Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2019/02301

 

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2019/02301

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Ө

Хариуцагч: Э.А

Б.Ө, Э.А нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг цуцалж, Э.Ат шилжүүлсэн 70 хувийн хувьцаа эзэмших эрхийг сэргээлгэж *******-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, *******,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой Ө миний бие 2012.01.31-нд анх ХХК-ныг анх үүсгэн байгуулсан. Тус компани дээр эхлүүлсэн бизнесээ хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан тул иргэн Э.Ааас хөрөнгө оруулалт хүсэж, хамтран ажиллах болсон. Э.А нь компаний 70%-ийн хувьцааг 200.000 ам.доллараар худалдан авъя гэсэн санал тавьж, миний ср[email protected] гэх е-мэйл хаягт хувьцаа худалдаж авах тухай 3-н гэрээний төслийг боловсруулан ирүүлсэнийг нь харилцан ярилцаж, амаар хүлээн зөвшөөрч, 2012.06.27-нд 70%-ийн хувьцаагаа Э.Ат хуулийн дагуу шилжүүлэн өгсөн юм. Энэ нь цэвэр итгэлцэлийн зарчим дээр хийгдсэн гэрээ байсан.

Э.А нь компанийн 70%-ийн хувьцааг 200.000 ам.доллараар худалдах, худалдан авах гэрээний төсөл илгээсэн ч тэр өдөр ....Чиний хувьцааг өндөр үнээр худалдан авч байгаа учраас чамайг хувьцаагаа яг шилжүүлнэ гэдэгт итгэхгүй байна. Тиймээс 70%-ийн хувьцааг 700 000 төгрөгөөр эхэлж худалдан авах, Худалдах худалдан авах гэрээ байгуулаад, улсын бүртгэлд нэрээ бүртгүүлээд, чамайг хувьцаагаа шилжүүлсний дараа буюу би энэ компанид албан ёсоор бүртгүүлж орсныхоо дараа 200 000 ам.доллараа данс руу чинь шилжүүлье... гэж итгэлтэйгээр хэлсэн тул түүнд нь итгэж, 70%-ийнхаа хувьцаагаа шилжүүлсэн. Гэтэл Э.А нь энэ аман хэлцлийнхээ үүргээ одоог хүртэл биелүүлээгүй.

Түүнчлэн хариуцагч Э.А нь нотиаратаар баталгаажуулсан хувьцаа шилжүүлэх гэрээний үнийн төлбөр болох 700.000 төгрөгөө ч мөн өнөөдрийг хүртэл төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан 2012-06-27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс хувьцаа худалдагч Б.Ө миний бие Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1 дэхь хэсэгт заасан үндэслэлээр уг гэрээнээс татгалзаж дээрх гэрээг цуцалж байна.

Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан бөгөөд бидний байгуулсан гэрээ нь хиймэгц биелэгдэх шинжтэй гэрээ буюу хариуцагч гэрээ байгуулагдмагц хамгийн багадаа 700.000 төгрөгийг худалдагч тал болох Б.Ө надад шилжүүлснээр гэрээ биелэгдэх ёстой байсан.

Миний зүгээс хариуцагч Э.Ат гэрээний болон аман хэлбэрээр тохирсон хувьцааны үнээ төлөхийг удаа дараа шаардсан боловч сүүлдээ миний ээж *******ыг эрүүгийн хэрэгт гүтгэх, улмаар их хэмжээний төлбөр нэхэмжлэх зэрэг байдлыг олон жилийн турш гаргаж, миний гэрээгээр шилжүүлсэн хувьцаагаар олж авсан компанийн засаглалын эрхээ бидний эсрэг урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгийг завшиж, итгэл алдсан үйлдэл гаргах болсон тул гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагчтай байгуулсан 2012.06.27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1, 225.2-т заасан татгалзах эрхийн дагуу уг гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлуулах эрхээ эдлэж байна. Иймд Б.Ө, Э.А бидний байгуулсан 2012-06-27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, хариуцагч Э.Ат гэрээгээр шилжүүлсэн 70 хувийн хувьцаагаа эзэмших эрхийг минь сэргээж, ХХК-ны 70 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Э.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Өын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Юуны өмнө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хариу тайлбар гаргахаас өмнө шүүх энэхүү маргаантай холбоотой асуудалд ойлголт аваасай гэсэн үүднээс дараах ерөнхий тайлбарыг хүргэж байна.

