Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/308

 

                      

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, Ч.Шүрэнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202006600454 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 12-нд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гоо сайхны зөвлөх эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах *******од оршин суух бүртгэлтэй урьд ял шийтгэлгүй, /РД:ЕП*******/, ******* овогт *******ийн *******.   

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.******* нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Хандуй”  зочид буудалд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй 0,2864 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Өөрийнхөө сониуч саваагүй зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2202006600454 дугаартай хэргээс

1. Хүний биед үзлэг хийсэн “...жинсэн өмдний баруун талын халаасан дотор байх жижиг халааснаас цаасанд боосон зүйл гарч ирсэн ба цаасыг задалж үзэхэд мөс мэт зүйл гарч ирснийг албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0.8 грамм байсныг №1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 41-44 дэх тал)

2. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлд“...О.******* нь өөрийн зөвшөөрснөөр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /МОР, МЕТ, КЕТ, НЕР, АМР, ТНС/ мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх зориулалт бүхий “Multi-Drug Screen Test Cup” тест ашиглах талаар танилцуулж, тестийн битүүмжлэлийг харуулан задалж, тестийг өгч, шалгуулахад “татгалзах зүйл байна уу” гэж асуухад татгалзах зүйл байхгүй гэснээр зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 4 дүгээр багана буюу КЕТ /Кетамин/ илэрсэн, 5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ илэрсэн, 8 дугаар багана буюу МDМА /Эктази/ илэрсэн, 9 дүгээр багана буюу МЕТ /Метамфетамин/ илэрсэн...10 дугаар багана буюу AMP /Амфетамин/” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 45-46 дахь тал)

3. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 49-56 дахь тал)

4. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 64-65 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (хавтаст хэргийн 40 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн гэрчээр өгсөн: “Би О.******* гэх хүнийг танина. Энэ хүн нь миний үеэл дүү юм. ******* нь миний ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. О.******* нь Туркэд 3-4 жил байх яг сайн санахгүй байна амьдарч байгаад саяхан 2022 оны 09-10 сард байх ******* би Туркээс ирлээ гээд манайд ирж цүнхтэй хувцсаа орхисон. Манайхаар ирж очин байсан. Хаагуур явж хонож байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Улаанбаатар хотод ах дүү төрөл садан бол байхгүй. *******гийн аав ээж салаад бол удаж байгаа. *******агийн ээж *******, 2 хүүхэд нь бүгд Турк улсад амьдарч байгаа. *******а Туркээс ирээд манайд ирэхдээ хүүхдүүдийнхээ бичиг баримтыг хөөцөлдөнө, тэгээд Туркэд ажиллаж байхаар Солонгосын визийг нэг хөөцөлдөж үзнэ гэж  ярьж байсан. О.*******тай би тийм дотно харилцаа бол байхгүй. Би *******г одоо хаана юу хийж яваа хэнтэй амьдарч байгаа талаар мэдэх зүйл байхгүй байна. О.******* нэг Турк руу ээж, хүүхдүүд дээрээ буцна гэж байгаад яваагүй байсан ба өнгөрсөн 7 хоногт ирчхээд гарсан. Тухайн үед юу хийгээд байгаа талаар нь асуухад Солонгос явах юм хөөцөлдөж байгаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал)

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5543 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хайч, улаан судалтай цагаан өнгийн гуурс, гялгар уутанд хийсэн “Gensenta” гэсэн шошготой хагархай хоосон шил, 2022.10.12 01:45” гэсэн хаягтай шээс зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “Multisef 750 mg” гэсэн шошготой шилэн савтай цагаан өнгийн нунтаг, “Gensenta” гэсэн шошготой шилтэй шингэн, хямсаа, 2 цоолсон ногоон өнгийн таглаа, мөнгөлөг уутанд хийсэн “parliament” гэсэн бичиглэлтэй тамхи мэт зүйл...*******” гэсэн хаягтай хуванцар сав нь шээсний үлдэгдэлгүй ирсэн тул шинжилгээ хийх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 90-96 дахь тал)

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6069 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “О.******* 2022.12.2 ЕП*******” хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ илрэв. НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын тетрагидроканнабинол /ТНС/ нь II-р, метамфетамин /МАМР/ нь II-р, тус тус жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 100-102 дахь тал)

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6066 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн мөс мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ” гэж хаягласан 0.2864 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамин /МET/ илрэв. Метамфетамин /МET/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 106-108 дахь тал)

