Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 123/ШШ2021/0042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Н ХХК-ийн гомдолтой,

Хариуцагч: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ц.Уд холбогдох,

Гомдлын шаардлага: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ц.Угийн 0006249 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, Д.Б, хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ц.У, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н ХХК-ийн төлөөлөгч Д.Б, Г.Т, У.Б нар шүүхэд ирүүлсэн гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 19/06 дугаартай удирдамжийн хүрээнд тус газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.У нь Н ХК-ийн Төв аймгийн Зуунмод суман дахь салбар Н супермаркет-д 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилан сэргийлэх шалгалтыг хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хийсэн. Шалгалтын хүрээнд эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй буюу ажилтан үйлчлүүлэгчдийн биеийн халуун хэмжээгүй, дархлаажуулалтын 2-р тунд ажилчдаа бүрэн хамруулаагүй, өвчлөөд эдгэсэн талаар эрүүл мэндийн байгууллагын магадалгаагүй, 2 цаг тутам ажлын байр, тээврийн хэрэгсэл багаж тоног төхөөрөмжид угаалга цэвэрлэгээ хийсэн бүртгэлгүй хөтлөөгүй, ажилчид халдвар хамгааллын хувцас бүрэн өмсөөгүй, /бээлий нүүрний хаалтгүй/ тусгаарлах өрөөг засаж янзлах, үйлчилгээний зааланд бараа бүтээгдэхүүн хурааж үйлчлүүлэгчийн талбайг чөлөөлөөгүй гэх зөрчил, дутагдал илэрлээ гэж дүгнэсэн. Ингээд улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 390 тоот албан бичгийн дагуу үйл ажиллагаанд мөрдөж ажиллах улсын байцаагчийн албан шаардлагаа хүргүүлэхээр шийдвэрлэж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0006249 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-т заанаар манай компанийг 3000 нэгжээр буюу 3.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Удирдамжтай шалгалтын хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь хэсэгт зааснаар Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах буюу улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх дүгнэлт гаргасан атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг зөрчиж, холбогдогчийг зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар зөрчлийг шалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шалгалт хийгдэх хугацаанд манай ажилчдын дийлэнх буюу нийт 26 ажилтнаас 10 нь covid-19 өвчний улмаас эмчлүүлж байсан. Мөн 1 кассч, 1 ачигч ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдсөн үе байсан бөгөөд тухайн цаг хугацаанд ажиллах хүний нөөцийн хомсдолтой, ажилчдын 50 хүрэхгүй хувь нь 2 ээлжинд орж ажиллаж байсан. Манай байгууллага 2021 оны 05 дугаар сард нийт 26 ажилтнаас 23 ажилтныг дархлаажуулалтын Синофарм-verosel вакцины 2 дугаар тунд бүрэн хамруулсан бөгөөд 2 ажилтан жирэмсэн, 1 ажилтан харшлах заалттай тул вакцинд хамрагдаагүй. Манай байгууллага ариун цэвэр, эрүүл ахуйг зохих шаардлагын хэмжээнд хэрэгжүүлэн ажилласаар ирсэн. Орон тооны дагуу ээлжийн 2 цэвэрлэгч буюу үйлчлэгч ажиллуулж, тэдгээрийн угаалга, цэвэрлэгээний ажилд тухай бүр нь үнэлэлт дүгнэлт өгч 2 цаг тутам ажлын байр, багаж тоног төхөөрөмжид угаалга цэвэрлэгээ хийсэн бүртгэлийг гар утасны аппликейшн ашиглан бүртгэж хэвшсэн. Ажлын цаг эхлэхийн өмнө ажилчид гаднаас өмсөн ирсэн хувцасаа сольж, зохих ариутгалд орсон ажлын хувцас футволк, цамцыг өмсөж байгууллагын зохих стандартыг хэрэгжүүлж хэвшсэн бөгөөд бараа бүтээгдэхүүн, үйлчлүүлэгч тус бүртээ харьцсаны дараа бээлий байнга солих боломжгүй тул зарим тохиолдолд гар ариутгагчийг хэрэглэж, амны хаалтан дээр давхар нүүрний хаалт зүүж удаан хугацаагаар ажиллахад нүүрний хаалт цантах явдал гарч, ажилчдаас санал, гомдол гарсан тул үйлчлүүлэгчтэй нүүр тулахгүйн тулд кассанд тусгаарлах хаалт хийж, байнгын амны хаалт буюу масктай худалдаа үйлчилгээгээ явуулж байгаа.Зарим тохиолдолд түр хугацаагаар зааланд бараа, бүтээгдэхүүнийг байрлуулдаг хэдий ч үйлчлүүлэгчийн тав тухыг хангаж, зай талбайг чөлөөтэй байлгахыг эрмэлзэж ажиллаж байна. ...Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг тус тус зөрчиж, торгуулийн шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №0006249 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хуулийн этгээдийг 3000 нэгжээр буюу 3.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Н ХХК-ийн төлөөлөгч У.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхэд хөтлөх материал авагдсан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд 9 зүйл заалт байгаа. Манайх хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Мөн хавтаст хэрэгт авагдсан шийтгэлийн хуудас дээр хүнсний аюулгүй байдлыг хангуулахаар гэх зүйл заалтаар торгосон. Гэвч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манайд зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмж дээр 16 жагсаалт байгаа. Гэтэл хариуцагчийн ярьж байгаа усны сав энд тэнд тавьсан гэх талаар дурдаагүй. Тухайн 16 жагсаалтад Ковид-19 вирусээс хамгаалах зорилгоор ажиллах журмыг заасан байдаг. Гэтэл өмнө нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8 дахь хэсэгт заасан урьдчилан бидэнд хэлээгүй мөртлөө хүнсний аюулгүй байдлыг зөрчөөд байна гэх байдлаар торгож байгаа нь хууль бус байна. Манайх ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийдэг. Хавтаст хэрэгт авагдсан зураг дээр гар ариутгагчийн доод тал хатсан байна гэж тайлбарласан. Тухайн гар ариутгагч нь ямарваа нэг газар унаад 10 минут болох юм бол шууд хатдаг зориулалттай зүйл юм. Бид нэхэмжлэл гаргахдаа ч тайлбарласан. Хүн хүрэлцээгүй, 10 минут тутамд цэвэрлэгээ хийгээгүй нь үнэн. Манайх зөрчлийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэв хүлээн зөвшөөрсөн бол хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдах ёстой. Хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд гомдол гаргаад явж байна. Сая шүүх хуралдаанд гаргаж өгсөн 52 хуудас баримтыг өгөх гээд байцаагч дээр ирсэн чинь манайх аль хэдийн хялбаршуулсан журмаар шийдсэн, гарын үсэг зур гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь Г.Т гарч ирээд хотын салбар луу залгахад гарын үсэг битгий зур гэж хэлсэн. Манайх анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

Хариуцагч Ц.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын Онцгой Комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 тоот "Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам, аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн А/89 тоот захирамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэдэг.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг хэрэгжүүлээгүй мэтээр тайлбарласан байна. Аймгийн Засаг даргын 2021 оны А/03, А/89, А/158, А/215, А/300 дугаартай захирамжууд, Зуунмод сумын Засаг даргын 2021 оны А/86 дугаартай захирамж, Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19/06 дугаартай "Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай" удирдамжийн хүрээнд Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай Түр журам шинэчлэн батлах тухай" тушаалын дагуу хяналт шалгалтын ажлыг хийж хэрэгжүүлж байсан. Дээрх тушаал болон удирдамжийн хүрээнд 2021 оны 01 сарын 05-ны өдрийн 09-02-005/03 дугаартай 27 заалт бүхий "Эрсдлээс сэргийлэх талаар" Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19-02-005/02 дугаартай 13 заалт бүхий "Эрсдлээс сэргийлэх талаар" Хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж, 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн 19-03-010/160 дугаартай "Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх тухай" Н  ХХК-ийн Төв аймаг дахь Н Супермаркетын эрхлэгч Г.Тд 16 заалт бүхий "зөвлөмжийг /тус супермаркетын зохион байгууллагч Э.Батцэцэг хүлээн авч гарын үсэг зурсан/ тус тус хүргүүлж байсан нь нотлох баримтаар тогтоогддог. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 390 дугаартай Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын "Зуунмод суманд үйл ажиллагаа эрхлэж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад" албан бичгийг хүргүүлсний дараа 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн "Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл"-д дээрх маш олон зөвлөмж, хяналт шалгалтын тэмдэглэлд гарч байгаа олон зөрчлүүдийг байнга дурдаж, зөрчлийг арилгуулах талаар аман болон бичгийн хэлбэрээр баримтжуулж явсан нь хангалттай нотлогдож байна. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн "Шалгалт хийсэн тухай тэмдэглэл"-д "улсын байцаагчийн санал дүгнэлт"- хэсэгт дурдагдсан "2021.09.21-ний МХГ-ын даргын 390 тоот албан бичгийн дагуу үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх" гэсэн саналтай тэмдэглэл үйлдэж байхад "Шалгуулагч этгээдийн санал дүгнэлт" хэсэг нээлттэй өөрийн саналаа тусгах боломжтой мөн 1 хувийг гардуулж өгсөн бөгөөд ямар нэгэн зүйл бичээгүй мөн тэмдэглэлтэй танилцсан хэсэгт тус газрын эрхлэгч Г.Т хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зурахаас татгалзсан өөрийнх нь шүүхэд өгсөн нотлох баримтанд хавсаргагдан харагдаж байгаа. Н супермаркетын 26 ажилтнаас 10 ажилтан Ковид-19 өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл, өвдөөд эдгэрсэн тухай эмнэлгийн магадлагаа, ажилчдыг дархлаажуулалтад хамруулсан гэрчилгээ, ажлын байрны угаалга, цэвэрлэгээ хийж бүртгэл хөтөлсөн тухай ямар нэгэн нотлох бичиг баримт, гар утасны аппликейшныг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн хяналт шалгалтаар үзүүлээгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн Нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа Төрийн хяналтын тухай хуулийн 10.9.8-ийг хэрэгжүүлэн ажиллаж зөвлөмж болон шалгалтуудыг хийж илрээд байгаа зөрчлүүдийг байнга дурдаж, шардлага тавьж, тухай бүрт нь тухайн аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтнаар нь гарын үсэг зуруулж баталгаажуулж явсныг нотлох баримтаар хавсаргаж байна.

2. Нэхэмлэгчийн нэхэмжлэлдээ "Мөн шалгалт хийгдэх хугацаанд манай ажилчдын дийлэнх буюу нийт 26 ажилтнаас 10 нь ковид-19 өвчний улмаас эмчлүүлж байсан, кассч, 1 ачигч ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдсөн үе байсан бөгөөд тухайн цаг хугацаанд ажиллах хүний нөөцийн хомсдолтой, ажилчдын 50 хүрэхгүй хувь нь 2 ээлжинд орж ажиллаж байсан" гэж өөрөө дурдаж байгаа нь зөрчил гаргаад байсан шалтгаанаа өөрөө дурдаад байна гэж ойлгож байна. Илэрсэн зөрчил дутагдалуудаа засаж, сайжруулсан гээд байна уу эсвэл хяналтын улсын байцаагч нарын хяналт шалгалтаар явж байхад дээрх зөрчлүүд байгаагүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж илэрхийлээд байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Тус аж ахуйн нэгжийн хүний нөөцийн асуудал нь тухайн байгууллагын дотоод асуудал, хүний нөөц хомсдолтой байсан учраас нэхэмжлэлд дурдагдаад байгаа зөрчлүүдийг гаргаад байсан нь тус аж ахуйн нэгжийн буруу биш мэтээр дурдаж мөн Монгол Улсын хууль хэн нэгэн хүн, хуулийн этгээдэд ялгамжтай байдлаар үйлчилсэн мэтээр нэхэмжлэлдээ дурдсан байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон аймаг, сумын Засаг дарга нарын захирамж, Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажиллаж байсан хяналтын улсын байцаагч нарын тавьж байсан шаардлагыг биелүүлж ажиллах нь нэн тэргүүний ажил байсан. Цаана нь үйлчлүүлж байгаа иргэдийн эрүүл мэнд, амь насны асуудал яригдаж байхад ийм хайхрамжгүй байдлыг удаа дараа гаргаж байсан нь тухайн аж ахуйн нэгжийн энэ орон нутгийн иргэд болон төрийн байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй хир их хүндэтгэлтэй хандаж, хир их ээлтэй аж ахуйн нэгж болж ажиллаж байгаа нь эдгээр зөрчлүүдээр харагдаж байна.Миний бие Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.У нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан дээр дурдагдсан тушаал, Засаг дарга нарын захирамжийн хэрэгжилтийн хангуулах зорилгоор хуваарийн дагуу аймгийн бүх аж ахуйн нэгж, хуваариа эрхлэх аж ахуй, албан байгууллагуудыг хамруулан урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтын байнга хийж тус "Н " ХХК-ийн Н супермаркет үйл ажиллагаанд байнгын урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, 6 удаагийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл хөтөлж, зөвлөж байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйл Мэргэжпийн хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрхийнхээ хүрээнд 10.9.11-т зааснаар "Улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна" гэсний дагуу мөн хуулийн 10.9.12-т зааснаар "Хуулийн дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах" гэсний дагуу хуулийг хэрэгжүүлэн ажилласан болно. ... Эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй. Үүнийг удаа дараа ороод шалгалт хийж, шалгалтын тэмдэглэлд бичих болгондоо Г.Т болон н.Батцэцэг нарт байнга хэлж тайлбарладаг. Эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй гэдэг заалтаар торгуулийн арга хэмжээг авсан... Тухайн үед Н ХХК-д очоод Г.Т эрхлэгчийг дагуулаад хаана юу байгааг шалгаад тайлбар авсан. Шаардлагатай бичиг баримтуудаа үзүүл гэхэд энэ талаарх гаргаж өгч үзүүлэх нотлох баримт байхгүй, Ковидтой холбоотойгоор дотоодын хяналт шалгалт суларсан нь үнэн, бид нэлээн өвчлөлтэй байгаа, 2 дугаар тундаа хамрагдсан, өвчлөөд эдгэсэн талаарх эрүүл мэндийн байгууллагын лавлагаа хаана байгаа гэдгийг мэдэхгүй байна гэх тайлбарыг хэлсэн. Тэгээд би ямар ямар зөрчил илэрснийг шалгалт хийсэн тэмдэглэлдээ дурдсан. Бид дахин Г.Тулгыг дуудаад шалгалтын тэмдэглэл дээр дурдсан ямар нэгэн зүйл нэмэлтээр хийсэн үү гэхэд хийгдээгүй, манайх гар утасны апплекейшн мөрддөг, би тэрийг хөтөлдөггүй гэж тайлбарласан. ...Тэгээд Г.Т эрхлэгчийг суулгаж байгаад Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг танилцуулаад ямар журмаар торгуулийн арга хэмжээ авах гэж байгаа, хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд ямар хуулийн заалтаар арга хэмжээ авдаг талаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 болон Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудыг тайлбарлаж өгөөд торгуулийн арга хэмжээ авагдана гэдгийг Мэргэжлийн хяналтын газрын 101 тоотод хэлсэн. Тэмдэглэл үйлдээгүй. 09 сарын 27-ны өдөр Г.Т очихдоо нэг ч хуудас баримт авч ирээгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хугацаа 5 хоног байдаг. Энэ хугацаанд тухайн байгууллага зөрчил гаргасан бол энэ талаарх зөрчлөө арилгаж, хариуцлагаа хүлээх ёстой байсан. Дээрээс нь зөрчил гаргаж болохгүй гэдгийг Засаг дарга, Улсын онцгой комисс, Мэргэжлийн хяналтын газрын өдөр болгон шалгаад байгаа үйл ажиллагаа нь 2 цаг тутам байдаг. 2 цаг тутамд ийм асуудал үүсвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дахь хэсэг зөрчигдөж, алдагдаад байгаа юм гэж хэлээд байхад ойлгохгүй 09 дүгээр сарын 27-ны өдөр ирээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ гэхэд гарын үсэг зураагүй. Г.Т тэр өдөр Төв аймгийн Н супер маркетын Мэргэжлийн хяналтын газраас шийтгэлийн хуудас өгсөн бөгөөд эхний ээлжид шаардлагын хуудас бичүүлэх хүсэлтэй байна гэх бичиг бичиж өгсөн. Эхний ээлжид гэж байгаа нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Мөн энэ байгууллага энэ зөрчлийг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагчаас Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ц.Угийн 0006249 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргаж, гомдлын шаардлагын үндэслэлээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг зөрчиж, холбогдогчийг зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэмээн тайлбарлаж маргасан байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ц.Угийн 0006249 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1.Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 19/06 дугаартай Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамжийг баталж, Төв аймгийн хэмжээнд хүнсний түүхий эд бэлтгэн нийлүүлэгч болон хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрүүдэд хяналт шалгалт хийж, шалгагдсан аж ахуй нэгжийн удирдлагад хяналт шалгалтын дүнг 5 хоногийн хугацаанд танилцуулж холбогдох арга хэмжээ авч байхыг үүрэг болгосон.

