Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар  2023/ШЦТ/288

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч А.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

иргэний нэхэмжлэгч Э.Анарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Амгаланбаатарын Мягмарсүрэнд холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203004010429 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  

   Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “Номин Холдинг” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2-48 байрны 18 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Амгаланбаатарын Мягмарсүрэн /РД:АР01240413/

 

   Холбогдсон хэргийн талаар

 

А.Мягмарсүрэн нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Говь” сауны хойд замд “Тоёота Приус” маркийн 03-27 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ” а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:” мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Цогтбаатарыг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Анарболд мэдүүлэхдээ: “...Санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч нь зээлийн гэрээний дагуу төлөлтийг хийгээд явж байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн  байцаалтад хохирогч Б.Цогтбаатарын өгсөн:  “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орой 18 цагийн үед Мах маркетын тэнд байдаг ажлаа тараад “Хар хорин” худалдааны төв орж өмд, футболк ойр зуурын юм авчихаад Саппорогийн хойшоо дээшээ гэрлүүгээ алхаж явахдаа дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай Боргио нэртэй пиво 1 ширхэгийг худалдаж аваад уугаад явсан. Тэгээд хойшоо “Говь” сауны хойно явган хүний гарцаар гараа өргөж байснаа санаж байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Өвдөг, толгойн зүүн чамархай, зүүн хөл гэмтсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

 

иргэний нэхэмжлэгч “Бизнес Инвестдевелопмент ББСБ” ХХК-н хуулийн зөвлөх Э.Анарболдын “...Уг ослын талаар тодорхой мэдсэн зүйлгүй, харин 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр манай зээлдэгч манай байгууллага дээр албан бичиг авч ирж ирэхээр нь осол болсон талаар мэдсэн. Манай байгууллагын зээлдэгч А.Мягмарсүрэн нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 08000701127 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 03-27 УАХ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалж 16,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэй зээлж авсан. Манай байгууллагын зээлдэгч А.Мягмарсүрэнгийн хийлгэсэн Хас үнэлгээ ХХК-ний үнэлгээтэй санал нийлж байна. Зээлдэгчтэй холбоотой манай байгууллагын барьцаа хөрөнгийн ашиглалтын талаар барьцааны гэрээний 2.5, 2.8-д заасан байдаг уг заалтын дагуу барьцаа хөрөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна. Өөрөөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Энэбишийн өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай найз А.Мягмарсүрэн надтай уулзах гээд ирэх замдаа хүн мөргөсөн гэж утсаар хэлэхээр нь би найз Н.Анарын хамт осол болсон газар нь очиход цагдаа ирчихсэн гэхдээ бүрэлдэхүүн ирээгүй байсан. Нөгөө мөргүүлсэн хүнийг түргэн ирээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Н.Анарын өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг 10 минутын үед манай найз А.Мягмарсүрэн нь Б.Энэбиш бид хоёртой уулзах гээд ирж явах замдаа осолд ороод хүн дайрчихлаа гэж Энэбиш рүү залгаж хэлэхээр нь бид хоёр ослын газар очиход А.Мягмарсүрэнгийн ээж бас нэг эгч нь ирчихсэн байсан. Нөгөө мөргүүлсэн хүнийг түргэн ирээд аваад явсан байсан. Тэндээсээ Гэмтлийн эмнэлэг рүү очиход мөргүүлсэн хүн нь гайгүй ухаантай эмчтэйгээ юм хум яриад байхаар нь гайгүй тайвширсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 630 дугаартай “...1.Б.Цогтбаатарын биед зүүн тахилзуур ясны зөрөөгүй хугарал гэмтэл нэмэлтээр тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Дээрх гэмтлүүд нь 2022.07.10-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,

 

