Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 110

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бам овогт Бадрахын Хэнмэдэх,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор овогт Баатарын Амарзаяа нарт холбогдох эрүүгийн 201615000272 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгйин Арвайхээр сумын 4 дүгээр баг, 20-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бам овгийн Бадрахын Хэнмэдэх, /РД:ЙК85041511/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн 3 дугаар байр, 01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Бор овгийн Баатарын Амарзаяа, /РД:ЙЮ87111674/,

Шүүгдэгч Бадрахын Хэнмэдэх нь согтуурсан үедээ Б.Амарзаяатай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн төв"-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр, иргэн О.Ууганбаярыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэж, "Сумын заан Хэнмэдэх байна, намайг мэдэх үү, гарцаар яаж гардагийг мэдрүүлээд өгье, сумын зааны гарыг тавиулдаг ямар овоо гар вэ" гэх үгсийг хэлж, хохирогч О.Ууганбаярыг заамдан барьж, засмал зам руу чирч нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

 Шүүгдэгч Баатарын Амарзаяа нь ялтай байх хугацаандаа, согтуурсан үедээ Б.Хэнмэдэхтэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн төв"-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн О.Ууганбаярыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараар 1 удаа цохиж, бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Хэнмэдэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр “Оюу” төвөөс хөдлөхөд гэрлэн дохио ногоон гэрэл ассан байсан. Замын гарцаар биш машин явдаг замаар өөдөөс 2 хүн явж байсан. Тэгээд би дуут дохио өгсөн. Би тулж ирээд яаж яваад байгаа юм бэ гэсэн чинь өмнөөс янз бүрийн юм яриад байсан. Тэгээд хойд хайс руугаа дагаж оронгуутаа явган хүний гарц руу орсон. Түүнээс болж маргаан болсон. Тэгээд би машинаасаа буугаад саадан дотор бид хоёр барилцаж аваад маргалдсан. Тэгээд байж байсан чинь Б.Амарзаяа ирээд болиоч яагаад байгаа юм гээд бид нарыг салгасан. Салгаж байх явцдаа Б.Амарзаяа О.Ууганбаярыг нэг цохих шиг болсон. Түүнийг би сайн хараагүй. Тэгээд маргаан дуусаад бид хоёр нөгөө хоёроос уучлалт гуйсан, янз бүрийн юм болсон уу гэсэн чинь нүднээс цус гараад байна гэсэн. Тэгэхээр нь эмнэлэгт үзүүлэх үү яах уу гэсэн чинь О.Ууганбаяр би явдаг газраараа явна маргааш уулзъя гэсэн. Тэгээд бид нар явахад араас П.Буянравжих, Ж.Янжин, Г.Баярхүү нар ирсэн. Бид нарын хэрүүл маргааныг тэр гэрчүүд хараагүй. Сүүлд ирсэн. Тэгээд маргааш нь О.Ууганбаяртай уулзаад төлбөр тооцоо төлөөд эмчлүүлээд өгнө гэсэн тэг гэсэн. Тухайн үед нь бид хоёр санхүүгийн боломж жаахан тааруу байсан. 2 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэсэн чинь тэг гэсэн. Тэгээд цагдаад өргөдөл өгөхгүй гэж байсан. Б.Амарзаяа ажлаар хот яваад 2 хоногийн дараа мөнгө өгнө гэсэн байсан чинь л цагдаад өргөдөл өгсөн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Амарзаяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнө “Оюу” төвийн үүднээс наашаа хөдөлсөн. Тухайн үед би суудлаа хойш нь болгоод хэвтсэн байсан. Дөнгөж өндийсөн чинь явган хүн өөдөөс зам сөрөөд ирсэн. Тэгээд Б.Хэнмэдэх буугаад тэр хоёр хүнтэй маргалдаад байсан. Би хараад байж байсан маргалдаад барилцаж аваад байхаар нь машинаасаа буугаад яваад очсон. Тэгсэн О.Ууганбаяр нь миний өөдөөс чи юу вэ чи хэн бэ гээд дайраад байсан. Тэгээд би О.Ууганбаяртай барилцаж аваад миний куртикийг урсан. Миний куртикийг урахаар нь би нүүр рүү нэг удаа цохисон. Маргаан дуусаад машин дээр ирэхэд Буянравжих, Янжин, Баярхүү 3 ирсэн. Гэрчүүд хэрүүл маргаан болж байхыг харсан зүйл байхгүй. Би хүн цохьсондоо гэмшиж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч О.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын орчимд найз Пүүжээтэй хамт гэртээ харих гээд Хууль зүйн үйлчилгээний төвийн арын засмал замын явган хүний гарц дээр гарцаар гарч явтал баруун талаасаа зүүн тийшээ чиглэлтэй цагаан өнгийн "Истима" маркийн автомашин их хурдтай ирээд бид хоёрыг гарцаар дөнгөж гарахад ард зогсоод жолооч Хэнмэдэх гэгч нь бууж ирээд бид хоёрыг дуудсан. Тэгэхээр нь эргээд хартал тэр хүн сумын заан Хэнмэдэх байна, намайг таних уу гэж хэлсэн. Бид хоёр юм дуугараагүй зогсож байтал араас ирээд намайг тэр залуу барьж авсан. Тэр залуу надад гарцаар яаж гарч байгаа юм, гарцаар яаж гардгийг мэдрүүлээд өгье гэж хэлээд намайг заамдаж аваад засмал зам руу чирсэн. Тэгэхээр нь намайг барьж авсан гарыг нь тавиулсан. Гэтэл тэр залуу сумын зааны гарыг тавиулдаг яасан овоо пизда вэ гээд дахиад намайг барьж аваад чирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь барилцаад авсан чинь нөгөө машиных нь хажуугаас дахиад нэг хүн буугаад бид хоёр дээр ирсэн. Тэгээд тэр хүн ирээд учиргүй миний баруун талын нүд рүү цохиод авсан. Гэтэл хажуугаас манай найз салгасан. Тэгээд миний нүднээс цус гарах шиг болохоор нь би доошоо тонгойсон чинь цус гарч байсан. Тэгээд манай найз бид нарыг салгасан ...Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа хоёр бол согтуу байсан. Намайг найзтайгаа харих гээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад ямар ч шалтгаангүй дуудаад барьж авсан. Мөн цохиж авч миний биед гэмтэл учруулсан. Эхлээд Б.Хэнмэдэх нь барьж аваад сумын зааныг таних уу, гар тавиулдаг хэн бэ гээд агсам тавиад байсан. ...Манай найз бид хоёр зам хөндлөн гараад хайсан дунд явж байхад араас ирж дуудаад учиргүй барьж авсан. Тэгээд хажуугаас нөгөөх нь цохиод авсан. Бид хоёр тэр хүнтэй огт маргасан зүйл байхгүй. Машин тэргийг нь цохиж авсан зүйл огт байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 хуудас/,

