| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2025/0087/З |
| Дугаар | 221/МА2025/0340 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2025/0340
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.М
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарын бичгийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Аж үйлдвэр, эрдэс баялгийн Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0174 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2025/0087/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарын бичгийн даргад холбогдуулан “Аж үйлдвэр, эрдэс баялгийн Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0174 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Мийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 11,259,677 төгрөгөөс зохих суутгалуудыг хасаж тооцон нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Гомдлын гол агуулга гэрч Э.М мэдүүлгийг үнэлсэнгүй гэдэг байдлаар гомдсон байна. Э.М гэдэг гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах гэж анхан шатны шүүх хуралдаан 2 удаа хойшилсон. Дундговь аймагт томилолтоор явж байна гэдэг байдлаар сүлжээтэй газар онлайнаар оролцъё гэснийг хариуцагч болон нэхэмжлэгч талууд зөвшөөрөөд шүүх хуралдааныг түр хойшлуулж гэрчийг боломжтой нөхцөлөөр хүлээсэн. Онлайнаар оролцож байгааг зөвшөөрөхгүй гэдэг асуудал огт тавиагүй.
3.1. Онлайнаар шүүх хуралдаанд оролцсон. Хууль бусаар авагдсан нотлох баримт, гэрчид хуулийн эрх үүрэг сануулаагүй гэх гомдол бичсэн байна. Гэрчээр оролцоно гэдгээ мэдээд гарын үсгээ зурсан байдаг. Тэгэхээр энэ асуудал үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайн гэрчийн мэдүүлгийг заавал шүүхийн шийдвэрт үнэлнэ, гэрчийн мэдүүлэгт тайлбар тавина, дүгнэлт тавина гэдэг хууль зүйн зохицуулалт байхгүй. Үнэхээр шаардлагатай гэж үзвэл гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа асуудлыг шүүх тайлбарлах зарчмаар ажилладаг. Заавал гэрчийн мэдүүлгийг шийдвэртээ тусгасангүй гэдэг гомдол хууль зүйн үндэслэлгүй.
3.2. Тэгээд ч гэрч тус шийдвэрийг гаргасан хүн биш. Зүгээр хяналт шалгалт хийсэн Төрийн албаны зөвлөлийн ажлын багт орж ажилласан хүн байгаа. Маргаан бүхий Б52 гэдэг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар бид нар шүүхэд маргасан. Хууль зүйн үндэслэлийн талаар шүүх үнэн, зөв дүгнэж, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа. Тиймээс шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Мөөс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарын бичгийн даргад холбогдуулан “Аж үйлдвэр, эрдэс баялгийн Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар Б.Мийг Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар шилжүүлэн ажиллуулж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах хүртэл хугацаанд түр томилж, мөн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар түүнийг тус албан тушаалд жинхлэн томилжээ.
3.1. Маргаан бүхий Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарын бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/52 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай зөвлөмж, 10 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаар тогтоолыг үндэслэн Салбарын хяналтын газрын дарга Б.Мийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
3.2. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжөөр хүний нөөцийн аудитаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд зөвлөсөн байх ба зөвлөмжийн 1 дүгээр хавсралтын 6 дахь хэсэгт “Б.М Төрийн албаны тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.3 дахь хэсгийг хэрэгжүүлэх, сул орон тоог нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилгоог хийх”, мөн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 476 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны хүрээнд авах арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх салбар зөвлөлд зөвлөсөн байх ба тогтоолын хавсралтын 2 дахь хэсэгт “Б.М Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн” гэжээ.
4. Анхан шатны шүүх “... Төрийн албаны тухай хуулийн ... заалтыг зөрчин маргаан бүхий актыг гаргасан..., Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 10 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаар тогтоолоор өгсөн дүгнэлт, зөвлөмжид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд жинхлэгдсэн тушаалын талаар огт дурдаагүй байхад хариуцагч маргаан бүхий актаараа албан тушаалаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4.1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 49 дүгээр зүйлийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гээд төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх үндэслэлүүдийг тодорхой хуульчилсан бол мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хуульчилсан.
4.2. Нэхэмжлэгч Б.Мын хувьд 2011 онд төрийн албаны ерөнхий шалгалт өгч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Гүйцэтгэх албаны 1 дүгээр тасагт ажилтнаар томилогдон, тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болсон байх ба маргаан бүхий тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл хугацаанд тасралтгүй төрийн албанд ажиллаж байсны хувьд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдана.
4.3. Гэтэл хариуцагч түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн тодорхой заалтыг баримтлаагүйгээс гадна ямар үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн тодорхой бус, хариуцагчийн төлөөлөгч нараас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай зөвлөмж, 10 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаар тогтоолыг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа ч уг үндэслэл болсон зөвлөмж болон тогтоолд нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас нь шууд чөлөөлөх талаар дурдаагүй байх ба харин тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг зөвлөсөн байхад түүнийг албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэсэн байна.
5. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т эрх бүхий этгээд захиргааны актыг бичгээр гаргахдаа тодорхой шаардлагыг хангасан байхыг шаардах бөгөөд 40.2.3-т захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заахаар хуульчилсан байхад маргаан бүхий тушаал нь хуулийн ямар заалтыг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь уг захиргааны актаас тодорхой харагдахгүй, хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “... Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай зөвлөмж, 10 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаар тогтоолоор төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын холбогдох заалтыг зөрчсөн...” гэж тайлбарлах боловч томилох эрх бүхий этгээд тухайн албан тушаалд Б.Мийг томилсон, улмаар уг томилсон албан тушаалаас чөлөөлөгдсөн нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш бөгөөд дээр дурдсанчлан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангахгүйгээр түүнийг шууд ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцээгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
5.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5.3. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.1-д “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж тогтоох хэсгээсээ зөрүүтэй байдлаар бичсэнийг анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0174 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