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний Техникийн шинжээчийн “...1.Уг автомашиныг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 маркийн тоног төөхөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү болон зогсоолын тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Их гэрлийн зүүн баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. 2.Салхины шил зүүн гар талдаа 100х90см цацарч хагарсан гэмтэл нь зам тээврийн осол хэрэг гарах үед үүссэн, их гэрлийн зүүн баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа гэмтлийг хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. 3.Тоормосны механизм нь шингэн дамжуулгатай ABS системтэй ба тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү зогсоолын тоормос нь хэвийн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна. 4.Тус тээврийн хэрэгслийн жолооны механизмын ажиллагаа хэвийн байна. 5.Дүгнэлтэд нэмж дурдах зүйл илрээгүй болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад У.Энхсоёмбын 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 876 дугаартай магадлагаа: “...1.Тоёота Приус-30 маркийн 03-27 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Мягмарсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийг ашиглах хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон: гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Б.Цогтбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх: гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна....” гэх магадлагаа /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 212 тоот “...1.2.Б.Цогтбаатарын биед зүүн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн зөрүүгүй хугарал, зүүн өвдөгний үений дотор хагас саран жийргэвчийн арын эврийн урагдал, урд чагтан холбоос, хажуу холбоосын суналт, дух, баруун шилбэнд шарх, баруун хөмсөг, баруун хацар, хамрын нуруу, баруун тохой, баруун бугуй, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. 3.6.Б.Цогтбаатарын биед учирсан зүүн тахилзуур доод 1/3 хэсгийн зөрүүгүй хугарал, зүүн өвдөгний үений дотор хагас саран жийргэвчийн арын эврийн урагдал гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн өвдөгний үений урд чагтан холбоос, дотор хажуу холбоосын суналт, дух, баруун шилбэнд шарх, баруун хөмсөг, баруун хацар, хамрын нуруу, баруун тохой, баруун бугуй, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Б.Цогтбаатарын биед баруун шилбэнд шар, зүүн шилбэнд зулгаралт, зүүн тахилзуур ясны диафизийн доод 1/3 хэсэгт зөрөөгүй хугарал, зүүн өвдөгний үений дотор хагас саран жийргэвчийн арын эврийн урагдал, урд чагтан холбоос, дотор хажуу холбоосын суналт гэмтэл учирсан байна. Уг гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн хугацаанд үүссэн байна. 5.Б.Цогтбаатарын биед учирсан зүүн тахилзуур ясны зөрүүгүй хугарал гэмтэл нь хэрэг учрал болсон тухайн хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас/,

 

               - Тээврийн цагдаагийн алба, Мөрдөн шалгах газар, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

               - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

               - Тээврийн Цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас/,

               - камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

               - Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/,

               - Хохирол нөхөн төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

    - Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар /хавтаст хэргийн 105-106, 192-193 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

           - иргэний үнэмлэхийн  лавлагаа /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,             

           - байнга оршин суугаа газрын лавлагаа /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,

           - тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Мягмарсүрэн нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Говь” сауны хойд замд “Тоёота Приус” маркийн 03-27 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ” а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:” мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Цогтбаатарыг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