2012 оны хавар миний найз ******* гэж хүн өнөөдрийн нэхэмжлэл гаргаад байгаа Б.Ө, түүний ээж ******* нарыг надад танилцуулсан юм Уулзаад ямар асуудлын талаар хөрөнгө оруулалт, хамтран ажиллах талаар сонирхож байгааг нь сонсоход тээврийн хэрэгслийн шатахуунд хольж зардаг NANO ... шингэнийг гадаад улсаас оруулж ирж Автоплаза төв дээр лангуу түрээслэж зарж борлуулах жижиглэнгийн худалдааны талаар олж танилцуулж байсан ... тухайн үед миний бие ийм төрлийн бизнес эрхэлдэггүй, мөн жижиглэнгийн худалдааг огт танихгүй хүмүүстэй хамтран ажиллахаас татгалзаж нөхцөл байдлаа хэлж тайлбарласан.

Гэтэл нэхэмжлэгч Б.Ө, ******* нар нь манай ажлын гадаа \Хуучин\ өдөр болгон шахуу зогсож хүлээн, ажил тарахад амдаж ирээд уулзаж энэ л асуудлаа дахин дахин ярьж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх талаар ятгадаг байсан.

Миний бие сүүлдээ ээж, хүү хоёрыг өрөвдөж яригдаад байгаа бүтээгдэхүүнийг нь товчхон судлаж ойлголт авсан. Ингээд лангуун дээр жижиглэнгээр худалдаалдаггүймаа гэхэд МУ-д оруулж ирээд борлуулалт хийхэд бинзенийн шаталт сайтай, тээврийн хэрэгсэлд эвдрэл багатай, эдийн засгийн хувьд иргэдэд хэмнэлттэй бүтээгдэхүүн гэдгийг ойлгож хамтран ажиллах саналыг хүлээж авсан

Энэ үед Кан повер Монголия энтерпрайс" ХХК нэг сая төгрөгийн дүрмийн сантай. Үүсгэн байгуулагдаад хэдхэн сар болсон, үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй, татварт X" тайлан гаргадаг, аж ахуй нэгжийн ямар нэгэн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй, үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь 100 хувь иргэн Б.Өын нэр дээрх хуулийн этгээд байсан юм.

Ингээд миний бие 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай компанийн 70 хувийн хувьцааг нь 700,000 төгрөгөөр худалдан авч, Б.Ө нь ээж *******даа 30 хувийн хувьцаагаа шилжүүлэн би гүйцэтгэх захирлаар, ээж нь санхүү хариуцсан захирлаар томилогдож өөрөө энэ компаниас бүрэн гарсан болно.

Тухайн үед хувьцаа худалдах худалдан авах гэрээг нотриатаар батлуулж миний бие бэлэн боодолтой нэг сая төгрөгнөөс 200,000 төгрөгийг өөртөө авч үлдээд 700,000 төгрөг нь 70 хувийн хувьцааны үнэ, 100,000 төгрөг нь улсын бүртгэлд бүртгүүлэх тэмдэгтийн хураамж бусад зардалдаа хэрэглээрэй гээд нийт 800,000 төгрөгийг өгч явуулж байсан.

Мэдээж ямар ч эрүүл ухаантай бизнес хүн үүсгэн байгуулагдаад хэдхэн сар болсон, хов хоосон ямар нэгэн үйл ажиллагаа нь тогтворжоогүй, ашиг олдоггүй компанийг 200,000 ам доллараар худалдаж, хэзээ, ямар ашиг олно гэж тооцоолохов вэ дээ. Энэ бол дэндүү бодит байдалд нийцээгүй нэхэмжлэлийн үндэслэл болохыг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхааран үзнэ биз ээ.

Б.Өын ээж ******* нь 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 8 хоногийн дараа буюу мөн оны 7 сарын 05-ны өдөр иргэн Э.А надаас хувийн зорилгоор ашиглах үүднээс хүүгүйгээр 30,000 ам.долларын зээлэх хүсэлт бичгээр гаргаж, гэрээ байгуулан авчихаад эргүүлж өгөөгүй байгаа баримтууд нь одоо ч надад хадгалагдсан хэвээр байна.