10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 1172 дугаартай “О.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.******* нь хэрэг болох үед буюу 2022.10.12-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. О.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.******* нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. О.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 112 дахь тал)

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.*******гийн яллагдагчаар өгсөн: “Прокурорын яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцсан. Надад сонсгож байгаа ЭХТА-ийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ханду зочид буудлын гаднаас биедээ мөстэй явж байгаад баригдсан асуудлаар шалгагдаж байгаа. Би тухайн мөсийг Туркээс ирсний дараа Тайж зочид буудалд байрлаж байх үедээ олсон. 2022 оны 10 дугаар сард намайг Тайж зочид буудалд өрөөндөө байх үед үл таних хүмүүс намайг дээрэмдсэн бөгөөд тухайн хүмүүс өрөөнөөс явсны дараа юмаа цэгцэлж байгаад ууттай мөс олсон тэрийгээ өмднийхөө халаасанд хийчхээд мартсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 171-174 дэх тал)

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 118, 120 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 114 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 124 дэх тал) болон түүний өвчний түүх, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 199-227 дахь тал), О.*******гийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 220 дахь тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны орой 20 цаг орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хандуй” зочид буудалд байрлаж байхдаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II-р жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй 0,2864 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 41-44 дэх тал), Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 45-46 дахь тал), Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 49-56 дахь тал), Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 64-65 дахь тал), Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол  (хавтаст хэргийн 40 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5543 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 90-96 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6069 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 100-102 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6066 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 106-108 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.******* нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Хяналтын прокуророос О.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч О.*******г мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******г “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна.

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

өмгөөлөгч Г.Ичинхоролоос “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэгээс “...миний үйлчлүүлэгч нь 2-4 насны хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь Турк улсаас саяхан ирсэн байгаа. Түүний бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болох,  мөн өөрийнх нь эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

О.******* нь бага насны хүүхдүүдтэй болох нь *******гийн Маргад, Баянмөнхийн Хангай нарын төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.  (хавтаст хэргийн 220 дугаар тал)

Харин бага насны хүүхдүүдийн талаар О.*******гийн ээжийн төрсөн дүү ******* мөрдөн байцаалтанд гэрчээр “...*******агийн ээж *******, 2 хүүхэд нь бүгд Турк улсад амьдарч байгаа...” гэж мэдүүлжээ. (хавтаст хэргийн 71-72 дахь тал)

Шүүх хуралдаанд О.******* болон түүний өмгөөлөгчдөөс “...хоёр хүүхэд Туркээс Монгол улсад ирчихсэн байгаа” гэх боловч бага насны хүүхдүүд *******гийн Маргад, Баянмөнхийн Хангай нар Монгол Улсын хилээр орж ирсэн талаархи нотлох баримт гаргаагүй болно. Оршин суух хаягийн тухайд О.******* нь Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах *******од оршин суудаг гэж мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн нь хавтаст хэргийн 120 дугаар талд авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар давхар тогтоогдож байна. 

Гэтэл өмгөөлөгчдөөс шүүх хуралдаанд шүүгдэгч О.*******гийн хувийн байдалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг хэрэгт хавсаргуулахаар гаргасан ба уг тодорхойлтод О.*******г хоёр хүүхдийн хамт амьдардаг гэжээ.

Эдгээрээс үзэхэд О.*******гийн бага насны хүүхдүүд болох *******гийн Маргад, Баянмөнхийн Хангай нар нь Монгол Улсын хилээр орж ирсэн лавлагаа байхгүй, оршин суух бүртгэлгүй хорооноос тодорхойлолт авсан нөхцөл байдал байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Иймд өмгөөлөгч Г.Ичинхоролоос гаргасан “...зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү...” гэсэн, өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэгээс гаргасан “ бага насны хоёр хүүхэдтэй, мөн эрүүл мэндийн шалтгаанаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү”  санал дүгнэлтийг тус тус  хүлээн аваагүй болно.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн 2 төрлийн ялаас гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /01/ нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч О.*******д шүүхээс оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Тав: Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.*******гийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 02 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.2864 грамм мөс гэх нэршилтэй бодисыг  Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна.

Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.*******гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******г “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. О.*******гийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.*******гийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 02 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******гийн цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0.2864 грамм мөс гэх нэршилтэй бодисыг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

8. Хэргийн хамт ирүүлсэн  сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт О.*******гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