Дээрх удирдамжийн дагуу хариуцагч нь 2021 оны 09 сарын 23-ны өдөр Н ХХК-ийн Төв аймгийн Зуунмод суман дахь салбар Н супермаркет-д хяналт шалгалт хийж, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 0006249 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Н ХХК-ийг эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй нь фото зураг зэргээр тогтоогдсон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Н ХХК-д гурван мянган нэгжтэй тэнцэх 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.[1]

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 2.3. хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэж 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.2. зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэж заажээ. Хуулийн эдгээр заалтаас үзвэл зөрчилд холбогдогч зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдсон мөн зөрчилд холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болзөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр байна.

Хариуцагчийн 2021 оны 9 сарын 23-ны өдрийн Шалгалт хийсэн тухай тэмдэглэл[2]-ийн шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал хэсэгт ажилтан үйлчлүүлэгчдийн биеийн халуун хэмжээгүй, дархлаажуулалтын 2-р тунд ажилчдаа бүрэн хамруулаагүй, өвчлөөд эдгэсэн талаар эрүүл мэндийн байгууллагын магадалгаагүй, 2 цаг тутам ажлын байр, тээврийн хэрэгсэл багаж тоног төхөөрөмжид угаалга цэвэрлэгээ хийсэн бүртгэлгүй хөтлөөгүй, ажилчид халдвар хамгааллын хувцас бүрэн өмсөөгүй, /бээлий нүүрний хаалтгүй/ тусгаарлах өрөөг засаж янзлах, үйлчилгээний зааланд бараа бүтээгдэхүүн хурааж үйлчлүүлэгчийн талбайг чөлөөлөөгүй гэж, улсын байцаагчийн санал дүгнэлт хэсэгт 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 390 тоот албан бичгийн дагуу үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх гэж, шалгуулагч этгээдийн санал дүгнэлт хэсэгт тэмдэглэл бичээгүй, тэмдэглэлтэй танилцсан шалгуулагч этгээд, гарын үсэг хэсэгт Г.Т гэж бичсэн ч Г.Т гарын үсэг зураагүй байна.

Хариуцагч шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр "Шалгалт хийсэн тухай тэмдэглэл"-д улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх гэсэн саналтай тэмдэглэл үйлдэж байхад Г.Т "Шалгуулагч этгээдийн санал дүгнэлт" хэсэг нээлттэй өөрийн саналаа тусгах боломжтой мөн 1 хувийг гардуулж өгсөн бөгөөд ямар нэгэн зүйл бичээгүй мөн тэмдэглэлтэй танилцсан хэсэгт тус газрын эрхлэгч Г.Т хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зурахаас татгалзсан... Н супермаркетын 26 ажилтнаас 10 ажилтан Ковид-19 өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл, өвдөөд эдгэрсэн тухай эмнэлгийн магадлагаа, ажилчдыг дархлаажуулалтад хамруулсан гэрчилгээ, ажлын байрны угаалга, цэвэрлэгээ хийж бүртгэл хөтөлсөн тухай ямар нэгэн нотлох бичиг баримт, гар утасны аппликейшныг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн хяналт шалгалтаар үзүүлээгүй гэж, шүүх хуралдаанд Г.Т эрхлэгч 2021 оны 9 сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт очихдоо зөрчил гаргаснаа зөвшөөрч байна гэж хэлсэн, нэг ч хуудас баримт өгөөгүй гэж тайлбарласан тул зөрчилд холбогдогчийг зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь зөрчил гаргасан гэх байдлыг тодруулахаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй, зөрчилд холбогдогчоос мэдүүлэг аваагүй, зөрчлийг нотлох үүргээ биелүүлээгүйгээс гадна зөрчилд холбогдогч зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлөө хүлээн зөвшөөрсөн хэмээн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино., 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.2-т Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, ...мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ., 4.4 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно. 4.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна., 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: ...2.3.хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, 6.6 дугаар зүйлийн 1-т Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: ...1.2. Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол7.1 дүгээр зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1. тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, зөрчил үйлдэгдсэн эсэхийг нотолж тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино3.1 дугаар зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна, 6.15 дугаар зүйлийн 5.2-т Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй.. бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ...хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасантай нийцээгүй, зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож байх тул Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №0006249 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 6.15 дугаар зүйлийн 5.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ц.Угийн 0006249 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагч Н ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН