Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/263

 

Хорь: Н.******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 23Б дугаар байрны 27 тоотод хохирогч Ш.*******г “Чех улс руу дайвар ачаа авч явна” гэж хуурч, 306.000 төгрөгийн эд зүйлс, бэлэн 300.000 төгрөг,  нийт 606.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

20.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5-р хавтаст хэргийн 18 дахь тал)

20.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.*******гийн хохирогчоор өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чехэд байдаг төрсөн охин Г.Сарангэрэлтэй Facebookээр холбогдож дайвар ачаа өгч явуулахаар болсон ба надад “ дугаарын утас рyу холбогдоод аваачаад өгчих, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр наашаа нисэх юм байна лээ” гэж хэлсэн. Би хүүхдэдээ өгч явуулах бараагаа цуглуулаад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 235 байрны 7 тоотод ачаагаа аваачиж өгөхөөр байрны гадна очоод нөгөө залуутай яриад бид хоёр хамт гэрт нь орсон. ...Ачаан дотор зөв аарцны ундаа 200 ширхэг, янмал оймс 40 ширхэг, борц, арвайн гурил, хүүхдийн өмд, юбка зэрэг байсан. Тэр залуу надад Сөүл, Истанбул ороод дараа нь Чех орно, тэнд амьдардаг найзынхаа хуримд очиж байгаа манай найз миний зардлыг дааж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 32-33 дахь тал)

20.3 Эд зүйл хураан авсан тэмдэглэл (5-р хавтаст хэргийн 68 дахь тал)

20.4 Дамно ХХК-ийн “Аарц, Оймс, Борц зэргийг нийт 306.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (5-р хавтаст хэргийн 39-40 дэх тал)

20.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******ын яллагдагчаар өгсөн: “Facebook дээр Чех улс руу явах хүн байна уу гээд нэг хүн зар тавьсан байсан юм. Тэгээд тэр зарын доор би Чех улс руу явна гээд бичсэн тэгсэн чинь тэр хүн надтай холбогдсон. Тэгээд хэд хоногийн дараа Чех улс руу ачаа явуулна гэсэн хүн эд зүйлээ авчирч өгсөн тухайн үед ачааны хөлс гээд хэдэн төгрөг авсан талаараа одоо санахгүй байна. Тэгээд эд зүйлийг нь хүлээн авсан. Уг нь энэ асуудал дээр би залилан хийнэ гэсэн бодол байгаагүй би энэ хүнээс Чөх улс руу явуулах юмыг нь аваад өөр хүнд өгч явуулна гэсэн бодол байсан юм тэгсэн чинь Covid 19 өвчин гараад өгч явуулж чадаагүй юм тэгээд ийм асуудал гаргасан. Тухайн эд зүйлийг нь би түрээсэлж байсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны байранд үлдээгээд гарсан.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хорин нэг: Н.******* нь “Aagii BC” гэх нэртэй Facebook цахим хэрэгсэл ашиглан зурвас бичиж Дундговь аймгийн Сайнцагаан суманд оршин суух хохирогч Ө.ыг “10.000 юань худалдана” гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4.360.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авсан болох нь:

21.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4-р хавтаст хэргийн 186 дахь тал)

21.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.ын хохирогчоор өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Mg Oojig гэх Facebook хаягаас 439-өөр 20к юань зарах хүн байна уу гэж зар оруулсны дараа Ааgii Вc гэх Facebook хаягтай хүнээс миний бичсэн зарын доор коммент хэсэгт 436-д зарна авна гээд өөрийн We chatын кодыг явуулсан. Тэгээд We chatаар харьцаад 436-д юань байгаа юм уу гэхэд ихээр авбал 436 юаньд өгье гэсэн. Тэгэхээр нь би ямар нэг баримт, холбоо барих утасны дугаар байна уу гэхэд над руу гэсэн дугаар болон Түмэндэмбэрэлийн Баасанжаргал гэсэн хүний иргэний үнэмлэхийн зураг явуулсан. Тэгээд би мөнгө шилжүүлэх тоот дансыг нь аваад мөнгөө шилжүүлэх гэтэл тус дансны эзэмшигч нь Насанжаргал Цогтгэрэл гэж гарч ирээд байхаар нь би Түмэндэмбэрэлийн Баасанжаргал гэсэн хүний данс биш байна ууг нь энэ хүний нэртэй данс руу шилжүүлмээр байна гэхэд манай сайн найз байгаа юм асуудалгүй гэхээр нь би тус тоот данс руу өөрийн тоот данснаас 4.360.000 төгрөгийг ямар нэг утга бичээгүй шилжүүлээд дараа нь чатаар мөнгө орсон эсэх талаараа асуутал орсон байна гээд хэсэг таг болчихоор нь би дугаар руу нь өөрийн тоот дугаараас залгахад мөнгө чинь орсон байна одоохон юанийг чинь шилжүүллээ гэж ярьснаас хойш надтай холбоо бариагүй бөгөөд утас нь дуудаад авахгүй байж байгаад орой 23 цаг өнгөрөөгөөд утас нь холбогдохоо больсон. Тэгээд би тухайн хүнд залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 203-204 дэх тал)

21.3 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Хаан банкны ТРР-003002326054-949618ХХХХХХ0660-АТМ886 дугаартай бэлэн мөнгөний төхөөрөмж дээр 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 48 минут 40 секундэд хар өнгийн улбар шар оруулгатай саравчтай малгайтай, хөх өнгийн куртиктэй, хар хөх өнгийн өмдтэй, хүрэн өнгийн цагаан үстэй хагас түрийтэй гуталтай эрэгтэй хүн ирж түрийвчнээсээ виза картаа гарган АТМ-д уншуулж нууц кодоо хийж байх бөгөөд зүүн гараараа араасаа хүн дуудаж дохиход хар өнгийн нуруу болон зүүн ханцуйн дээрээ ҮАNКОЕS гэсэн цагаан бичиглэлтэй куртиктэй куртикны малгайгаа өмссөн, дотуур нь хөх өнгийн саравчтай малгай өмссөн, саарал өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй хүн хажууд нь ирж бэлэн мөнгө авах дүнг хийх хэсэгт 4.320.000 төгрөг гэж бичин виза картыг авч буцаан өгсөн бөгөөд АТМ-ны дэлгэц хэсэгт та түр хүлээгээд мөнгөө авна уу гэсэн бичиглэл гарч ирэв. 20 цаг 50 минут 16 секундэд АТМ-ны бэлэн мөнгө авах хэсэгт бэлэн мөнгө гарч ирсэн бөгөөд хар өнгийн, нуруу болон зүүн ханцуйн дээрээ ҮАNКОЕS гэсэн цагаан бичигтэй куртиктэй куртикны малгайгаа өмссөн дотуур нь хөх өнгийн саравчтай малгай өмссөн, саарал өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй хүн тухайн мөнгийг авч куртикны баруун талын халаасанд хийн АТМ-ээс 20 цаг 50 минут 26 секундэд виза картын эзэмшигчтэй хамт гарав.” гэсэн тэмдэглэл (4-р хавтаст хэргийн 198 дахь тал)

