Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 111

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгч: Э.Цэвэгмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөр овогт Энхбатын Цэвэгмидэд холбогдох 201615000261 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 10-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Төмөр овогт Энхбатын Цэвэгмид /РД: ЙЮ91082114/

Шүүгдэгч Э.Цэвэгмид нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17-оос 18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн баруун талын засмал замд иргэн Б.Энхмаагийн эзэмшлийн 91-69 ӨВР улсын дугаартай Тоёота Раум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, урдаас хойш чиглэж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас тус замд иргэн Я.Ганбатын жолоодож явсан 53-92 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Я.Ганбатын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Цэвэгмид шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөр төлсөн байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Я.Ганбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг өнгөрч байх үед Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн уулзвараас төв зам руу ороод баруун эргээд явтал урдах машин тормоз гишгэхээр нь дагаад гишгэхэд юу юугүй миний араас машин мөргөсөн. Тэгээд ухаан алдсан. Нэг мэдэхэд эмнэлэг рүү намайг оруулж байсан. Би уулзвараас төв зам руу ороход доороос өгсөөд жижиг саарал машин ирж байсан. Зайтай байсан болохоор би зам руу орсон. Зам руу ороод хэсэг явсны дараа араас мөргөчихсөн. Цэнхэр өнгийн 53-92 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль миний эзэмшлийн мотоцикль юм. Миний толгой, цээж, мөр, уушги, хавирга зэрэгт гэмтэл учирсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Одоо биеийн байдал гайгүй болж байна. /хх-ийн 54 хуудас/

Гэрч Б.Батсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүн сахиж байгаад эмнэлгээс гараад 71-77 ӨВР улсын дугаартай саарал өнгийн Соната маркийн автомашинтай эмнэлгийн туслах замаас төв замдаа ороод хойшоо чиглээд зөөлөн явж байхдаа замын эсрэг талд эмийн сан байна гээд хараад явж байтал ард түжигнээд явчихсан. Тэгээд буугаад хартал мотоциклийн араас саарал өнгийн Раум маркийн автомашин мөргөсөн байдалтай, замын хашлага мөргөөд орчихсон, мотоциклийн жолооч нь замын бордиур мөргөөд шанаанаас нь цус гарсан байдалтай байсан. Би зөөлөн гэлдрээд л явж байсан. Тормоз гишгэж зогсоогүй. Тэгтэл ард гэнэт пижигнээд явчихсан. Гараад харахад мотоцикль нь хажуугаараа бүтэн эргээд ертөнцийн зүгээр урагшаа харчихсан байсан. /хх-ийн 56 хуудас/

Гэрч Б.Энхмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай хүү Цэвэгмид намайг эмнэлэг дээр дуудахаар нь очтол эмнэлгийн баруун талын уулзвар дээр миний 91-69 ӨВР улсын дугаартай Раум маркийн автомашин замын зүүн урд хэсэгт хажуугаараа уначихсан байдалтай байсан. Э.Цэвэгмидийн унаж явсан 91-69 ӨВР улсын дугаартай Раум маркийн автомашин миний эзэмшлийн машин. Манай хүү Цэвэгмид тухайн үед унаж явсан. Надад болон манай хүүд жолооны үнэмлэх байгаа. Би өөрийн автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдохгүй. Над руу 17 цаг 20 минутын орчимд залгаж мотоцикль мөргөчихлөө гэж хэлсэн. Тэр үед л осол болсон байх. Миний автомашин техникийн бүрэн бүтэн байдал бүрэн хангагдсан, ямар нэгэн эвдэрсэн эд анги байхгүй байсан. /хх-ийн 57 хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 280 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Я.Ганбатын биед тархины доргилт, дух яс, зүүн хацар ясны уулзвар хэсгийн хөндлөн хугарал, зүүн 1 хавирганы бяцарсан, 4 хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хурсан, хуйх, дух, 2 сарвуу, зүүн ташаан зулгаралт, 2 нүдний зовхи, баруун өвдөгний цус хуралт, хамрын зулгаралт, 2 нүдний зовхи, зүүн гуя, өвдөгний цус хуралт, цээж, зүүн мөрний холбоосны гэмтэл, зүүн
мөрний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу
мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн
чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох
журмын 3.1.10-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 61 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлтэнд:... Я.Ганбатын биед суурь ясны хугарал, зүүн гайморийн хөндийн ар, урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн 3 ширхэг хавирганы хоёрлосон, 2 ширхэг хавирганы зөрөөтэй хугарал бүхий гэмтлүүд шинээр тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 65 хуудас/

            Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 100 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... 91-69 ӨВР улсын дугаартай Т.Раум маркийн автомашин жолоодож явсан Э.Цэвэгмид нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 9 дүгээр бүлгийн 9.2 дугаар заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-уудыг зөрчсөн байна. 91-69 ӨВР улсын дугаартай Т.Раум маркийн автомашин жолоодож явсан Э.Цэвэгмид нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж 53-92 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасан буруутай байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан зам тээврийн осол дээр тогтоосон акт үндэслэлтэй байна. /хх-ийн 71 хуудас/

            Эрүүгийн хэрэг үүгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №09/22, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №09/31, №09/38 дугаартай үнэлгээний тайлангууд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, шүүгдэгч Э.Цэвэгмидийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Я.Ганбатын хохирол төлбөрт 3.100.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1, 5-12, 16-18, 20-21, 20-31, 34-37, 42-51, 68-69, 78-79, 81-82 хуудас/

            Шүүгдэгч Э.Цэвэгмидийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2107 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 83-84 хуудас/

            Шүүгдэгч Э.Цэвэгмидийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Э.Цэвэгмид нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17-18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талын засмал замд иргэн Б.Энхмаагийн эзэмшлийн 91-69 ӨВР улсын дугаартай “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, урдаас хойш чиглэж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 9 дүгээр бүлгийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Я.Ганбатын жолоодож явсан 53-92 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогч Я.Ганбатын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Цэвэгмидийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Я.Ганбатын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг өнгөрч байх үед Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн уулзвараас төв зам руу ороод баруун эргээд явтал урдах машин тормоз гишгэхээр нь дагаад гишгэхэд юу юугүй миний араас машин мөргөсөн. Саарал өнгийн жижиг машин байсан. Гэрч Б.Батсүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн замд мотоциклийн араас саарал өнгийн Раум маркийн автомашин мөргөсөн байдалтай, замын хашлага мөргөөд орчихсон, мотоциклийн жолооч нь замын бордиур мөргөөд шанаанаас нь цус гарсан байдалтай байсан. Гэрч Б.Энхмаагийн миний 91-69 ӨВР улсын дугаартай Раум маркийн автомашин замын зүүн урд хэсэгт хажуугаараа уначихсан байдалтай байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 280 дугаартай шинжээчийн дүгнэлт, нэмэлт шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 100 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №09/22, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №09/31, №09/38 дугаартай үнэлгээний тайлангууд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, шүүгдэгч Э.Цэвэгмидийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно. 

Шүүгдэгч Э.Цэвэгмидэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Цэвэгмид нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Я.Ганбатын толгойн томографийн зураг 1 ширхэг,  цээжний рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Я.Ганбатад буцаан олгож,

Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Цэвэгмидийн ¹644118 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж,   

Шүүгдэгч Э.Цэвэгмидийн эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий хар хөх өнгийн, Samsung S3 маркийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Цэвэгмид нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Я.Ганбатад 3.100.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төмөр овогт Энхбатын Цэвэгмидийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Э.Цэвэгмидэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Цэвэгмидэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Э.Цэвэгмидэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Я.Ганбатын толгойн томографийн зураг 1 ширхэг, цээжний рентгэн зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Я.Ганбатад буцаан олгож, хэрэгт хураагдсан шүүгдэгч Э.Цэвэгмидийн ¹644118 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6.Шүүгдэгч Э.Цэвэгмид нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Я.Ганбатад 3.100.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Э.Цэвэгмидийн эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий хар хөх өнгийн, Samsung S3 маркийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Э.Цэвэгмидэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Э.Цэвэгмидийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Э.Цэвэгмидэд мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Цэвэгмидэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