            шүүгдэгч А.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч А.Мягмарсүрэн нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Говь” сауны хойд замд “Тоёота Приус” маркийн 03-27 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ” а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:” мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Цогтбаатарыг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн  байцаалтад хохирогч Б.Цогтбаатарын өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орой 18 цагийн үед Мах маркетын тэнд байдаг ажлаа тараад “Хар хорин” худалдааны төв орж өмд, фудволк ойр зуурын юм авчихаад Саппорогийн хойшоо дээшээ гэрлүүгээ алхаж явахдаа дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай Боргио нэртэй пиво 1 ширхэгийг худалдаж аваад уугаад явсан. Тэгээд хойшоо “Говь” сауны хойно явган хүний гарцаар гараа өргөж байснаа санаж байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Өвдөг, Толгойн зүүн чамархай, зүүн хөл гэмтсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч “Бизнес Инвестдевелопмент ББСБ” ХХК-н хуулийн зөвлөх Э.Анарболдын “...Уг ослын талаар тодорхой мэдсэн зүйлгүй, харин 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр манай зээлдэгч манай байгууллага дээр албан бичиг авч ирж ирэхээр нь осол болсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.Энэбишийн өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай найз А.Мягмарсүрэн надтай уулзах гээд ирэх замдаа хүн мөргөсөн гэж утсаар хэлэхээр нь би найз Н.Анарын хамт осол болсон газар нь очиход цагдаа ирчихсэн гэхдээ бүрэлдэхүүн ирээгүй байсан. Нөгөө мөргүүлсэн хүнийг түргэн ирээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Н.Анарын өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг 10 минутын үед манай найз А.Мягмарсүрэн нь Б.Энэбиш бид хоёртой уулзах гээд ирж явах замдаа осолд ороод хүн дайрчихлаа гэж Энэбиш рүү залгаж хэлэхээр нь бид хоёр ослын газар очиход А.Мягмарсүрэнгийн ээж бас нэг эгч нь ирчихсэн байсан. Нөгөө мөргүүлсэн хүнийг түргэн ирээд аваад явсан байсан. Тэндээсээ Гэмтлийн эмнэлэг рүү очиход мөргүүлсэн хүн нь гайгүй ухаантай эмчтэйгээ юм хум яриад байхаар нь гайгүй тайвширсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч А.Мягмарсүрэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт, 16.1-д заасныг зөрчиж хохирогч Б.Цогтбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 630 дугаартай “...1.Б.Цогтбаатарын биед зүүн тахилзуур ясны зөрөөгүй хугарал гэмтэл нэмэлтээр тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Дээрх гэмтлүүд нь 2022.07.10-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/ мөн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад У.Энхсоёмбын 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 876 дугаартай магадлагаа: “...1.Тоёота Приус-30 маркийн 03-27 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Мягмарсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийг ашиглах хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон: гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Б.Цогтбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх: гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна....” гэх магадлагаа /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 212 тоот “...1.2.Б.Цогтбаатарын биед зүүн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн зөрүүгүй хугарал, зүүн өвдөгний үений дотор хагас саран жийргэвчийн арын эврийн урагдал, урд чагтан холбоос, хажуу холбоосын суналт, дух, баруун шилбэнд шарх, баруун хөмсөг, баруун хацар, хамрын нуруу, баруун тохой, баруун бугуй, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. 3.6.Б.Цогтбаатарын биед учирсан зүүн тахилзуур доод 1/3 хэсгийн зөрүүгүй хугарал, зүүн өвдөгний үений дотор хагас саран жийргэвчийн арын эврийн урагдал гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн өвдөгний үений урд чагтан холбоос, дотор хажуу холбоосын суналт, дух, баруун шилбэнд шарх, баруун хөмсөг, баруун хацар, хамрын нуруу, баруун тохой, баруун бугуй, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Б.Цогтбаатарын биед баруун шилбэнд шарх, зүүн шилбэнд зулгаралт, зүүн тахилзуур ясны диафизийн доод 1/3 хэсэгт зөрүүгүй хугарал, зүүн өвдөгний үений дотор хагас саран жийргэвчийн арын эврийн урагдал, урд чагтан холбоос, дотор хажуу холбоосын суналт гэмтэл учирсан байна. Уг гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн хугацаанд үүссэн байна. 5.Б.Цогтбаатарын биед учирсан зүүн тахилзуур ясны зөрүүгүй хугарал гэмтэл нь хэрэг учрал болсон тухайн хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн алба, Мөрдөн шалгах газар, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/, Тээврийн Цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас/, Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/, Хохирол нөхөн төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар /хавтаст хэргийн 105-106, 192-193 дугаар хуудас/ зэрэг бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр болгоомжгүй үр дагаварт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хэрэгт цугларч, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Мягмарсүрэнгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч А.Мягмарсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.     

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мягмарсүрэн нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Хохирлын талаар     

             

Хэргийн хохирогч Б.Цогтбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

              Хавтаст хэргийн 25-32 дугаар талд хохирогчийн зүгээс нийт 790,122 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх бөгөөд хэргийн 36 дугаар талд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 790,200 төгрөгийн хохирол төлсөн баримт авагдсан байна. Түүнчлэн хохирогч Б.Цогтбаатар нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол саналгүй, хуралд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

               Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

              Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мягмарсүрэнд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах,

 

            Шүүгдэгч А.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу болон зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн саналыг тус тус гаргав.

 

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч А.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя. 

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Амгаланбаатарын Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мягмарсүрэнг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Мягмарсүрэнд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидийг хэрэгт хадгалж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мягмарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