21.4 Хохирогч О.ын тоот дансны хуулга (4-р хавтаст хэргийн 217-234 дэх тал)

21.5 Н.Цогтгэрэлийн тоот дансны хуулга (4-р хавтаст хэргийн 215, 216 дахь тал)

21.6  “Вorn” гэх We chatаар харьцсан талаарх гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтаст хэргийн 236-243, 248,249 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хорин хоёр: Н.******* нь Facebook цахим хэрэгсэл ашиглаж “байр зарна” гэсэн зар байршуулан хохирогч Г.*******д “Сүхбаатар дүүргийн 3-р хороо 5-р хороолол, тоот орон сууц банкны зээлтэй байгаа, надад яаралтай мөнгө хэрэг болсон, ээж маань БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай тул зарах гэж байгаа, хувь лизингээр худалдана” гэж хуурч, 2021 оны 8 дугаар сарын 15-аас 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн нийт 49.995.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

22.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5-р хавтаст хэргийн 224 дэх тал)

22.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Сэлэнгийн хохирогчоор өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байх манай дүү Дөлгөөн Facebook дээр байрны зар дээрээс хувь лизингээр 50 хувийг нь өгөөд байр авна гэсэн зар харсан. Тэгээд гэсэн дугаар надад манай дүү өгсөн. Тэгээд тэр утсаар манай дүү болон би холбогдоод ярьсан чинь Сүхбаатар дүүргийн 13 дугаар байр 43 тоотын байрыг одоо зарна маргааш ирээд үз гэж хэлсэн. Маргааш нь буюу 15-ны өдөр тэр байрыг нь очиж үзсэн. Би 2021 оны 8 дугаар сард хуучин амьдарч байсан байраа зарсан энэ талаар хэлээд нялх хүүхэдтэй учраас яаралтай байр хэрэг болоод байна гэж хэлсэн тэгсэн чинь тэр хүн за болно болно та 50 хувиа өгчих юм бол үлдэгдэл мөнгөө яаж хийж байгаад өгч болно. Манай ээж одоо Солонгос улсад эмчилгээ хийлгэж болчхоод мөнгө хэрэг болоод энэ байраа зарж байгаа юм гэж хэлсэн. Эхлээд урьдчилгаа гээд надаа 50.000.000 төгрөгийг өгчих гэж хэлсэн гэхдээ энэ байрны байрны гэрчилгээ нь банканд 18.000.000 төгрөгийн барьцаанд байгаа тийм учраас эхлээд 18.000.000 төгрөг өгөөч байрны гэрчилгээ барьцаанаас суллаж авах гэсэн юм гэхээр нь би эхлээд 17.300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын данснаас 17.300.000 төгрөгийг Хаан банкны дугаарын гэсэн данс руу хийсэн тэр хүн өөрийгөө анх танилцахдаа гэж танилцуулсан. Тэгээд тэр өдөр бүтэн сайн өдөр байсан болохоор нэгдэх өдөр тэр байранд нүүж орсон. 2021 оны 8 дугаар сарын 18 билүү 19-ний өдөр тэр хүн манай ээж одоо Солонгос улс руу нисэх гэж байна одоо надад 32.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр гэх хүний данс руу дахин 32.000.000 тухайн өдөр нь шилжүүлсэн. Тэгээд байр худалдан авч байгаа болохоор тэр хүн рүү залгаад миний байрны бичиг гэрчилгээ яасан бэ авах гэсэн юм гээд асуухаар удахгүй гарна чи нялх хүүхэдтэй юм чинь наашаа цаашаа яваад яах уу гээд би нэг хүнд мөнгө өгөөд чиний нэр дээр шууд шилжүүлээд өгнө гэж хэлсэн тэгээд асуухаар одоо удахгүй гарна гээд байдаг байсан. Тэгээд дахиад асуухаар өө нөгөө хүн чинь амралтаа авсан гэнэ ажилдаа ороод гаргаж өгнө гэнэ гэж хэлдэг байсан. Одоо би яаг сайн санахгүй байна энэ хүн надаас 100.000-1.000.000 төгрөгийн хооронд жоохон жоохон аваад байдаг байсан. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын дундуур хүүхдээ салхилуулах гээд Замын-Үүдэд байж байхад над руу залгаад би үлдэгдэл мөнгөө авъя гэхээр нь би гэрчилгээгээ авч байж өгнө гэсэн бодолтой өгөөгүй. Тэгээд манай ээж энэ байранд ганцаараа байж байсан чинь 2 цагдаа орж ирээд надад байр зарсан гэх хүнийг асууж орж ирсэн гэсэн. Тэгээд би хагас сайн өдөр ирээд бүтэн сайн өдөр байж байсан чинь орцын жижүүр эгч манай дүүд байрны эзэн ярьж байна ямар хүмүүс байна гэж асуулгаж байна гэж хэлэхээр нь би дүүгээ буулгаад тэр хүний 99149743 гэх дугаарыг аваад ярьтал жинхэнэ эзэн Мөнх-Оргил гэх хүн наад залуу чинь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр надад бүтэн жилийн мөнгө 10.000.000 орчим төгрөг өгөөд түрээсэлж байгаа гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Оргил нь маргааш нь надад дээр ирж уулзаад бичиг баримтаа үзүүлсэн бүх зүйл нь тэр хүний нэр дээр байсан тэгээд залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 229-230 дахь тал)

22.3 Хохирогч Г.Сэлэнгийн тоот Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (5-р хавтаст хэргийн 242-245 дахь тал)