Гэрч П.Буянравжихын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би хууль зүйн үйлчилгээний төвд байрлах “Арвай лонж” рестораныг ажиллуулдаг юм. Тухайн өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ зөөгч Янжкаа болон найз Баярхүү нарын хамт байж байхад гаднаас Ууганбаяр найзын хамт орж ирсэн. Тэгээд Ууганбаяр нөгөө найзтайгаа хамт хоёр, хоёр пиво уучихаад манайхаас гараад явсан. Би бас тэр хоёртой хамт сууж жаал юм ярьж байгаад тэр хоёр 01-02 цагийн хооронд байх манай ажлаас гарсан. Би яг цаг хараагүй болохоор хэд болж байсныг мэдээгүй. Манай ажил бол тэр үед хаачихсан байсан. Тэгээд Ууганбаяр найзтайгаа бас манай найз Баярхүү, манай ажлын газрын зөөгч Янжкаа бид нар хамт манай ажлаас гарсан. Тэгээд би ажлынхаа хаалгыг цоожлоод үлдсэн чинь Ууганбаяр найзтайгаа түрүүлээд яваад өгсөн. Харин би ажлынхаа хаалгыг цоожилчихоод найз Баярхүү, зөөгч Янжкаа нарын хамт такси аваад харих гээд зам хөндлөн гарч явсан чинь явган хүний гарцан дээр хайсан дунд хэдэн хүн маргаад байхаар нь сонсож байхад, Ууганбаяр найзтайгаа бид хоёр замаар зүгээр гарч явсан гээд байсан. Тэгээд бид гурав машиных нь араар тойроод хойд талд нь хайс руу орох гэтэл манай төрөл Амарзаяа тэр хүмүүсийн дундаас буцаж ирээд надад чи яасан юм архи уучихсан юм уу гээд над руу дайраад загнаад байсан. Тэгээд бид гурав тэр хэдийн хажуугаар шууд гараад явсан. Юу болсон талаар мэдээгүй, яах аргагүй гэрлэн дохион дээрээс болоод маргаад байх шиг байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Гэрч Г.Баярхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би тэр өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчимд Хууль зүйн үйлчилгээний төвийн 2 давхарт найз Буянравжих дээр ирсэн юм. Бид хоёрыг юм яриад сууж байхад гаднаас Ууганбаяр найзтайгаа 23 цагийн орчимд орж ирсэн. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад 01 цаг 40 минутын орчимд Буянравжихын ресторанаас гарсан. Бид нар юм ярьж сууж байхдаа 2, 2 пиво уусан. Согтуу бол байгаагүй. Ууганбаяр найзтайгаа хамт ресторанаас түрүүлээд гараад явсан. Бид гурав харин рестораныг нь цоожилчихоод араас нь гарсан. Тэгээд Хангай буудлын өмнөөс такси авах гээд зам хөндлөн гарах гэж байхад Хууль зүйн үйлчилгээний төвийн арын засмал замын явган хүний гарцан дээр нэг цагаан машин баруунаас зүүн тийш хурдтай давхиж ирээд явган хүний зам дээр зогссон. Тэр үед Ууганбаяр найзтайгаа хамт зам хөндлөн гарч явсан юм. Тэгээд тэр машинаас нэг хүн гарч ирээд зам яаж гараад байгаа юм гээд Ууганбаяр тэр хоёртой маргалдаад унасан. Гэтэл араас нь бас нэг хүн машинаас бууж ирээд Ууганбаярыг цохиод авч байгаа болтой байсан. Хэнмэдэх нь эхэлж очоод Ууганбаярыг бариад авах шиг болсон чинь араас нь Амарзаяа нь бууж очиод цохиод авч байгаа бололтой байсан. Бид гурав хол байсан болохоор яг юу болсон талаар нь хараагүй. Тэгээд удалгүй тэр хэд салсан. Гэтэл Амарзаяа нь Буянравжих бид нар дээр ирээд Буянравжихыг таньдаг бололтой архи уучихсан юм уу гээд дагуулж яваад байсан. Тэгээд удалгүй салсан. Харин Ууганбаяр найзтайгаа, Хэнмэдэх, Амарзаяа нар үлдсэн. Буянравжих, зөөгч охин бид гурав явсан. Өөр юу болсон талаар мэдээгүй. Учиргүй зодоон нүдээн болоогүй, зам гарснаас болоод маргаад байгаа бололтой байснаа сүүлдээ гайгүй болчих шиг болохоор нь явсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Янжингийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Тэр өдөр манай ажлын тогооч эгч ажил гараад түрүүлээд явсан байсан болохоор би шөнө ажлаа хаагаад аяга, тавгаа ганцаараа цэвэрлэсэн юм. Манай ажлын газрын Буянравжихын найз Баярхүү манай ажил дээр нилээн оройхон ирсэн байгаа харагдсан. Мөн 23 цагийн орчимд Ууганбаяр гэх ах нэг найзтайгаа орж ирээд манай ресторанд суусан юм. Шөнө 24 цаг болгоод манайх хаасан. Тэгээд ресторанаас Буянравжих, Ууганбаяр, Ууганбаярын найз, Баярхүү бид 5 гарсан. Тэр сүүлд орж ирсэн Ууганбаяр гэх залуу найзтайгаа хамт ресторанаас түрүүлээд гараад явсан. Би Буянравжих Баярхүү хоёртой хамт ресторанаа хаагаад цоожилчихоод араас нь гарсан. Тэгээд гэртээ харих гээд Хангай буудлын өмнөөс такси авах гээд зам хөндлөн гарах гэж байхад Хууль зүйн үйлчилгээний төвийн арын засмал замын явган хүний гарцан дээр нэг цагаан машин баруунаас зүүн тийш хурдтай давхиж ирээд явган хүний зам дээр зогссон. Тэр үед манай ресторанд найзтайгаа орж ирсэн Ууганбаяр гэж тэр залуу найзтайгаа хамт зам хөндлөн гарч явсан юм. Тэгээд тэр машинаас нэг хүн гарч ирээд яагаад зам хөндлөн гараад байгаа юм гээд Ууганбаяр тэр хоёртой маргалдаад унасан. Гэтэл араас нь бас нэг хүн машинаас бууж ирээд Ууганбаяр тэр хэд дээр яваад очсон. Тэр машинаас өмнө нь бууж ирсэн ах Ууганбаярыг бариад авсан. Ууганбаяртай маргаад байсан хоёр хүн болох Хэнмэдэх, Амарзаяа нар бол согтуу юм шиг байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Хууль зүйн үйлчилгээний төвийн хойд талын машин замын уулзварын явган хүний гарцаар зам хөндлөн урдаасаа хойшоо гарч явсан чинь нэг машин баруунаасаа зүүн тийш чиглэлтэй явж байгаад бид хоёрыг явган хүний гарцаар гараад дөнгөж хайс руу орох гэж байхад хажууд тулж ирж зогссон. Тэгэхээр нь Ууганбаяр бид хоёр нэг их тоолгүй хайсан дундуур хойшоо явсан чинь нөгөө зогссон машины жолооч бууж ирээд сумын заан Хэнмэдэх байна. Та нар таних уу гээд бид хоёрыг нэг, нэг гараараа бариад авснаа намайг тавьсан. Тэгээд манай найз О.Ууганбаярыг замаар яаж гардаг пизданууд вэ гээд чирсэн. Тэр үед харанхуй байсан юм. Тэгээд манай найз Ууганбаяртай тэр Хэнмэдэх нь барилцаж аваад ноцолдоод байтал нөгөө машины хажуугаас нь дахиад нэг хүн гарч ирээд Ууганбаярыг цохиод авсан. Тэгэхээр нь би тэр хэдийг салгаад найзыгаа аваад явсан. Тэр үед манай найзын хөмсөгнөөс цус гарч байсан. Тэр хоёр хүн ч намайг салгасан чинь машин руугаа буцсан. Би найзыгаа аваад зам хөндлөн хойшоо гарсан. Тэр хоёр хүн бид хоёрыг зүгээр зам хөндлөн гарч байхад араас дуудсан. Тэгээд согтуугаараа сумын заан Хэнмэдэх байна, таних уу, та нар зам хөндлөн яаж гарч байгаа юм гээд замаар яаж гарахыг зааж өгнө гэх мэтээр доромжилж байгаад нэг нь манай найзыг цохиод авсан. Бид хоёр бол тэр хүнд огт гар хүрээгүй. Өөдөөс нь ч хэрэлдээгүй. Тэр хоёр залуу нилээн согтуу байсан. Яагаад тэгсэн талаар нь мэдэхгүй. Согтуугаараа машинаас бууж ирээд бид хоёрыг дуудсан. Тэгээд эргээд харсан чинь сумын заан Хэнмэдэх байна таних уу гээд байсан. Тэгээд Ууганбаярыг барьж авсан. Мөн хажуугаас нь нөгөө залуу нь үгийн зөрүүгүй Ууганбаярыг цохиод авсан. Бид хоёр тэр хүмүүсийг танихгүй болохоор өмнө нь маргаж байгаагүй. Тухайн үед ч маргаагүй, зүгээр зам хөндлөн гарч явсан чинь араас дуудаад тэгсэн. Ууганбаярын нүдэнд цохьсон байх, нэг нүд хавдаад хөхөрсөн, мөн цус гарсан байсан. Ямар нэгэн зорилгогүй, зүгээр араас дуудаад барьж аваад Ууганбаярыг боогоод чирсэн. Хэнмэдэх нь манай найз Ууганбаярыг барьж байхад нь хажуугаас нь учиргүй ирээд цохиод авсан. Ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй. Манай найз бид хоёрыг зүв зүгээр байхад араас дуудаж барьж аваад нөгөөх нь цохиж авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

