Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/309

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Ш.Анужин /томилолтоор/

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205019060081 дугаартай  хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 03-нд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн *******,******* *******од оршин суух хаягтай, урьд нь;

- 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсан,

-2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн,

-2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

-2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 08 дугаартай захирамжаар оногдуулсан 10 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 01 дугаартай магадлалаар 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 3 жил 4 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар өөрчилсөн, /РД:ЗЛ*******/, ******* овогт *******гийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *******ийн Хаан банкны виза картыг хулгайлж тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нар хүүхдийн их дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг GS-25 үйлчилгээний газрын Хаан банкны АТМ-ээс 2 удаагийн гүйлгээгээр 10.000.000 төгрөг авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “*******ийн дүүгийнх нь хонхны баяр болж байсан тул хот руу явахаар нь би араас нь хотод ирж буудалд цуг уулзаж хоносон. Маргааш өглөө нь буудлаа сунгая, мөнгө байгаа юу гэж хэлэхэд миний картаас авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь картыг нь авч яваад 10.000.000 төгрөг АТМ-ээс аваад ууж идэх зүйл болон машин авахад зарцуулсан. ******* бид хоёр танилцаад нэг сар орчим болж байсан. Хоёр биедээ сайн болчихсон байсан. Хохиролыг нь нөхөн төлнө.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2205019060081 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 08 дахь тал)  

2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ******* нь Хаан банкныхаа виза картыг алдаж данснаас 10.000.000 төгрөгийн гүйлгээгээр мөнгө авсан эрэгтэй 2 дугаарын хүн мөн байна. Би царайг нь сайн санаж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-17 дахь тал)

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нар хүүхдийн их дэлгүүрийн дотор байрлах Хаан банкны АТМ-ны хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд бичлэг дээр 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны бичлэгт хар цамц болон хар өмдтэй 25-30 насны залуу хоёр гар утас барьсан байх бөгөөд зүүн гарт байх хар өнгөтэй утас нь хохирогчийн утас бөгөөд гар утасны ард байх Хаан банкны картыг гаргаж байх үеийг харуулав. Сэжиглэж буй этгээд хохирогчийн Хаан банкны картыг АТМ-рүү хийж байх үеийг харуулав. Сэжиглэж буй этгээд Хаан банкны АТМ-с хохирогчийн картаас 5.000.000 төгрөгийн зарлага хийгээд авсан мөнгөө зүүн гартаа бариад зогсож байх үеийг харуулав. Сэжиглэж буй этгээд хохирогчийн хаан банкны картыг Хаан банкны АТМ-рүү дахин хийж байх бөгөөд эхний авсан 5.000.000 төгрөгийг зүүн гартаа барьсан байх үеийг харуулав. Сэжиглэж буй этгээд Хаан банкны АТМ-ээс хохирогчийн картаас 5,000,000 төгрөгийн зарлага хоёр дахь удаагаа хийж нийт 10.000.000 төгрөгийг тоолоод зогсож байх үеийг харуулав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-20 дахь тал)