22.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 8 дугаар сард Facebook зар дээр байр лизингээр худалдаж авна гэсэн зар байсан. Тэр зарын дагуу холбогдоод циркийн хажууд 2 өрөө байр байгаа гэсэн. Тэгээд тэр хүн над дээр ирж уулзаад тухайн байрыг үзээд худалдаж авахаар болсон. Тэгээд урьдчилгаа мөнгө 17.000.000 төгрөг авсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа 32.000.000 төгрөг шилжүүлэн авсан. Тухайн зарна гэсэн байр нь миний түрээсэлж байсан байр байгаа юм...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 240-241 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хорин гурав: Н.******* нь цахим хэрэгсэл ашиглан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны байрны В30 тоот гарааш”-ийг нэг жилээр түрээслүүлнэ, сарын түрээс 200.000 төгрөг, түрээсийг нэг жилээр авна” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Н.д “гарааш түрээслүүлнэ” гэж хуурч, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2.400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болох нь:

23.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (9-р хавтаст хэргийн 104 дэх тал)

23.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.гийн хохирогчоор өгсөн: “2021 оны 8 сарын 30-ны өдөр Олимп хотхоны оршин суугчдын зарын группээс гарааш түрээслүүлнэ гэсэн зараар дугаарын утас руу холбогдоод мөн Santi Mj гэсэн Facebook хаягаар чат бичихэд нэг жилээр түрээслүүлж сарын түрээс нь 200,000 төгрөг жилээр мөнгийг нь авна гэсэн. Өөрийгөө гэж танилцуулаад нэг эрэгтэй хүн байсан, би өөрийн Голомт банкны дугаарын данснаас Хаан банкны дугаарын данс руу зогсоолын B30 түрээс гэж бичээд 2,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 11 сарын 11-ний өдөр зогсоолын эзэн нь байна гээд 99035874 дугаарын утаснаас эмэгтэй залгахаар нь гайхаад уулзахад би гэх хүнд байр, гарааш хоёроо түрээслүүлсэн. Ирсэн чинь давхар хүмүүст түрээслүүлсэн байна гээд цагдаагийн байгууллагад гомдол өгсөн гэж хэлсэн. Нөгөө гэх хүн нь өөр хүний нэр ашиглаж тухайн явж байсан, нэр нь *******ын ******* гэж хүн байсан. Би энэ хүнтэй тухайн хугацаанаас хойш холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй уулзаж чадаагүй. Facebook нь байхгүй болсон. Би гомдолтой байна. Би 2.400.000 төгрөгөө буцааж авмаар байна” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 112 дахь тал)

23.3 Н.гийн тоот Голомт банкны дансны хуулганы баримт  (9-р хавтаст хэргийн 108 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хорин дөрөв: Н.******* нь өөрийгөө гэж танилцуулан хохирогч Б.*******д “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны байрны 11 тоот бусдын орон сууцыг зарна” гэж хуурч, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд нийт 51.000.000 төгрөгийг авсан болох нь:

24.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (8-р хавтаст хэргийн 230 дахь тал)

24.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ийн хохирогчоор өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн Facebookээр хувь лизингээр байр хайж байна гэсэн зар тавьсан. Тэгсэн чинь Ц. гэх хаягтай хүн гэсэн дугаар өгсөн тэгээд би энэ дугаарт тэр өдрөө холбогдсон чинь гэх хүн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Олимп хотхоны байрны 3 давхрын 11 тоотод байр байгаа гэж хэлсэн. Байрыг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үзэхээр болсон. Тэгээд 9 дүгээр сарын 30-ны шөнийн 00 цагийн орчимд гэх хүнтэй уулзаад байраа үзээд 110 сая төгрөгөөр авах болоод тэгээд тэр өдрөө урьдчилгаа мөнгө болох 300.000 төгрөгийг Хаан банкны тоот гэх хүний дансанд шилжүүлсэн. Би 10 дугаар сарын 01-ний өдөр байрандаа нүүж очсон. Тэгээд гэх хүн гэрээ хийхээсээ өмнө 25 сая төгрөг өгчих үлдсэн 25 сая төгрөгийг гэрээ хийсний дараа өгөөрэй гэж хэлээд 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл гэх өөрийн Хаан банкны дансанд 25 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд үлдсэн 24 сая төгрөгийг шилжүүлж,   Баянзүрх дүүргийн гадаа уулзаад байрны гэрчилгээг канондож аваад гэрээг хийсэн. Тэгсэн гэх хүн байрны гэрчилгээ гэх гэж зөндөө удах байх гэрчилгээг хэдэн төгрөг аваад хурдан гаргаад өгдөг хүн байгаа гээд нэг хүнтэй миний хажууд яриад байсан. Тэгсэн надад миний таньдаг хүн ажлын цаг дуусахаар бичиг баримтыг өгнө гэж надад хэлсэн. Тэр өдрөө үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн хүнийг 18 цаг хүртэл хүлээсэн. Тэгсэн нөгөө хүн чинь ирчихсэн байна би гараад бичиг баримтаа өгөөд ирье гэж хэлсэн...Тэгээд удалгүй бичиг баримтаа өгчихлөө гэж хэлээд байрны гэрчилгээг 3-4 хоногоос гарна гэж байна. Нөгөө Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр ажилладаг хүн хөдөө томилолтоор явчихсан байна гэж хэлж байсан...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчимд 2 эмэгтэй хүн байраа суллах гэж байгаа юм уу гээд орж ирэхээр нь та айл андуурсан байна гэсэн чинь энэ байрыг надаас Руслан гэх гадаад хүн түрээсэлж байгаа гэж хэлэхээр нь би 10 дугаар сарын 11-ний өдөр энэ байрыг гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгсэн тэр эгч байрны гэрчилгээг үзүүлсэн чинь тус байрны хаяг нь мөн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Байрны гэрчилгээ гээд Цэрэнжав овогтой гэсэн 57.46 м кв байрны гэрчилгээг өгч орон сууц худалдан авах гэрээг хийсэн байгаа. гэх хүн тухайн үед дугаараас залгаад байсан өөрөө надад хэлэхдээ кристалл таунд байдаг гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (8-р хавтаст хэргийн 238-240 дэх тал)