Гэрч Э.Батцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт замын цагдаагийн тасгийн байцаагч ажилтай. Энэ ажилд 2014 оноос хойш ажиллаж байна. Хууль зүйн үйлчилгээний арын уулзвар, хуучин ХААН банкны зүүн талд гэрлэн дохио байдаг. Тэр гэрлэн дохио өдөр бүрийн 24 цаг хүртэл ажиллаад 00 цагийн орчимд байх ажилладаггүй, шар гэрэл байнга анивчуулаад орхидог юм. Энэ нь Арвайхээр сумаас тохируулдаг. Шөнө болохоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасдаг болохоор гэрлэн дохиог шар гэрэл анивчуулж орхидог юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

Гэрч С.Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Амарзаяа нь архи нэг их уугаад байдаггүй. Хааяа л уудаг байх. Нэг их согтуу байгаа нь харагдаад байдаггүй. Ааш зан сайтай, эвдрээгүй, хүн байгаа юм. Хүнд их тусархуу, ээжтэйгээ хамт амьдардаг. Хэдэн малаа маллаад л амьдардаг. Хэрэг зөрчил гаргаад шалгагдаад байдаггүй, гэр орон найз нөхөддөө ч элдэв зан гаргаад байдаггүй. Ажилсаг хүн байгаа юм. Урд нь миний мэдэхийн хэрэг зөрчил гаргаж цагдаад шалгагдаж байсан болон элдэв зан гаргаж байхыг нь хараагүй, сонсоогүй юм байна. Яагаад хүнтэй маргаж ийм зүйл хийсэн талаар нь ойлгохгүй байна. Инээж хөхрөөд л байж байдаг хүн байгаа юм. Хүнд их тусархуу, яриа хөөрөө сайтай, сайхан ааш зантай хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

Гэрч П.Молортуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Амарзаяа нь ээжтэйгээ Арвайхээр сумын 5 дугаа баг, ТИС-ийн хувийн байранд амьдардаг. Уул нь тэгж хүн зодоод танхайраад байх хүн биш байгаа юм. Яагаад ийм зүйл хийсэн талаар нь мэдэхгүй. Архи дарс хэрэглээд байдаггүй, ааш зан сайтай, элдэв хэрэг зөрчил гаргаад байхааргүй, сайн л хүн байгаа юм. Хөдөө нилээн хэдэн малтай болохоор хөдөө малаа маллаад байж байдаг, ажилсаг, хүнд их тусархуу залуу байгаа юм. Найз нөхөд, төрөл садангийнхаа дунд нэр хүнд сайтай, тэгж хүнтэй маргаад байдаггүй, хэрэг зөрчил гаргаж байгаагүй, сайн л хүүхэд байгаа юм. Өвөл бас нэг хүнтэй маргаад цагдаад шалгагдсан гэсэн. Гэхдээ Б.Амарзаяа тэгж хүнтэй маргаад, хүн зодоод байх хүн биш л байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

Гэрч П.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хүү Б.Амарзаяа бол төлөв даруу зантай, ааш зан нь хувираагүй, хүнд их тусархуу, сайхан ааш зантай, хүүхэд байгаа юм. Уул нь тэгж хүн зодоод танхайраад байх хүн биш. Яагаад тэгсэн талаар нь мэдэхгүй байна. Найз нөхөд, гэр орныхоо дунд нэр хүнд сайтай, элдэв муу зуршил байхгүй. Хүнд их тусархуу, архи дарс, тамхи хэрэглээд байдаггүй, найзуудтайгаа нийлээд хөхрөөд л явдаг. Урд нь бас нэг хүнтэй маргаж байгаад шалгагдаж байсан юм. Гэхдээ хэрэг зөрчил гаргаад байдаггүй сайн хүү байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч Н.Сайнбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Хэнмэдэх ахтай хамт ажиллаж байхад болон сүүлийн үед байгаа байдал нь ажил дээрээ даруу төлөв зантай, ажлынхандаа нэр хүнд сайтай, ямар нэгэн ааш зан нь хувираагүй, архи дарс уугаад хүнтэй маргаад байдаггүй, хүнд их тусархуу, сайхан ааш зантай хүн байсан. Тэгж хүн зодоод, агсам тавиад байхааргүй хүн байгаа юм. Ширүүн дориун зан байхгүй, иргэдтэй харьцахдаа хүртэл гайгүй сайхан харьцдаг. Гэр орон, найз нөхөд, төрөл садангийнхаа хүмүүстэй сайхан харьцдаг, ажилдаа маш идэвхитэй, урд нь ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж байгаагүй, яриа хөөрөө сайтай, хамт олонч хүн байгаа юм. Уул нь тэгж хүнд танхайраад, зодоод байх хүн биш байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Хэнмэдэх бид хоёр 2001 оноос хойш найзалж байна. Нэг ангид сурдаг байсан юм. Одоо ч гэсэн гэр бүлийн найз нөхөд байгаа юм. Мөн эрчимд хамт ажиллаж байсан. Манай найз Б.Хэнмэдэх бол ажилдаа үнэнч, даруу төлөв зантай, хамт олонч, найз нөхдийнхөө дунд яриа хөөрөө сайтай, нэр хүнд сайтай, спортоор хичээллэдэг, сайхан ааш зантай хүн байгаа юм. Ааш зан нь хувираагүй, элдэв хэрэг зөрчил гаргаад байдаггүй, хамт олонч, найзархаг хүн. Хааяа найз нөхдийн хүрээнд баяр ёслолоор жаахан архи дарс уудаг. Гэхдээ агсам согтуу тавиад, танхайраад, хүнтэй маргаад байдаггүй хүн байгаа юм. Тэгж нэг их согттол архи дарс хэрэглээд байдаггүй. Урд нь хэрэг зөрчил гаргаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, гайгүй ааш зантай, хүнтэй эвтэй харьцдаг хүн байгаа юм. Яагаад ийм зүйлд холбогдсон талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,

