Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2025/0341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газар

Гуравдагч этгээд: Д.И

Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Б.Дын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 159/ШШ2025/0048 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 159/2023/0002/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Иргэн Б.Дын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 159/ШШ2025/0048 дугаар шийдвэрээр: Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 1/в, 11 дүгээр зүйлийн 2, 18 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.6-д тус тус заасныг баримтлан Б.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 048 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх мал тооллогын бүртгэл хийх хууль журам зөрчсөн байна гэдэг нь тогтоогдож байна. Энэ нь бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна. Харин илт хууль бус үндэслэлд хамаарахгүй гэсэн байдлаар дүгнэлт хийсэн.

3.1. Өөрөөр хэлбэл илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэдэг байдлаар дүгнэлт хийснийг бид буруу гэж үзэж байгаа. Учир нь утга агуулгын илэрхий алдаатай гэдэг агуулгад маргааны үйл баримт тодорхой хамаарч байгаа. Мал тооллогын бүртгэл хийсэн бүртгэгч н.Г тайлбар, мэдүүлгээр тогтоогддог. Мал тооллогын бүртгэл хийж, малын тоог шивэхдээ техникийн алдаа гаргачихсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Мал тооллогын хуулийн хугацаа дуусаад мал тооллогын программ хаагдах гээд байсан тул ямар тоог программд оруулсныг тухайн үедээ мэдээгүй.

3.2. Сүүлд нь ийм асуудал үүссэнийг мэдсэн гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл огт байхгүй 6 үхрийг байгаа мэтээр техникийн илэрхий алдаа гаргаад хийчихсэн. Энийгээ дараа нь өөрөө зөвшөөрдөг. Нүдээрээ очиж малаа тоолоогүй, өмнөх тоон дээр нь үндэслээд багцаагаар гээд тоо тавьсан юм болов уу? эсвэл үнэхээр мал тооллогын хугацаа дуусах гээд тоон дээр нь техникийн алдаа гаргаад оруулчихсан гэдэг тайлбар мэдүүлэгт маргааны үйл баримт тогтоогдож байгаа юм. Энэ шинжээрээ хууль бус гэхээсээ илүү илэрхий алдаатай захиргааны акт байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тийм болохоор маргааны үйл баримт, хуулийн үндэслэлийг харсан ч илт хууль бус захиргааны акт гэдэг нь илэрхий байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Оаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Иргэн Б.Дын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.1. Нэхэмжлэгч Б.О нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр /Хэрх/ багт амьдардаг ба 2011 оноос өөрийн төрсөн ах Б.Дын малыг хамт малладаг байсан байна.

3.2. Б.Дын нэр дээр 2016 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлд үхэр 7, 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлд үхэр 13 гэж тус тус бүртгэгдсэн байх ба 2018 онд Б.Д нас барж, Сэлэнгэ амйгийн Мандал сумын 4 дүгээр багийн Засаг дарга дээрх бүртгэлийг үндэслэн 13 толгой үхэр өвлөх эрхийн гэрчилгээг түүний хүү Д.Ит олгосноор энэхүү маргаан үүсжээ.

4. Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “мэдээлэл үнэн, бодитой байх зарчим”, 5 дугаар зүйлийн 5.3-т “Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргана”, 7 дугаар зүйлийн 7.1.в-д “мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд тооллого явуулна”, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллого явуулах тухай” 422 дугаар захирамжийн 3.2-т “мал тэжээвэр амьтдыг нүд үзэн үнэн зөв тоолж, малын картыг нарийн хөтлөх”, 3.3-т “тавиул малыг гар картаар тоолж, тухайн тавиул мал тоолуулсан малчнаар гарын үсэг зуруулж, малын эзний харьяа багт хүргүүлэхийг онцгой анхаарах” гэж тус тус заасан.

4.1. Дээрх хуулийн заалт болон мал тоолох журмаар тоон мэдээллийг сумын Засаг дарга хариуцан гаргаж, сумын Засаг даргын Тамгын газар нь мал тэжээвэр амьтдыг нүд үзэн үнэн зөв тоолох ажлыг зохион байгуулж, тэр дундаа тавиул малыг гар картаар тоолж, уг малчнаар нь гарын үсэг зуруулж авах ёстой байсан боловч энэ үүргээ гүйцэтгээгүй байна.