24.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Русланы гэрчээр өгсөн: “Би 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр найз Мөнхнаран /7/-гийн хамт гадуур явж байхдаа хар өнгийн бичиг баримтын хавтастай дотор талд нь хаан банкны шаргал өнгийн карт-1 ширхэг, худалдаа Хөгжлийн банкны шаргал өнгийн карт 1 ширхгийг, өөрийн нэртэй жолооны үнэмлэх, Өргөө кино театрын хөнгөлөлтийн картын хамт алга болж гээгдүүлсэн. Мөн 2 жилийн өмнө шиг санагдаж байна би жолооны үнэмлэхээ Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасагт хураалгаад тэрнээс хойш авч ашиглаагүй. Би иргэний үнэмлэхийн зургийг Веt цэнэглэдэг агентууд руу ID-гаа цэнэглэхээр явуулсан. Жолооны үнэмлэхийн зургийг дарж хэн нэгэн рүү явуулж байгаагүй.” гэсэн мэдүүлэг  (8-р хавтаст хэргийн 241-242 дахь тал)

24.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.ийн гэрчээр өгсөн: “2021 оны 3 дугаар сараас хойш манай Баянгол дүүгийн ны нутаг дэвсгэрт байрлах ны зүүн талд байрлах 65 дугаар байрны гадна талд байрлах саравчинд сууж байгаад нэг залуутай танилцсан. Тэр залуу өөрийгөө Болдоо гэж хэлж байсан. Тэгээд танилцсанаас хойш өдөр болгон саравчинд сууж тэр хавийн хүмүүстэй тоглодог байсан.Тэгсэн 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр тэр залуу надад ахаа та надад өөрийнхөө нэр дээр данс нээгээд өгөөд гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч бид 2 төмөр гамын барс худалдааны төвийн урд талд байрлах Хаан банкин дээр очоод би шинээр Хаан банкны данс нээгээд тэр хүнээр интернэт банк суулгуулахаар би гар утас дансны кодоо хэлж өгсөн. Тэгээд би Хаан банкны тоот дансыг бол тэрнээс хойш ашиглаагүй. Миний дансанд ийм их мөнгө орсон талаар бол мэдэхгүй байна миний дансанд мэдээлэл ирдэггүй, би данс нээснээс хойш бол энэ дансыг ашиглаагүй.” гэсэн мэдүүлэг (8-р хавтаст хэргийн 250, 9-р хавтаст хэргийн 02 дахь тал)

24.5 Хаан банкны 5495554935 дансны хуулга (9-р хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хорин тав: Н.******* нь Л.тай дотно харилцаа үүсгэн, үерхэж байхдаа “машин худалдан авч засаад зарна, машин засварын ажил эрхлэх гэж байгаа” гэж хуурч, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд нийт 11.150.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

25.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.гийн хохирогчоор өгсөн: “Миний бие *******ын *******тай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр анх найзуудаараа дамжуулан танилцаж байсан юм. Тэгээд түүнээс хойш саяхныг хүртэлх хугацаанд түүнтэй найзалж, дотно харилцаатай байсан юм. Ер нь бол үерхэж байсан юм. Тэрээр үерхэж байх хугацаандаа надаас нийт 11.150.000 төгрөгийг өөрийн болон өөр хүний дансаар шилжүүлэн авсан юм. Би энэ бүх мөнгийг дансаар шилжүүлэн өгсөн ба бэлнээр бол мөнгө өгөөгүй, түүний шилжүүлчих гэж чатаар бичсэний дагуу хэлсэн данс руу нь хэлсэн хэмжээгээр нь шилжүүлж байсан. Шилжүүлсэн мөнгөнийхөө дансны хуулгыг авч гомдолдоо хавсаргасан байгаа, мөн шилжүүлсэн өдөр мөнгөний хэмжээнийхээ талаар жагсаагаад гомдол дээрээ дэлгэрэнгүй бичсэн байгаа. Ямар учраас энэ 11.150.000 төгрөгийг шилжүүлэх болсон бэ гэхээр тэрээр надтай харилцаж байхдаа актлагдаж байгаа автомашин худалдан аваад засварлаад зарна, мөн бэлэн байгаа засварын газрыг ажиллуулж, түүндээ автомашин авч засна, ингэхийн тулд мөнгөний хэрэгцээ гараад байгаа болохоор мөнгө зээлээч гээд надаас дээрх 11.150.000 төгрөгийг шилжүүлэн авсан юм. Хамгийн сүүлийн гүйлгээг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн өгсөн бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн огт холбогдохгүй, таг чиг алга болчихсон юм. Ингээд би түүнийг хүмүүсээс буюу найз нөхдөөс нь асууж сураглахад хаана байгааг нь сайн мэдэхгүй байна, гэхдээ сураг дуулахад хүмүүсээс мөнгө залилж авсан хэрэгт холбогдоод баригдаад, хоригдчихсон юм шиг байна лээ гэж хэлсэн. Ингээд би сураглаж яваад нэг эмэгтэй хүнтэй Facebookээр холбогдоход тэрээр“******* нь олон эмэгтэй хүний толгойг эргүүлж эд хөрөнгийг нь залилан авсан гэх асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа, олон эмэгтэй хүнтэй харилцаа үүсгэж, заримтай нь хамтран амьдарч байхдаа эд хөрөнгийг нь залилан авсан, хохирсон олон эмэгтэй байгаа гэж хэлсэн. Ингээд би бас тэдний нэгэн адил залилуулсан байна гэж мэдээд танай цагдаагийн байгууллагад хандсан юм. Хамгийн эхний Жаргалан гэдэг хүний данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлэхдээ ажлын байр болох ЧД-ийн 4 хороо Загасчлах хэрэгслийн дэлгүүрт байхдаа интернэт банкаар дамжуулан гар утаснаасаа шилжүүлсэн. Дараагийн Энхтуяа гэдэг хүний данс руу шилжүүлсэн 900.000 төгрөгийг мөн ажил дээрээсээ интернэт банкаар дамжуулан гар утаснаасаа шилжүүлсэн. Дараагийн Мөнхбаяр гэдэг хүний данс руу шилжүүлсэн 800.000 төгрөгийг гэртээ байхдаа буюу ЧД-ийн 6 хороо Дипломат 45 байрны 2 тоотод байхдаа интернэт банкаар дамжуулан гар утаснаасаа шилжүүлсэн. Дараагийн Мөнхбаяр гэдэг хүний данс руу шилжүүлсэн 300.000 төгрөгийг гэртээ байхдаа интернэт банкаар дамжуулан гар утаснаасаа шилжүүлсэн. Дараагийн Дөлгөөн гэдэг хүний данс руу шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг ажил дээрээ байхдаа интернэт банкаар дамжуулан гар утаснаасаа шилжүүлсэн. Дараагийн Асет гэдэг хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн 1.200.000 төгрөгийг гэртээ байхдаа интернэт банкаар дамжуулан гар утаснаасаа шилжүүлсэн. Дараагийн Авирмэд гэдэг хүний данс руу шилжүүлсэн 2.500.000 төгрөгийг гэртээ байхдаа интернэт банкаар дамжуулан гар утаснаасаа шилжүүлсэн. Дараагийн хэдэн гүйлгээг би Н.*******ын өөрийнх нь данс руу 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2.650.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 18-нь өдрийн 150.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээг гэрээсээ интернэт банкаар дамжуулан гар утаснаасаа шилжүүлсэн байна, харин дээрх хугацаанд шилжүүлсэн бусад гүйлгээг ажлын байран дээрээсээ интернэт банкаар дамжуулан гар утаснаасаа шилжүүлсэн байна. Хамгийн сүүлийн 2022 оны 03 сарын 30-ны өдөр Алтан-Учрал гэдэг хүн рүү шилжүүлсэн гүйлгээг ажлын байран дээрээ байхдаа шилжүүлсэн байна. Би дээрх гүйлгээнүүдээ яаж ажлын байр болон гэртээ байхдаа шилжүүлснийг санаж байна вэ гэхээр дансны хуулга дээрээсээ дээрх мөнгийг шилжүүлсэн цагийг нь хараад мэдэж байгаа юм. Учир нь би зөвхөн гэр, ажлын хооронд явдаг маршруттай юм. Тухайн өдрийн өглөөний 10:00 цагаас оройны 19:30 цагийн хооронд ажил дээрээ байдаг учраас тус гүйлгээг ажлын байран дээрээсээ шилжүүлсэн байх ёстой. Харин бусад цагаар шилжүүлсэн гүйлгээг гэртээ байхдаа шилжүүлсэн байх ёстой. Н.******* нь актлагдаж байгаа автомашин худалдан аваад засварлаад зарна, мөн бэлэн байгаа засварын газрыг ажиллуулж, түүндээ автомашин авч засна, ингэхийн тулд мөнгөний хэрэгцээ гараад байгаа болохоор мөнгө зээлээч гэхээр нь би энэ мөнгийг түүнд зээлсэн юм. Гэхдээ надад тэр засварын газар болон худалдан авч байгаа гэх автомашинаа харуулаагүй, байрлалыг нь хаана байдаг ямар засварын газар гэдгээ хэлж, зааж, үзүүлж байгаагүй юм...Ямар нэгэн зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Тухайн үед дотно харилцаатай байсан болохоор түүнд итгээд чатаар харилцаж байгаад хэлсэн данс руу нь шилжүүлэн өгчихсөн юм. Учирсан хохиролоо буцаан авмаар байна. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (8-р хавтаст хэргийн 194-195 дахь тал)