Гэрч С.Эрхэмбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Хэнмэдэх бол даруу төлөв зантай, хамт олонч, найз нөхдийнхөө дунд яриа хөөрөө сайтай, нэр хүнд сайтай, спортоор хичээллэдэг, сайхан ааш зантай хүн байгаа юм. Ааш зан нь хувираагүй, элдэв хэрэг зөрчил гаргаад байдаггүй, хамт олонч, найзархаг хүн. Аль болох хүний эвийг олж харьцдаг хүн байгаа юм. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Архи дарсыг баяр ёслолоор өөрийнхөө хэмжээнд тааруулаад хэрэглэдэг. Архи дарс хэрэглэсэн ч хүнтэй маргаад, агсам согтуу тавиад байдаггүй, эелдэг зантай, найз нөхөд олонтой нэр хүнд сайтай хүн байгаа юм. Яагаад ийм зүйлд холбогдсон талаар нь мэдээгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,

О.Ууганбаярын 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...Би 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын үед Хууль зүйн үйлчилгээний төвийн арын явган хүний гарцаар найз Пүүжээтэй явж байсан. Тэр үед цагаан өнгийн “Истима” маркийн автомашин тулж ирээд зогссон. Машин дотроос Хэнмэдэх гэх залуу гарч ирээд сумын заан Хэнмэдэх байна. Намайг мэдэх үү, явган хүний гарцаар яаж гараад байгаа пизданууд вэ гээд машинаасаа бууж ирээд намайг заамдаад боохоор нь би гарыг нь тавиулсан. Хэнмэдэх чи сумын зааны гар тавиулдаг ямар овоо гар вэ, наашаа хүрээд ир, гэрлэн дохиог мэдрүүлээд өгье гээд намайг барьж аваад явган хүний гарц руу чирсэн. Би Хэнмэдэх гэх залуугийн гарыг нь тавиулах гэж байсан чинь хажуугаас үл таних залуу гарч ирээд миний нүүр лүү гараараа цохисон. Би эргэж хараад тонгойж байгаад харсан чинь миний нүүрнээс их цус гарч байсан. Би тэр залууг яаж байгаа юм бэ гэхэд Хэнмэдэх гэх залуу ямар шазруун залуу вэ, ганц юм аваад өгье,  ийм юм байх ш дээ, юун сүртэй юм. Машинд суу явъя гэхээр нь би машинд нь суугаагүй. Тэр хоёр машиндаа суугаад явсан. Би тухайн үед эрүүл байсан. Тэр хоёр архи уусан, их согтуу байсан. Амарзаяа нь ямар ч шалтгаангүй машинаас яагаад байгаа пизданууд вэ гэж ирээд шууд юм хэлэхийн завдалгүй нүүр лүү цохьсон. Согтуурахаад над руу дайраад байсан. Хэнмэдэх нь цаашаа бай гээд түлхээд байсан...” гэсэн тайлбар /хх-ийн 6 хуудас/,

Б.Амарзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:  “...Би 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчимд найз Хэнмэдэхийн ажил дээр очсон. Хэнмэдэхийн ажил дээр 10 гаран литр айраг уусан. Тэгээд 20 цагийн үед Хэнмэдэх бид хоёр манай гэр рүү явсан. Бид хоёр 1.6 литрийн “Hite” пиво хувааж уусан. Бид 31-ний шөнө 01 цаг өнгөрч байхад манайхаас гарсан. Хэнмэдэх машинаа барьж явсан. Хэнмэдэх Хууль зүйн үйлчилгээний төвийн хойд талын явган хүний гарцан дээр зогссон. Бид хоёрын урдуур явган хүний гарцаар хоёр үл таних залуу гарсан. Хэнмэдэх машинаа зогсоогоод би сумын заан Хэнмэдэх байна. Та хоёр хүрээд ир гээд тэр хоёр залууг дуудаад хэрүүл маргаан хийгээд байсан. Би машинаас буугаад очсон. Хэнмэдэх Ууганбаяр гэх залуутай маргалдаад байхаар нь би Ууганбаяр гэх залуугийн нүүрэн тус газар 1 цохисон. Би буцаад машиндаа суусан. Хэнмэдэх л Ууганбаяр гэх залуутай хэрүүл маргаан хийж байгаад машиндаа суугаад явсан. Тухайн үед Хэнмэдэх бид хоёр дунд зэрэг согтуу байсан. Ууганбаяр гэх залууг согтуу байсан талаар мэдэхгүй. Би Ууганбаяр гэх залууг Хэнмэдэхтэй маргаад байхаар нь очоод цохьсон юм...” гэсэн тайлбар /хх-ийн 7 хуудас/,