4. Хаан банкны 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 29/4184 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 50 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн хохирогчоор өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 27-ны орой 23 цагаас эхлээд 01 цаг хүртэл миний гар утас руу ******* гэдэг залуу байн байн залгаад байхаар нь би утсаа аваад *******той ярьсан чинь би гэрээсээ гарах гэж байна танай гэр чинь хаана байдаг юм гэрийнхээ хаягийг явуулчих очоод авчихъя гэсэн. Тэгээд удалгүй манай гадаа ирчихсэн байна гэсэн. Тэгээд би гараад очсон чинь саарал өнгийн машинтай ирчихсэн байсан. Би машинд нь суусан чинь бас нэг эрэгтэй байсан өөрийгөө Балжка гэж байсан. Тэгээд бид гурав манай гэрийн гаднаас хөдлөөд СU орж архи пиво авсан. Тэгээд тэндээсээ гараад Модны хоёр хавьцаа байх би хот сайн мэдэхгүй нэг буудалд ороод тэр хоёр архи уусан харин надад авсан хоёр пивоныхоо нэгийг нь задалж өгсөн. Тэгээд би пивоноос нь жоохон ууж байгаад шээс хүрээд байхаар нь 00-ын өрөө орсон. Бие засчхаад гарч ирээд юм ярьж сууж байхад ******* миний гар утсыг барьчихсан сууж байснаа надаас гар утасныхаа кодыг хэлчих гэхээр нь би гар утасныхаа кодыг хэлчихсэн. Тэгээд би тэрнээс хойш юмаа санахгүй байгаа. Тэгээд би 06 цагийн үед тэр буудлаас гарсан. Тэгэхэд ******* таксины мөнгө гээд бэлнээр надад 5.000 төгрөг өгөхөөр нь би гэртээ хариад байж байсан чинь манай ээж данснаас чинь юун мөнгө гарсан юм гэж надаас асуусан. Тэгэхээр нь би гайхаад гүйлгээний мессежээ харсан чинь мессеж ирээгүй байхаар нь гар утасны хогийн саванд мессежнүүд нь байсан. Тэгээд миний данснаас мөнгө гарсан байсныг би мэдээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 28 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар дахин өгсөн: “Би өөрийн “Самбуу Самбуу” нэртэй фейсбүүк хаягаар нэртэй фейсбүүк хаягтай эмэгтэйтэй танилцаж фейсбүүк чатаар харилцаж байхад Өмнөговь сумын *******анд байна Улаанбаатар хотод дүү нь сургуулиа төгсөж байна гээд ирж таарсан. Би Өмнөговь аймгаас өөрийн биеийг үзүүлэхээр Улаанбаатар хот руу замын унаагаар ирээд Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй болохоор Балжка буюу Балжиннямтай холбогдоод намайг машинтай тосож авсан. Би тэй тэр үед уулзахаар яриад Балжкаагын хамт Тэнгис кино театрын тэр хавьд тааралдаад Баянгол дүүргийн 1000 нэрийн дэлгүүрийн хажуу талын нэрийг нь мэдэхгүй нэг буудалд орохдоо архи пиво аваад орсон. Бид хоёрыг Балжка хүргэж өгөөд буудалд оруулаад хэсэг сууж байгаад явсан. Би явдалдаа ядраад уусан зүйлдээ тасраад унтсан байсан. Өглөө сэрэхэд бид хоёр хамт байсан ба би ээс мөнгө байна уу би буудлаа өнөөдөр дахиад 1 өдрөөр сунгуулна гэж хэлэхэд надад Хаан банкны виза нууц дугаараа өгөхөөр нь би авч гараад Хаан банкны АТМ төхөөрөмжид уншуулж үлдэгдлийг нь шалгахад арав гаруй сая төгрөг байхаар нь би 10.000.000 төгрөгийг уншуулж аваад буцаж буудалдаа очоод т 10.000.000 төгрөг авсан гэдгээ хэлэлгүй виза картыг нь өгөөд одоо гэртээ харь ээж аав чинь хүлээж байгаа гэж хэлээд гадаа таксинд суулгаж өгөөд явуулсан. Би ганцаараа гараад ийн данснаас мөнгө авсан... Би ийн данснаас авсан мөнгөөрөө Гранд марк-2 маркийн машин аваад уг машинаа жолоодож яваад удаагүй осол гаргаад машинаа задлаад хүнд зарсан. Тэгээд удаагүй байхад 2022 оны 9 сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдан хоригдох байранд цагдан хоригдсон. Би мөнгө авсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99 дэх тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), шийтгэх тогтоолуудын хуулбарууд (хавтаст хэргийн 58-85 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ******* нь 2022 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд *******ийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүний гар утасны хавтсанд байсан Хаан банкны виза картыг авч, Нар хүүхдийн их дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг GS-25 үйлчилгээний газар дахь Хаан банкны АТМ-ээс 2022 оны 5 дугаар сарын 28-ны үүрээр 05 цаг 39 минутаас 05 цаг 46 минут хүртэлх хугацаанд 2 удаагийн гүйлгээгээр нийт  10.000.000 төгрөгийг авсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 08 дахь тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-17 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-20 дахь тал), Хаан банкны 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 29/4184 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 50 дахь тал), *******ийн хохирогчоор өгсөн: “...******* миний гар утсыг барьчихсан сууж байснаа надаас гар утасныхаа кодыг хэлчих гэхээр нь би гар утасныхаа кодыг хэлчихсэн. Тэгээд би тэрнээс хойш юмаа санахгүй байгаа. Тэгээд би 06 цагийн үед тэр буудлаас гарсан...би гэртээ хариад байж байсан чинь манай ээж данснаас чинь юун мөнгө гарсан юм гэж надаас асуусан. Тэгэхээр нь би гайхаад гүйлгээний мессежээ харсан чинь мессеж ирээгүй байхаар нь гар утасны хогийн саванд мессежнүүд нь байсан. Тэгээд миний данснаас мөнгө гарсан байсныг би мэдээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би 10.000.000 төгрөгийг уншуулж аваад буцаж буудалдаа очоод т 10.000.000 төгрөг авсан гэдгээ хэлэлгүй виза картыг нь өгөөд...таксинд суулгаж өгөөд явуулсан...данснаас авсан мөнгөөрөө Гранд марк-2 маркийн машин аваад уг машинаа жолоодож яваад удаагүй осол гаргаад машинаа задлаад хүнд зарсан...Би мөнгө авсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 99 дэх тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцох үндэслэл болно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна.