25.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Дөлгөөний гэрчээр өгсөн: “Би дугаартай хаан банкны дансыг ашигладаг. Нэлээн эртнээс эхлэн ашиглаж байна яг хэзээ нээсэн эсэхээ санахгүй байна. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн ангийн найз болох *******тай хамт явж байсан бөгөөд хүнээс мөнгө шилжиж орж ирэх ёстой юм аа. Би одоо картгүй явж байна, чиний дансаар авчихъя гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө дансны дугаарыг өгсөн юм. Тэгээд нээх удалгүй 1.000.000 төгрөг шилжиж орж ирсэн бөгөөд тэр мөнгийг би Хаан банкны АТМ дээрээс бэлнээр 1.000.000 төгрөгийг нь авсан санагдаж байна. Авсныхаа дараа тэр мөнгийг өөрийн ангийн найз болох Н.*******д шууд өгсөн.” гэсэн мэдүүлэг (8-р хавтаст хэргийн 197 дахь тал)

25.3 Н.*******тай харилцсан зурвас, Мөнгө шилжүүлэг хийсэн тухай баримтын хуулбар (8-р хавтаст хэргийн 133-155 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хорин зургаа: Н.******* нь “Үнэгүй.мн” сайтад “байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч А.д “Есөн-Эрдэнэ хотхонд байр үзүүлнэ” гэж хуурч, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 4.000.200 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан болох нь:

26.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.гийн хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гадуур явж байгаад Үнэгүй.мн зараас 1 өрөө байр түрээслэнэ гэх зарын дагуу дугаартай *******ын ******* гэх хүнтэй холбогдоод Шарга морьтод байрлах лагерьт нь очиж уулзаад маргааш нь цуг байр очиж үзэхээр болсон. Маргааш нь драгон дээр 11 цагийн үед *******тай уулзаад Нарны хороололд байрлах Есөн-Эрдэнэ хотхон руу миний машинаар хамт явж байтал ******* намайг Хархорины автобусны буудал дээр зогсчих тамхи авах гэсэн юм. Чи над руу эхлээд 5 сарын түрээсийн мөнгө болох 4.000.000 төгрөгийг миний данс руу хийчих гэхээр нь *******ын Хаан банкны дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд машинаас буугаад Хархорины автобусны буудлын ТҮЦ орсон. Тухайн үед би ТҮЦ-нээс гарч ирэх байх гэж бодоод анзаараагүй машиндаа сууж байтал гарч ирэхгүй удаад байхаар нь араас нь ТҮЦ рүү ороход байхгүй байсан. Тэгээд гар утас руу нь залгахад утсаа унтраасан байсан юм.” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 206 дахь тал)

26.2 Хохирогч А.гийн “Хаан” банкны 5926188950 дугаарын дансны хуулга (9-р хавтаст хэргийн 202 дахь тал)

26.3 “Хаан” банкны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29/7535 дугаартай “... дугаарын дансыг *******ын ******* эзэмшдэг...” тухай албан бичиг (9-р хавтаст хэргийн 208 дахь тал)