Б.Хэнмэдэхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:   “...Би 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчимд Амарзаяатай таарсан. Манай ажил дээр айраг ууж байгаад Амарзаяагийн гэрт очиж бид хоёр 1.6 литрийн “Hite” пиво хувааж уусан. Би 21 цагийн үед гэртээ очсон. Амарзаяа намайг утсаар дуудсан. Би очиж Амарзаяаг аваад гарсан. Бид хоёр машинтай явж байгаад ХААН банкны хойд талын гэрлэн дохион дээр зогссон. Би ногоон гэрэл асахыг хүлээсэн. Явган хүний гарцаар 4 залуу явж байхаар нь би дуут дохио дарсан чинь 2 залуу нь замын урд гарсан, 2 залуу зам дээр хөндөлсөөд байхаар нь би тэр залууд хандаж, би гэрлэн дохиогоор явж байна гээд тэр залуутай хэрүүл маргаан хийгээд машинаасаа буусан. Би тэр 2 залуутай хэрүүл маргаан хийгээд байж байтал Амарзаяа машинаасаа бууж ирээд Ууганбаяр гэх залуугийн нүүр рүү цохьсон. Тэгээд салаад явсан. Тухайн үед Амарзаяа их согтоогүй, бага зэрэг халамцуу байсан. Би эрүүл шахуу байсан. Би Ууганбаяр гэх залуутай хэрүүл маргаан хийгээд байж байтал Амарзаяа юу юугүй л орж ирээд Ууганбаярыг цохьсон...” гэсэн тайлбар /хх-ийн 8 хуудас/,

Б.Пүрэвсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:   “...Би 2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед хууль зүйн төвөөс талбай орж такси авах гэж зам хөндлөн явган хүний гарцаар гарч явсан чинь цагаан өнгийн “Истима” маркийн машин ирээд мөргөхөө алдаад тулж ирээд зогссон. Ууганбаяр бид хоёр зам гарсан. Тухайн машинаас нэг үл таних залуу гарч ирээд би сумын заан Хэнмэдэх байна гэж араас ирээд бид хоёрыг барьж авсан. Тэр залуу би сумын заан Хэнмэдэх байна, та нар намайг таних уу гээд Ууганбаяр луу дайраад байсан. Ууганбаярыг заамдаад хоолойг нь боогоод байсан. Харин машинаас бас нэг үл таних залуу гарч ирээд намайг барьж авах гэхээр нь би холдсон. Харин Хэнмэдэх Ууганбаярыг барьж байсан чинь Амарзаяа гэх залуу шууд Ууганбаярын нүүр рүү нь гараараа цохисон. Ууганбаярын нүднээс цус гарч байсан. Бид хоёр тэр хоёр залуугаас салаад зам гарсан чинь тэр хоёр залуу машинтайгаа араас ирээд Хэнмэдэх гэх залуу нь та хоёр машинд суу, хамт архи ууя, сүртэй пиздаанууд вэ, суучих хүргээд өгье гээд байхаар нь бид хоёр салаад явсан. Тухайн үед Ууганбаяр бид хоёр архи уугаагүй, эрүүл байсан. Тэр хоёр залуу нилээн согтуу байсан. Хэнмэдэх ямар ч шалтгаангүй зам гарч байхад дуудаж барьж аваад хэрүүл маргаан хийж байгаад Амарзаяа гэх залуу нь шууд ирээд Ууганбаярыг цохиж зодсон. Тэр машиныг Хэнмэдэх барьж явсан...” гэсэн тайлбар /хх-ийн 9 хуудас/,

Шүүгдэгч Б.Хэнмэдэхийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Би 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа тараад Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг ТИС-ийн байранд найз Амарзаяагийнд очсон юм. Тэгээд Амарзаяагийнд жаахан айраг ууж байгаад 21 цагийн орчимд гэртээ харьсан. Намайг гэртээ байж байтал Амарзаяа над руу утсаар залгасан. Тэгэхээр нь би Амарзаяад манайд ирж хоол идчихээд хоночихгүй юу гэж хэлсэн чинь Амарзаяа тэгье гэхээр нь би машинаараа Амарзаяаг гэрээс нь очиж авсан. Тэгээд Амарзаяагийнд 23 цагийн орчимд очиж жаахан айраг ууж байгаад шөнө 01 цагийн орчимд Амарзаяа бид хоёр манайд очих гээд явсан юм. Тэр үед манайд эхнэр хүүхэд маань байсан. Амарзаяагийнд хүн байгаагүй. Тэгээд бид хоёр манайд очих гэж явахдаа 24 цагийн дэлгүүрийн үүдэнд очиж АТМ-ээс мөнгө авчихаад хөдөлсөн. Тэгээд Хууль зүйн төвийн хойд талд байдаг засмал замын уулзвараар ногоон гэрлээр засмал замаар машинаараа явж байхад, явган хүний гарцны хажууханд засмал зам дээр 2 хүн хөндөлсөөд байсан. Тэгээд намайг сигнаалдаад дохио өгсөн чинь өөдөөс тэр хоёр зам голлож яваад байсан. Тэгээд тэр хоёр хүнийг машины урдуур өнгөрөхөөр нь би зогсоод, гэрлэн дохиогоор явж байхад та хоёр аятайхан яваач гэж хэлсэн. Гэтэл өөдөөс хэрүүлийн чанартай үг хэлээд миний машиныг цохиод авах шиг болохоор нь би машинаасаа бууж очоод тэр хоёр залуугийн нэгтэй нь барилцаад авсан. Тэгээд тэр залуутай маргалдаж байгаад Ууганбаяр гэх залуутай нь барилцаад авсан. Тэр залуу ч гэсэн намайг бариад авсан юм. Тэгээд гэрлэн дохиогоор явж байхад зам дээр тээглээд хөндөлсөөд байх юм гээд Ууганбаяртай маргалдаад байж байтал, манай найз Амарзаяа хажуугаас хүрч ирээд та нар боль гэсэн. Гэтэл нөгөө Ууганбаяр гэх залуу манай найзын өмнөөс маргасан чинь Амарзаяа Ууганбаярын нүүр лүү нь нэг удаа цохиод авч байгаа бололтой байсан. Тэгээд Ууганбаяр гэх залуу бид хоёрыг барилцаад авсан байхад Ууганбаяртай хамт явсан залуу манай найз Амарзаяа хоёр Ууганбаяр бид хоёрыг салгасан. Тэгээд буцаад машиндаа суух гээд явахад хажуугаар 2 залуу бас зөрсөн. Тэгээд машиндаа суугаад гэртээ харьсан. Маргааш нь нөгөө залуу цагдаад өргөдөл өгөөд шалгуулсан байсан. Өөр зүйл болоогүй.