Хэрэв би Б.Өаас 70 хувийн хувьцааг нь аваад 700,000 төгрөгийг огт өгөөгүй, бүр 200,000 ам.доллараар худалдаж авна гэсэн бол ээж, хүү хоёр надад хувьцаагаа шилжүүлээд 8 хоногийн дараа хувьдаа хэрэглэнэ гэж 30,000 ам.доллар зээлэх хүсэлт бичгээр гаргаж авах байсан уу. Би 700,000 төгрөгийг төлөөгүй байж тэр хүмүүстэй 30,000 ам.доллар зээл өгөөд сууж байх уу. Ямар ч хүн эрүүл ухаанаар бодсон авцалдаа, логикгүй зүйл ярьж 7 жилийн дараа өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.

Миний бие хувьцаатай болсноор тухайн бүтээгдэхүүнийг бүрэн судлах. МУ-ын томоохон хуулийн этгээдүүдэд туршилт хийх, хөрөнгө санхүүжилт, мөн бизнесийн туршлагатай хүмүүстэй хамтран ажиллахын тулд өөрийн хувьцаанаас тодорхой хэсгийг 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бусдад шилжүүлж компанид хөрөнгө оруулалт босгож эхэлсэн.

Ингээд туршилтууд амжилттай явагдаж, бүтээгдэхүүн борлуулалтын гэрээ ч байгуулагдаж эхэлсэн.

Тухайн үед 70, 30 хувийн хувьцааг шилжүүлэхэд миний бие гэрээнд гарын үсэг зурж явуулснаар улсын бүртгэлийн бусад асуудалд оролцоогүй юм. Гэтэл *******, Б.Ө хоёр нь улсын бүртгэлийн гадаа хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлж, бүртгүүлж өгдөг хувь хүмүүсээр хийлгэсэн байдаг бөгөөд компанийн дүрмэнд *******ын ч, миний ч гарын үсгийг тухайн хүмүүс нь орлуулж зураад бүртгүүлсэн байсныг миний бие хожим нь мэдсэн юм.

Б.Ө, ******* нар нь 2012 оны 6 сарын 27-ны өдөр надад хувьцаагаа шилжүүлчихээд 7 сард намайг бизнесын төслөө боловсруулж, хөрөнгө оруулалт босгож эхлэнгүүд ийм байдлаар мөнгө олох боломжтой юм байна гэдэг өнгөцхөн ойлголт авч, БНХАУ-ын Тайвань улсын J WELL international компанийн нэрийг орчуулан Монгол гэсэн үг оруулан надад мэдэгдэлгүй мөн оны 8 сард дахин Жим вэйл монголия интернейшнл" ХХК-ийг үүсгэн байгуулан эрхээ шилжүүлж авахаар санаархаж байсныг би бүх зүйл болоод өнгөрсний дараа мэдсэн юм.

Мөн түүнчлэн Кан повер Монголия энтерпрайс ХХК-ийг 2012 оны 01 дүгээр сард үүсгэн байгуулаад мөн оныхоо 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Ө нь *******д хуулийн эдгээдийн харилцагч банкинд компанийг төлөөлж нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл хийж өгсөнийгөө надад мэдэгдэлгүй, 70 хувийн хувьцаагаа шилжүүлснээс хойш компани тамга тэмдэг, гэрчилгээ, бусад бичиг баримтыг авч явах хүртлээ санхүүгийн баримтад ажлын байран дээр надаар нэгдүгээр гарын үсэг зуруулан яваад банкинд огт ашиглалгүй өөрөөнхөө гарын үсгээр компанид мэдэгдсэн, мэдэгдээгүй гүйлгээ хийдэг байсныг компанийн хувьцаа эзэмшигч нар сүүлд мэдсэн юм.

Энэ үетэй зэрэгцэн иргэн 100,000 ам.доллараа өгчөөд хувьцаагаа шилжүүлж авч чадаагүй байхад нь ******* өөрөө нууцаар дистрибьютрийн эрхийг өөрийн дахин үүсгэн байгуулагдсан компанид шилжүүлэн авч Кан повер Монголия энтерпрайс ХХК-ийн төслийг зогсоосныг сонсоод Цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

Түүнээс биш миний бие хувь хүнийхээ үүднээс болон Кан повер Монголия энтерпрайс ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээдийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Б.Ө, ******* хоёрын энэ залилан мэхлэж, завшсан үйлдлүүдэд нь нэг удаа ч гомдол гаргаж байгаагүй бөгөөд харин ******* гомдол болон өөрсдийнх нь гаргасан компанийн дүрмэнд гарын үсэг хуурамчаар зурсан гэх зэрэг үндэслэлгүй гомдлуудтай нь холбогдуулан тухайн үед гүйцэтгэх захирал байсныхаа хувьд сүүлийн хэдэн жил шалгагдаж миний бие гэм буруугүй болох нь тогтоогдож хэрэгсэхгүй болсон болно.

Гэтэл аль 2012 онд байгуулагдсан хувьцааны эрх шилжүүлэх гэрээний асуудлыг өнөөдөр ярьж эрүүгийн хэргээр шалгагдаж хэрэгсэхгүй болсон болон иргэний шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг эс тооцон нэхэмжлэл гаргасан байна.

Иймд иргэн Б.Өын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн зүгээс зохигчийн хооронд 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан *******-ийн 70 хувийн энгийн хувьцааг хариуцагч Э.Ат шилжүүлсэн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж *******-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгож хувьцааг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай *******-ийн 70 хувийн хувьцааг 700,000 төгрөгөөр худалдан авсан, 700,000 төгрөгийг бүртгэлийн үнэ 100,000 төгрөгийн хамт нэхэмжлэгчид бэлнээр төлсөн. Тус компанийн 70 хувийн хувьцааг 200,000 ам.доллараар худалдан аваагүй, худалдан авахаар тохироцлоогүй тухай тайлбарыг гаргажээ.

Зохигчийн хооронд 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******-ийн 70 хувийн хувьцааг 700,000 төгрөгөөр Худалдах- худалдан авах, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагджээ.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд маргаж буй үндэслэлийг нэхэмжлэгч *******-ийн 70 хувийн хувьцааг 200,000 ам.доллараар хариуцагчид худалдахаар тохирсон, татвар төлөхгүйн тулд хариуцагчийн хэлснээр гэрээг 700,000 төгрөгөөр байгуулсан гэх агуулгаар, хариуцагч гэрээний саналыг 200,000 ам.доллараар, 000.00 төгрөгөөр ч явуулсан, санал ямарч байж болно, ямарч хөрөнгөгүй компанийг би 200,000 ам.доллараар худалдан авахгүй, дистрибютерийн гэрээг би өөрөө хөөцөлдөж бий болгож хөгжүүлсэн учраас нэхэмжлэгчид хамаагүй гэх агуулгаар шаардлага, татгалзлын үндэслүүдээ тус тус тайлбарлажээ.

Хэрэгт нотлох баримтаар зохигчийн хооронд байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *******-ийн 70 хувийн хувьцааг 700,000 төгрөгөөр Худалдах-худалдан авах, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн хариуцагч өөрийн [email protected] цахим хаягаас 2012 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр нэхэмжлэгчийн [email protected] цахим хаягт илгээсэн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, Эрх шилжүүлэх гэрээ тус тус авагдсан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн [email protected] цахим хаягт хийсэн үзлэгээр хариуцагч дээрх хоёр гэрээний саналыг нэхэмжлэгчид ирүүлсэн байна.

Мөн талууд 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр *******, Тайваны J.WELL international компанитай НАНО шингэнийг худалдан борлуулах дистрибютерийн гэрээ байгуулагдсан талаар маргагүй, харин тус гэрээг зохигч хэн аль нь өөрсдийн хөдөлмөр, хүчин чармайлтаар бий болгосон гэж мэтгэлцжээ. Зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар хариуцагч хувьцааны үнэд 700,000 төгрөг болон 200,000 ам.долларыг төлсөн баримтгүй, 700,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тухай тайлбарлаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар нотлоогүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохичгийн тайлбараас үзэхэд хариуцагч *******-ийн 66 хувийн хувьцааг 200,000 ам.доллараар худалдан авахаар өөрийн [email protected] цахим хаягаас 2012 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр нэхэмжлэгчид гэрээний төсөл, гэрээний үнийг ирүүлснийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.3-т зааснаар хариуцагч гэрээ байгуулах санал гаргасан, хариуцагч саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл талууд *******-ийн 70 хувийн хувьцааг 700,000 төгрөгөөр худалдах-худалдан авах хүсэл зориггүй, худалдан авагч 700,000 төгрөгийн үнийг төлөөгүй нь зөвхөн тус гэрээний гадаад илэрхийллийг хэлбэржүүлэн бүртгэх байгууллагад бүртгүүлж, улмаар хариуцагч Э.А *******-ийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэх зорилгоор дээрх хувьцаа худалдах-худалдан авах гэрээг халхавчлан хийсэн, талуудын хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцсон *******-ийн 70 хувийн хувьцааг 200,000 ам.доллараар хувьцааг худалдах-худалдан авах хэлцэл халхавчлагджээ.

Нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан *******-ийн 70 хувийн хувьцааг залилан мэхэлж авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж байсан зэрэг нь нэхэмжлэгч Б.Ө Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар *******-ийн 70 хувийн хувьцаагаа 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Э.Ат 700,000 төгрөгөөр тооцон гэрээ байгуулахдаа тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, татвар төлөхгүй байх зорилгоор гадаад илэрхийллийг бий болгосон, харин нэхэмжлэгчийн жинхэнэ хүсэл зориг буюу хувьцааг 200,000 ам.доллараар худалдсан гэх хүсэл зоригийн илэрхийлэл хүчинтэй гэж үзэхээр байна.

Иймээс худалдах худалдан авах гэрээнээс үүсэх үр дагавар буюу *******-ийн 70 хувийн энгийн хувьцааны өмчлөх эрхийг 700,000 төгрөгөөр тооцон хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг буюу тухайн 70 хувийн хувьцааг 200,000 ам.доллараар худалдах худалдан авах хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр гэрээ бус гэрээ байна.

Бүртгэх байгууллагаас баримтаар ирүүлсэн *******-ийн 37 хувийн хувьцаа эзэмшигчээр хариуцагч бүртгэлтэй, 33 хувийн хувьцааг ******* ХХК /8 хувь/, ******* ХХК /25 хувь/ нарт шилжүүлсэн талаар тайлбарлаж байна. ******* ХХК, ******* ХХК нарыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хувьцааг шударгаар олж авсан гэж үзэх тул ******* ХХК, ******* ХХК-иудын тухайн хувьцааг өмчлөх эрх нь хуулиар хамгаалагдана.

Халхавчлагдсан буюу *******-ийн 70 хувийн хувьцааг 200,000 ам.доллараар худалдах-худалдан авах тухай зохигчийн хооронд хийгдсэн хүчин төгөлдөр хэлцлийн үүргээ хариуцагч биелүүлж хувьцааны үнэ 200,000 ам.долларыг нэхэмжлэгчид төлөөгүй, энэ талаар зохигч маргаагүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн *******-ийн 70 хувийн энгийн хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бүхий гэж үзнэ.

Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч *******-ийн 70 хувийн энгийн хувьцааг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй боловч дээрх үндэслэлээр хариуцагчийн өмчлөлөөс тус компанийн 37 хувийн энгийн хувьцааг гаргуулан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй. Нэхэмжлэлээс *******-ийн 33 хувийн энгийн хувьцааг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх үүрэгтэй ба хуульд зааснаар талууд хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагч Э.Аын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн *******-ийн 37 хувийн энгийн хувьцааны бүртгэлийг хүчингүй болгож, хувьцааны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Өын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч *******-ийн 33 хувийн энгийн хувьцаанд холбогдох өөрт учирсан хохирлыг энэ нэхэмжлэлээр шаардаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.         Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан Б.Ө, Э.А нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан *******-ийн 70 хувийн хувьцааг 700,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул *******-ийн 37 /гучин долоо/ хувийн энгийн хувьцааг хариуцагч Э.Аын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, 37 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Өын өмчлөлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлээс *******-ийн 33 хувийн энгийн хувьцааг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.         хариуцагч Э.Аын өмчлөлөөс *******-ийн 37 хувийн энгийн хувьцааг гаргуулж нэхэмжлэгч Б.Өын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэлээс *******-ийн 33 хувийн энгийн хувьцааг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Ааас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Өт олгосугай.

 

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