4.2. Тодруулбал, 2017 оны жилийн эцсийн мал тооллогын үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багт малын шүлхий өвчин гарч, ган гачиг ихтэй байсны улмаас нэхэмжлэгч Б.Оын гэр бүл Сэлэнгэ аймгийн Хушаат суманд отроор явсан, Мандал суманд байгаагүй, мал тоолох ажлын хэсэг түүний малыг нүдээр үзэж тоолоогүй атлаа тоолсон мэт илт худал тоо тавьсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4.3. Гуравдагч этгээдийн зүгээс “... Б.О 30 үхэр, 13 ямаа нийт 43 тооны мал, Б.Д 13 тооны үхэр гээд биччихсэн байна. Дээрх бүртгэлийг үндэслээд Д.Ит 13 тооны үхэр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон” гэж тайлбарлах боловч 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор Б.Дын нэр дээр бүртгэгдсэн 7 үхэр хэрхэн яаж 13 болсон талаар ямар ч баримт байхгүй, баримтаар нотолж чадахгүй байна.

4.4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн мэргэжилтэн С.Гэрэлбаяр нь шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... Б.Дын мал урд онд 5, 6 байсан байх, төл гэж тооцоод 7 болсныг нэмэх баланс дээр тавиад, улмаар нийлбэр 13 гэж техникийн алдаа гаргасан ... дүү Б.О нь тэр өвөл хуучнаар Энхтал /Хушаат сум/-ын Сангийн аж ахуйд оторлон өвөлжиж байх үедээ тооллогын мэдээгээ хугацаанд нь ирүүлээгүй ... хугацаанд нь багтаж тооллогыг хаах гээд яараад баримтыг бүрдүүлсэн ... Б.Дтай холбогдож чадаагүй, утас нь олдоогүй, би баримжаагаар тоо бичсэн” гэснээс үзвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багын 2017 оны жилийн эцсийн мал тооллого үнэн зөв, бодитой явагдаагүй, иргэн Б.Дын нэр дээр 13 тооны үхэр бүртгэгдсэн нь үндэслэлгүй, худал болох нь тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагаа “иргэн Б.Дын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон тул шүүх маргаан бүхий бүртгэл нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт өгнө.

5.1. Анхан шатны шүүх “... мал бүртгэлээс шалтгаалж Б.От 13 үхэр гуравдагч этгээд Д.Ит өгөх үүрэг шууд бий болоогүй” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

5.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан.

5.3. 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор иргэн Б.Дын нэр дээр 13 үхэр бүртгэгдсэн байгааг хараад утга, агуулгын илэрхий алдаатай захиргааны акт мөн гэж шууд дүгнэх боломжгүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын “... мэргэжилтэн С.Г нь малын тоог шивэхдээ техникийн алдаа гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, манай захиргааны зүгээс иргэн Б.Дтай холбоотой 2017 оны малын А дансны бүртгэлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлаж байгаагаас гадна хэрэгт авагдсан 2016 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлд Б.Дын нэр дээр 7 үхэр бүртгэгдсэн талаарх малын А дансны бүртгэл, “нэмэгдэж бүртгэгдсэн гэх 6 үхэр бодит байдалд байхгүй, 13 үхэр гэж илэрхий алдаатай, бодит байдалд тохирохгүй тоо бичсэн бүртгэл” болохыг тайлбарлаж буй хэргийн оролцогчдын тайлбар, энэ талаарх гэрчийн мэдүүлэг зэргээр дээрх бүртгэл нь анхнаасаа худал болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаан бүхий акт илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзэхээр байна.

5.4. Учир нь, 2016 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлд 7 үхэр гэж бүртгэгдсэнээс хойш үхрийн тоо толгой нэмэгдсэн талаар баримт байхгүй, 2017 онд нэмж бүртгэгдсэн 6 үхэр бодит байдалд байхгүй, дээрх тоон бүртгэл нь илэрхий алдаатай, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бөгөөд уг илт хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчид шууд үр дагавар үүсгэж, түүний эрх зөрчигдөх үндэслэл бий болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 159/ШШ2025/0048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1.в, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Б.Дын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