Тэр хоёр залуу архи дарс хэрэглэсэн, согтуу байсан. харин бид хоёр жаал айраг ууж байгаад Амарзаяагийн гэрээс гарсан болохоор эрүүл байсан.Тухайн үед Амарзаяа бид хоёр, бас нөгөө зам хөндлөн гарсан хоёр залуу байсан. Тэгээд бид нарыг салаад явах гэж байхад араас хоёр хүн бас ирсэн. Өөр хүн байгаагүй. Намайг ногоон гэрлээр засмал замаар явж байхад тэр хоёр залуу машины урд зам дээр хөндөлсөөд байсан. Тэгээд сигналдсан чинь зам хөндлөн гарахдаа өөдөөс маргаад машин цохиод авах шиг болохоор нь уурлаад би очиж маргасан юм. Тэр Ууганбаяр гэх залууг манай найз Амарзаяа толгой руу нь нэг удаа л цохиж авсан. Тэр залуугийн хөмсөгнөөс нь жаахан цус гарч байсан өөр гэмтэл аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47 хуудас/,

Шүүгдэгч Б.Амарзаяагийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “..Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ууганбаяр гэх тэр залуу засмал замаар ногоон гэрлээр машинтай хүн явж байхад урдуур нь хөндөлсөөд байсан. Мөн машины урдуур гарахдаа манай найзын машиныг цохиод авах шиг болсон юм. Тэгээд манай найз замаар яаж гараад байгаа юм гэтэл өөдөөс нь маргаад барилцаж аваад байхаар нь би очоод салгах гэсэн чинь өөдөөс маргахаар нь би нэг удаа уурлаад цохиод авсан. Тэгээд тэр хоёрыг салгасан. Өөр зүйл байгаагүй. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байхад манай найз Хэнмэдэх машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд Хэнмэдэх бид хоёр манай гэрт айраг ууж байгаад Хэнмэдэх 21 цагийн орчимд гэрлүүгээ яваад өгсөн. Би гэртээ ганцаараа байж байгаад нилээн оройхон уйдаад Хэнмэдэх рүү утсаараа залгасан чинь Хэнмэдэх өөдөөс манайд ирж хоол идчихээд унтахгүй юу гэсэн. Манайх Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг ТИС-ийн байранд байдаг юм. Хэнмэдэх манай гэрт 23 цагийн орчимд машинтайгаа ирэхээр нь бид хоёр манайд дахиад жаахан айраг ууж байгаад 01 цагийн орчимд манайхаас гараад Хэнмэдэхийнд очих гэж явсан юм. Замдаа 24 цагийн дэлгүүрээр орж АТМ-ээс мөнгө авчихаад явсан. Замдаа Хууль зүйн үйлчилгээний төвийн хойд талын засмал замын уулзвараар ногоон гэрлээр явж байхад засмал зам дээр 2 залуу, замын голоор яваад байхаар нь сигнаалдсан чинь машины урдуур зам хөндлөн гарсан. Тэгээд зам гарахдаа Хэнмэдэхийн машиныг цохиод авах шиг болсон юм. Гэтэл Хэнмэдэх машиныхаа цонхоор, та нар ногоон гэрлээр явж байхад яаж яваад байгаа юм бэ гэсэн чинь нөгөө залуу нь өөдөөс нь дайрчихав гээд маргасан. Гэтэл Хэнмэдэх машинаасаа буугаад би сумын заан Хэнмэдэх байна замаар яаж гараад байгаа юм гээд өөдөөс нь очсон чинь нөгөө залуу Хэнмэдэхтэй маргалдаад барилцаад авсан. Би тэгэхээр нь салгах гээд очоод та нар боль гээд салгах гэтэл Ууганбаяр гэх тэр залуу чи юу юм бэ гээд миний өөдөөс маргасан. Тэгэхээр нь би уурлаад нэг удаа цохиж авчихаад тэр хоёрыг салгасан. Тэгээд Хэнмэдэхийг аваад буцаад машиндаа суусан юм. Тэр үед манай дүү Буянравжих хажуугаар зөрсөн. Би Буянравжихыг архи уучихсан согтуу байхаар нь яагаад архи ууж байгаа юм гэж жаахан загнаж байгаад явуулсан. Өөр зүйл болоогүй. Тэр хоёр залуу архи дарс хэрэглэсэн, нилээн халамцуу байсан. Харин бид хоёр жаал айраг ууж байгаад Хэнмэдэхийнд очих гээд явсан болохоор эрүүл байсан. Тэр Ууганбаяр гэх залууг машинтай хүн ногоон гэрлээр засмал замаар явж байхад машины урд зам дээр хөндөлсөөд байхаар нь сигналдсан чинь зам хөндлөн гарахдаа өөдөөс маргаад машин цохиод авах шиг болохоор нь уурлаад Хэнмэдэх маргасан юм. Тэр Уурганбаяр гэх залууг би толгой руу нь нэг цохиж авсан. Тэр залуугийн хөмсөгнөөс нь жаахан цус гарч байсан өөр гэмтэл аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн: “...1. О.Ууганбаярын биед тархины доргилт, баруун нүдний алимны доргилт, нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,

