүү цохиулсан нь бага зэрэг хөхөрсөн. Бас баруун гар руу цохиод судас хагарч хөхөрсөн. Намайг зодуулсан талаар манай ажлын газрын эгч А гэх хүн сайн мэдэж байгаа. Баруун, зүүн нүд хөхөрсөн, баруун талын гар ар хэсэгтээ хөхөрсөн байгаа. Манай нөхөр өөрийн гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 67-68/,
гэрч Н.Агийн мэдүүлсэн “Би тухайн үед мэдээгүй, өглөө ажилдаа ирэхэд нь мэдсэн. Яагаад гэхээр Бгийн зүүн, баруун талын нүд хөхөрсөн байсан. Тэгээд яасан бэ гэхэд урьд шөнө манай нөхөр У зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Т.Уын яллагдагчаар мэдүүлсэн “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би хүлээн зөвшөөрнө. 2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнө би гадуур хүмүүстэй хамт жаахан архи ууж байгаад 04 цагт байх гэж бодож байна, гэртээ ороод унтаж байтал гэнэт манай эхнэр Э.Б намайг гар хөлийн булчин хэсэгт цохиод загнаад унтуулахгүй байсан. Ингээд би уурлаж эхнэртэйгээ маргалдаж гарын алганы ар хэсгээр хоёр удаа цохисон гэж санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/,
хохирогч Э.Бгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 98 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Т.У нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Т.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.У нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Т.У нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 04 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Жишиг хорооллын 01-1/б тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Э.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Ут холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын
газрын Прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 44 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурорын түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Т.У нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.У нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч Э.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Уыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Уыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мовогт Тийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ут оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч Т.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Уын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