26.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******ын сэжигтнээр өгсөн: “Миний данс руу энэ мөнгө орсон би “Үнэгүй.мн” зарын сайт дээр байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулсны дагуу надтай нэг хүн утсаар холбогдоод байранд чинь орьё гээд холбогдоод тухайн хүн миний дугаарын утсаар холбогдоод манай лагерь болох Ар хустайд ирж надтай уулзсан тэгээд дараа өдөр нь байраа үзүүлэхээр болоод маргааш нь миний данс руу 4.000.200 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би утсаа салгаад алга болсон надад тухайн хүнд оруулах байр байхгүй байсан. Надад мөнгөний хэрэг гарсан байсан болохоор би энэ хүнд худлаа хэлж байр түрээслүүлнэ гэж худлаа хэлж мөнгө авсан.” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 206 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 99670857

Хулгайлах гэмт хэргийн тухайд

Нэг: Н.******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн , 49 дүгээр байрны 41 тоотод өрөө түрээсэлж байсан Ц.ын өрөөнөөс 3.599.940 төгрөгийн үнэ бүхий “Dell I 7” маркийн Notebook-ийг хулгайлан авч хохирогч Ц.т нийт 4.999.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.ын хохирогчоор өгсөн: “...хажуу өрөө түрээсэлнэ гэх зараар холбогдоод өөрийгөө Энхбаяр гэж танилцуулсан хүнтэй уулзаад тухайн өрөөг түрээслэхээр болсон...тэр байранд орсноос хойш 1 сарын дараа ажилдаа явж байгаад гэртээ иртэл Энхбаяр гэртээ байхгүй байсан. Хажуу өрөөний 2 эмэгтэйгээс асуухад хувцсаа аваад явчихсан байсан. Би өөрийнхөө өрөөнд орж үзэхэд миний өрөөнд байсан “Dell” загварын Notebook байхгүй байсан...Чулуудай руу мөнгө шилжүүлж авхуулаад Энхбаяр тэр хоёр пиво уучхаад гараад явсан.." гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 51 дэх тал)

1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Чулуудайн гэрчээр өгсөн: “Би Н.******* гэх хүнийг танина...Хамгийн сүүлд гэрт нь уулзахад нэг эрэгтэй хүн хамт байсан Баагий тэр хүнийг манай дүү гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 54 дэх тал)

1.3 Дамно XXК-ийн “Dell” брэндийн i7 Notebookийг 3.599.940 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (6-р хавтаст хэргийн 60-61 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ

Хоёр: Н.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын тоот 2 өрөө  байрнаас эд зүйл авч явахдаа хохирогч Б.гийн эзэмшлийн алтан ээмэг, гинжийг  хулгайлан авч нийт 1.696.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.гийн хохирогчоор өгсөн: “Би байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу дугаарын утсаар Ананд гэх хүнтэй холбогдож 7 хоног орчим асууж байгаад Саруул хороололд байрлах 2 өрөө байрыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр очиж үзээд тэр шөнөдөө нүүж ороод Ананд гэх хүний Хаан банкны тоот данс руу нийт 5 сарын түрээсийн мөнгө болох 4.500.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш уг байрны эзэн гэх залуу жижиг өрөөний гэрэл сольж өгсөн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийнхөө эд зүйлийг авч явахдаа үүдэнд уутан дотор байсан алтан ээмэг, гинж, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлсныг маргааш өдөр нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 111-113 дахь тал)

2.2 Дамно ХXK-ийн “1 хос алтан ээмэг 608.000 төгрөг, алтан гинж 1.088.000 төгрөг, нийт 1.696.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 132-133 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гурав: Н.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байрны гадаа хохирогч П.ыг хүргэж өгөхдөө халааснаас нь “Samsung Galaxy Fold” гар утсыг нь хулгайлан авч, түүнд 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

3.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (9-р хавтаст хэргийн 73 дахь тал)

3.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.ын хохирогчоор өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн үед найзуудтайгаа уулзсан. Барилгачдын талбайн  караокед сууж байгаад тэндээсээ гараад хүүхдийн 100 орсон. Хүүхдийн 100-д очоод найзуудаасаа салсан. Тэр үед манай найз Баяртунгалагийг авах гэж ирсэн нөхөртэй нь хамт ******* ирсэн. Тэгээд намайг гэрт хүргэж өгнө гээд гэрийн гадаа очоод баяртай гээд салахдаа миний гадуур хувцасны халааснаас миний “Samsung Galaxy Fold” маркийн гар утсыг надад мэдэгдэхгүйгээр аваад явсан байсныг би гэртээ ороод мэдсэн даруйдаа  эгчийнхээ утаснаас өөрийнхөө утас руу залгахад Н.******* нь аваад гар утсыг андуураад аваад явчихсан байна. Маргааш аваачаад өгье гэсэн. Маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ярихад аавтайгаа хамт лагерь явж байна, чиний гар утас манай аавын машины голын хайрцагт явж байна гэж ярьсан. Түүнээс хойш манай аав хөдөө явахдаа голын хайрцагтаа мартаад аваад явчихсан байна. Ямаагаа самнаад ирэхээр нь аваад өгье гэж хэлээд түүнээс хойш холбоогүй байж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өөрийнхөө дугаарын утаснаас над руу холбогдоод чиний гар утсыг хүнсний 4-р дэлгүүрийн эсрэг талын “Хөнөгийн ундарга” нэртэй ломбардад 2.200.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж ярьсан тул өөрөө очиж шалгахад миний гар утсыг барьцаанд тавьсан байсан.” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 79-80 дахь тал)

3.3 “Хөнөгийн ундарга” барьцаат зээлийн гэрээний хуулбар (9-р хавтаст хэргийн 82 дахь тал)

3.4  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (9-р хавтаст хэргийн 83 дахь тал)

3.5 Дамно ХXK-ийн “Samsung Galaxy Fold” гар утас нэг ширхгийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (9-р хавтаст хэргийн 87-88 дахь тал)

3.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.*******ын яллагдагчаар өгсөн: “Би гар утсыг авч яваад ломбардад тавьсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (9-р хавтаст хэргийн 98-99 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг;