О.Ууганбаярын Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5 хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийж, хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 11 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 73-74, 89-90 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 65-69 хуудас/,

Шүүгдэгч Б.Амарзаяагийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 56/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/,

Шүүгдэгч Б.Хэнмэдэхийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 82/, охин Х.Мишээлт-Одын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 83/, хүү Х.Од-Эрхэсийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 84/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86/, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 84 дугаартай албан бичиг /хх-ийн 88/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Бадрахын Хэнмэдэх нь согтуурсан үедээ Б.Амарзаяатай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн төв"-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр  иргэн О.Ууганбаярыг “гарцаар яаж гараад байгаа юм бэ? гэж үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, сумын заан Хэнмэдэх байна, та нар намайг таних уу, гарцаар яаж гардгийг мэдрүүлээд өгье, сумын зааны гарыг тавиулдаг ямар овоо гар вэ" гэж хохирогч О.Ууганбаярыг заамдаж, засмал зам руу чирч, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Баатарын Амарзаяа нь ялтай байхдаа, согтуурсан үедээ Б.Хэнмэдэхтэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, "Хууль зүйн төв"-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн О.Ууганбаярыг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг хохирогч О.Ууганбаярын мэдүүлэг /хх-ийн 12-14/,  гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг  /хх-ийн 24-25/, гэрч П.Буянравжихын мэдүүлэг /хх-ийн 15/,  гэрч Г.Баярхүүгийн мэдүүлэг /хх-ийн 16-17/, насанд хүрээгүй гэрч Ж.Янжингийн  мэдүүлэг /хх-ийн 18-19/,  хохирогч О.Ууганбаярын 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн тайлбар /хх-ийн 6/, Б.Амарзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн тайлбар /хх-ийн 7/,  Б.Хэнмэдэхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн тайлбар /хх-ийн 8/, Б.Пүрэвсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн тайлбар /хх-ийн 9/, шүүгдэгч Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/, хохирогч О.Ууганбаярын Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Хэнмэдэх нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 85/,

Шүүгдэгч Б.Амарзаяа нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шалгах хуудас /хх-ийн 61/,  Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 65-69/,

Мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь  шүүгдэгч Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа, О.Ууганбаяр нарын тайлбар, хохирогч О.Ууганбаяр, гэрч П.Буянравжих, Г.Баярхүү, насанд хүрээгүй гэрч Ж.Янжин нарын мэдүүлгүүд, Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нь шүүгдэгч Б.Хэнмэдэх нь бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг үйлдээгүй,  харин хохирогчийн буруутай үйлдлийн улмаас уг хэрэг гарсан. Хэнмэдэхийн үйлдлээс хохирогчид гэмтэл учраагүй, хор уршиг учраагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2-д зааснаар Б.Хэнмэдэхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Б.Амарзаяа нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдээгүй, харин Хэнмэдэх, Ууганбаяр хоёрыг салгах гэж очиход хохирогч өмнөөс нь бүдүүлэг үг хэлсэн учраас хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Амарзаяа, Ууганбаяр хоёрын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн. Танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Иймд шүүгдэгч Б.Амарзаяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа боловч энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч О.Ууганбаяр, гэрч П.Буянравжих, Г.Баярхүү, Б.Пүрэвсүрэн нарын мэдүүлгүүд, О.Ууганбаяр, Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа, Б.Пүрэвсүрэн нарын өгсөн тайлбар, камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдлээрээ нэгдэж бүлэглэн үйлдсэн байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Хэнмэдэхийг бүлэглэн,  бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн,  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Амарзаяаг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж,  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Хэнмэдэх нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.Амарзаяа нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүхээс тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа дээрх байдлуудыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Хэнмэдэхийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний  хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Ууганбаярт 400000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий ногоон өнгийн DVD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Амарзаяагийн эзэмшлийн 800000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг, шүүгдэгч Б.Хэнмэдэхийн эзэмшлийн шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, нийт 600000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг мөнгөн аягыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.                         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бам овогт Бадрахын Хэнмэдэхийг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бор овогт Баатарын Амарзаяаг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Хэнмэдэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Амарзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Хэнмэдэхэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Амарзаяад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Ууганбаярт 400000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий ногоон өнгийн DVD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Амарзаяагийн эзэмшлийн 800000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг,  шүүгдэгч Б.Хэнмэдэхийн эзэмшлийн шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, нийт 600000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг мөнгөн аягыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Хэнмэдэхэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын  хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Хэнмэдэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Амарзаяад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн

цагдан хорьсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Хэнмэдэхэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Амарзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.ЦЭЦЭГЭЭ