Хохирогч ******* “...******* миний гар утсыг барьчихсан сууж байснаа надаас гар утасныхаа кодыг хэлчих гэхээр нь би гар утасныхаа кодыг хэлчихсэн. Тэгээд би тэрнээс хойш юмаа санахгүй байгаа...” гэж мэдүүлсэн нь нотлогдсон бөгөөд хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

Шүүгдэгч *******ын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохирлын тухайд шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч *******т 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохиролоо нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч *******оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй.

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *******т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 жил 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 18 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 04 жил 11 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, түүний  эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг тусад нь эдлүүлж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд нь өмчлөх болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй дахин өмчлөх эрхийг эсрэг буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих” гэсэн гурван төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл хэсэгт зааснаар түүнд 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө амаар илэрхийлж байгаа боловч гэмт хэрэг гарснаас хойших хугацаанд тэрээр хохирол төлөөгүй, хохирогч *******т учруулсан хохирлоо хэдий хугацаанд хэрхэн, яаж, ямар эх үүсвэрээр хохирлоо нөхөн төлөх талаар баримтгүй учир хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 08 дугаартай захирамжаар оногдуулсан 10 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн нь (хавтаст хэргийн 76-81 дэх тал)

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 01 дугаартай магадлалаар 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 3 жил 4 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар өөрчилсөн нь (хавтаст хэргийн 127-133 дэх тал) болон ялын тооцооны хуудсаар (хавтаст хэргийн 134 дэх тал) тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь *******ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан дээрх үйлдэл нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байх тул дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн агуулгаас үзвэл, ялын хугацаа дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулахын зэрэгцээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь нэмж нэгтгэхээр зохицуулагдсан байна.

******* нь шүүхийн өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар гаргасан ялын тооцоогоор: биеэр 00 жил 11 сар 04 хоног, шагналыг 00 жил 00 сар 00 хоног, өршөөл 00 жил 00 сар 00 хоног, бүгд эдэлсэн 00 жил 11 сар 04 хоног, үлдсэн 02 жил 04 сар 18 хоног гэжээ. (хавтаст хэргийн 134 дэх тал)

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан *******т энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг /жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сар 18 хоногийн хорих ялаар тогтоов.  

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 03 жил 04 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******оос 10.000.000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгосугай.

8. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