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээ бүхий байна...шүүгдэгчид ашигтай байдлаар хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, харин эд зүйлийг нь хохироосон үйлдэлд маргахгүй байгаа учраас залилах гэмт хэргийн хохиролтой хамтатган шийдвэрлүүлэх, Залилах гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргээр хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг;

иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч Н.*******ыг залилах болон хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай”  гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Н.******* нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх буюу нийт 3 жилийн хугацаанд  өөрийгөө  Хаан банканд эдийн засагчаар ажилладаг зарах байр байгаа,  Шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан байр зарна, Хаан банканд барьцаанд байгаа, байраа зарна, байр хувь лизингээр худалдана, гарааш түрээслүүлнэ гэж, мөн юань, тайвань доллароор мөнгөн гуйвуулга хийнэ, бараа захиална, дайвар ачаа авч явна гэж “үнэгүй.мн” “facebook”, “We chat” зэрэгт бусдын зураг, нэр, баримт бичгийг ашиглан хуурамч зар байршуулж, улмаар хохирогч нарын эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн авахдаа танил, арван жилийн найз, байр түрээслэгч нарын данс, картыг ашиглан шилжүүлэн авсан үйлдлүүд нь нэг санаа сэдэлтээр, нэг төрлийн аргыг хэрэглэн, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авснаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогоо  үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршдаг мөрийтэй тоглоом тоглож, өөрийн хувийн хэрэгцээг хангаж, амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой үйлдсэн гэж үзэхээр байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Залилах гэмт хэргийн дээрх аргуудаар шүүгдэгч Н.******* нэр бүхий 26 хохирогчдоос нийт 242.608.385 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн  “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон хувийн хэрэгцээндээ зарцуулах, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулж хувьдаа ашиглаж, өөрийн хэрэгцээг хангах, амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг гол эх сурвалж болгон үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгч Н.******* нь цахим хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт үйлдлийн 26 удаагийн давтамж, үргэлжилсэн байдал, гэмт хэргийн улмаас нэр бүхий 26 хохирогчид учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэнээр шүүгдэгч Н.*******ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хяналтын прокуророос хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Н.******* нь дээрхээс өөр аргаар  ажил хөдөлмөр эрхэлж тогтвортой орлого олж амьдрал ахуйн хэрэгцээ шаардлагаа хангадаг гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.*******ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн тухайд

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч ын зөвшөөрлөөр notebook-ийг нь авсан, надаар заруулахаар ээмэг, гинжээ өөрөө авчирч өгсөн, П.ыг гар утсыг хамт явж ломбардад тавьсан, харин эдгээр эд зүйлсийг нь буцааж өгөөгүй” гэж мэдүүлсэн боловч энэхүү мэдүүлэг нь бусад бичгийн баримтуудаар давхар нотлогдоогүй тул шүүх нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Н.******* нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр М.Чулуудайтай өөрийн түрээслэн суудаг Чингэлтэй дүүргийн , 49 дүгээр байрны 41 тоот орон сууцанд давхар өрөө түрээслэн сууж байсан Ц.ын эзэмшлийн “Dell I7” загварын 3.599.940 төгрөгийн үнэлгээ бүхий notebook-ийг хулгайлсан, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн мэтээр түрээсэлнэ гэж залилах гэмт хэргийг үйлдэж тухайн орон сууцнаас гарахдаа үүд хэсэгт уутанд байсан Б.гийн эзэмшлийн  алтан ээмэг, гинжийг хулгайлан авч нийт 1.696.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг, 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байранд П.ыг хүргэж өгөхдөө халааснаас нь “Samsung Galaxy Fold” загварын 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  үйлдлүүд нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, өөр өөр цаг хугацаанд өөрийн эзэмшлийн байрыг түрээсэлж байгаа мэтээр залилахдаа Ц., Б. нарын эд зүйлсийг, харин хохирогч П.ыг гэрт нь хүргэж өгөхдөө түүний гадуур хувцасны халааснаас гар утсыг нь авсан тус тусын үйлдлийн санаа зорилго нь хулгайлах гэмт хэргийн субъектив шинжийг бүрэн агуулсан байх ба тухайн эд зүйлийг хууль бус аргаар үнэ, төлбөргүйгээр өөрийн эзэмшилд оруулан авсан гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч Н.******* нэр бүхий 3 хохирогчоос нийт 8.295.940 төгрөгийн эд зүйлийг хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслээр хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүгдэгчийн үйлдэл тус бүрийг нотолж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******ын дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх ба хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  гаргасан “Залилах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий хүсэлтийг шүүх  хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* өмчлөх эрхийн эсрэг нийлмэл гэмт хэргүүд үйлдсэн болох нь үйлдэл тус бүрээр хангалттай нотлогдож тогтоогдсон тул гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт болон  иргэдийн төлөөлөгчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.*******ыг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт,

мөн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан хууль сануулж үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн хохирогчийн мэдүүлэг болон, дансны хуулга, эд хөрөнгийн үнэлгээ зэргийг харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж шүүгдэгч Н.*******ын хохирогч нарт учруулсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.******* залилах болон хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 250.904.880 төгрөгийн хохирол учруулсан байна.

Үүнээс “Залилах” гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.д 25.000.000 төгрөг, Г.т 31.200.000 төгрөг, Д.*******д 4.327.500 төгрөг, Б.т 2.790.000 төгрөг, Т.д 4.860.000 төгрөг, Х.д 3.900.000 төгрөг,  Х.*******ид 24.500.000 төгрөг, Ба.д 1.300.000 төгрөг, И.т 1.815.625 төгрөг, Г.өд 3.200.000, Ц.од 4.900.000 төгрөг, Ц.т 1.400.000 төгрөг, Г.д 618.560 төгрөг, Л.д 1.359.000 төгрөг, Д.д 427.00 төгрөг, Д.т 1.908.000 төгрөг, О.од 424.000 төгрөг, Б.д 4.500.000 төгрөг, Би.д 622.500 төгрөг, Ш.*******д 606.000 төгрөг, О.т 4.360.000 төгрөг, Г.*******д 49.995.000 төгрөг, Н.д 2.400.000 төгрөг, Б.*******д 51.000.000 төгрөг, Л.д 11.150.000 төгрөг, А.д 4.000.200 төгрөг буюу нийт 242.608.385 төгрөгийн хохирол учруулсан,

“Хулгайлах” гэмт хэрэг үйлдэж хохирогч Ц.т 3.599.940 төгрөг, хохирогч Б.д 1.696.000 төгрөг, хохирогч П.д 3.000.000 төгрөгийн буюу нийт 8.295.940 төгрөгийн хохирол бусдад учруулсан байна.

Залилах болон хулгайлах гэмт хэргүүдийн улмаас давхар хохирсон хохирогч Ц., Б. нарт нийт учирсан хохирлыг нэгтгэвэл Ц.т 4.999.940 төгрөгийн,  Б.д  6.196.000 төгрөгийн хохирол учирчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.******* нь өөрийн ашиглаж байсан тоот Хаан банкны данснаас залилах гэмт хэргийн хохирогч Г.Сэлэнгийн тоот Хаан банкны данс руу 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлснийг хохирогч Г.*******д учирсан 49.995.000 төгрөгийн хохирлоос хасаж тооцон төлөгдөөгүй үлдсэн хохирлыг 48.998.000 төгрөгөөр тооцов.

Мөн хулгайлах гэмт хэргийн хохирогч П.ын эзэмшлийн 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Galaxy Fold” гар утас “Хөнөгийн ундарга” барьцаат зээлийн газраас биет байдлаар буцаан олгогдсон тул хохирогч П.ын хохирол төлөгдсөн гэж үзнэ. 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас нийт 246.904.325 төгрөг гаргуулж хохирогч Д.д 25.000.000 төгрөг, Г.т 31.200.000 төгрөг, Д.*******д 4.327.500 төгрөг, Б.т 2.790.000 төгрөг, Т.д 4.860.000 төгрөг, Х.д 3.900.000 төгрөг, Х.*******ид 24.500.000 төгрөг, Ба.д 1.300.000 төгрөг, И.т 1.815.625 төгрөг, Г.өд 3.200.000, Ц.од 4.900.000 төгрөг, Г.д 618.560 төгрөг, Л.д 1.359.000 төгрөг, Д.д 427.000 төгрөг, Д.т 1.908.000 төгрөг, О.од 424.000 төгрөг, Би.д 622.500 төгрөг, Ш.*******д 606.000 төгрөг, О.т 4.360.000 төгрөг, Г.*******д 48.995.000 төгрөг, Н.д 2.400.000 төгрөг, Б.*******д 51.000.000 төгрөг, Л.д 11.150.000 төгрөг, А.д 4.000.200 төгрөг, Ц.т 4.999.940 төгрөг,  Б.д  6.196.000  төгрөг олгохоор шийдвэрлэв.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч Н.*******аас “...хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү...” гэсэн  хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны  өдрийн 13 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд Н.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хариуцлагын хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохиролд тооцуулахаар 15.000.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан баримтыг гаргалаа

Шүүгдэгч Н.*******ын талаас хохиролд тооцуулахаар 15.000.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан баримтыг үндэслэн түүний нийт төлөх 246.904.325 төгрөгөөс 15.000.000 төгрөгийг хасаж, төлөгдөөгүй хохирлыг 231.904.325 төгрөгөөр тооцох боловч 15.000.000 төгрөгийг хохирогчдод хэрхэн, хуваарилж олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлэвэл зохино. 

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 09 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт 07 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 08 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Шүүгдэгч Н.******* амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт  06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч Н.*******ын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын шинж чанарыг харгалзан хорих байгууллагад хөдөлмөр эрхэлж хохирогчдод учирсан хохирлоос нөхөн төлөх боломж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдол бүхий нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 88 хоног, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоног, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 02 хоног, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 125 хоног, нийт  цагдан хоригдсон нийт 277 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцно.

Хэргийн хамт ирүүлсэн сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн 2005016381738, 2005023041703, 2005028951709, 2005031171704, 2005031471705, 19100189601783, 2105000001826, 2106000092468, 1908042021592, 2019002790213, 2122000500175, 2109002881451, 2109002831456, 2009009861457, 2009023561458, 2109000001478, 2011018581304, 2020000870129, 2018004770386, 2006036060109,   2211000001116, 2106042261562, 2206000001596, 2206018951660, 2205028332598 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэг үгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овгийн *******ын *******ыг “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт,

мөн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.*******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ын цагдан хоригдсон нийт 277 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас нийт 246.904.325 төгрөг гаргуулж хохирогч Б.т 2.790.000 төгрөг,  Х.д 3.900.000 төгрөг,  Х.*******ид 24.500.000 төгрөг,  Ц.од 4.900.000 төгрөг, Л.д 1.359.000 төгрөг, Д.т 1.908.000 төгрөг, Г.т 31.200.000 төгрөг, Д.*******д 4.372.500 төгрөг,  Б.д 6.196.000 төгрөг, Д.д 25.000.000 төгрөг, О.од 424.000 төгрөг, О.т 4.360.000 төгрөг, Ш.*******д 606.000 төгрөг, Би.д 622.500 төгрөг, Т.д 4.860.000 төгрөг, И.т 1.815.625 төгрөг, Г.*******д 48.995.000 төгрөг, Ц.т 4.999.940 төгрөг,  Ба.д 1.300.000  төгрөг, 618.560 төгрөг, Д.д 427.000 төгрөг, Г.өд 3.200.000 төгрөг, Л.д 11.150.000 төгрөг, Б.*******д 51.000.000 төгрөг, Н.д 2.400.000 төгрөг, А.д 4.000.200 төгрөг тус тус олгосугай.

8. Шүүгдэгч Н.*******аас хохиролд тооцуулахаар Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 15.000.000  төгрөгийг хохирогч нарт олгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

9. Хэргийн хамт ирүүлсэн сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн 2005016381738, 2005023041703, 2005028951709, 2005031171704, 2005031471705, 19100189601783, 2105000001826, 2106000092468, 1908042021592, 2019002790213, 2122000500175, 2109002881451, 2109002831456, 2009009861457, 2009023561458, 2109000001478, 2011018581304, 2020000870129, 2018004770386, 2006036060109,   2211000001116, 2106042261562, 2206000001596, 2206018951660, 2205028332598 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэг үгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ

              ШҮҮГЧИД                              М.ДАЛАЙХҮҮ

                                                                                                       Ц.ЭРДЭНЭЧИМЭГ